Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 208/МА2025/00036

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2025/00160 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.*******

Хариуцагч Б.*******

Нэхэмжлэлийн шаардлага:19,996,600 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 18,000,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баатар /цахим/, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ганболд /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цаг 50 минутаас 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Баянцогт гэх уулын орчимд төв засмал замын хажуугаас адуунууд гарч ирж машинд мөргүүлсэн. Осол аваар гарах үед миний урд 500 метрийн зайд явж байсан машинд хоёр адуу нь мөргүүлээд үлдсэн адуу нь замын хажуугаас орж ирээд миний машинд мөргүүлсэн юм байна лээ. Машинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 19,996,600 төгрөг гарсан. Энэ хохирлыг *******эс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.******* би *******ийн *******ээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас осол гаргаж замд таарсан адуун сүргээс дөрвөн адуу дайрч нэг нь гэмтэж бэртэн, гурав нь газар дээрээ үхсэн болно. Нэхэмжлэгч ослын улмаас бий болсон гэх 19,996,600 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч надад үүнээс ч илүү хохирол учирсан, миний олон жилийн хөдөлмөрийг нэг л өдөр үгүй хийсэнд их гомдолтой байна.

Дайрагдаж үхсэн гэх 3 адуу нь хурдан удмын улс, аймаг, сум, бүсийн уралдаанаас олон удаа айраг, түрүү авч байсан үнэлгээ өндөртэй адууны үр төлүүд юм. Би Дорнод аймгийн Баянтүмэн тод манлай уяач Д.*******гоос машинд дайруулж үхсэн 3 адууны нэг нь болох хар зүсмийн шүдлэн насны адууг 8.000.000 төгрөгөөр малаар тооцож өөрөө очиж авсан, мөн нас гүйцсэн сартай хүрэн морь нь манай унаган адуу бөгөөд удам угсаа сайтай 5.000.000 саяын үнэтэй, хул гүү манай унаган адуу хурдан азарганд хураалгасан хээлтэй байсан тул 5.000.000 саяар үнэлнэ. Дайрагдсан халзан азарга бэртлээсээ болоод уралдаж чадахгүй болсон.

Би нэхэмжлэгчид хохирол учирсныг үгүйсгээгүй гэхдээ ослын байдал, машины эвдрэл болон адуунууд дайрагдаад тийм их бэртэл, гэмтэлтэй өөрөөр хэлбэл хамаг бие хаа нь цөмөрч, задарч шууд тэр дороо зам дээр 2 нь үхсэн зэргээс харахад зүгээр нэг адуу таараад мөргөөд зогссон асуудал биш юм.

Эндээс харахад тухайн үед зам дээр өөр зүйл, хүн амьтан, хөдөлшгүй саад байсан бол яах вэ? бас л дайрах байсан уу? гэх асуулт гарна. Мөн тухайн адуу дайрагдсан замын орчимд ЗХД-д заасан мал гарах, малаа тууж гаргах хэсгийг зааж анхааруулсан тэмдэглэгээтэй болно. Малын хариулга гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд адууг хоньчлон хариулах тухай ойлголт манай уламжлалт мал аж ахуйд байдаггүй. Миний тухайд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж надад хохирол учирсан тул түүний шаардлагыг хүлээн авах боломжгүй харин түүнээс миний 3 адууны хохиролд 18 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариу тайлбартаа:

Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд, 2024 оны 07 дугаар сарын 31-ны шөнө 23 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас "Амарбаясгалант" хийдийн өмч болох тоёота такома маркийн ******* ******* улсын дугаартай автомашинд учирсан 19,996,600 төгрөгийн хохирлыг иргэн Б.*******эс гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Б.*******эс гаргасан сөрөг нэхэмжлэлтэй 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тухайн зам тээврийн осол нь миний болон мөн адуутай мөргөлдсөн өөр 2 жолоочийн буруугаас гараагүй, ******* буруугаас болсон гэдгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь Цагдаагийн тасгаас зөрчлийн хэрэг нээн шалгаад нэгэнт тогтоочихсон. Иймд Б.*******эс гаргасан адууны хохиролд надаас 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2025/00160 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******эс 19,996,600 /арван есөн сая есөн зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, хариуцагч Б.******* нэхэмжлэгч Н.*******ээс 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,933 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 257,933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Н.*******ээс 2024 оны 7 дугаар сарын 31-ний орой Улаанбаатар хотоос Амарбаясгалант хийд рүү ажил үүргээ гүйцэтгэж "Тоёота такома" маркийн ******* СЭУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Шөнийн 22 цаг 50 минутаас 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Баянцогт гэх уулын орчимд төв засмал замын хажуугаас адуунууд гарч ирж машинд мөргүүлсэн Миний машинд 2 адуу дайрагдсан. Үргэлжилсэн хашлага явж байгаад яг тэр адуу дайрагдах газарт хашлага нь байхгүй байсан. Би 2 дугаар эгнээгээр явж байсан Зүүн гар талаас адуунууд орж ирсэн. Хурд хэтрүүлээгүй явж байсан бөгөөд огцом тоормос дарсан боловч зогсож амжаагүй мөргөсөн. Осол аваар гарах үед миний урд 500 метрийн зайд явж байсан машинд хоёр адуу нь мөргүүлээд үлдсэн адуу нь замын хажуугаас орж ирээд миний машинд мөргүүлсэн юм байна лээ. Машинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 19,996,600 төгрөг гарсан Энэ хохирлыг *******эс нэхэмжилж байна Малын гарц гэсэн тэмдэг өнгөрөөд 400-500 метрийн зайд адуу мөргөсөн Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллагаас шалгаад миний буруу биш гэж үзсэн гэсэн байдаг гэж нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Харин миний зүгээс тухайн зам тээврийн осол болсон эхний шалтгааныг миний өөрийн буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан гэсэн ч дараагийн буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Н.*******ийн автомашинд хохирол учирсан шалтгаан нөхцөлийг шүүх үнэн зөв тогтоож чадаагүй гэж үзлээ.

Учир нь эхний автомашины жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр цагдаагийн 2 албан хаагч зам тээврийн осол болсон газарт очсны дараагийн 2 дахь автомашин буюу Н.*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний 2 хурдан удмын адууг дайрсан үйл баримт байдаг.

Энэхүү нөхцөл байдалд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтаар цагдаагийн албан хаагчид нь тухайн зам тээврийн ослын газарт хэмжилт хийж, дахин осол гарахаас сэргийлж аюулгүй байдал бий болгож амжаагүй байхад гэсэн тодорхой мэдүүлэг өгсөн гэж шүүх дүгнэсэн.

Замын хөдөлгөөнийг зохицуулах хяналт шалгалт хийх журмын 5 дахь хэсэгт зам тээврийн ослын газрыг хамгаалахдаа Алба хаагч зам тээврийн ослын газарт очмогц дараах арга хэмжээг авч, харьяалах ерөнхий жижүүрт мэдэгдэн, түүний зааврын дагуу ажиллана:

-гэмт үйлдлийг таслан зогсоох, хэрэв боломжгүй бол хууль хяналт, батлан хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллага, алба хаагчийн туслалцааг хүсэх;

-ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, эсхүл эмчийн зааврын дагуу эмнэлгийн байгууллагад хүргүүлэх зэрэг холбогдох арга хэмжээг авч, энэ тухай ерөнхий жижүүрт мэдэгдэх

-ослын газрын үзлэг хийх хамгаалалтын бүс үүсгэн, хамгаалалтад авах,

-хуульд заасан бусад

Зам тээврийн ослын газрыг хамгаалахдаа бусад хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих боломжийг хангах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу замын хөдөлгөөний чиглэлийг түр өөрчилж, хааж болох ба энэ тухай харьяалах цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүрт мэдэгдэнэ.

Хэргийн газрыг бүхэлд нь буюу хамгаалалтын бүсийг тогтоон тээврийн хэрэгслийн тоормосны мөр, бусад нотлох баримтыг бүдгэрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор будагч бодис ашиглан тэмдэглэгээ хийж болно. Зам тээврийн ослын газрын ойролцоо байгаа иргэдээс мэдээлэл, тухайн үйл явдлыг харсан хүний овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэн авч, жижүүрийн бүрэлдэхүүн, эсвэл шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд өгнө. Осолд холбогдогч хэргийн газраас зугтаасан тохиолдолд тухайн хүн, тээврийн хэрэгсэл, жолоодож явсан этгээдийн талаарх мэдээлэл, зугтсан байж болох чиглэл, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгө, бусад содон шинж, тэмдгийг боломжтой хэлбэрээр тодруулан ерөнхий жижүүрт мэдэгдэж, хэргийн газарт очсон үзлэг хийх эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.

Ослын газарт үзлэг хийх үед болон үзлэг хийсний дараа замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулж хэвийн байдалд оруулна гэсэн арга хэмжээг авах ёстой байсан байна.

Гэтэл цагдаагийн албан хаагчид нь эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж ажиллагаагүй байдаг. Осол болсон газарт адууг хэний эзэмшил ямар зүсмийнх вэ гэдгийг тогтоох зорилгоор замын гэрэлд зам дээр хашилт хийсэн байтал, гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрсдийн энэхүү үйлдлийг үгүйсгэсэн /аюулгүй байдал бий болгож амжаагүй байхад осол болсон/ гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй. Цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхэд асуудал хөндөгдөж байхад цагдаагийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авсан нь учир дутагдалтай. Тухайн асуудлыг эхний автомашины жолооч харсан гол гэрчийн нэг байдаг.

Эхний осол болсноос хойш адуу зам дээр цагдаагийн албан хаагчийг иртэл байсан эсэх, хэрэв байгаагүй бол эхний осол дараагийн ослын цаг хугацааны зөрүүг тогтоосон эсэх, цагдаагийн албан хаагчид энэхүү асуудлаар зөрчлийн ажиллагааг дутуу хийсэн эсэх, зам тээврийн осол болсон шалтгаанд жолоочийн буруутай үйлдэл байсан эсэхэд хангалттай дүгнэлт өгч чадаагүй.

Түүнчлэн, цагдаагийн албан хаагчид нь тухайн осол болсон газарт адуу мөргүүлсэн бусдын автомашинд эвдрэл гэмтэл учирсан гэдгийг мэдсэн атлаа, /шөнийн цагаар/, үзэгдэх харагдах орчин муутай, олон улсын чиглэлтэй замаар зорчиж буй бусад замын хөдөлгөөд оролцож буй жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хаах бусдын эрүүл мэнд амь насанд аюул осол учруулахгүй байх, арга хэмжээ авах боломж тэдгээр албан тушаалтнуудад бүрэн байсаар байхад хайнга хандсан үйлдлээс шалтгаалж дараагийн автомашин нь адууг мөргөсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан. Гэтэл 100 хувь хариуцагч буюу миний буруутай үйлдэл байгаа эсэхэд эргэлзэж байна.

Мөн нэхэмжлэгч Н.*******ийн тухайд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх, тээврийн хэрэгслийн явж байсан хурдыг тодорхойлоогүй. Нэхэмжлэгч нь зогсоох арга хэмжээ авсан гэж байгаа боловч тухайн үеийн хурдыг тогтоох одоо ямар ч боломжгүй гэж үзэж байна. Гэвч хурдтай явж байсан учраас л дайрагдсан адуу газар дээрээ үхсэн байх гэж бодож байна. Мөн цагдаагийн алба хаагчид зам тээврийн осол болсон газарт очсон даруйдаа дараа дараачийн арга хэмжээ аваагүй байхад шууд малчин миний буруу болж байгаад нь гомдолтой байна.

Автомашины жолоочийн буруугүй нь тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй юм. Мөн миний бие хууль эрх зүйн мэдлэг дутмаг, өмгөөлөгчтэй оролцсон хэдий ч бодит ажиллагааг хийлгэх талаар зөвлөгөөг ч өгөөгүй байсан гэдгийг сүүлд мэдсэн учир энэхүү гомдлыг өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаар бичсэн.

Иймд нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэхийг хянаж, энэхүү осол болсон шалтгаан нөхцөлийг үнэн зөв тогтоож өгнө үү гээд Гомдлын агуулгыг дэмжиж байна, миний хувьд 2, 3 осол болоод 4 адуу дайрагдсан эхний 2 адуу нь тухайн жолооч самбаачлан хугацаа гаргаж хөлийг нь дайраад өнгөрсөн. Адууг уралдах боломжгүй болоод үнэтэй адуунд хохирол учруулсан миний хувьд өөрөө хохироод дахиад машины төлбөр төлнө гэхээр учир дутагдалтай байна. 50, 50 хуваагаад өөрийнхөө хариуцлагыг хүлээх үүднээс давж заалдах гомдол гаргасан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг дан ганц малчны буруу гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд нь гомдолтой байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэдэг зарчимтай нийцэхгүй байна. Осол гарах шалтгаан бол жолооч буюу нэхэмжлэгч өөрөө буруутай. Мөрдөн шалгах ажиллагааны буюу зөрчил шалгах үед өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн би тоормос дарсан боловч зогсоож чадаагүй юм гэдгээ хэлдэг. ... Нэг талаараа малчин яагаад гомдоод байна гэхээр энэ 2 адуу бол их үнэтэй адуу. Сүхбаатар, Дорнодоос авчирсан, үүний олон жилийн хөдөлмөрийг нэг богино хугацаанд байхгүй болгочихлоо гэж харамсаж байгаа нь зөв. Гэхдээ хохирлыг хэтэрхий өндөр тогтоочихлоо энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд Анхан шатны шүүхийн шийдвэрээс гарсан хохирлын хэмжээг бууруулж 50, 50 хувь болгож өгнө үү. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч буюу нэхэмжлэгч буруутай тухайн үед ажилласан цагдаагийн ажилтнууд алдаа гаргасан байна гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнийг нэгэнт цаг хугацаа өнгөрсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр албажсан гэдэг байдлаар авч үзэхгүй байж болохгүй. Тухайн үед шалгасан бол энэ нөхцөл байдал хангалттай тогтоогдох байсан гэдгийг мэдэж байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зогсоох арга хэмжээгээ авсан, машин зогсоогүй яагаад гэхээр маш богино зайнд гэнэт урдуур адуунууд давхиад ороод ирсэн. Зогсох ямар ч боломж байхгүй. Яагаад 50, 50 хувь болгоно гээд маргаад байна вэ гэдгийг би ойлгохдоо цахим орчинд нэг 50 хувьлаад шийдсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг яваад байсан. Тэрийг хараад энэ асуудлыг 50 хувиар шийдүүлж болох юм байна гэж ойлгоод байна гэж би ойлгож байна. Гэтэл энэ осол чинь 2 өөр осол шүү дээ. 50 хувьлаад шийдсэн шүүхийн шийдвэртэй тэр осол чинь өдрийн цагаар, суурин газарт болсон осол байсан. Шийдвэрийг адилтгаж ойлгож болохгүй. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. ... Осол болсон газар бол тэмдэг байхгүй тэмдгийн үйлчлэх хүрээ гэсэн ойлголт байдаг тэмдэг тэмдгээсээ хамаараад өөр өөр байдаг. Тогтоож өгөөгүй тэмдэг бол тухайн зурвас хэсгээрээ л үйлчилнэ түүнээс биш 500 метр үргэлжлээд явах үйлчлэх хүрээтэй тэмдэг байхгүй. ******* энэ маргаантай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд *******эс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Амарбаясгалан хийдийн жолооч ажилтай Н.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Н.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хор уршиг 19.996.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хоёр адууны үнэ 13,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Б.Бат-эрдэнэ эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагчийн ...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Цагдаа нар хэргийн газрыг зохих ёсоор хамгаалж чадаагүйгээс дараагийн осол гарсан, нэхэмжлэгч хурдаа зохих ёсоор тохируулж яваагүйн улмаас миний хоёр адуу газар дээрээ үхсэн, түүний зохих ёсны буруутай үйл ажиллагаа байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, өөр өөрийн хохирлыг хариуцах саналтай тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Нэхэмжлэгч Н.******* нь ******* ******* улсын дугаартай тоёота такома маркийн машиныг жолоодон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянцогт уулын орчим дахь төв замд 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд тус сумын 3 дугаар багийн иргэн Б.******* өмчлөлийн 2 тооны адууг мөргөж түүний машинд 19,996,600 төгрөгийн хохирол учирсан үйл баримт нь хэрэг бүртгэх ажиллагааны шатанд нотлогдсон, хариуцагч Б.Бат-эрдэнэ гэм буруутай болох нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй үндэслэлээр 20 нэгж буюу 20.000 төгрөгөөр торгуулсан, уг 0027765 тоот шийтгэлийн хуудсанд талууд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, хариуцагч Б.******* гэм буруутай байна.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг шаардлагууд нь хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн зөрчлийн хэрэг нээх тогтоол, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тэргүүн үнэлгээ ХХК-ийн уг осолд өртсөн машинд үзлэг хийж тогтоосон үнэлгээний тайлангаар 19,996,600 төгрөгийн хохирол учирсан талаарх акт, Ашид билгүүн ХХК-иас 2 адууг 7,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон акт зэргээр нотлогдсон байна.

Нэхэмжлэгч Н.******* нь тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодон зорчин явахдаа төв зам дээр үзэгдэх орчин хангалтгүй харанхуй нөхцөлд тээврийн хэрэгслийн зохих хурдыг тохируулан яваагүйн улмаас өмнө нь зам тээврийн осол болж адуу мөргөгдөж үзлэг шалгалт хийх явцад дахин 2 адуу мөргөсөн нь түүний хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэв.

Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж,

12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж,

12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж тус тус заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж,

514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж тус тус заасан.

Гэм хор учрах буюу хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буюу хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгөд учирсан /автомашин/ хохирол 19,996,600 төгрөгийн хохирлын 70 хувийг буюу 13,997,620 төгрөгийг Б.*******эс гаргуулан олгуулж 30 хувь буюу 5,998,980 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Харин хариуцагч энэ осолд гэм буруутай байдал нь нотлогдсон тул түүний эд хөрөнгөнд учирсан хохирол болох 13,000,000 төгрөгийн сөрөг шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

6.Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2025/00160 дугаартай шийдвэрийн 1,2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2025/00160 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч Б.*******эс 13,997,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,998,980 /таван сая есөн зуун ерэн найман мянга есөн зуун наян/ төгрөг холбогдох хэсэг болон хариуцагч Б.******* нэхэмжлэгч Н.*******ээс 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,933 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 13,997,620 төгрөгт тохирох 227,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 257,933 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ