| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0595/Э |
| Дугаар | 658 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 658
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч М.Осгонжаргал, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тайж овогт М.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908011110480 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайж овогт М.О, Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зенит өөрөө явах суурийн оператор мэргэжилтэй, “...” ХХК-д вакум цонхны туслах ажилтнаар ажилладаг, ам бүл хоёр, 7 настай хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, 220 ... тоотод оршин суудаг регистрийн дугаар ..., урьд:
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ,
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Онь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.Д байнга амьдрах орон сууцны хаалганд түлхүүр тааруулан нэвтэрч, 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Тайж овогт М.О нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.Дбайнга амьдрах зориулалт бүхий орон сууцны төмөр хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан онгойлгож, 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 990,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би гадуур ажилтай явж байтал манай эхнэр над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд би гэртээ яваад иртэл манай байрны төмөр хаалганд түлхүүр тааруулж орсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Манай гэрээс зөвхөн 9 ширхэг мөнгөн аяга алдагдсан өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан тул манай гэрийг их сайн мэддэг миний ойр дотно хүмүүсээс л авчихсан юм болов уу гэж би бодоод байна...”, “...М.О танина. Манай ахын охин Бадамтай гэрлэсэн, манай талын хүргэн байгаа юм. Манайхтай ойр, дотно харилцаатай хүн биш. 2018 оны 02 дугаар сард цагаан сараар манайд нэг удаа нагац дүүтэй хамт ирж золгож байсан. Манай гэрт ирээд элдвийн юм сонжоод байсан үедээ л манай гэрт байсан миний мөнгөн аягануудыг харсан гэж би бодож байна. М.Оманай гэрт нэвтрэх эрхгүй. Манайхтай ямар ч ойрын холбоо байхгүй учраас миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-16, 121дүгээр хуудас);
3. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би ажил дээрээ байсан. Өдөр 13 цагийн үед нэг шар залуу орж ирээд “сайн байна уу, намайг таньж байна уу, та миний машины түлхүүрийг янзалж байсан даа” гэсэн. Би сайн танихгүй байж байтал тэр залуу “Ахаа дүү нь балраад байна. Би цэргийн ангид ажилладаг юм одоо манай жагсаалын бэлтгэл болох гээд байна. Манай эгчийн гэр 5 шард байдаг юм. Би эгчийнхээ гэрээс хувцсаа авах хэрэгтэй байна, түлхүүр байдаггүй” гээд байсан бөгөөд ухаандаа бол надаар төмөр хаалга онгойлгуулах гээд байсан юм байна лээ....Тэгээд би хаалгыг нь онгойлгож өгсөн. Онгойлгохдоо боолтыг нь тайлж байгаад цоожны бариулын боолтыг тасалсан юм. Тэгээд тэр залуу дотор орсон. Би хаалгаа буцааж угсраад одоо яах вэ гэж асуухад тэр залуу “ахаа манай ах, эгч хоёрт түлхүүр нь байгаа зүгээр хаачих” гээд хаалгыг хаасан....Надад сэжиг төрөөд тэр залуугаар өөрийнх нь гараар овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар зэргийг бичүүлээд авч үлдсэн. Нэр нь О гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);
4. “..” ХХК-ны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай “...хуучин хэрэглэж байсан 9 ширхэг мөнгөн аягыг 990,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 34-37 дугаар хуудас);
5. Иргэн Д.Э 2019 оны 02 дугаар 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Хулгай орж, эд зүйлс алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас),
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7 дугаар хуудас), алдагдсан 9 ширхэг мөнгөн аягыг хохирогч Д.Д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 40 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч М.О яллагдагчаар өгсөн: “.....Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо ... тоот гэртээ байж байхад мөнгөний хэрэг гарсан. Учир нь би ... улсын дугаартай Pruis-20 маркийн автомашиныг “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас авахдаа урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг лизингээр төлж байсан. Тэгээд автомашины лизингийн мөнгөө өгч чадахгүй нэхэгдээд байсан тул хадам ах Д гэрт очиж мөнгөн аягыг нь хулгайлах санаа төрөөд 12 цагийн үед гэрээсээ гараад 13 дугаар хороолол орох гэж явж байгаад “Хан талст” захын ойролцоо байдаг цоож онгойлгодог газар орсон. Ороод Э гэх хүнтэй уулзаад “...гэрийнхээ хаалгыг онгойлгуулах гэсэн юм, гэрээсээ хувцсаа авах гээд...” гэж худлаа хэлж нэлээд гуйсан. Гуйж байгаад тэр ахыг зөвшөөрүүлээд өөрийн ... УБО улсын дугаартай Pruis -20 маркийн автомашиндаа суулгаж авч яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар ... тоотод байх Д ахын гэрт ирээд Э гэх түлхүүр онгойлгодог хүнээр хаалгыг онгойлгуулаад “та хүлээж байгаарай би орчхоод гараад ирнэ, тэгээд таныг буцаагаад хүргэж өгнө” гэж хэлээд өөрөө гэр лүү ороод том өрөөний шилэн хаалгатай ханын шүүгээ дотор өрөөстэй байсан 9 ширхэг мөнгөн аягыг хөх өнгийн цамцан дотор боогоод аваад явсан. Тэгээд хаалгыг Э буцаж хаалгуулаад явсан. Тэгээд тэр хүнийг 10 дугаар хорооллын “Гермес” төв дээр буулгаад ажлын хөлсөнд 60,000 төгрөг өгөөд явсан. Би хулгайлсан эд зүйлсээ автомашин дотроо хадгалж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өөрийн гэм бурууг маш их ойлгож байна. Миний ярьсан зүйл үнэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110-111 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч М.О иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), урьд гурван удаа ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд (хх-ийн 129-148 дугаар хуудас), торгох ялыг биелүүлж, зохих дансанд мөнгө тушаасан баримтын хуулбар (хх-ийн 147 дугаар хуудас);
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.О үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох 9 ширхэг мөнгөн аягийг 990,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 990,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч М.О нь хулгайлах гэмт хэргийг Д.Д орон сууцны төмөр хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн онгойлгож, дотогш нэвтэрсэн байх тул хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч М.О үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч М.О “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д нь хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан авсан (хх-ийн 40 дүгээр хуудас) гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.О бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч М.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлын хувьд өрх толгойлсон эцэг гэдгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан хорих ялын доод хэмжээг хоёр дахин багасгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.О нь хорих ялын доод хэмжээг хоёр, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулах боломжтой байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.О нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт М.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч М.Осгонжаргалд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Осгонжаргалд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Онь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Осгонжаргалд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА