Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2025/00031

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00279 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.*******,

Хариуцагч Ю.*******

Нэхэмжлэлийн шаардлага: 79,500,500 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Хариуцагч Ю.*******оос дараах 2 шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна.

-Үхрийн зах зээлийн үнэ нэг үхрийн хувьд 1 сая 500 мянган төгрөг бөгөөд 4 үхрийн хохирлыг тооцоолох үед 1 сая 500 мянган төгрөг х 4 = 6,000,000 (зургаан сая) төгрөгийн хохирол амссан гэж тооцоолж байна. Иймд үхрийг хохиролтой хугацааны үржлийн тооцооллоор, үржлийн үйл ажиллагаа алдагдсан хугацааг тооцож, нийт одоогийн зах зээлийн үнийн дагуу нөхөн төлүүлж хохирлыг мөнгөн дүнгээр гардуулан өгөхийг хүсэж байна.

-Байшин бариулах, мотоцикль, морь, гахай худалдан авах, гахайн байр бариулах, өвөлжөө шавардуулах, хөрөө рамны ширээ, худаг барих, 11 үхрээ шилжүүлэн ачиж ирэх зардал, гахайн байр барих хуучин палк авах, гахайн байрны шал цутгах цемент авах, хүүхдэд нь туслах зорилгоор Ю.*******од бэлэн болон банкны харилцах дансаар өгсөн юм. Намайг маш ихээр хохироож байна. Иймд нийт 73, 500, 500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг хариуцагчаар гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.

-Нэхэмжлэгч миний 2 шаардлагыг үндэслэн үзэж хариуцагч Ю.*******оос 73, 500, 500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун) болон (4 үхрийн) хохирлын 6,000,000 (зургаан сая) төгрөг. Нийт 79, 500,500 (далан есөн сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг гардуулан өгч, хохиролгүй болгож өгнө үү.

2.Хариуцагч Ю.*******од 2017 оны 10 дугаар сард 11 толгой үхрээ тоолон өгсөн нь үнэн. Үүнийг хариуцагч Ю.******* 2018 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар гэхэд 3 тугалтай үхэр, улаан хүрэн үнээ нь 1 тугалтай, мухар улаан үнээ 1 тугалтай, бараан нүүртэй улаан үнээ 1 тугалтай, тугал нь 1 эр, 2 охин, 1 улаан халзан эр, 2 охин улаан халзан 3 бяруу нь 2 охин, 1 эр, 2 гунж улаан халзан байсан гэж гараар бичиж баталгаажуулж өгсөн байна.

******* гэдэг хүний, малын тоогоор дүгнэлт хийхэд 2018 онд 5 тугалтай болж (2 эрсдэлтэй) гэж бодоход одоо 3 том үхэр нь 2 гунжаас гарна. 2019 онд мөн 5 тугал нь (2 нь эрсдсэн) гэхэд 3 үлдсэн байна. 2020 оноос хойш 7,8 сард авсан байвал 3 үлдэнэ гэж бодоход 10-14 үхэр байна. Улаан халзан 1 үнээний 3 тугал нь 1 эр 2 эм байсан. 2 тооны шүдлэн өгсөн нь гунж болсон байна. 3 бяруу байсан нь 1 эр 2 эм байсан. 2019 онд үхэр худалдсан нь өөрийн 3 тугал, 3 бяруугаа Л.Өлзий гэгчид худалдсан гэж бодож байгааг минь үндэслэж үлдсэн үхрээ нэхэмжилж авахыг, шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна. Хохирогч миний тооцооллоор 14 үхэр байхаас 4 үхэр эндсэн гэж үзээд 10 үлдэхэд 6-г нь худалдсан гэж үзэж байгаа бол, ядаж надад 4 үхэр байх ёстой гэж үзэж байгаа юм. 1 үхрийн зах зээлийн үнэ: 1сая 500мянга төгрөг 4 үхрийн нийт хохирол: 1 сая 500 мянга төгрөг х 4 = 6,000,000 (зургаан сая) төгрөгийн хохирол амссан.

Хариуцагч нь миний малыг үржлийн хувьд зөв зохистой удирдах үүргээ биелүүлээгүй. Үүнээс шалтгаалан миний хохирол бодитойгоор тооцогдох боломжгүй болсон байдлыг минь үндэслэн хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.

Хариуцагч Ю.******* байшин бариулах 22,000,000 (хорин хоёр сая), мотоцикль 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга), морь 1,600,000 (нэг сая зургаан зуун, мянга), гахай худалдаж авахад 7,500,000 (долоон сая, таван зуун, мянга), гахайн байр бариулахад 4,500,000 (дөрвөн сая, таван зуун, мянга), хүүхдэд нь туслах зорилгоор (8,000,000 найман сая ), худаг барихад 4,500,000( дөрвөн сая, таван зуун, мянга), 11 үхрээ шилжүүлэн ачиж ирэхэд 600,000 (зургаан зуун мянга), өвөлжөө шавардуулахад 450,000 (дөрвөн зуун тавин мянга), хөрөө рамны ширээ авахад 4,500,000 (дөрвөн сая, таван зуун, мянга), гахайн байр барихад хуучин палк мод авахад 2,000,000 (хоёр сая) төгрөг тус тус өгсөн болон банкны харилцах дансаар 16,250, 500 (арван зургаан сая, хоёр зуун тавин мянга, таван зуун ) төгрөг шилжигдсэн байна. Нийт бэлнээр болон банкны харилцах дансаар 73,500,500 (далан гурван сая, таван зуун мянга, таван зуун) төгрөгийг шилжүүлэн авч намайг маш их хохироосон гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. ...Ц.******* нь 2017 онд мал /үхэр/ хүнээс худалдаж авах хэрэгтэй байна гэж хэлээд намайг дагуулаад хэдэн тооны үхэр худалдаж авсан ба тухайн үхэрүүдээ Б.******* гэдэг хүнээр маллууж байгаад 2019 оны намар махны ченж дагуулж ирээд өөрийнхөө байгаа үхэрүүдээ аваад явсан ба энэ талаар малчин Б.******* өмнө нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байгаа. Ямар учраас өөрөө буцааж авсан үхэрүүдээ надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Бид 2-ын хувьд тухайн үед хамтран амьдрах зорилготой байсан ба тухайн үед хэн хэнийхээ данс руу хэрэгцээнийхээ мөнгийг өгч авалцаж байсан. Миний хувьд ч гэсэн тухайн үед уурхайд ажилладаг байсан. Бидний хооронд зан байдлын таарамжгүй байдлын улмаас шалтгаалж цаашид амьдрах нөхцөлгүй болсноос хойш Ц.******* янз бүрийн мөнгө нэхэж цагдаагийн байгууллагаар намайг өөрийг нь залилсан хэмээн шалгуулсан. Энэ асуудлыг Улсын Ерөнхий Прокурорын газраас эцэслэн шийдвэрлэж намайг Ц.*******г залилсан асуудал байхгүй учраас хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан. Одоо бид 2-ын хооронд ямар нэгэн өглөг, авлагын асуудал байхгүй. Өөрөө ч энэ талаараа хэлсэн яриа миний утсанд бичигдсэн байсныг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00279 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* *******оос 37.955.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цэдэмдамбын *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.545.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******оос 347,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Ц.*******гийн нэхэмжлэлтэй Ю.*******од холбогдох ...79.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/шш2025/00279 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүх хариуцагчаас 37.955.000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь хариуцагч Ю.*******ын дансаар шипжүүлсэн 15.955.000 төгрөг, бэпнээр өгсөн гэх 22.000.000 төгрөгийг тус тус гаргуулсан гэж үзэхээр байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...хариуцагч нь өөрийн дансанд хүлээж авсан мөнгөний талаар болон бэлэн өгсөн 22.000.000 төгрөгийн талаар маргаагүй...гэжээ. Хариуцагч нь дансаар шилжүүлсэн мөнгөний талаар бие биедээ тусалж байсан гэснээс биш бэлнээр өгсөн мөнгийг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх маргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь бэлнээр өгсөн гэх 22.000.000 төгрөгийн баримтуудыг үзэхэд хариуцагчийн данс бус өөр эзэмшигчдийн данснаас авсан, өгсөн баримтууд байгааг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнээгүй байна.

2.Мөн Үндэслэх хэсэгт... гахайн байр, байшин бариулах зорилгоор дээрхи мөнгүүдийг өгсөн ба уг гахайн байр, байшин нь хариуцагч Ю.*******ын эзэмшилд байгаа нь болох нь нэхэмжлэгч талын тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна гэжээ.

Тухайн байшин нь үл хөдпөх хөрөнгийн төрөлд хамаарах ба хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа эсэх нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдохгүй харин холбогдох улсын бүртгэлтэй холбоотой баримтуудаар тогтоогдоно. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар бэлэн авсан гэх 22.000.000 төгрөгий' байшинд зарцуулаад тэр нь байшинг хариуцагч нь одоо хүртэл эзэмшиж байгаа гэсэ-агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан хэдий ч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй... гэжээ.

Хариуцагч нь бэлнээр мөнгө аваагүй л бол аваагүй гэхээс өөр ямар нэгэн нотлох баримт гаргах боломжгүй юм. Харин нэхэмжлэгч мөнгөө хүнээс нэхэмжилж байгаа тохиолдолд түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл ямар эх үүсвэрээр мөнгөтэй болсон эсэх, тэр мөнгөө бэлнээр санхүүгийн байгууллага болон автомат машинаас гаргасан эсэх, гаргасан тохиолдолд хэзээ, хаана ямар байдлаар өгсөн эсэх нь тодорхой байх ёстой. Иймээс бэлнээр шилжүүлж авсан гэх 22.000.000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/шш2025/00279 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 22.000.000 төгрөгийг хасуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авсны дараа өмгөөлөгчийн тусламжтайгаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага.....79.500.000 (далан есөн сая, таван зуун, мянган ) төгрөг гаргуулах тухай шаардлагаас зарим хэсгийг буюу 37.955.000 (гучин долоон сая есөн зуун тавин таван мянга ) төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсэг болох 347.725 ( гурван зуун дөчин долоон мянга , долоон зуун хорин таван мянган ) төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд үлдэх 41.545.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч Ц.******* би хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргах байсан боловч тухайн өмгөөлөгч хугацаанд нь хуульд нийцсэн, шаардлага хангасан гомдлыг бүрэн боловсруулж өгөлгүй, үүргээ цалгардуулснаас шалтгаалан миний зүгээс давж заалдах боломжгүй болсон болно.

Мөн миний зүгээс энэхүү маргаантай харилцааны явцад нийт 41,545,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь бодит баримтаар нотлогдох үндэслэлтэй юм. Гэсэн ч тухайн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийн талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүйд миний зүгээс харамсаж байгаагаа, тайлбартаа дурдах нь зүйтэй гэж бодож байна.

Харин хариуцагчийн давж заалдах гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Улсын ерөнхий прокурорын газар 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр, №1\618 албан бичгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шалгалтын дүгнэлтэд:

Иргэн Ю.*******од байшин бариулах, мотоцикль, морь, гахай худалдан авах, гахайн байр бариулах, мөн хүүхдэд нь ойр дотны хүнээс мөнгө зээлж өгөх зэрэг зорилгоор нийт 56,000,000 тавин зургаан сая төгрөгийг бэлнээр болон банкны харилцах дансаар дамжуулан өгсөн тухай нэхэмжлэгчийн мэдүүлгийг авч, харин Ю.******* нь уг мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг хэрэгцээ гарсан үед авснаа хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдсон болно. Энэхүү мэдүүлэг болон прокурорын дүгнэлт нь миний хөрөнгө оруулалт бодитой байсан бөгөөд тухайн хөрөнгө нь зөвхөн хамтын зорилго бүхий бүтээн байгуулалт, хэрэглээнд зориулагдсан болохыг нотлох баримтын нэг мөн гэж үзэж байна.

Хариуцагчтай үүссэн энэхүү маргаан нь миний хөрөнгө оруулалттайгаар баригдсан үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотой юм. Тодруулбал би тухайн үл хөдлөх хөрөнгийг барихад зориулан нийт 22,000,000 (хорин хоёр сая) хөрөнгө оруулалтыг өөрийн болон бусдын нэр дээрх дансаар дамжуулан, бэлэн болон шилжүүлгийн хэлбэрээр хариуцагчид гардуулсан болно. Үүнд:

1.Би тухайн үед ойр дотны хүмүүсээс мөнгө зээлж, өөрийн дансаар дамжуулан авч, улмаар зарим хэсгийг өөрийн нэр дээрээс, зарим хэсгийг ******* гэх мэт гуравдагч этгээдийн дансаар дамжуулан хариуцагчид хүргүүлж байсан.

2.Эхний үед хариуцагч мөнгөө дансаар авах хүсэлт тавьдаг байсан боловч дараа нь бэлнээр өгөхийг шаардаж байсан тул өөрийн данснаасаа хүнээс зээлж авсан мөнгөө бэлнээр гарган өгдөг байсан.

3.Хариуцагч ажил эхэлсэн бол дуусгах ёстой хэмээн хэлж, байшингаа бүрэн дуусгах хүртлээ надаас санхүүгийн тусламж хүссээр байсан.

Мөн би тухайн үед хувийн албан тушаалаа орхиж, ажил хийж чадахгүй нөхцөлд орсон тул ойр дотны хүмүүсээс зээлсэн мөнгөө өгөхийн тулд, төрийн албанд ажилд орж 6 сар ажиллаад цалингийн зээлийг хүртэл авч, өр зээлийн хагасыг барагдуулж байсан. Энэ үед би санхүүгийн дарамтад орж, сэтгэл санааны хувьд ч хүнд нөхцөлд байсан боловч өгсөн үүрэг, итгэлийг биелүүлэхийн тулд бүхнээ зориулсан болно. Би хариуцагчийн хүсэлтээр ийнхүү хөрөнгө оруулсан бүх мөнгөө нэхэмжилж 5 дахь жилдээ явж байна.

Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч миний бие нь 2017 оны 10 сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд 11 тооны үхэр, 56 сая төгрөгөө залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 213100163 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь сэлэнгэ аймгийн прокурорын газрын архивт 213100163 дугаартай 2 хавтаст хэрэг байдаг.

Хэрэгт 2023.01.03-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын газрын тогтоол , мөн гомдол хүлээн авах татгалзах прокурорын тогтоолууд, 2024.03.07-ны өдрийн улсын прокурорын газрын тогтоол, талуудын тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга /xx 38-60 тал/, 2022 .10.15-ны өдрийн Ю.*******ын гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж нэхэмжлэгч миний бие, хариуцагч Ю.******* нар нь Үхэр, гахай, аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулахаар тохирч үхэр, гахайн байр, байшин барих зорилгоор нэхэмжлэгч миний хаан банк дахь 5676134803 тоот данснаас Ю.*******ын эзэмшлийн хаан банкны 5018142780 тоот дансанд гүйлгээ хийгдсэн талаар дансны дэлгэрэнгүй хуулга, тэмдэглэл зэргээр нийт 48,847,500 төгрөгийг Ю.*******од шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Одоо Ю.******* анх надтай хамтран ажиллахаар тохиролцохдоо өөрөөсөө ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй хэрнээ байшинтай, гахайн байртай, үхэртэй, мотоцикльтой, морьтой гэх зэргээр хөрөнгөтэй үлдсэн бөгөөд одоо Сэлэнгэ аймгийн зарууд дээр миний мөнгөний эх үүсвэрээр бий болсон эд хөрөнгүүдийг зарж борлуулсаар яваад байгаа.

Хэдий улсын бүртгэлийн баримтаар тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч тодорхойлогдож байгаа ч иргэний үнэмлэхний хуулбар болон шүүхийн практикт үл хөдлөх хөрөнгийн бодит өмчлөл, санхүүгийн оролцоо, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үнэлдэг. Миний зүгээс бэлэн мөнгөөр бодитоор хөрөнгө оруулсан, мөн тухайн хугацаанд хамтран амьдраагүй, хамтран өмчлөгчөөр оруулах хүсэлтээс хариуцагч татгалзсан тухай нөхцөл байдал нь уг хөрөнгийн өмчлөлд миний эрхийн оролцоо байгааг нотлох үндэслэл болно.

Хариуцагч нь миний санхүүгийн оролцоотойгоор байшин, эд хөрөнгө гэх мэт бий болсон зүйлсийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдлийн мэт зарж борлуулсан нь өмчлөх эрх, хамтран эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд иргэний хуульд заасан хамтран бий болгосон хөрөнгийг зөвшөөрөлгүй зарж борлуулах нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд уг үйлдлийг нөхөн төлүүлэх, хохирлыг барагдуулах шаардлага үүсэж байгаа юм. Энэ нь миний шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагч Ю.*******оос миний гаргасан 41,545,500 ( дөчин нэгэн сая таван зуун дөчин таван мянга таван зуун} төгрөгийн бодит хохирлыг дээрх нотлох баримтуудыг үндэслэн үзэж, нөхөн төлүүлэхийг хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ц.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт, хэргийн үйл баримт болон хэрэг авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Хэргийг судлан үзвэл: Хэргийн зохигчид болох Ц.*******, Ю.******* нар нь мал аж ахуй эрлэж хамтран ажиллахаар тохиролцон улмаар аж ахуйн хашаа, фермийн байшин барих зорилгоор нэхэмжлэгч Ц.******* нь тодорхой хөрөнгийг хариуцагч Ю.*******од шилжүүлсэн, нэхэмжлэгчийн хөрөнгөөр тодорхой бүтээн байгуулалт хийжээ. Талууд хамтран ажиллах явцад маргалдан улмаар нэхэмжлэгч нь хамтын ажиллагаанаас гарсан байх ба хамтын ажиллагаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хамтын ажиллагаанд оруулсан мөнгөн хөрөнгө болон малын үржлийн хувьд зүй зохистой удирдах үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол зэрэгт нийт 79.500.500 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Ю.*******од холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ю.******* нь хамтын үйл ажиллагаа эрхлэхээр тохирч нэхэмжлэгчээс хөрөнгө гаргасан талаар маргаагүй боловч нэхэмжлэлд дурьдсан хэмжээний мөнгийг аваагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй тодорхой хугацаанд хамтын амьдралтай байхдаа бие биедээ туслаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж тайлбарласан байна.

4.Хэргийн үйл баримтаар Хариуцагч Ю.******* нь хамтран ажиллаагүй харин хамтран амьдарч байхдаа бие биелээ туслаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар тодорхой зорилгыг хэрэгжүүлэх буюу мал аж ахуй эрхлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Зохигчдын хамтын ажиллагааны явцад маргаан гарснаар хамтын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болж тэдгээрийн хамтын үйл ажиллагаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар дуусгавар болсноор хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг мөнгөн дүнгээр тооцон гаргуулахаар нэхэмжлэгч Ц.******* нь шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хамтын ажиллагаа дуусгавар болсонтой холбоотойгоор хамтын ажиллагаанд зориулж гаргасан мөнгөн хөрөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн тул хөрөнгөө буцаан гаргуулах болон хамтын үйл ажиллагаанд хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо гаргуулана гэж тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т зааснаар гэрээний талууд хамтын үйл ажиллагаандаа зориулж хэдий хэмжээний хураамж /хөрөнгө/ гаргах талаар харилцан тохиролцоогүй байх ба мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т тус тус зааснаар хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан хөрөнгө нь дундаа өмчлөх хөрөнгө байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар өөр ногдох хэсгийг буюу хамтын ажиллагаанд зориулж гаргасан хөрөнгөө шаардах эрхтэй байна.

5. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зээлийн гэрээний үүрэгт зээл 37.955.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүнэлт хийж чадаагүй гэсэн үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрхи эрх зүйн дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

6.Нэхэмжлэгчээс 15.955.000 төгрөгийг дансаар, 22.000.000 төгрөгийг бэлнээр тус тус хамтын ажиллагаандаа зориулж хариуцагч Ю.*******од өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар 15.955.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон харин 22.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, барилга барих үйл ажиллагаанд материал барих зардалд тус тус шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, мөн мал худалдаж авсан, хашаа байшин барьсан, худаг гаргасан, мал маллагааны ажлыг зөв хийгээгүйгээс мал үрэгдсний улмаас учирсан хохирол 41.545.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч зохигчдын хамтын ажиллагааны үр дүнд хэдий хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бий болсон, тухайн хөрөнгө нь хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, хэдий хэмжээний мал хэрхэн хорогдож ямар хэмжээний бодитой хохирол гарсан, тус хохирол гарахад хариуцагчийн буруутай үйлдэл байгаа эсэх талаар нэхэмжлэгчээс холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүх эд хөрөнгө болон хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх зохигчидоос ирүүлсэн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой хэрэгт хамааралтай талаас нь үнэлж талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэдэг тул нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

6.Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т тус тус зааснаар хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан хөрөнгө болох 15.955.000 төгрөгийг хариуцагч Ю.*******оос гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63.545.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00279 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т тус тус зааснаар хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан хөрөнгө болох 15.955.000 төгрөгийг хариуцагч Ю.*******оос гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 63.545.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******оос тэмдэгтийн хураамж 237,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 269,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Г.ДАВААРЕНЧИН