Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Хохирогч                                          А.Хз

  Шүүгдэгч                                              Т.Э нарыг оролцуулан тус

шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Эт холбогдох 1932000000132 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эгч, хүүхдүүдийн хамт *тоотод оршин суудаг боловч одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Өлөнтийн ам гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Тунгалагын Э.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Т.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Замчны №14 тоотод 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А.Хзыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 08-ны би гэртээ байж байхад Ас манайд орж ирээд халуун тогоо аваад гарахдаа Бр би шөлтэй хоол хийж байгаа хүүхэддээ шөлтэй хоол өгөхгүй юу гэхээр нь би за тэгье тэгье гээд 11 сартай хүүгээ тэврээд Асын гэрт ороход Хз хүүтэйгээ хамт ирсэн байсан. Хзын хүүхэд манай төрсөн дүүгийн хүүхэд. Хзын хүүхэд нь тараг идэж явж байхад толгой руу нь цохиод ар нуруу руу нь аймар аймар цохиод хүүхэд нь уйлахаар нь чи болиоч гэж хэлэхэд чиний эцэг чинь нэг ширхэг  оймс авч өгдөг биш гээд хүүхдээ зодохоор нь би хуулийн дагуу өгөх ёстой мөнгөө өгч байгаа чи өөр юу авах гээд байгаа юм гэж би хэлсэн. Тэрнээс үүдэж хэрүүл гарсан би эхлээд үсдсэн юм байхгүй. Би энэ хүний гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа яагаад гэвэл би өөрөө энд аймар зодуулчихаад цус нөжиндөө холилдчихоод цагдаа дуудаж өгсөн. Би энэ хүний биед хуруугаа ч хүргээгүй яг ер нь явах юм бол эгч Астайгаа нийлж намайг зодсон. Би энэ хүний гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Хз мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эгчийндээ хүүхэдтэйгээ очсон. Хоол идээд яв гэхээр нь хүлээгээд байж байтал Э гаднаас 2 хүүхдээ дагуулаад орж ирсэн. Хоол идчихээд явах гэтэл манай хүүхэд хувцасаа завааруулчихсан байхаар нь эх нь хүүхдээ цохих энгийн асуудал өөрөө ч гэсэн хүүхдээ зоддог. Би хүүхдээ яагаад хувцасаа муухай болгож байгаа юм аав чинь чамд нэг оймс авч өгдөг үү гэж хэлсэн. Тэр үед аав нь мөнгөө өгөөгүй 6 сар болсон байсан. Дараа нь мөнгө нь орж ирсэн. Тэгээд хүүхдээ загнасан чинь чи ер нь юу гээд байгаа юм гээд Э босч ирээд намайг хагас суугай байдалтай байхад цохиж авсан. Тэгээд намайг цохиод авахаар нь би үсдэлцсэн бид 2 адилхан зодолдсон энэ хүний биед гэмтэл учруулсанаа би хүлээн зөвшөөрсөн. Надад ч гэмтэл учирсан миний үс халзарсан тиймэрхүү л юм болсон гэв.

 

Хохирогч А.Хз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ хүүгээ дагуулаад өөрийн төрсөн эгч Асын гэрт очсон. Тэгэхэд манай эгч 2 хүүхэдтэйгээ манай төрсөн дүү Шинэбаяр нар байсан ба манай ах Бат-Эрдэнэ бид хоёрыг хоол идчихээд яв гэхээр нь би хүүхэдтэйгээ хоол идчихээд явъя гэж бодоод байж байтал гаднаас манай салсан нөхөр Энххуяг, өөрийн эгч Э хүүхдээ дагуулаад ороод ирсэн. … Э гэнэт босож ирээд чи ер нь юу гээд байгаа юм манай дүү чамд өгөх албатай юу гичий минь гээд миний нүүр лүү цохиод үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэнгүүт миний өөдөөс бас зөрүүлж үсдсэн. Тэгээд хэрэлдэж байгаад хоёул үсдэлцэхээ болье гээд хамт тавьсан. Тэгээд Э намайг элдвээр доромжилоод байсан. Э аяга авч над руу шидсэн чинь намайг оноогүй газар унасан. Тэгэнгүүт хогны хутгуур аваад над руу дайрсан чинь манай дүү боль гээд урдуур нь ороод толгойдоо цохиулаад салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/

 

Гэрч А.Ас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байсан чинь манай дүү Хз үдийн алдад над руу залгаад та юу хийж байна. Би Туяагийнд очих гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хзыг манайд хүрээд ир гэж хэлсэн. Гэтэл манай нөхрийн эгч Э манай гэрт ороод ирсэн. Бид хэд хоолоо идчихээд байж байтал Хзын хүү хувцасаа муухай болгочихсон. Гэтэл Хз хүүгийнхээ энгэр лүү малгайгаар нь шударч айл руу явах гэж байхад хувцсаа муухай болголоо, аав чинь чамд ямар ганц оймс аваад өгдөг биш гэж загнасан. Тэр үед Э чамд ямар өгөх албатай биш гэж орилсон. Хз, Э руу хандаж чи ч гэсэн адилхан нэхдэг биз дээ гэж хэлсэн чинь Э босож ирээд чи одоо түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ гээд Хз руу дайрсан. Тэгээд тэр хоёр үсдэлцээд ноцолдож хоорондоо зодолдсон. Тэгээд би дундуур нь ороод салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

 

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №132 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. А.Хзын биед дух, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн шанаа, толгойн хуйханд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/

 

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, Шүүгдэгч Т.Эын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /22 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Замчны №14 тоотод 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А.Хзыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Хзын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/, Гэрч А.Асын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №132 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Эыг хохирогч А.Хзын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Замчны №14 тоотод 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А.Хзыг зодож, улмаар түүний биед дух, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн шанаа, толгойн хуйханд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Т.Э нь би гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч Т.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч А.Хз нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан  Т.Эын торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд, арав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.