Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 167

 

Э.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай
                                                          

Хэргийн индекс: 135/2015/00321/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Амарсанаа даргалж,  шүүгч О.Нарангэрэл, шүүгч С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 991 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-т холбогдох

          “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж,  Б.М-аас 10.000.000  төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.М-ын “7.157.720 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагч Б.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Майдар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Р.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.М-э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Mайдар нь манай “*******” гэдэг нэртэй цехийн бууз, банш нь зах зээлд танигдсан, сарын 2.000.000-3.000.000 төгрөгийн ашигтай байдаг, манай цех нь 2 өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг гээд өөрийн бууз баншны цехээ зарна гэсэн. Ингээд миний бие Э.М-э гэр бүлийн хамт уг цехийг ажиллуулахаар болж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдан авахаар гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөрт нь 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгийг 6 сарын дараа буюу банкнаас зээл авч өгөхөөр тохирсон юм. Б.М-ын зүгээс үйл ажиллагааны тохирлын гэрчилгээг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй, мөн “*******” нэртэй цехийн бууз, банш нь зах зээл дээр ямар ч нэр хүндгүй болчихсон, дэлгүүрүүд авахгүй байсан. Мөн тохирлын гэрчилгээг шилжүүлүүлэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад орон сууцны доор мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулахыг болиулж байгаа гэсэн тайлбарыг өгсөн.

Ийм болохоор цаашид удаан хугацаагаар ажиллуулах боломжгүй юм гэдгийг мэдсэн. Иймд буцаах саналаа тавьж, урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэхэд Б.М- мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн тул Б.М-аас 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.М-э шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцаад дараах үндэслэлээр нэмэлт тайлбар гаргаж байна. Б.М- нь анх бууз, баншны цехээ зарна гэж байх үедээ уг бууз, баншны цехийн барилгаа 2 өрөө орон сууц гэж байсан боловч уг барилга 2 өрөө орон сууц биш харин стандарт 3 өрөөний орон сууцнаас 2 өрөөг нь салгаж, тусгаарлан гадагш нь хаалга гаргасан, нэг орон сууцнаас илүүгүй талбайтай стандарт бус орон сууц байсныг бид мөнгөө өгснийхөө дараа мэдсэн. Мөн Б.М- нь ******* нэртэй цех нь миний эзэмшлийн гэж байсан боловч уг цех нь хүргэн Энхтүвшингийн эзэмшлийн “Ган болор” ХХК-ийн харьяанд байдаг байсан тул Б.М- нь уг компанийг төлөөлөн буузны цехийг бидэнд зарах эрхгүй хүн байсныг бид мэдээгүй. Ажиллуулахад ямар ч саадгүй гэж бидэнд ойлгуулсан “*******” баншны цех нь үйл ажиллагаа явуулах эрх олгодог тохирлын гэрчилгээ нь 2014 оноос хойш сунгагдаагүй байсныг мөн биднээс нуусан байсан. Миний бие нь настай хүн худлаа ярина гэж огт бодолгүйгээр 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Гэтэл Б.М- нь анх бидэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийхдээ бууз, баншны цехийнхээ биет байдлын /3 өрөөг 2 болгож тасалсан/ болон эрхийн тохирлын гэрчилгээ байхгүй, өөр компанийн нэр дээр байдаг/ доголдлыг нууж, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул бид Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцалж, урьдчилгаа болгож өгсөн 10.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч Э.М-э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Э.М-э миний бие Б.М-аас 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа Б.М- бид хоёрын дунд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэмээн өөрчилж байна. Учир нь тус гэрээ нь Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Иймд тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож Э.М-э намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.М-э хариуцагч Б.М-аас шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хариуцагч Б.М- нь гэрээний алданги 3.250.000 төгрөг, цахилгаан дулаан, ус тогны төлбөр 350.000 төгрөг, олох ёстой байсан ашиг 2.000.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг нэхэмжилжээ. Э.М-э миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус цехийг ажиллуулж байх хугацаанд гарсан ус, дулаан, цахилгаан зэрэг хэрэглээний зардлыг бүгдийг нь цаг тухайд нь төлж барагдуулж байсан. Гэрээний алданги болох олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Миний бие тус цехийг ажиллуулж байх хугацаанд Б.М- гуайн хэлж, тооцож байгаа шиг ашиг орлоготой байгаагүй, харин алдагдалтай ажиллаж байсан. Б.М-тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байсан учир алданги тооцох нь ямар ч үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дэмжиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүссэн нөхцөл байдлаас харахад Э.М-э, Б.М- хоёрын дунд бууз, баншны цех худалдах, худалдах авах тохиролцоо явагдсан байдаг. Гэвч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Талуудын хэрэгт хавсаргасан нотлох баримт болон, тайлбар, сөрөг нэхэмжлэлийг харахад талууд аль алиндаа бууз баншны цехийг худалдсан, худалдан авснаа аль аль нь хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үзэхэд алданги, тухайн үед ажиллуулж олох байсан үеийн ашиг гэсэн байдаг ба Э.М-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан шаардлага нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусал тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үүднээс тайлбарлавал 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Э.М-э, Б.М- хоёрын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 58 дугаар зүйл, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хэд хэдэн шинж чанар харагдаж байна. Тэгэхээр Э.М-э, Б.М- нарын хооронд бууз баншны цех худалдаж авах талаар тохиролцоо хийсэн боловч, бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа нь хэлцэл хийгч өгсөн хэлцлийнхээ гол нөхцлийг андуурч хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн Б.М-ын ажиллуулж байсан бууз, баншны цех Б.М-ын нэр дээр биш “*******” ХХК гэдэг 2 гишүүний нэр дээр байдаг. “*******” ХХК-ны зүгээс ямар ч зөвшөөрөл байхгүй, итгэмжлэл байхгүй этгээд худалдсан байна. Манай зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн. Б.М-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 7.157.720 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд “*******” цехийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг нь талуудын тайлбараар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Цех дотор бууз, банш хийх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тухайн үйл ажиллагааг явуулах тоног төхөөрөмж, байр зэрэг 3 бүрэлдэхүүн хэсэг багтаж байж цехийг зарсан гэж үзнэ. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөвхөн байраа шилжүүлсэн тухай гэрээ хийгдсэн нь Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлүүдэд зааснаар бууз баншны цехийг худалдах, худалдах авах гэрээ төөрөгдсөн байна. Мөн зөвшөөрөл нь “*******” ХХК-ны нэр дээр байсан байна. Хуульд заасан зөвшөөрлийг аваагүй байна гэж үзэж байна. Мөн Ситико аудитын шинжээчийн дүгнэлтээр Б.М-ын “*******” цехийн биш “*******” ХХК-ны ашгийг тодорхойлсон байгаа. Бууз баншны цех гэж гэрээ хийсэн боловч гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, сөрөг нэхэмжлэлийн хувьд хүү алданги нэхэмжлэх эрхгүй этгээд учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.М-э нь эхнэр Анхаагийн хамт манайд ирж буузан цехийг худалдан авах саналыг өөрсдөө гаргасан. Бидэнд ирж санал гаргахаасаа өмнө цехээр ирж үзээд явсан байсан. Үүнийг манай ажилчид хэлсэн. Би Э.М-эд ажиллахад хүнд шүү, бууз хийх амархан хэдий боловч борлуулалт л бүхнийг шийднэ шүү, би олон жил хийсэн. 12-13 жил ажилласан. Би өндөр настай болсон. Машин унаа барьдаггүй болохоор жаахан ядраад байх юм. Тэгээд л үнэ ханш тохирвол зардаг юм бил үү гэж бодсон юм гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа ирээд манайх бөөтэй, бөө маань нэг өвгөн байна, түүнийг л зөвшөөрүүлээд давчихвал та нар аваад сайн ажиллах юм байна гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 20.000.000 төгрөг өгчих гэсэн байхгүй 10.000.000 төгрөг байна гээд гуйгаад байхаар нь 10.000.000 төгрөгийн урьдчилгаа аваад түлхүүрээ өгсөн. Нэгэнт нотариатаар батлуулаад зарчихсан юм чинь гэж бодоод 10.000.000 төгрөгийг нь хэрэглээд дууссан. Энэ 2 хүүхэд ажиллуулж байх хугацаандаа маш цөөхөн өдөр ажиллуулсан байдаг юм. Тэгж ажиллуулаад яаж ашиг олохов дээ. 1 дүгээр сарын 20-ны өдөр манайд ирээд жаахан зовлон тоочиж байгаад гарахдаа түлхүүрээ орхиод гарсан байхаар нь маргааш өглөө нь цехэд очоод үзэхэд өөрсдийн юмнуудаа аваад явсан байсан. Тэгэхээр нь энэ 2 хүүхэд ажиллахаа больж наймаа буцах нь дээ гэж бодсон. Тэгээд эхнэр Анхаа нь хэд хоногийн дараа мөнгө нэхсэн, би та нарт мөнгө өгч чадахгүйг хэлсэн. Дараа нь дахиад утастахаар нь би зарагдахаар нь цөөхөн хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Энэ 2 хүүхэд чухам надаас хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа юм бол доо гэжээ.

 Хариуцагч Б.М- нэхэмжлэгч Э.М-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Б.М-, Э.М-э нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах зээлээр худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар гаргасан Э.М-ийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх гэрээг хоёр тал харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулан хуулийн дагуу хийхдээ Иргэний хуулийн 56, 58, 59-р заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдаж авах гэрээг цуцлаагүйгээс одоогоор хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Дээрх гэрээний дагуу Э.М-э ******* цехийг тоног төхөөрөмжийн хамт шилжүүлж авснаас хойш 5 сар өнгөрсөн энэ хугацаанд гэрээгээ цуцалж албан ёсоор буцааж хүлээлгэж өгөөгүйгээс үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүн гаргах боломжгүй болсноос олох байсан орлого алдаж би хохирсон. Нэхэмжлэгч бууз банш бүтээгдэхүүн үйлдвэрлээд хүнсний дэлгүүр, лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг хувь хүмүүст өгч борлуулдаг байсан талаар ашиг орлогын тооцоо 2015 оны байдлаар 1 өдөрт дунджаар 73.600 төгрөг 1 сард буюу ажлын 22 хоногт 1.619.200 төгрөгийн ашигтай ажиллаж байсан юм. Хариуцагч Э.М-э ******* цехийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж 2016 оны 1 дүгээр сарын 20 хүртэл 2 сар 21 хоног ажиллуулж үйлдвэрлэл явуулж байсан хугацааны цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр нийтдээ 350.000 төгрөгийг Э.М-ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээний хоёр гол нөхцөлд заасан урьдчилгаа 10.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Дараагийн 10.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 45.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах үүргийг худалдан авагч тал биелүүлээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор хийх ёстой байсан 10.000.000 төгрөг үлдэгдэл 45.000.000 төгрөгөөс 2016 оны 1 дүгээр сарын 20 хүртэл хийх ёстой байсан 15.000.0000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийн алданги хоног тутам 0.5 хувиар тооцож бодоход 3.250.000 төгрөг болж байна. Иймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2 сар 20 хоногийн хугацааны буюу 65 хоногийн алданги 0.5 хувиар 3.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Э.М-э ******* цехийг гэрээгээр худалдаж аваад 2016 оны 1 дүгээр сарын 20 хүртэл 2 сар 20 хоног ажиллуулсан тул энэ хугацааны мөнгийг урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгөөс хасч тооцох. *******ыг үйлдвэрлэж борлуулахад:

Өдөрт дунджаар 73.600 төгрөгний ашигтай ажиллаж байсан ажлын 22 хоногт 1.619.000 төгрөгний ашигтай ажиллаж байсан. Эдгээр ашиг орлогын алдагдал хүлээж хохирсон зэргийг 2 сарын байдлаар хамгийн багаар тооцож 2.000.000 төгрөгийг Э.М-ээс гаргуулах. Бүгд: Алданги 3.250.000 төгрөг, цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр 350.000 төгрөг, Цехийг 2 сар 20 хоног ажиллуулсны суутгал болон дээрх хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой ашиг орлогын алдадалаа тооцож 2.000.000 төгрөг. Нийт 5.6000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Э.М-э Б.М- хоёрын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулан хийсэн байна. Насанд хүрсэн 2 иргэн нотариатын газар очоод гэрээ хийсэн нь хэн алиныгаа хуурч мэхэлсэн зүйл огт байхгүй. Гэрээ хийсэн хүн юу худалдаж авч байгаагаа эхлээд үзсэн байгаа. Хэн ч 2 талыг хүчээр гэрээ хийлгээгүй, гэрээ хийхдээ улсын бүртгэлийн газар очиж бүртгүүлсэн байтал хүчин төгөлдөр гэрээ байна гээд байгааг ойлгохгүй байна. Урьд нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 1 өрөө орон сууцыг Э.М-э мэдсээр байж худалдаж авчихаад ажиллуулж чадахгүй болохоороо гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж хэлж болохгүй. Э.М-э 10.000.000 төгрөгний падааныг өөрсдөө бүрдүүлж ирсэн байж ашиггүй ажилласан гэж байгаа нь худлаа юм. Гэрээ хийсэн өдрөө худалдан авагч тал 10.000.000 төгрөгөө өгсөн. Дараагийн 10.000.000 төгрөгөө 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэсэн энэ үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл 45.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсэн байдаг. Гэрээн дээр худалдан авагч нь хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэсэн байгаа. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ хуулийн дагуу алдангаа бодож гаргасан. Э.М-ий зүгээс ******* баншны цех нь худалдан авалт муутайгаас болоод цэвэр ашиг олдоггүй гэж ярихыг мэдээд хариуцагч талаас шинжээч томилуулах тухай хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч албан ёсны шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 728.640 төгрөгний ашгийг 1 сард олно гэсэн дүгнэлт гаргасан байна. 1 дүгээр сарын 20-оос хойших 6 сар хүртэл ажиллуулаагүй байсан хугацааны ашгийг сөрөг нэхэмжлэл дээрээ бодож гаргасан байгаа. Гэхдээ бид 6 сарын ашиг биш 4 сарын ашгийг нэхэмжилж байгаа. Дулаан , цахилгааны мөнгөн дээр маргаад байгаа зүйл нь бид баримтаа өгсөн нөгөө тал бас баримтаа өгсөн гээд байгааг шүүгч өөрөө шийдэх асуудал. Манай талаас хуурамч нотлох баримт өгөөгүй болно. “*******” ХХК-ийн  нэр дээр байгаа бууз баншны цехийг Б.М- Э.М-эд худалдсан гээд байгааг ойлгохгүй байна. Тэгвэл Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тохирлын гэрчилгээ хэний нар дээр байгаа вэ гэвэл Б.М-ын нэр дээр байдаг болхоос “*******” ХХК-ийн бууз баншны цехийг Э.М-эд зараагүй юм. Харин албан татвараа төлөхдөө “*******” ХХК-ийн нэр дээр төлөгддөг байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг /хх 421-422/ хуудсыг харна уу гэж хүсэж байна. Зөвхөн албан татвараа “*******” ХХК-ийн нэрээр төлөгдөж байсан боловч бүх бичиг баримтууд Б.М-ын нэр дээр байдаг юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Э.М-э цехийг ажиллуулж байсан хугацаандаа 9.000.000 гаруй төгрөг олсон учраас тухайн олсон ашгаас нь хариуцагч Б.М-т олгуулахаар шийдэж өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 991 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.М-, Э.Мөнх Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1/242 тоот 20 мкв талбай бүхий 1 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шижлүүлэх, 65.000.000 төгрөгийг худалдагчид төлөх үүрэг бүхий Үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлээр худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож 10.000.000 төгрөгийг Б.М-аас гаргуулан Э.М-эд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Б.М-ын нэхэмжлэгч Э.М-эд холбогдуулан гаргасан гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 3.932.500 төгрөг, цахилгаан, дулаан, усны төлбөр 310.660 төгрөг, үйлдвэрлэл явуулаад олох байсан ашиг орлогын алдагдал 2.914.560 төгрөг, нийт 7.157.720 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх Эрдэнэд олгож, нэхэмжлэгч Э.М-ээс 482.950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.М-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж ХААН банк 2016 оны 04 дүгээр сарын 12-ы өдөр төлсөн 104.550 төгрөг, Төрийн банк 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 39.880 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогоос гаргуулж Б.М-т олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Б.М- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 991 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт Амтат бууц баншны цехийн үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл “*******” ХХК-ийн нэр дээр байна гэж бичсэн байна. Гэтэл тухайн цехэд холбогдох, ажлын байр, баримт бичгүүд Б.М-ын нэр дээр байгааг бүхэлд нь үгүйсгэжээ. Худалдан авсан Э.М-э 2 сар гаруй хугацаанд цехийг ажиллуулж үйлдвэрлэл явуулж  9.000.000 гаруй төгрөгийн борлуулалт хийсэн баримтуудаа өөрөө хэргийн материалд хийсэн байгаа. 9.000.000 төгрөгийн  борлуулалт хийж олсон ашиг орлогоосоо хүн амын орлогын албан татвар болон нэмэгдсэн  өртгийн албан татвар төлөөгүй хууль зөрчсөн. Э.М-э цехийг ажиллуулсан хугацаанд цахилгаан, дулаан, усны төлбөр 310.660 төгрөг үйлдвэрлэл явуулаад олох ёстой байсан орлогын алдагдал 2.914.560 төгрөг, гэрээнд заасан төлбөр зохих үнийн дүнгийн төлөгдөөгүй алданги 3.932.500 төгрөгийг шүүхээс хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Талууд харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдаж худалдан авч байгаа тул төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн барагдуулахаар гэрээнд заасан бөгөөд төлбөрөө зохих ёсоор төлсний эцэст эд хөрөнгө бүртгэлийн газар гэрээгээ биелүүлэн өмчлөх эрхээ шилжүүлэх зорилготой байсан Б.М- хууль зөрчөөгүй эдгээр байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсвэл хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Э.М-э  хариуцагч  Б.М-т  холбогдуулан  анх 10.000.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2015 оны  10 дугаар сарын 12-ны өдөр  байгуулсан  “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах  гэрээг”  хүчин төгөлдөр   бус гэж тооцуулахаар  нэхэмжлэлийн  шаардлагаа   өөрчилжээ.

            Хариуцагч Б.М-  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж  маргаж мөн  Э.М-эд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт  алданги 3.932.500 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан  хохирол  2.914.560  төгрөг, ашиглалтын  зардал 310.000 төгрөг, нийт  7.157.720  төгрөг гаргуулах   сөрөг  нэхэмжлэл  гаргажээ.

            Б.М-  өөрийн өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороололын 1-242 тоот  үйлдвэр үйлчилгээний зориулалттай 1 өрөө   байрыг   65.000.000 төгрөгөөр  худалдах, Э.М-э байрны  төлбөрийг  хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, худалдан авсан ба 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ”-г  бичгээр хийсэн   байна. \хх-3 дугаар хуудас\

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах  гэрээ  байгуулагдсан ба  худалдагч  нь худалдан авагчид  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй  хөрөнгө, түүнтэй холбоотой  баримт бичгийг  худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх  үүргийг хүлээдэг  болно.

            Үүнээс үзвэл худалдах-худалдан авах гэрээний талуудын  шаардах эрхийн үндэслэлийг  Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсгээс 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт  зохицуулсан байна.

            Б.М- нь  тус байрыг    бууз, банш   үйлдвэрлэж,   борлуулах   үйл  ажиллагаа   явуулах  зориулалтаар  тохижуулан  ашиглаж  байсан, Э.М-э  мөн адил   үйл ажиллагаа  эрхлэх зориулалтаар  худалдан авч   бууз, баншны  үйлдвэрлэл  эрхэлж  байсан нь хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон  бөгөөд худалдан авсан байр болон түүний дотор байгаа тоног төхөөрөмжийн чанарын доголдол болон эрхийн догодлын талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна.

            Нэхэмжлэгч нь худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

            Үүнд:

            1.Б.М-ын ажиллуулж байсан  “Амтат” бууз, баншны цех нь Б.М-ын нэр дээр биш  “Дархан ганболор” ХХК гэдэг 2 гишүүний нэр дээр байдаг,  компанийн зүгээс түүнд  зөвшөөрөл  байхгүй, итгэмжлэл байхгүй этгээд худалдсан  учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар  шаардах эрх үүссэн,

            2.Талуудын хооронд *******ны цехийг  худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн,   бууз, банш хийх зөвшөөрөл, тоног төхөөрөмж,  байр  багтах бөгөөд  зөвхөн байраа  шилжүүлэх тухай гэрээ хийгдсэн нь  төөрөгдсөн  гэж  дурдсан байна.

            Гэвч нэхэмжлэлийн үндэслэл болгож шүүхэд ирүүлсэн тайлбар, нотлох баримтаас  үзэхэд  худалдагч  буюу  Б.М-  нь  4/1 дүгээр байрны   242 тоот 20.0 мкв талбай  бүхий   үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгч   мөн  болох нь  түүний  улсын бүртгэлийн  000116445 тоот гэрчилгээгээр тогтоогдсон \хх-59 дүгээр хуудас\, Э.М-ийг  “Амтат”  бууз  гэдэг нэрийг ашиглаж,   үйлдвэрлэл үйл ажиллагаа  явуулахад  “Дархан  ганболор “  ХХК-ийн   зүгээс   саад учруулаагүй, тус компанийн  бүтээгдэхүүнд  2006, 2010  онд тохирлын  гэрчилгээг  1 жилийн хугацаатайгаар олгож  байсан худалдах-худалдан авах гэрээ  байгуулагдах үед  хуулийн этгээд болон хувь хүний нэрээр  тохирлын гэрчилгээ  олгогдоогүй  \хх-173 дугаар хуудас \  байсан   учир Б.М-ыг  “Дархан ганболор” ХХК-иас  зөвшөөрөл, итгэмжлэл аваагүй гэж  буруутгаж,   хэлцлийг хүчин  төгөлдөр бус гэж тооцох  үндэслэл  болохгүй.

            Э.М-э  тайлбартаа  “*******”, баншны цехийг  худалдах-худалдан авах гэрээ  хийхдээ  зөвхөн  байраа шилжүүлэх  тухай гэрээ хийж, бууз,банш хийх зөвшөөрөл, тоног төхөөрөмж гэрээнд  багтаагүй  нь төөрөлдсөн  гэжээ.

            Иргэний хуулийн  58 дугаар зүйлийн 58.1 “Ноцтой төөрөгдлийн  үндсэн дээр  хүсэл зоригоо илэрхийлэн  хийсэн хэлцлийг  хүчин төгөлдөр бус гэж  тооцож болно” , мөн хуулийн  41 дүгээр  зүйлийн 41.1 “Хүсэл зоригиийн агуулгыг тайлбарлахдаа  үгийн шууд утгыг анхаарна”  гэсэн ба  энэхүү заалтуудыг  үндэслэн  шалгавал  Э.М-э нь бууз, баншны  үйлдвэрлэл  үйл ажиллагаа  явуулах   хүсэл зоригтой байсан  энэ  хүсэл зоригоо   хэрэгжүүлж   бууз, баншны  үйлдвэрлэл явуулж байсан   үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ   байгуулсан нь түүнийг   хүссэн хэлцлээсээ  өөр хэлцлийг зөвшөөрч  төөрөгдсөн  гэж  үзэх боломжгүй  юм. Учир нь  бууз, баншны   үйлдвэрлэл  явуулахад   гэрээнд тусгаагүй  нь  үл хамаатай. Өөрөөр хэлбэл  гэрээнд  тусгаагүй  гэснийг  төөрөлдсөн  гэж  ойлгож болохгүй.

            Иймээс  нэхэмжлэгч Э.М-ийн хариуцагч Б.М-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүний талаарх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас  үнэлэхэд   нэхэмжлэлийг хангах үндэслэл  тогтоогдохгүй    байх тул  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  байна.

            Анхан шатны шүүх   нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг  нотлох баримтын хүрээнд зөв  үнэлээгүй нь буруу  боловч  давж заалдах шатны  шүүх  хуулийн хүрээнд  дүгнэлж хийж,  шүүхийн  шийдвэрийг  зөвтгөх нь  хуульд  харшлахгүй гэж үзлээ.

            Б.М-ын Э.М-ээс  гэрээний  үүрэгт  алданги  гаргуулах   сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  шийдвэрлэх боломжгүй. Учир нь  гэрээний  үүрэг  бүрэн биелэгдэх  эсэх нь тодорхойгүй  байхад  алданги   төлүүлэх нь  зохимжгүй. Харин   дахин нэхэмжлэл  гаргахад  энэ  шийдвэр саад болохгүйг  дурдах нь   зүйтэй.  Сөрөг нэхэмжлэлийн зарим  шаардлага буюу  ашиглалтын зардал 310.000 төгрөг, олох байсан ашиг, орлого 2.914.560  төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь   үндэслэлтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 991 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар  Э.М-ийн  хариуцагч Б.М-т холбогдуулан  “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”  нэхэмжлэлийг,  Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар Б.М-ын “7.157.720 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд   хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  Б.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөгийг  төлснийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч  Э.М-ээс  улсын тэмдэгтийн хураамжид   482.950  төгрөг  нөхөн төлүүлсүгэй.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА  

                           ШҮҮГЧИД                                                  О.НАРАНГЭРЭЛ 

                                                                                              С.ЭНХЖАРГАЛ