Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Э.Гантулга

                         Шүүгдэгч                                          А.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Хд холбогдох 1932000000127 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Адуучин овогт Амарсайханы Х.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

А.Х нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Өлөнтийн задгай гэх газарт Т.Эбтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэжээ.

Хохирогч Т.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай бэр Ас надад хүүхэддээ хоол өг гэж дуудсан. Манай хоёрынх хамар хашаанд байдаг. Асынд ороход тэдний 2 хүүхэд, дүү Шб, Х нар хүүхэдтэйгээ байсан. Х хүүхэдрүүгээ “шээс минь чиний эцэг чинь ямар хувцас аваад өгөх биш” гэж хэлсэн. Х өмнө нь манай эрэгтэй дүүтэй сууж байгаад салсан. Тэр хоёрын дундаас уг хүүхэд гарсан юм. Тэгэхээр нь миний дургүй хүрээд манай дүү хуулийн дагуу өгөх юм аа өгдөг шүү дээ гэж хэлсэн чинь Х хаана өгөөд байгаа юм бэ танайхан гээд над руу гарын салаавч гаргасан. Би өөдөөс нь яагаад байгаа юм бэ өгдөг юм аа өгч байгаа саяхан 400000 төгрөг шүүхийн шийдвэр лүү хийсэн гэж хэлтэл битгий худлаа яриад бай гээд намайг үсдээд авсан. Би үсдүүлчихсэн учраас өөдөөс нь бас үсийг нь зулгааж үсдсэн. Х гэдэс рүү 2 удаа, цээж рүү 2 удаа өшиглөсөн. Бас миний дух руу мөргөөд хамар луу гараа зангидаж байгаад цохисон чинь миний хамарнаас цус гарсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

Гэрч А.Ас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай нөхрийн төрсөн эгч Эб хоёр хүүхдээ тэвэрчихсэн манайд орж ирсэн. Эбынх манай хамар хашаанд байдаг. Ингээд бид хэд хоолоо идчихээд байж байтал Х хүүхэддээ юманд явах гэж байхад хувцасаа заваан болголоо гээд малгайгаар нь цээжин дундуур нь шударч цохисон. Тэгээд аав чинь ямар ганц оймс аваад өгөх биш гэж хэлсэн чинь Эб газар хэвтэж байснаа чамд өгөх албатай биш гэж орилсон. Учир нь Эбын дүү манай дүүтэй сууж байгаад салсан юм. Х Эб луу чи ч гэсэн адилхан нэхдэг биздээ гэсэн чинь Эб босож ирээд чи одоо түрүүнээс хойш юу гээд олон юм яриад байгаа юм бэ гээд Хруу дайрсан. Би салгах гээд дийлээгүй. Би тэр хоёрыг үснээсээ зулгаагаад байж байхад нь гарыг нь салгах гэж оролдсон боловч чадахгүй болохоор нь биеэрээ дундуур нь орж 2 тийш нь салгасан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Шб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Х эгч хүүхдээ хувцас заваан болголоо гэж загнаад аав чинь мөнгө өгдөггүй биз дээ гэхэд Эб эгч миний дүү чамд мөнгө өгөх ёсгүй гэж харааж ерөөсөн. Тэгтэл Эб эгч Х эгч 2 бие биенийхээ үсийг зулгаагаад барилцаад авсан. Том эгч бид хоёр салгасан чинь Эб эгч хогны шүүр бариад Х эгчийг цохих гэж байгаад намайг цохисон. Эб эгч Х эгчийн гэдэс рүү хөлөөрөө жийгээд байсан. Х эгч Эб эгчийг гараараа хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №130 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. Т.Эбын биед хүзүүний баруун доод хэсэг, баруун гарын 4-р хурууны 2-р үед зулгаралт, духны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 21-р хуудас/

        Яаралтай түргэн тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 34 дүгээр хуудас/

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Хын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /32 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Х нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Өлөнтийн задгай гэх газарт Т.Эбтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

          Хохирогч Т.Эбын мөрдөн байцаалтанд өгсөн “...Х хүүхэдрүүгээ “шээс минь чиний эцэг чинь ямар хувцас аваад өгөх биш” гэж хэлсэн. Х өмнө нь манай эрэгтэй дүүтэй сууж байгаад салсан. Тэр хоёрын дундаас уг хүүхэд гарсан юм. Тэгэхээр нь миний дургүй хүрээд манай дүү хуулийн дагуу өгөх юм аа өгдөг шүү дээ гэж хэлсэн чинь Х хаана өгөөд байгаа юм бэ танайхан гээд над руу гарын салаавч гаргасан. Би өөдөөс нь яагаад байгаа юм бэ өгдөг юм аа өгч байгаа саяхан 400000 төгрөг шүүхийн шийдвэр лүү хийсэн гэж хэлтэл битгий худлаа яриад бай гээд намайг үсдээд авсан. Би үсдүүлчихсэн учраас өөдөөс нь бас үсийг нь зулгааж үсдсэн. Х гэдэс рүү 2 удаа, цээж рүү 2 удаа өшиглөсөн. Бас миний дух руу мөргөөд хамар луу гараа зангидаж байгаад цохисон чинь миний хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч А.Асын мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай нөхрийн төрсөн эгч Эб хоёр хүүхдээ тэвэрчихсэн манайд орж ирсэн. Эбынх манай хамар хашаанд байдаг. Ингээд бид хэд хоолоо идчихээд байж байтал Х хүүхэддээ юманд явах гэж байхад хувцасаа заваан болголоо гээд малгайгаар нь цээжин дундуур нь шударч цохисон. Тэгээд аав чинь ямар ганц оймс аваад өгөх биш гэж хэлсэн чинь Эб газар хэвтэж байснаа чамд өгөх албатай биш гэж орилсон. Учир нь Эбын дүү манай дүүтэй сууж байгаад салсан юм. Х Эб луу чи ч гэсэн адилхан нэхдэг биздээ гэсэн чинь Эб босож ирээд чи одоо түрүүнээс хойш юу гээд олон юм яриад байгаа юм бэ гээд Хруу дайрсан. Би салгах гээд дийлээгүй. Би тэр хоёрыг үснээсээ зулгаагаад байж байхад нь гарыг нь салгах гэж оролдсон боловч чадахгүй болохоор нь биеэрээ дундуур нь орж 2 тийш нь салгасан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч А.Шбын мөрдөн байцаалтанд өгсөн “...Х эгч хүүхдээ хувцас заваан болголоо гэж загнаад аав чинь мөнгө өгдөггүй биз дээ гэхэд Эб эгч миний дүү чамд мөнгө өгөх ёсгүй гэж харааж ерөөсөн. Тэгтэл Эб эгч Х эгч 2 бие биенийхээ үсийг зулгаагаад барилцаад авсан. Том эгч бид хоёр салгасан чинь Эб эгч хогны шүүр бариад Х эгчийг цохих гэж байгаад намайг цохисон. Эб эгч Х эгчийн гэдэс рүү хөлөөрөө жийгээд байсан. Х эгч Эб эгчийг гараараа хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №130 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 21-р хуудас/, Яаралтай түргэн тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 34 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Хыг хохирогч Т.Эбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Х нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Өлөнтийн задгай гэх газарт Т.Эбтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, толгой тус газарт нь цохиж, Т.Эбын биед хүзүүний баруун доод хэсэг, баруун гарын 4-р хурууны 2-р үед зулгаралт, духны зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Т.Эб нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Адуучин овогт Амарсайханы Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан  А.Хын торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд, арав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.