Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
Хэргийн индекс | 102/2016/03599/И |
Дугаар | 184/ШШ2016/00462 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/00462
2016 оны 8 сарын 01 өдөр Дугаар184/ШШ2016/00462 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч ******* нь хууль, өмгөөлөгчийн ажил хийдэг хүн. Надад анх хэлэхдээ хэн хэндээ ашигтай ажиллая. Би чамд хуулийн зөвлөгөөг үнэгүй өгч, бусдаас зээлээ буцааж авахад чинь туслая гэж хэлсэн. Ингээд надаас 200,000,000 төгрөгийг хүүгүй зээлчих гэж гуйсан. Ариг банкнаас зээл авахаараа буцаагаад өгчихнө гэж хэлээд анх надаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 200,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг зээлэхдээ 160,000,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж, үлдэх 40,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Зээлийн гэрээг байгуулахдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаагар байгуулсан ба хүү авахаар тохироогүй юм. Харин зээлээ хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор болсон. ******* нь зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 01 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 42 тоот хаягт байрлах 400 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Зээл төлөх хугацаа дуусаад ******* зээлээ нэхэхэд төлөх боломжгүй болчихлоо үл хөдлөх хөрөнгө чөлөөлсөн үүрэг дуусгавар болгох хэлцэл байгуулчих. Би үл хөдлөх хөрөнгөө суллаад өөр газраас зээл аваад өгье гэж гуйсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүрэг дуусгавар болгосон тухай хэлцэл байгуулж ******* нь хөрөнгөө чөлөөлж авсан. Тухайн өдөртөө надад авсан зээлээсээ 20,000,000 төгрөгиийг буцааж өгсөн. Ингээд үлдсэн 180,000,000 төгрөг дээрээ 9 хоногийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээг байгуулсан. Гэрээнд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. *******тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 180,000,000 төгрөгийг тухайн өдөртөө нэмж өгөөгүй ба энэ мөнгө нь өмнө нь байгуулсан 200,000,000 төгрөгийн зээлээс өгсөн 20,000,000 төгрөгийг нь хасаад шинээр байгуулсан гэрээ юм. *******тай 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу дахин барьцааны гэрээ байгуулсан боловч энэ гэрээг улсын бүртгэлд битгий бүртгүүлээрэй гэж надаас гуйгаад байсан.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан бөгөөд ******* таг чиг байгаад байхаар нь барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэнийг ******* мэдээд зээлийг чинь төлөхгүй гэж надад уурласан. ******* нь надаас авсан 200,000,000 төгрөгийн зээлээс 20,000,000 төгрөгийг буцааж өгөөд өөр ямар ч мөнгө нэмж төлөөгүй.
Иймд хариуцагч ******* үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт гаргуулж өгнө үү. Гэрээнд заасан хугацаа 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Түүнээс хойш 7 сар буюу 200 гаруй хоног өнгөрсөн. Нэг хоногт ногдох алданги нь 900,000 төгрөг. Алданги нь 50 хувиас хэтэрч болохгүй учир 90,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд нийт 270,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн******* надад хамааруулан зээлийн гэрээний үүрэг болох 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасаныг зөвшөөрөхгүй байна. Учир нь******* нь ийм их хэмжээний мөнгө алданги нэхэмжилж байгаа нь мөнгө чөлөөлөх, зээл гаргаж өгөх нэрээр гэрээгээр халхавчлан төөрөгдүүлэн луйвэр, залилангийн шинжтэй үйлдэл гаргаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.******* нь зээл чөлөөлдөг, зээл гаргадаг гэх мөнгө хүүлэгчээр ажилладаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний зээлийг дахин зээл гаргахаар 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн бөгөөд үүнээс 160,000,000 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлж өгсөн бөгөөд уг гэрээг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр******* нь өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллага болох “MAF” ББСБ-аар зээл гаргуулах боллоо гээд уг гэрээг дуусгавар болгосон.
Харин 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн гэрээний үүрэг болох 180,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэжээ. Иймд уг гэрээг байгуулагдсанд тооцохгүй бөгөөд харин 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний хаан банкны 5006015710 дансанд*******гийн шилжүүлсэн 160,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч*******гаас 200,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 19 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлж авахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч*******гаас зээлийн гэрээнд заасан 200,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгийг авсан, үлдэх 40,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарладаг боловч******* нь 160,000,000 төгрөгийг С.Гүлдарийн Хаан банк дахь дансанд шилжүүлж, 40,000,000 төгрөгийг ******* нь*******гаас бэлнээр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зээлийн гэрээ”, гэрээний арын нүүрэнд бичигдсэн 40,000,000 төгрөг хүлээн авсан тухай баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээг зохих ёсоор гүйцэтгэж дуусгавар болсон, барьцааны зүйлийг чөлөөлөхөөр нэхэмжлэгч******* хариуцагч ******* нар нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг бичгээр байгуулсан байх боловч энэхүү хэлцлийн дагуу С.Гүльдар нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бодитойгоор зохих ёсоор бүрэн гүйцэтгэж дуусгавар болгоогүй болох нь хариуцагч С.Гүльдарийн шүүхэд бичгээр гаргасан “... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний хаан банкны 5006015710 дансанд*******гийн шилжүүлсэн 160,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь зээлийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буцаан өгсөн гэж нэхэмжлэгч******* шүүхэд тайлбарлаж, зохигчид нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 180,000,000 төгрөг дээр 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан ба гэрээнд зааснаар 180,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай, хүүгүйгээр зээлж авахаар тохиролцжээ.
Мөн талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний 5 дугаар зүйлд “гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугцааа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлдүүлэгчид төлнө” гэж заасан байна.
*******,******* нар нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 180,000,000 төгрөг дээр зээлийн гэрээний хугацааг сунгаж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр дахин байгуулсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч ******* нь зээлдүүлэгч болох*******гаас олгосон 200,000,000 төгрөгийн үлдэгдэл 180,000,000 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн хоногт тооцогдох алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч ******* үндсэн зээлийн төлбөр 180,000,000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хугацааны алданги 90,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 42 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх бүхий газрын хамт барьцаалсан болох нь хэрэгт авагдсан “Барьцааны гэрээ”-ээр нотлогдож байгаа боловч энэхүү гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч******* нь зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар ирүүлж чадаагүй гэж тайлбарладаг бөгөөд хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой болохыг тэмдэглэж байна.
Шүүх хариуцагч *******т 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус товлон зарлагдсан шүүх хуралдааны товуудыг мэдэгдсэн боловч тэрээр эмчийн магадлагаагаар өвчтэй шалтгаанаар шүүх хуралдаануудад ирээгүй ба 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр товлон зарласан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******тай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл”, *******т 160,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба энэхүү баримтуудтай хариуцагч ******* нь шүүхэд хүрэлцэн ирж танилцаагүй болно.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ шүүхэд өөрөө хүрэлцэн ирснээр хэрэгжүүлэх боломжтой юм.
Нэхэмжлэгч*******гийн шүүхэд шинээр гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл”, 160,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг хариуцагч С.Гүльдарь нь мэдэж байсан байсан бөгөөд эдгээр баримтуудын талаар “... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний зээлийг дахин зээл гаргахаар 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн ... 160,000,000 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлж өгсөн бөгөөд уг гэрээг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр******* нь өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллага болох “MAF” ББСБ-аар зээл гаргуулах боллоо гээд уг гэрээг дуусгавар болгосон ...” гэж тайлбарласан байна.
Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх мэтгэлцэх зарчим алдагдаагүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ******* үндсэн зээлийн төлбөрт 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 1,507,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР