Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2025/00035

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2024/00596 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч Б.*******, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* *******ын **** сургууль

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4,158,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Миний хүү Н.******* нь 2023 оны 12-р сарын 07-ны өдөр сургууль дээрээ урлагийн үзлэгт бэлдэж байгаад ангийнхаа 2 ихэр хүүхэд болох Э.*******, Э.******* нарт зодуулсан. Хүүгийн маань хамарт хугарал гэмтэл тогтоогдон Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12-р сарын 13-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэтэл хүүг маань зодсон Э.*******, Э.******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг гарсан өдрийн маргааш нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлж хамрыг нь тэгшлүүлсэн. Хамар нь хаван ихтэй, нүүр нүд рүүгээ хөхөрч хавдсан, амьсгалахад зовуурьтай маш удаан явж байна. Гэтэл хүүг маань зодсон хүүхдүүдийн ар гэрээс 2023 оны 12-р сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн БИД гэх эмнэлэгт үзүүлэхээр явахад нэг удаа 150,000 төгрөг өгснөөс өөрөөр огт харж үзэж, санаа тавиагүйд миний хувьд маш их гомдолтой байна. Бидний хувьд хүүгийн маань хамрын муруйлт одоог хүртэл эдгэхгүй, энэ чигээрээ тогтож байгаад маш их харамсаж байна. Одоо хүүгийн маань хамар байнга битүүрэх, шархирах, толгой руугаа хатгуулж өвдөх гээд зовиур нь арилахгүй байна. Бид 2024 оны 02-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод "Мед Траума" гэх эмнэлэгт Толгойн томографт 340,000 төгрөг төлж үзүүлсэн. Тэгэхэд хамарт нь жижиг уйланхай үүссэн байна, эмчийн хяналтад байгаад хянуулж бай гэж зөвлөсөн. Мөн 2024 оны 02-р сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн эмчид үзүүлэхэд 3 төрлийн эм бичиж өгсөн боловч тухайн эмүүд маш үнэтэй байсан тул авч өгч чадаагүй. Дахин 2024 оны 01-р сарын 09-ний өдөр үзүүлэхэд өмнө бичиж өгсөн эмүүдийг авч уулга гэж зөвлөсөн. Иймд миний хүүд гэмтэл учруулсан Э.*******, Э.******* нарын аав болох Б.*******оос

1. Толгойн томографт үзүүлсэн зардал 340,000 төгрөг

2. Улаанбаатар хот руу ирж, очсон замын зардал 68,000 төгрөг

3. Авч хэрэглэх 3 эмийн үнэ 176,000 төгрөг нийт 584,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн 2023 оны 07-р сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд. Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам-д Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл нь 2-р зэрэглэлд багтаж байх ба Улсын дээд шүүхээс баталсан аргачлалын дагуу уг зэрэглэлд багтаж буй хохирогчид нөхөн төлбөрийг олгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор баталжээ. Иймд сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр болох 2,750,000 /хамгийн багаар нь тооцов/ төгрөгийг мөн нэмж гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд иргэний хуулийн 503-р зүйлийн 503.1 дэх хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй Э.*******, Э.******* нарын хүүд маань учруулсан гэм хорын хохиролд нийт 3,334,000 төгрөгийг тэдний аав болох Б.*******оос гаргуулан бидэнд олгож хохирлыг маань барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* хариу тайлбартаа:

Г.*******гийн тус шүүхэд Б.******* надад холбогдуулан гаргасан эрүүл мэндийн хохирол 584,000, сэтгэцэд учирсан хохирлын төлбөр болох 2,750,000 төгрөг нийт 3,334,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Миний хөвгүүд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын ****** сургуулийн 7"в" ангид суралцдаг. Хохирогч ******* гэх хүүхэдтэй нэг ангид суралцдаг бөгөөд энэ хүүхэд олон жил үе тэнгийн хүүхдүүд болон миний хоёр ихэр хүүг байнга дээрэлхэж зоддог байсан учир эцэг миний бие энэ хүүгийн ээж, эмээ болон анги даасан багшид нь олон удаа хэлж байсан.

Гэтэл 2023 оны 12 сарын 07-ны өдөр урлагийн үзлэг бэлтгээд миний хүү ******* анги цэвэрлэх ээлжтэй байсан тул хүүхдүүдийг явцгаагаарай гэж хэлсний төлөө элэгдэж, нүүр рүү цохих үед дүүгээ өмөөрч чи дандаа миний дүүг цохиж зодох юм гээд хэлээд дүүгээ авах гээд очих үед нь урдаас нь түлхэж зайл гэх үед нь гараараа нүүр рүү цохисон үйл явдал яригддаг. ******* тэр орой 19 цаг өнгөрч байхад над руу утсаар аав би хүүхдийн хамар руу цохичихлоо гэхээр нь санаа зовоод сургууль дээр нь очиход цус гарсан зүйлгүй хамар нь улайсан байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачиж 103 яаралтай тусламжийн тасаг дээр үзүүлэхэд мэс заслын эмч ******* үзлэг хийж зургийг нь авхуулж хамрын дээврийн яс нь далийсан байна хугарсан зүйл байхгүй байна, хүйтэн жин тавиад өвчнийг нь намдаагаарай гэж хэлээд явуулсан. Маргааш нь миний эхнэр мэс заслын эмчид дахин үзүүлж далийсан мөгөөрсийг тэгшлүүлж өгсөн, толгойг нь томографт үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл, зовиур байхгүй байна гэж хэлэхэд хүү минь ер нь ядраад байгаа хэд хоног хэвтүүлээд өгөөч гэж ээж нь гуйгаад байхаар нь эхнэр эмч нараа гуйж байгаад хүүг эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн

Хүүгийн ээж ******* нь Сэлэнгийн эмч нарт итгэхгүй хүүгийнхээ хамрыг мэргэжлийн эмчид үзүүлнэ гээд Дархан-уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Бид " нүд эрүү нүүрний эмнэлэг дээр аваачиж үзүүлнэ гэж хэлэхэд нь замын зардал, эмчилгээний зардалд нь нэмэрлээрэй гэж 150.000 төгрөг бэлнээр нь өгч явуулсан. Эмнэлэгт хэвтүүлээд гаднаас дусал эм гээд 100.000 гаруй төгрөгийн зардал гаргасан. Тэгээд хүүгийн эргэж тойрч бас 100.000 төгрөг зарцуулсан. Гэтэл ямар нэгэн байдлаар огтоос тусалж дэмжээгүй мэтээр нэхэмжилдээ бичсэнийг уншаад сэтгэлгүй худлаа зүйл бичдэг, ийм эцэг эхийн хүмүүжүүлж байгаа хүүхэд ямар зан төрх гаргадаг нь ойлгомжтой юм.

Хүүхдүүд сургууль дээрээ байхдаа хүүхдүүдийн хооронд болсон явдлаас болж нэгнийгээ гэмтээсэн асуудал дээр сургууль хариуцлага хүлээх ёстой. Боловсролын хуульд сургууль орчин, сургууль дээр сурагчдын аюулгүй байдлыг сургууль багш нар хариуцна гэж заасан байдаг.

Аливаа асуудал 2 талтай. Өөрийн нь хүүхэд байнга хүүхэд зоддог, тэр үед хүү *******ийг цохиогүй байсан бол ах нь дүүгээ өмөөрч ийм байдал гаргахгүй л байсан. Хэдийгээр эцэг эх насанд хүрээгүй хүүхдийнхээ хохирлыг хариуцах үүрэгтэй ч гэсэн хүмүүжил муутай хүүхдийнхээ хийсэн үйлдлийг харгалзаж үзэх ёстой юм. Эмч нар зүгээр гээд байхад өөрсдөө ийм тийш санаачилгаараа явж үнэхээр үзүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Баримтыг нь үзэх болно.

Миний хувьд хүүгийн томографт үзүүлсэн. Хүүхдийг төрөөс үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийдэг тул ямар нэгэн төлбөр ямар ч эмнэлэг нэхэхгүй, төлбөр ч авахгүй. Тийм байтал хаана үзүүлсэн гэж 340.000 төгрөг нэхээд байгааг гайхаж байна. Улаанбаатар хот руу ямар ажлаар явсныг мэдэхгүй Үүнийгээ нотлох ёстой. Нотлох баримтыг үзэж түүнийг шалгуулах болно.

Хэн гэдэг эмч, ямар өвчинд хэрэглэх заалттай эм бичсэн, түүнийг хаанаас хэзээ хэдийд авсан гэх мэт асуудлыг нотлох баримтыг нь үзэж шалгуулсны дараа үнэн бодит байдал нь гарч ирэх байх гэж бодож байна.

Тэдний хүүхэд сэтгэл санаагаар хохирсон бол миний зодуулсан хүү мөн л сэтгэл санааны хувьд маш их хохирч бид ч хүүгээ шаналж зовуурилж байхад нь хүний хүүхдэд гар хүрлээ гэж зэмлээд тухайн үедээ очиж үзүүлээгүй тоохгүй орхисон нь бидний алдаа болсон. Зүгээр байсан хүүгийн минь гэдэс рүү цохиж хэд хоног бөөлжиж гэдсээр өвдөөд байна гэж зовуурилж шаналж явахад *******г л бодож явсан.

Хүүхдүүдийг эзэнгүй орхиж явсан ангийн багш, сургууль хариуцлагыг хүлээж хохирлыг төлөх ёстой гэж үзэж байна. Хүүхдүүдийн хооронд ийм асуудал гарч байдаг л гэсэн ойлголтоор миний хувьд хүүгээ тоогоогүй харин ч *******гийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байсан юм. Гэтэл сэтгэл гаргахгүй байсан мэтээр бичсэн байгааг үгүйсгэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн төлөөлөгч хариу тайлбартаа:

...2023 оны 12 сарын 07-ны орой урлагийн үзлэг бэлдээд тарах үеэр 8в ангийн сурагч Э.*******, Э.******* нар нь ангийн сурагч болох Н.*******г хоёулаа нийлж биед нь халдаж нүүр рүү нь цохиж хамарт нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд тухайн үед ангийн багш Э. нь багш нарын хуралд сууж байсан бөгөөд жижүүр багш Б.******* ангид орох үед энэ 2 сурагч нь, сурагч Н.*******г зодож байсан бөгөөд "Багшийг боль" гэхэд болихгүй цохиод байсан. Жижүүр багш Э.*******, Э.******* нарыг ангийн сурагчидтай нийлж салгаад ангийн багш Э. д ангийн чинь хүүхдүүд зодолдоод байна гээд АУБ Э., Нийгмийн ажилтан Ш. нар ангид ороход суралцагч Н.*******гийн хамраас цус гарсан хамраа дараад уйлсан байдалтай байж байсан. Ингээд Н.*******гийн ээж Г.*******, мөн Э.*******, Э.*******ий аав Б.*******ыг утсаар дуудаж аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж Н.*******гийн ээж цагдаа дуудаж цагдаагийн албан хаагч ирж ангийн камерын бичлэгийг авч, гарсан зөрчлийг шалгаж холбогдох мэдүүлэг, байцаалтыг авсан.

Тухайн үед 7в ангийн сурагчдын зөрчил, гомдлын талаар сургуулийн хүүхэд хамгааллын баг хуралдаж, цагдаагийн албан хаагчийн байцаалт, дүгнэлт, нотолгоогоор суралцагч Э.*******, Э.******* нар нь гэм буруутай нь тогтоогдсон. Суралцагч Э.*******, Э.******* нарын эцэг, эх нь суралцагч Н.*******гийн хохирлыг барагдуулах тухай ярилцсан болно.

Иргэний хуулийн 503-р зүйлийн 503.1 заалтаар 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх асран хамгаалагч хариуцан арилгана" гэсний дагуу хохирлын төлбөрийг хүүхэд хохироосон суралцагчийн эцэг, эх (Б.*******ын гэр бүлээр) хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн байна. Тиймээс Иргэний хуулийн 503.1, 5 зүйлд заасны дагуу ***** ангийн сурагч Н.*******гийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болох 3,334,000 төгрөгийг хариуцагчдын аав Б.*******, ээж Я. нараар гаргуулж төлүүлэх нь зөв гэж үзэж байна.

2024 оны 11 сарын 05-ны өдөр 8в ангийн сурагч Г. сурагч Э.*******, Э.******* нар нь зодсон асуудлаар суралцагч Г. аав , ээж нарын хүсэлтээр захирлын дэргэдэх хурлаар орж байх үед нь Э.*******, Э.******* нарын аав *******оос шүүхийн шийдвэрийн талаар асуухад:

1. Б.******* нь Н.*******д өгөх бүх зардлыг манайх төлсөн. түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол гэж 3.334.000 төгрөгийг нэхэхэд бидний хүүхдийн буруутай үйлдлээс үүссэн хохирол болохоор сургуулийн захиргаа биш манай гэр бүл бүх зардлыг төлсөн байгаа гэж хэлсэн. Манай хүүхдийн хийсэн үйлдлийн гэм бурууг сургуулиас нэхэх ёсгүй гэж ярьсан. Харин Н.*******гийн ээж ******* сургуулиас мөнгө, төгрөг нэхсэн байх гэж хэлсэн.

Иймээс 8в ангийн багш Э., нийгмийн ажилтан Ш. нар Н.*******гийн ээж Г.*******тай 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 15:05 цагт уулзахад миний зүгээс ангийн багш болон сургуулийн захиргаа буруугүй. Харин манай хүүхдийг гэмтээсэн Э. *******, Э.*******ий эцэг эх нь хохирлыг барагдуулах ёстой гэж хэлж байсан. /Г.*******гийн мэдэгдэл хавсаргав/

Дээрх хүсэлттэй холбогдуулан ангийн багшийн зүгээс тайлбарыг хүргүүлж байна. Миний бие 2021 оны 09 сарын 01 өдрөөс эхлэн 6в ангийг даан авч ажиллаж байна. Энэ хугацаанд суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад сургалтын чанар, хүмүүжил төлөвшлийн талаар сургалт, хурал гэх мэт олон ажлуудын зохион байгуулж ирсэн. Суралцагч Э.*******, Э.*******ий хувьд ангийн сурагчдыг доромжилж, хараал хэлэх, биед нь зөвшөөрөлгүй хүрэх гэх мэт асуудлууд удаа дараа гаргаж байсан.

2022 оны 04 сарын 11 өдөр Математикийн Д.Отгон багшийг 6в ангид орох үед Э.*******, Э.******* нар нь сурагч Б.ыг унагааж дээрээс дэвсэж, нэг нь өшиглөн зодсон учраас суралцагч Э.*******, Э.******* нарын аав Б.*******, ээж Я. нарыг дуудуулж хичээл ордог багш нарын хамтаар захирлын дэргэдэх хурлаар орж цаашид ийм асуудал гаргахгүй гээд сануулга авч байсан.

2023 оны 12 сарын 07 өдөр 7-р ангидаа сурагч Э.*******, Э.******* нар нь сурагч Н.*******г зодсон мөн захирлын дэргэдэх хурлаар аав Б.*******, ээж Я. нарын хамт орж байсан.

2024 оны 11 сарын 05-ны өглөө 7 цаг 40 минутын үед ангийн багш Э. ангийн сурагчид байх үед сурагч Э.******* сурагч Г. боож унагаагаад сурагч Э.******* өшиглөж зодсон асуудлаар захирлын дэргэдэх хурлаар Э.*******, Э.******* нарын аав Б.*******, сурагч Г. аав , ээж нарын хамт орсон.

2024 оны 11 сарын 08-ны өдөр 15 цагт сурагч Э.*******, Э.******* нар нь сурагч Ц.ыг нийлж зодсон байдаг.

2024 оны 11 сарын 25-нд 8В ангийн Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн захиргаанд 8В ангийн суралцагчид болох Э.*******, Э.******* нар нь удаа дараа хүүхэд зодох, хэл үгээр доромжлох, хичээл сургалтын үйл ажиллагаанд саад болдог асуудал нь ангийн бусад суралцагчдын нийтлэг эрх зөрчигдөж байна гэж үзээд өргөдөл, гомдол гаргасан. /Эцэг эхчүүдийн өргөдлийн хуулбар хавсаргав /

Сурагч Э.*******, Э.******* нарын аав Б.******* нь Боловсролын ******* хуулийн 40-2 зүйлийн 6,7-р заалтыг зөрчиж ангийн багшийг пя... гэх мэт утсаар хэл үгээр доромжилж олон нийтийн сүлжээ болон ангийн эцэг эх, сурагчдын чат группт багшийг доромжилж бичсэн асуудал гаргаж байсан. Энэ бүх асуудлууд бүгд баримт нотолгоотой камерын бичлэгтэй байгаа.

Энэ 2 хүүхдийн хувьд "Хүүхэд хамгааллын тухай хууль" ийн 23-р зүйлийн 23.2.1,5, 6,7,8,9 мөн 39.8 заасны дагуу сургууль, ангийн багшийн зүгээс, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж хүмүүжил төлөвшилд нь анхаарч ирсэн. ЕБ-ын 1 дүгээр сургууль нь төр төсвийн байгууллага, тогтоосон хуваарилагдсан төсөвтэй учраас төлбөрийг төлөх боломжгүй, Иргэний хуулийн 503-р зүйлийн 503.1, 5 заасан хариуцлагыг хууль ёсны эцэг эх нь хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2024/00596 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* *******ын 1 дүгээр сургуулиас 2,058,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ийн ******* /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,099,600 төгрөгийг болон хариуцагч ын ******* /РД:/-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын 1 дүгээр сургуулиас 2,058,400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 47,884 төгрөгийг гаргуулж, орон нутгийн орлогод оруулж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Д.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох гэм хорын хохирол 4,158,000 төгрөг гаргуулах..." тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 148 /ШШ2024/00546 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох 2,058,400 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын 1-р сургуулиас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тухайд:

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Б.*******ыг тодорхойлсон ба хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хамтран хариуцагчаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын 1-р сургуулийг татаж оролцуулсан.

Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэг дээр ...Б.******* нь хамтран хариуцагчаар татагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын **** сургуулиас дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулах гэсэн тайлбарыг гаргав... гэжээ. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн эхний тайлбараараа хохирлыг хариуцагч Б.*******оос гаргуулна гэсэн ба шүүх бүрэлдэхүүн нараас "хэнээс нэхэмжилж байгаагаа тодорхой болго" гэж асуусны дараа өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн зүгээс аль буруутай этгээдээс нь нэхэмжилнэ гэсэн болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т зааснаар 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналт дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг хуулийн этгээд хариуцна... заасны дагуу сургуулиас гаргаж хариуцагч Б.*******ыг хохирол төлөх нь үндэслэлгүй гэж үзжээ.

Дээрхи хуулийн заалтаас үзэхэд "шууд хяналт дор байхдаа" гэдэг шинжийг шүүх анхаарч үзээгүй байна. Учир нь тухайн үед багш зөвлөгөөнд орохоор түр гарсан байсан ба энэ хооронд хохирогч бусдад зодуулсан нь сургуулийг буруутгах үндэслэл болж байгаа эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн тухайн хүүхдүүд бага ангийн хүүхдүүд биш учраас гараас гарт үйлчилгээ буюу багш цаг үргэлж дэргэд нь байх үүргийг хүлээгээгүй байна.

Харин хариуцсан багшийн шууд удирдлагад байх үедээ /хичээл орж байхад, өөрийн хараа хяналтад байлгаж байх үедээ таслан зогсоох шаардлага тавиагүй гэх мэт/ гэмт хэрэгт өртсөн бол хуулийн этгээд хариуцаж болохоор байна.

Аливаа шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй, мөн нийгэмд тодорхой практик /дадал/ суулгадаг ба тухайн шийдвэрийг агуулгаас нь үзвэл өсвөр насны хүүхдүүд багшийг танхимаас түр гармагц аливаа буруутай үйлдлийг хийхэд эцэг, эх асран хамгаалагч нь хариуцлагыг үүрэхгүй харин сургууль эсхүл багш нь хариуцах ёстой гэсэн ойлголтыг цаашид төрүүлэхээр байна.

2. Д.******* нь анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 4-т заасан "нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгтэд зааснаар 2-р зэрэглэлийн хамгийн бага буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахинаар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргасан.

Тус хүснэгтийн 2-р зэрэглэлд ...хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ.

Улмаар Шүүхийн шинжилгээний ******* газрын 2024.08.06-ны өдрийн "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоох тухай" 779 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.*******д учирсан хохирлыг 1-р зэрэглэлд хамааруулсан.

1-р зэрэглэлд биед гэмтэл учраагүй" сэтгэцийн эмгэг хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлэхээр заасан.

Гэтэл хөнгөн зэргийн гэмтэл учирсан бол 2-р зэргийн гэмтэлд хамаарах ёстой үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулах шаардлага үүссэн боловч шүүх 1-р зэрэглэлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлснээр гаргавал нэхэмжлэлийн шаардлагатай /2зэрэглэлийн доод хэмжээтэй/ дүйцэх хэмжээнийх байна гэж гэж үзээд гомдол гаргаагүй болно.

Харин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэсэн үндэслэлээр багасгаж ...2.5 дахин нэмэгдүүлснээр гаргасанд гомдолтой байна.

Хохирогчийн буруутай гэх үндэслэлийн утга нь Э.*******, Э.******* нар нь цэвэрлэгээ хийчхээд явмаар байна гэсэн шаардлагыг хохирогчид тавьсныг зүй ёсны шаардлага гэж үзнэ... гэжээ.

Иргэний хэргийн шүүх нь хэргийг үйл баримтыг тогтоох боловч энэ нь мөн нотлогдсон байхыг шаардана. Эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэхэд хохирогчийн буруутай үйлдлийг тогтоогоогүй, мөн цэвэрлэгээ хийнэ, хийхгүй гэсэн үйлдэл нь хохирогчийг нэг айлын 2 хүүхэд зодох хэмжээнд хүргэсэн нь зөв гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Нөгөөтэйгүүр цэвэрлэгээ хийчхээд явмаар байна гэсэн шаардлагыг зүй ёсоор тавьсан эсэх, ямар хэмжээгээр шаардсан эсэхийг шүүх тогтоогоогүй байж хариуцагчийн хүүхдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж хохирогчийг буруутгасан нь ойлгомжгүй байна.

3. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн зорилт бол эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнээс улбаатай эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-т зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж заасан байгаад нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч оролцсон нь дээрхи зүйлд заасан зайлшгүй зардалд хамаарахгүй гэжээ.

Энэ хэргийн хувьд бусад иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа оролцогчдоос ялгагдах зүйл нь нэхэмжлэгч нь тухайн хохирол үүссэн үр дагаврыг сайн дураараа хүсээгүй, хариуцагчийн шууд буруутай үйлдэл, үр дагавраас шалтгаалж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авсан нь буруу гэж түүнийг давхар эдийн засгийн байдлаар хохироох үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зүйлд Гэм хорыг арилгуулах талаархи зохицуулалтыг хийж өгсөн ба 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлж байгаа хөлс нь түүний бодит хөрөнгөд учруулсан хохирол бол мөн. Тухайн мөнгийг нэхэмжлэгч ажил хөдөлмөр гүйцэтгэж, түүнийгээ үнэлүүлснээр авч байгаа хөрөнгө юм. Гэтэл уг хөрөнгийг өөрөөс нь үл шалтгаалсан үйлдлээс болж зарцуулж байгааг сайн дураараа өмгөөлөгч авсан гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 148 /шш2024/00546 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 2 дугаар зэрэг гэж тогтоосон. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэн мөнгөн дүнг гаргасан. Тэгэхээр хохирогчийн буруутай үйл ажиллагаа хийсэн гэдгийг тогтоогоогүй. Энэ хэргийн хувьд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т үүрэг бүхий этгээд нь гэм хорын хохирлоос гадна олох ёстой байсан мөнгийг төлөх ёстой гэж заасан. Гэтэл энэ хэргээс улбаалаад өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах ёстой гэж үзсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Иргэний хуулийн 502, 503 дугаар зүйлийн аль заалтыг барьсан нь тодорхойгүй. Хүүхэд нь анги дотроо цэвэрлэгээ хийх гээд явж байсан буюу багшийн хяналтад байхад энэ хэрэг гарсан тул анхан шатны шүүх иргэний хуулийн 503 дугаар зүйл заалтыг барьсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч яагаад хариуцагч талыг өмөөрөөд байгааг гайхаж байна. Дахин хүүхэд зодсон гэсэн боловч энэ талаар нотолж чадаагүй. Биед учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Д.******* нь Б.*******од холбогдуулан насанд хүрээгүй хүүхдийнхээ эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол хор уршиг 3,334,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Сүхбаатар сумын ******* *******ын 1 дүгээр сургуулийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчид төлсөн зардал 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх тал талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх хүүхдүүдийн эцэг Б.*******ыг хариуцагчаар татсан шүүх хэнээс нь нэхэмжлэх бэ гэж тодруулах үед буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилнэ гэсэн. Мөн өмгөөлөгчийн зардал бол нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирч буй хор уршиг хохирол байхад үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь буруу тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Нэхэмжлэгч Д.*******гийн хүү Н.*******, хариуцагч Б.*******ын хөвгүүд Э.*******, Э.******* нар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын 12 жилийн ****** сургуулийн ***** ангид хамт суралцдаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ангидаа урлагийн үзлэг бэлтгэх үед анги цэвэрлэх асуудлаас үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсэж Э.******* Н.*******гийн нүүрэн тус газарт цохиж хамрын ясыг хугалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх хэрэгт Э.******* гэм буруутай болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субьект болох насанд хүрээгүй өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарах үед 12 нас 04 сар 10 хоногтой байсан болох нь нотлогдсон тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдал нотлогдсон, уг прокурорын тогтоолд талууд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, хариуцагч Б.******* хүү Э.*******ы гэм буруугийн талаар маргаангүй байна.

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хамтран хариуцагчаар татагдсан Ерөнхий *******ын 12 жилийн 1 дүгээр сургуулиас 2,058,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдалд давж заалдах гомдол гаргаагүй тул дээрх хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн ба харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулгын хүрээнд дүгнэлт хийж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг дахин багасгасан болон өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдалд доорх байдлаар дүгнэлт хийв.

Хохирогч Н.*******д Шүүхийн шинжилгээний ******* газраас үзлэг хийж түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 779 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа талаар гаргасан ба дээрх зэрэглэлээр хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахаар заасныг анхан шатны шүүх хохирогчийн буруутай үйл ажиллагаа уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт хийж хохирлын хэмжээг дахин багасгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь: сургуулийн орчинд хүүхдүүд урлагийн үзлэг давтах үед ангийн цэвэрлэгээ хийх талаар маргалдсан байдлыг хохирогч Н.*******гийн буруутай үйлдэл үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэл болохгүй тул сэтгэцэд учирсан хохирлын зөрүү 1,099,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Харин өмгөөлөгчид төлсөн хөлсийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд тооцогдохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж,

503.2-д 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана гэж тус тус заасан. 

Хэдийгээр насанд хүрээгүй Э.******* гэмт хэрэг үйлдэх үедээ сургуулийн хараа хяналтад байсан бөгөөд түүний бусдад хор хохирол учруулсан хохирлын ихэнх хэсгийг 1 дүгээр сургуулиас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч нь түүний хууль ёсны асран хамгаалагч буюу хариуцагч Б.******* Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хор хохирлын хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх, хөнгөлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд түүнээс 1,099,600 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагч Б.******* хүүхдээ сургуулийн хараа хяналтад шилжүүлэн өгсөн байсан хэдий ч хүүхэд ямар ч нөхцөлд бусдын эрх чөлөөнд халдахгүй байх, хүний эрхэм чанарыг хүндэтгэж харьцах талаар зааж сургах, үлгэрлэн хүмүүжүүлэх үүрэгтэй төдийгүй, хэрэв хохирол учруулсан нөхцөлд нөхөх хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд тул зохих хэмжээний хариуцлага хүлээх нь зүйтэй.

7. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2024/00596 дугаартай шийдвэрийн 1,2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2024/00596 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* *******ын 1 дүгээр сургуулиас 2,058,400 төгрөг, хариуцагч ын ******* /РД:/-оос 1,099,600 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ийн ******* /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий *******ын 1 дүгээр сургуулиас 2,058,400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 47,884 төгрөгийг, хариуцагч Б.*******оос 1,099,600 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 30,942 төгрөг тус тус гаргуулж, орон нутгийн орлогод оруулж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж тус тус өөрчлөлт оруулан анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ