| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01265/и |
| Дугаар | 950 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 950
2016 оны 10 сарын 12 өдөр Дугаар 181/ШШ2016/00950 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны Төв албаны байранд байрлах, Хас Банк ХХК /РД:2578697/-ийн гаргасан
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Батжаргал, Ж.Одбаяр нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Түрээслэгч Э.Батжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Одбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хас банктай 1500007005 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, 1500007005 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулж, хүүтэй 24 сарын хугацаатай өрхийн хэрэглээний /автомашин худалдан авах/ зориулалтаар авсан.
Санхүүгийн түрээсийн зээлийн барьцаанд 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн, АТН100007285 арлын дугаартай, 79-74 УНД улсын дугаартай, Toyota Alphard маркийн гэр бүлийн машин, Sony маркийн 46 инчийн телевизор, Sharp маркийн хөргөгч, Dell маркийн компьютер зэргийг барьцаалуулсан.
Түрээслэгч Э.Батжаргал нь тухайн үед Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Их дарь эх, 6 дугаар гудамжны 236 тоот, Ж.Одбаяр нь Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Их дарь эх 2 дугаар гудамжны 59 тоотод тус тус амьдардаг байсан ба иргэний үнэмлэхийн хаягууд нь дээрх хаягаар байсан.
Э.Батжаргал, Ж.Одбаяр нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш хамгийн сүүлд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлсөн ба, түүнээс хойш өгт төлбөр төлөөгүй нь тус гэрээний 3.2.1-д заасан үүргээ зөрчсөн болно.
Түрээслэгч Э.Батжаргал, Ж.Одбаяр нарын гэрийн хаягаар нь очиход “ийм хүн энд амьдрахаа больсон” гэх тайлбар хэлсэн өөр айл байсан. Түрээслэгч Э.Батжаргалын гар утасны дугаар /8855608/ руу залгахад “холбогдох боломжгүй, эсхүл дугаарын эрх хаагдсан” гэсэн хариу өгдөг. Зарим үед холбогдох тохиолдол байдаг боловч утсаа авахгүй байх, авсан ч ярихгүй байх зэргээр зайлхийх, зугтаах хандлага гаргадаг болно. Ж.Одбаярын гар утасны дугаар /80000047/ руу залгахад байнга “холбогдох боломжгүй” гэх хариуг өгдөг. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Батжаргал, Ж.Одбаяр нарыг хариуцагчаар татан төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс “хариуцагчид нь бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй” гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан.
Дээрх байдлаас үзэхэд, түрээслэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар санхүүгийн түрээсийн зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зугтаж байгааг тодорхой харуулж байна.
Иймээс түрээслэгч Э.Батжаргал, Ж.Одбаяр нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Батжаргал, Ж.Одбаяр нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Э.Батжаргал, Ж.Одбаяр нар нь Хас банктай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1500007005 тоот гэрээгээр тогтоогдож байх тул уг зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй байна.
Э.Батжаргал нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Их дарь эх, 6 дугаар гудамжны 236 тоотод бүртгэлтэй боловч тус оршин суудаггүй болохыг, Ж.Одбаяр нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их дарь эх, 2 дугаар гудамжны 59 тоот хаягт оршин суух бүртгэлгүй болохыг тус тус Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Энхжаргалын Батжаргал /РД:МА80062511/, Жижгээгийн Одбаяр /РД:ПЮ82032200/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Оточ овогт Энхжаргалын Батжаргал /РД:МА80062511/, Номч овог Жижгээгийн Одбаяр /РД:ПЮ82032200/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Ж.Батжаргал, Ж.Одбаяр нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА