Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 750

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч С.Мөнхтулга, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908010410617 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б овогт С.А, Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод байнга оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-ын задгай тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар нэ..., урьд:

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч С овогтой А нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, .... оршин суух иргэн Ч.Гийн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч, IPhone-5 маркийн гар утас нэг ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер нэг ширхэг, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Боржигон овогт С.А нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод буюу Ч.Гийн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч, нэг ширхэг “IPhone-5” загварын гар утас, нэг ширхэг “Acer” загварын зөөврийн компьютер, бэлэн 20,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч явж, бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Аын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 18 цагийн үед гэрээсээ гараад явсан. Тэгээд 15 цагийн үед манай охин Э утсаар яриад гэрийн тооноор хулгайч орж миний “I Рhone-5” загварын гар утас, Асег загварын зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөг алдагдсан байна гэж хэлсэн. Алдагдсан гар утсаа 150,000 төгрөгөөр, зөөврийн компьютероо 150,000 төгрөгөөр үнэлж байна. Одоогоор 80,000 төгрөгийг Ааас хохиролд тооцож авсан бөгөөд үлдсэн мөнгийг удахгүй өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-27 дугаар хуудас);

            3. Гэрч Р.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ирэх үед Э гэрээ онгойлгоод орсон, байдлыг нь харахад хулгайч тоононы цонхны гялгар уутыг онгойлгоод орон дээр тавьсан “IPhone-5” загварын гар утас 1 ширхэг, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд зүйлс болон охины түрийвчинд байсан 20,000 төгрөгийг авсан байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр тал);

            3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 дугаар тал), Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 18-20 дугаар тал),

            4. “...” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 343 дугаартай “...эд зүйлийн нийт дүн 300,000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 37-39 дүгээр тал);

            5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2262 дугаартай “...Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт дээр 3 гэж дугаарласан гутлын мөр нь С.Аын гэрээс хураан авсан хар өнгийн хагас түрийтэй хос гутлын баруун талын гутлаар дарагдаж үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 43-44 дүгээр тал);

            6. Шүүгдэгч С.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 79-81 дүгээр хуудас);

            7. Шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төвийн ард байдаг хашаатай айлын модон хашааг давж ороод нэг монгол гэр, нэг байшин байхаар нь монгол гэрийн тооноор орж гэрт байсан хойд талын орон дээр байсан “IPhone 5” загварын хар өнгийн гар утас, зурагтын доод тавиур дээр байсан хар өнгийн зөөврийн компьютер, бор өнгийн цүнхэнд байсан бэлэн 10,000 орчим төгрөгийг авч гэрийн түлхүүр нь зөөврийн компьютерын хажууд байхаар нь гэрийн хаалгыг дотроос нь нээж гарч явсан. Би эд зүйл зарах гэж үзүүлсэн хүнийг одоо танихгүй. Хархорин зах дээр явж байсан 30 гаран настай эрэгтэй хүнд зарсан. Надад өөр хийсэн хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Аын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйлсийн үнэлгээг нийт 300,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн, мөн бэлнээр 20,000 төгрөг хулгайлсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 320,000 төгрөгөөр тогтоосон болно. Энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Шүүгдэгч С.А нь хулгайлах гэмт хэргийг Ч.Гийн гэрийн тооноор хууль бусаар орж үйлдсэн байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.

Шүүгдэгч С.Аын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Аыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь хохирлын 320,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх бодит нөхцөл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагч хувийн байдлыг харгалзан үзэж өндөр ял оногдуулах санал гаргаж байх шиг байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар бол шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйд тооцогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээж дууссан нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...” гэж заасан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалздаг. Хувийн байдлыг харгалзан үзлээ гээд ялтай байдалтай адил хэрэглээд байна. Тиймээс улсын яллагчийн санал болгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноож өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх “хувийн байдал” гэх нөхцөл байдал нь зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заагдсан бус мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа түүний хувийн байдал болох урьд ял шийтгүүлсэн байдлыг харгалзан үзэх нь зүйн хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заагдсан “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...” гэдэг нь хуулиар хязгаарлалт тогтоогоогүй тохиолдолд нийгмийн бүхий л харилцаанд бусдын нэгэн адил тэгш оролцоно гэсэн үзэл санааг илэрхийлсэн хэм хэмжээ юм. Түүнчлэн “Ялтай байдал” гэдэг ойлголтыг 2002 оны Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт шууд гэмт хэргийн шинж болгон хуульчилсан байсан нь нэг гэмт хэрэгт нэг удаа л ял шийтгүүлнэ гэсэн зарчимтай зөрчилдөж байсан тул Эрүүгийн хуулиас халсан, харин урьд ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зөвхөн хувийн байдалд нь харгалзан үзэхээр болсон нь ял шийтгэл ялгамжтай байх зарчимд бүрэн нийцнэ. Өөрөөр хэлбэл, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хоёр хүний хооронд хувийн байдлын харилцан адилгүй ялгаа байгааг ялгаж ял оногдуулна гэсэн ойлголт юм.

Шүүгдэгч С.А нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ад хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.А нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “sunniuyuan” гэсэн бичигтэй нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт С.Аыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ад хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “sunniuyuan” гэсэн бичигтэй нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА