Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2025/0030

 

 

“М...” ХХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны

улсын байцаагч М.Т-т холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:             Ц.Цогт

            Шүүгчид:                               Г.Банзрагч

                                                               Х.Батсүрэн

   П.Соёл-Эрдэнэ                           

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

             Нарийн бичгийн дарга:        Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2025/51 дүгээр магадлалтай.

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0101 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагч “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирал гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн ..... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1.“...“М...” ХХК болон даатгуулагч Б.З-тай сайн дурын даатгалын “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-г байгуулсан. Даатгуулагчаас “ ... миний тээврийн хэрэгсэл 2024 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Хан-Уул дүүрэгт араасаа мөргүүлсэн, ... салхины шил цуурсан байна” гэх дуудлагын дагуу шалгахад  ... салхины шил нь хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас хагарсан нь нотлогдохгүй байсан тул, даатгуулагчтай байгуулсан гэрээний 8.11-д “Хохирлын шалтгаан тодорхой бус, нөхөн төлбөрийг шийдвэрлэх үед хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол”, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах” гэж тус тус заасны дагуу даатгагч эрхээ хэрэгжүүлсэн.

2.2. ... Дээрх маргаан нь иргэний эрх зүйн өмчийн /шаардах эрхийн/ харилцааны маргааны төрөлд хамаарах бөгөөд улсын байцаагчийн эрх, үүрэгт хамаарахгүй ... байхад Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч .... нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэж, ... хариу мэдэгдэхийг даалгасан нь үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ.

3.Хариуцагчийн хариу тайлбар:

3.1.“... иргэн Б.З-аас ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулахад даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд салхины шил хагарсан тохиолдол гарсан, энэ нь зам тээврийн осолд хамаарахгүй зөвхөн тээврийн хэрэгслийн салхины шилэнд учирсан хохирол байх тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй гэж, даатгалын гэрээний дагуу хохирлыг нөхөн олгох ёстой буюу “М...” ХХК нөхөн олговрыг шийдвэрлэх үүрэгтэй гэж үзсэн.

3.2.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн ... даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг  Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот албан бичгээр “М...” ХХК-д мэдэгдсэн. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасан ба “М...” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй, ... Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10 дахь хэсэгт даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж заасныг үндэслэл болгон даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг барагдуулах талаар хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 15 хэсгийн 15.18 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх үйл баримт нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны зүгээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь ... хууль зөрчөөгүй” гэв.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1.Иргэн Б.З-аас “М...” ХХК-нд холбогдуулан ““Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-ний дагуу нөхөн төлбөр 6,517,000 төгрөг, алданги 3,258,500 төгрөг, нийт 9,775,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2024/17172 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж гарсан байна.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-д заасныг тус тус үндэслэн “М...” ХХК-аас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн ..... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийсэн байна.

5.1.1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.4, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.10-д тус тус зааснаас үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн Б.З-аас ирүүлсэн гомдлын дагуу тухайн даатгалын тохиолдлын талаарх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хоорондын маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж уг шийдвэрээ маргааны оролцогчдод 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр хүргүүлснээр тухайн маргаанд оролцогч талууд гэрээний асуудлаар болон хохирол төлбөрийн асуудлаар шүүхэд хандах боломж нээгдэж улмаар маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулагдсан гэж үзэхээр байна.

5.1.2.Гэтэл “... “М...” ХХК-ийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа зөрчлийг хянан шийдвэрлэж, зөрчлийн улмаас хохирлыг арилгах арга хэмжээ авч өгнө үү” гэх иргэн Б.З-ын гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр уг асуудлаар дахин шийдвэр гаргасан, хариуцагч Улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “М...” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дах хэсэгт “эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хууль бус, тухайн шийтгэлийн хуудасны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

5.1.3.Хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 73.1.10-д заасан “албадлагын арга хэмжээний хүрээнд өгч буй даалгавар” биш, хоёрдугаарт, тухайн албан бичгээр иргэн Б.З-д даатгалын нөхөн төлбөр олгохыг компаниас шууд шаардсан нь маргаанд оролцогч талуудын хувьд шүүхэд хандах эрхэд халдсан, тэдний эрх ашгаа хамгаалж маргах эрхийг хөндсөн хууль бус мэдэгдэл гэж үзнэ.

5.1.4.Маргааны оролцогч талууд Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй төдийгүй даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчийн шаардсанаар шууд төлөх үүрэг “М...” ХХК-д үүсэхгүй, гэрээнд энэ талаар талууд нарийвчлан зохицуулсан ба өнөөдрийн байдлаар талууд гэрээний маргаанаа Иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр хандсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

5.1.5.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаас үзвэл хариуцагч Улсын байцаагч нь өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийтгэлийн хуудас хууль зөрчсөн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул ..... дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож “М...” ХХК-аас гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн ..... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийсэн:

6.1.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.10-д заасны дагуу гомдол гаргагч Б.З-аас ...хохирол, төлбөрийг барагдуулж өгнө үү гэх агуулга бүхий 2 удаагийн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлснийг даатгуулагчийн эрх, ашгийг хамгаалах, хохирол төлбөрийг барагдуулах зорилгоор шийдвэрлэсэн эсэх, өөрөөр хэлбэл даатгагч этгээдийн зөрчилд шийтгэлийн хуудас ногдуулах нь тухайн этгээдийг торгохдоо бус, харин гомдол гаргагчийн хохирол, төлбөрийг барагдуулах зорилгоор Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах буюу үүрэг болгох боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

6.1.2.Тухайн тохиолдолд дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “М...” ХХК-ийн гомдолтой захиргааны хэрэгт гомдол гаргагч Б.З-ыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл иргэн Б.З-ын хувьд уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болохуйц байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар болон холбогдох нотлох баримтыг авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

6.1.3.Хэдийгээр иргэн Б.З нь хохирол төлбөрөө гаргуулахаар иргэний шүүхэд хандсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 17172 дугаар захирамжаар тогтоогдож байх боловч одоог хүртэл хохирлоо барагдуулаагүй болохыг хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан.

6.1.4.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заасан тул тус байгууллагаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдол: гомдол гаргагч “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдолдоо:

7.1.“... Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаатай буюу гуравдагч этгээдийг оролцуулах ёстой байсан гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүйн дээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон хууль хэрэглээ, үндэслэлээ дээрх магадлалд бичээгүй, энэ талаар огт дурдаагүй нь хариуцагчид давуу байдлыг олгосон, нэхэмжлэгчийн эрхэнд халдсан гэж үзэж байна.

7.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан. Хуулийн уг зохицуулалт нь захиргааны актын дагуу хэн нэгний эрх ашиг хөндөгдөж байвал эрхийг нь хангах бололцоог олго гэсэн заалт. Харин эрх ашиг нь хөндөөгүй бол энэхүү заалтыг заавал оролцуулах шаардлага гэж ойлгож хэрэглэх нь үндэслэлгүй байна. Иргэн Б.З-ыг гуравдагч этгээдээр заавал оролцуул гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэж заасантай зөрчилдөж байна. Гэтэл маргаж буй зөрчлийн хэрэгт ногдуулсан шийтгэлийн хуудас болон зөрчлийн хэрэгт тухайн иргэнийг хохирогч гэж үзээгүй, эрхэд нь халдсан үйл баримт байхгүй, харин өөрийн байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж байгууллагыг хохирогч эрх нь зөрчигдсөн этгээд гэж тодорхойлж зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналтад явуулсан байна. Үүнээс үүдэн энэхүү зөрчлийн хэрэг уг иргэний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар хариуцагч бичгийн тайлбар болон шүүхэд гаргасан тайлбарт тодорхой дурдагдсан болно. … Гэтэл тухайн иргэнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч хийгээд хохирогч гэж тодорхойлоогүй байхад заавал оролцуул гэж хэргийг буцаасан нь зөрчлийн хэргээс давж хэргийн үйл баримтаас хальж дүгнэсэн хэрэг гэж үзэж байна.

7.3. ... Иймд анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад дээрх хуулийн заалтыг хэрэглэн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг буцаасан нь үндэслэлгүй тул хяналтын журмаар гаргаж буй гомдлыг хэлэлцэн хангаж, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2025/ 51 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариу тайлбар шүүхэд ирүүлсэн.

8.1.“... Даатгагч нь хууль тогтоомжоор хүлээсэн даатгалын нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлэхгүй, даатгуулагч иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, нөхөн төлбөрийг даатгуулагчдад олгохгүй удаах зэргээр даатгуулагчдад хүндрэл, чирэгдэл үүсгэж байгаа тул тус Хорооноос хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгч “М...” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0101 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан, давж заалдах шатны шүүх уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

12.Тодруулбал хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох /оролцуулах/ шаардлагатай “гуравдагч этгээд” нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын үйлдсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн ..... тоот шийтгэлийн хуудасны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бөгөөд уг актыг шүүхээс хүчингүй болгосон эсхүл хүчинтэй үлдээсэн аль ч тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байх шаардлагатай, энэ нөхцөлд уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхээр хамгаалуулах боломжоор хангах агуулгатай юм.    

13.Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны акт буюу “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын үйлдсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн ..... тоот шийтгэлийн хуудас”-аар нэхэмжлэгч “М...” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж торгох шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд иргэн Б.З аливаа байдлаар оролцоогүй, холбогдох зөрчлийн хэрэгт “оролцогч”-оор тодорхойлогдоогүй байна.   

14.Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тэрхүү этгээд оролцогч, хохирогчийн алинаар ч тогтоогдоогүй тул түүнийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагагүй байхад давж заалдах шатны шүүх иргэн Б.З-ыг гуравдагч этгээдээр заавал оролцуул гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй.

15.Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар болон давж заалдах гомдлын үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2024/51 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ЦОГТ  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                Х.БАТСҮРЭН

                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ