Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 369

 

Б.Одхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Ц.Дагвадорж,

          Ялтан Б.Одхүүгийн өмгөөлөгч О.Баяраа,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээр шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Б.Одхүүд холбогдох 2017 2400 0032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Баярсайханы Одхүү, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуучлалын хөтөч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байрны 47 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УЛ91073056/,

Б.Одхүү нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд Д.Байгалийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх хэсэгт заасан “Жолооч нь урдаа яваа тээрийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж “Бат-Тэмуун групп” ХХК-ийн эзэмшлийн “Хонда Сивик” загварын, 25-71 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 823.000 төгрөгийн, Э.Мандахын эзэмшлийн “Хьюндай Аксент” загварын, 51-62 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 47.000 төгрөгийн, Д.Байгалийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.415.000 төгрөгийн шууд хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Б.Одхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Одхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Одхүүг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Б.Одхүүг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Одхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Байгалд 1,952,600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнтогтоход 553,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Мандахад 148,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Одхүүд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            Шүүх нотлох баримтуудад буруу дүгнэлт хийж, Б.Одхүүд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

            Шүүхээс Т.Төвшинтөгс нь Д.Байгалийн автомашиныг засварлаж өгөхөөр өөрийн эзэмшил, хамгаалтад хууль ёсны дагуу түр шилжүүлэн авсан, энэ хугацаанд уг автомашины бүрэн бүтэн байдал, хадгалалтын асуудлыг Т.Төвшинтөгс нь хариуцаж байсан, Б.Одхүү уг автомашиныг дур мэдэн авч яваагүй, тухайн үед хууль ёсны дагуу эзэмшиж, хадгалж байсан Т.Төвшинтөгсийн зөвшөөрлөөр түүнтэй хамт унаж явсан болох нь гэрч Т.Төвшинтөгс, шүүгдэгч Б.Одхүү, хохирогч Д.Байгал нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа, Б.Одхүүг эхлээд автомашиныг гуйхад Т.Төвшинтөгс зөвшөөрөөгүй байдал тэдний мэдүүлгээс харагддаг боловч бензинийг нь хийгээд өгнө гээд дахин гуйхад татгалзалгүй өөрөө хамт суугаад явснаас үзэхэд уг автомашиныг унаж явахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Т.Төвшинтөгс нь иргэн Д.Байгалийн эзэмшлийн автомашиныг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байсан учраас түүний зөвшөөрлөөр уг автомашиныг унаж явсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн уг хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх байдал Т.Төвшинтөгсийн “...орой 20 цагийн үед найз Б.Одхүү ажил дээр ирээд “Драгон” орж хүнээс юм аваад ирье, энэ приусээр чинь яваад ирье гэхээр нь би болохгүй ээ хүн нь миллээ харчихсан байгаа гэтэл зүгээрээ бензинийг нь хийгээд өгье гэхээр нь би Б.Одхүүтэй хамт автомашины урд сандалд суугаад Б.Одхүү жолоон дээр суугаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа, субъектив талын шинж болох түр зуур унаажих, сэлгүүцэх, дүрсгүйтэх, оргох, зугтаах гэсэн санаа зорилгууд бүрэн тогтоогдоогүй гэж буруу дүгнэж, Б.Одхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

            Учир нь хохирогч Д.Байгал нь өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлуулахаар авто засварын газрын ажилтан Т.Төвшинтөгсөд түр хугацаагаар хариуцуулан өгсөн болохоос тээврийн хэрэгсэлтэй холбоотой бусад байдлаар /унаж эзэмших, бусдад өгч жолоодуулах/ эрх түүнд олгоогүй байхад Т.Төвшинтөгс нь дур мэдэн өөрийн найз Б.Одхүүд автомашиныг жолоодох зөвшөөрлийг олгосон болох нь Д.Байгал, гэрч Т.Төвшинтөгс нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

            Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь бусдын өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл байдаг тул Т.Төвшинтөгс, Б.Одхүү нар автомашины эзэмшигч Д.Байгалаас зөвшөөрөл авалгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодон явсан үйлдлийг тээврийн хэрэгслийг бүлэглэж авч зугтаасан гэж үзэхээр байна.

            Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсгийг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

           Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

            Ялтан Б.Одхүүгийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...”  гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нарийн тогтоолгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

          Иймд мөрдөн байцаалтын шатанд доорх зүйлийг шалгавал зохино.

          1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Байгал мэдүүлэхдээ “...би Т.Төвшинтөгсөд автомашинаа янзлуулахаар түлхүүрийг нь өгсөн. Харин өөр хүнд унуулах зөвшөөрөл өгөөгүй...” /хх-11-13, 14/, гэрч Т.Төвшинтөгс мэдүүлэхдээ “....Б.Одхүү ажил дээр ирсэн. Б.Одхүү “Драгон орж хүнээс юм аваад ирье энэ Приус-ээр чинь яваад ирье” гэхээр би “болохгүй ээ, хүн нь миллээ харчихсан байгаа” гэтэл “зүгээрээ бензинийг нь хийгээд өгчихье” гэхээр нь би автомашины урд сандал дээр, Б.Одхүү жолоон дээр суугаад хөдөлсөн. ...Цагдаа ирэхээс өмнө Б.Одхүү бид хоёр айсандаа яваад өгсөн...” /хх-29-30/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Б.Одхүү, Т.Төвшинтөгс нар бүлэглэн бусдын авто тээврийн хэрэгслийг ашиглаж, шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалган тодруулах.

          2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч, иргэний хариуцагч С.Төвшинтөгсийн мэдүүлсэн  “...2016 оны 12 дугаар сарын 20-ны би өөрийн түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32 дугаар тойргийн баруун талын “Хөсөг” кузов засварын газар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд хохирогч Д.Байгаль нь тухайн кузов засварын газарт “Тоёота Приус” загварын, 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлуулахаар хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байхад хэрэгт тухайн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд Т.Төвшинтөгсийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулбал зохино.

          Иймд магадлалын 1 дэх үндэслэлийн талаар бичсэн Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Одхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Одхүүд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Тээврийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэрэг прокурорт очтол Б.Одхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                                   ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ