Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 148

 

   Х.Ц-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Х.Ц-д холбогдох 201413010056 дугаартай хэргийг шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч М.Гомборагчаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, З овогт Х-ын Ц нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Х.Ц-ийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Х.Ц-д оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногоор тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Х.Ц-ийн үйлдсэн хэргийг бүхий л талаас бүрэн бодитой нотлоогүй. Х.Ц-ийн биеэс хутгыг эд мөрийн баримтаар хураан авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсгийг зөрчсөн. Эд мөрийн баримтыг үнэлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэргийн газар байсан хутгыг ямар учраас Х.Ц-ийн биеэс хурааж авах болсон нь тодорхойгүй байна.

Шинжээчийн 150006 тоот дүгнэлтээр хутганд хурууны ул мөр илэрээгүй. Криминалистикийн шинжилгээг 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн байхад 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр М.А-аас хутгыг хураан  авсан нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан. Х.Ц-ийн өгсөн мэдүүлгүүд нь нотлох баримтын эх сурвалж болохгүй. Х.Ц нь бор иштэй хутга барьж байсан гэх боловч хохирогчийг хутгалж байхыг харсан гэрч байдаггүй, хохирогч өөрөө ч хэн хутгалсныг мэддэггүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд нарийвчлан шалгаагүй, нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа дутуу хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Х.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Ц нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний орой Завхан аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт иргэн Н.Бат-Эрдэнийн гэрт согтуугаар хохирогч Ө.Д-ийг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Д, гэрч Б.С, Б.П, Б.Б, Э.Д, Р.Д, Б.Ч, насан хүрээгүй гэрч Э.Б, Б.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гэж шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйцээр байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчихийг ойлгох бөгөөд өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан хэргийн эд мөрийн баримт болох хутгыг хураан авч хэрэгт хавсаргах тогтоолыг зохих журмын дагуу үйлдээгүйн улмаас шүүх хэргийн талаар бодитой зөв шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өмгөөлөгч ийм үр дагавар учирсан талаар гомдолдоо заагаагүй байна.

Иймээс шүүгдэгч Х.Ц-ийн “ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц, өмгөөлөгч М.Гомборагчаа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Ч.ХОСБАЯР