Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 216/МА2025/00004

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 216/МА2025/00004

 

 

О.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

          Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 306/ШШ2025/00044 дугаар шийдвэртэй,

                  Нэхэмжлэгч О.М нэхэмжлэлтэй

                   Хариуцагч А.А холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны төлбөрт 900,000 төгрөг, нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу /цахимаар/, нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

             Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөсГ гХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Намайг эрхлэгчээр ажиллах хугацаанд А.А нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлшийг 3,980 төгрөгөөр, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 тонн түлш, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн болон 3,4 тонн түлш нийт 6,4 тонн түлш, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3 тонн түлш, нийт 5 удаа 15,4 тонн түлшийг зээлээр худалдаж авсан байдаг. Үүнээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлшний 11,940,000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 400 л түлшний мөнгө 1,560,000 төгрөгийг тус тус төлсөн. Миний хувьд А.А түлш зээлэхдээ хуурай ах гэж итгэсний үндсэн дээр ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд 1 л түлшний үнийг 3,850 төгрөгөөр тохирч амаар хэлцэл хийж дур мэдэн зээлсэн байдаг. Намайг манай компани их хэмжээний түлшийг дур мэдэж зээлсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А нь 7,800,000 төгрөгийг төлсөн.  А.А нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зээлсэн 15,4 тонн түлшнээс 3,4 тонн түлшний мөнгийг төлж, үлдэх 12 тонн түлшний төлбөр нь 46,200,000 төгрөг болсон байсан ба энэхүү асуудлыг цагдаагаас шалгах хугацаанд 7,800,000 төгрөгийг төлсөн. ...Өмнө нь нэхэмжлэл гаргахдаа түлшний төлбөрийг буруу тооцсоны улмаас 2,336,850 төгрөгийг дутуу нэхэмжилсэн учраас нэмэгдүүлсэн байгаа. Одоо зээлсэн түлшний төлбөр нь 38,400,000 төгрөг үлдсэн. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, байгууллагад 36,063,150 төгрөгийн хохирлыг төлөхөөр шийдвэрлэсэн. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,800,000 төгрөг, 3,500,000 төгрөгөөр нийт 11,300,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн дүнгээс 3,500,000 төгрөг хасагдана. Тэгэхээр үлдэгдэл шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг нэхэмжилж байна. ...Мөн 2022 онд А.А ах дүүгийн харилцаатай байхдаа түүнд утас зээлээр авах хэрэгтэй байна гэхэд нь ээжээрээБалдан засагзахын гар утасны худалдагчтай яриулж, өөр дээрээ зээл гаргуулж, I phone 12 утсыг 2,900,000 төгрөгөөр авч өгсөн. Энэхүү утасны төлбөрөөс А.А урьдчилгаа 1,500,000 төгрөг, түүний ээж нь төлбөрт 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 900,000 төгрөгийг төлөөгүй тул би түүний өмнөөс төлсөн.

           Иймд, хариуцагч А.А зээлээр худалдсан шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны зээлийн төлбөрийн үлдэгдэл 900,000 төгрөг, нийт 39,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 5 удаагийн худалдан авалт байгаа. Хэзээ хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар тодорхой хэлээд явъя. Нэгдүгээрт, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлш авсан. Энэ түлшний 11,400,000 төгрөгийн төлбөрийг О.Н гэдэг хүн О.М дансанд шууд хийж төлсөн. Үүн дээр аль аль нь маргаангүй, төлөгдсөн. Хоёр дахь худалдан авалт нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 тонн түлшийг Н.Г гэдэг хүнд авч өгч, Н.Г төлбөр болох 10,950,000 төгрөгийг О.М - дугаар дансанд 07 дугаар сарын 27-ны өдрөө шууд шилжүүлсэн. Гурав дахь худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн түлшийг хариуцагч А.А өөрөө авсан. Энэ 3 тонн түлшний үнэ болох 11,300,000 төгрөгөөс 7,800,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 3,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шатахуун түгээгч М бэлнээр хүргэж өгсөн. Дөрөв дэх худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  3 тонн түлш авч, 10,800,000 төгрөг төлөгдсөн. Үүнийг Н.Г авсан ба 08 дугаар сарын 02-ны өдөр А.А эхнэр Б.Б данс руу хийсэн. Б.Б энэ орж ирсэн мөнгөн дээр нэмээд Г г ХХК-ийн - тоот данс руу 12,076,920 төгрөгийг шилжүүлсэн. Энэ дансны хуулгыг өнөөдөр сая гаргаж өгсөн. Тав дахь худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,4 тонн түлш авсан. Энэ түлшний төлөлтийг Б.Б данснаас мөн өдөр нь “Г г ХХК-ийн - тоот данс руу 7,726,409 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд дээр дурдсан 5 худалдан авалтын төлөлтийн нийт мөнгийг нэмээд үзэхээр нийтдээ 53,453,329 төгрөг буюу 15,4 тонн түлшний төлбөрийг О.М болон Г г ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Ингэхээр А.А нь ямар нэгэн төлөх төлбөргүй байна. Хоёр дахь худалдан авалтыг төлөгдөөгүй гэж маргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид нарын дансанд орох нь орсон. Гэтэл буцаагаад авчихсан гэсэн зүйл ярьж байна. Энэ тайлбар үндэслэлгүй. Өнөөдөр шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийднэ. Нэхэмжлэлийн шаардлага юу гэж гарсан бэ гэхээр зээлээр авсан түлшний төлбөрөө авъя гэж байгаа. Түлшний мөнгөнүүдийг О.М руу хийсэн байна.  Харин О.М өөрийнхөө дансанд хүлээж авсан мөнгийг эргээд хэрхэн яаж зарцуулах нь өөрийнх нь асуудал. Тийм ч учраас яг энэ үйлдэлдээ О.М ял шийтгүүлсэн. Орсон мөнгийг та данс руу шилжүүлэхгүйгээр буцаагаад betэд тавих, шилжүүлэх болон ямар нэгэн байдлаар үрж шамшигдуулсан, үрэгдүүлсэн байна гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээж, ял авсан. Энэ хүний хийсэн бүх үйлдлийн үр дагавар хор хохирлыг А.А нэхэмжлээд байгаа. Ингэж болохгүй. О.М гэдэг хүн чинь өөрөө үйлдэл хийгээд байна, үрэгдүүлээд байна, завшаад байна, ийшээ тийшээ шилжүүлээд, bet тавиулаад, тоглоод үрэн таран хийсэн. А.А хувьд О.М авсан түлшний мөнгийг ямар ч гэсэн О.М буцааж өгсөн байна. О.М өөрийнхөө хүсэл зорилгоор өөрийнхөө данснаас өөрөө гүйлгээ хийх үйлдлийг өөрөө хийж байгаа. Харин О.М дансанд орсон мөнгийг А.А санаачилга гаргаад, А.А түүнийг удирддаг, захиран зарцуулах эрхгүй. ...7,800,000 төгрөг 3,500,000 төгрөг нийт 11,300,000 төгрөгийг сая төлөгдсөн гэдгийг зөвшөөрсөн учраас үүн дээр хэлэх зүйл байхгүй. Ингээд эцэст нь хэлэхэд О.М шийтгэх тогтоол дээр дурдагдсан 36,000,000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь А.А нэхэмжлэх эрхгүй. ...Гар утасны төлбөрийг зөвшөөрдөггүй. Ямар гар утас ямар шалтгаанаар гарсныг би ойлгохгүй байна гэжээ.

             3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан О.М нэхэмжлэлтэй хариуцагч А.А холбогдох шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, утасны төлбөрт 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1зааснаар нэхэмжлэгч О.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,106 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

        4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбатын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх “9. Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, гэрч Н.Г мэдүүлэг, О.М холбогдох 221700120054 тоот эрүүгийн хэргээс шинжлэн судлуулсан гэрч М мэдүүлэг, Б.Б Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /А эхнэр/, О.М депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.М холбогдох 221700120054 тоот эрүүгийн хэрэг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул түлшний төлбөрт 38,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн атлаа худалдан борлуулсан бүтээгдэхүүний 1 литрийг хэдэн төгрөгөөр тооцсон, нэхэмжилж буй 12 тн түлшний үнийг хэдэн төгрөг байх талаар огт дүгнэлт хийгээгүйн дээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн, хариуцагч талын төлсөн үнийн дүнд тооцоо хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

            Нэг. Тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 сарын 04-ний өдрүүдэд 1 л түлшний үнэ 3900 төгрөгөөр борлуулагдаж байсан. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч О.М албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ч 1 л түлшний үнийг бууруулах эрх хэмжээгүй этгээд байсан бөгөөд ихээр зарж борлуулж байгаа тохиолдолд 3850 төгрөгөөр борлуулах боломжтойг мэдэж, тухайн үнээр борлуулахаар шийдсэн талаараа эрүүгийн хэргийн явцдаа мэдүүлэг өгч, тухайн мэдүүлгээ уг иргэний хэрэгт гаргаж өгсөн. Нөгөө талаас, 1 л түлшний үнийг хямдаар зарж борлуулах нь О.М ашиггүй төдийгүй, өөрөө эргээд зөрүү мөнгөний өрөнд орох учраас А.А тохиролцоо хийх боломжгүй юм. Харин О.М нь их хэмжээгээр түлш худалдах сонирхолтой байсан бөгөөд А.А зээлээр их хэмжээний түлш худалдсан байдаг. Ингээд 5 удаагийн үйлдлээр нийт 15,4 тн түлш борлуулсан. Үүнээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3 тн түлшний мөнгийг О.М авч “Г г” ХХК руу хийсэн бөгөөд 400 л шатахууны зардал 1,560,000 бэлнээр “Г г” ХХК-д өгсөн байдаг тул үлдэгдэл 12 тн түлшний төлбөрийг нэхэмжилж байгаа билээ. Нэхэмжлэгч нь хариуцагч  талтай түлшний 1 литрийн үнийг 3850 төгрөг гэж тохиролцсон тул нийт 46,200,000 төгрөг болно. Үүнээс эрүүгийн хэргийн шалгалтын явцад өгсөн 3,500,000 төгрөг, 7,800,000 төгрөг нийт 11,300,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хасахад 34,900,000 төгрөг болж байгаа. А.А эхнэрийн данснаас  “Г г” ХХК-ийн данс руу шилжсэн 19,809,329 төгрөгийг  хасч тооцоход л 15,090,671 төгрөгийн зөрүү байхад тухайн мөнгөн дүнг хангахаас  татгалзсан нь хуулийн болон баримтын үндэслэлээ дурдаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй юм.

        Хоёр. О.М нь А.А итгэдэг байсан учраас байгууллагынхаа зарим өдрүүдийн орлогыг А.А дансаар дамжуулан байгууллагадаа тушаалгадаг байсан талаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцдаа мэдүүлсэн байдаг. А.А хувьд мөнгөнүүдийг авч шилжүүлдэг байсан, түлш зээлээр худалдаж авснаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгөхдөө О.М байгууллагадаа учруулсан хохирлын мөнгөн дүнг төлөхөө илэрхийлж хууль сануулсан баримтад гарын үсэг зурж, гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх А.А мэдүүлсэн хууль ёсны гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Мөн түүнчлэн хариуцагч тал 2022 оны 08 дугаар сарын 02-нд авсан 3 тн түлшний  төлбөр 10,800,000 төгрөг Н.Г авч “Г г” ХХК-ийн Хаан банкны - тоот данс руу 7,726,409 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж, дансны хуулга гаргаж өгсөн хэдий ч уг шилжүүлсэн мөнгөнүүдийг анхан шатны шүүх түлшний төлбөр гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Учир нь А.А удирдаж байсан Б.Б Хаан банкны - дансны хуулгын дугаар 10-т 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10,800,000 төгрөг орлого “tulshnii une -” гэж орсон, дугаар 12-т 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр О.М хаан банкны - тоот данснаас 11,700,000 төгрөгийн орлого “gor gaz” гэсэн утгаар орсон байна. Өөрөөр хэлбэл, О.М А.А дамжуулан “Г г” ХХК-ийн орлогыг тушаадаг байсан нь эндээс бүрэн харагдана. О.М нь “Г г” ХХК-ийн шатахууны орлогыг “shts-8” гэж, ахуйн газны орлогыг “ahui choir” гэж, машины газны орлогыг “auto choir гэж тушаадаг байсан бөгөөд О.М интернэт банк байхгүй тул А.А дамжуулан орлогоо тушаадаг байсан талаараа эрүүгийн хэрэг дээр ч мэдүүлсэн байдаг. Энэ нь А.А эхнэр Б.Б данснаас гарсан 2022.08.02-2022.08.03-ны өдрийн гүйлгээгээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын тайлбарлаж буй 3,4 тн түлшний төлбөрийг 2022.08.03-нд нийт 7,726,409 төгрөгөөр төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.  Учир нь А.А авсан 3,4 тн шатахууны төлбөр мөн байсан бол А.А нь нэг гүйлгээгээр түлшний төлбөрийг төлөх учиртай. Гэтэл тус тусад нь утга хийж гүйлгээ хийсэн байна. Нөгөө талаас О.М нь 2022.08.02-ны өдөр Б.Б данс  руу 11,700,000 төгрөг Гор газ гэж хийсэн байхад тухайн мөнгийг өөрийнх мөнгө байсан мэтээр тайлбарлаж, “Г г” ХХК-ийн өдрийн орлогуудын дүнг нэгтгэн өөрийн авсан түлшний төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

       Гурав. Анхан шатны шүүх утасны үлдэгдэл төлбөр 900,000 төгрөгийг хангахаас татгалзахдаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс утас зээлээр авахад тусалсан гэрч Д.Г гэрчээр асуулгасан төдийгүй, Iphone 12 утас худалдан борлуулсан худалдагч Ж утас худалдсан, төлбөр хэрхэн төлсөн талаар бичсэн тайлбарыг гаргаж өгсөн. Мөн О.М, А.А нарын фэйсбүүк чатны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн чатад О.М “... Ж нөхөр залгаад ядаж 200,300 хий гээд байна” гэж бичсэн бөгөөд А.А хувьд үгүйсгээгүй байдаг. Уг чатад шүүхийн журмаар үзлэг хийлгэж, хэрэгт хавсаргасан бөгөөд хууль ёсны баримт юм. Гэтэл анхан шатны шүүх утас худалдан авсан талаарх баримт байхгүй гэж, нэхэмжлэгчийн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

         Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Нэхэмжлэгч О.М нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний хооронд түлш зээлээр худалдсан харилцааг хууль бус болохыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон. Өөрөөр хэлбэл О.М нь “Г г” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа түүнд түлш зээлээр олгох эрх олгоогүй байхад зээл олгосон ..., гэж буруутгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Нэгэнт талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон байхад талуудын хооронд худалдах худалдан авах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан болно. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 306/ШШ2025/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

        5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гол асуудал нь А.А гэх иргэнд залилан мэхлүүлсэн. О.М зээлээр өгсөн шатахууны төлбөрөө буцааж авахгүй байгаа энэ асуудлыг анхнаасаа шалгаагүй. Прокурорт гомдол гаргаад анхны шүүх хурал дээр хавтаст хэрэгт нотлох баримт байсаар байтал цагдаагаасаа буцаагдаад шалгагдаагүй. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж прокурор шалгаагүй гэдэг байр суурь дээрээ бат зогсож байна. Иргэний хуулиараа ярихад А.А нэхэмжилж байгаа үнийн дүн бол эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлээгүй. Энэ хэрэгт хавсаргасан баримтаас үзэхэд 4 ширхэг банкны хуулга байгаа. Энэ захиран зарцуулсан хуулгаар О.М дансанд нэг удаа орсон нь нотлогдож байгаа. Бусад хуулгаар нотлогдохгүй байгаа. Гэтэл анхан шатны шүүх шийдээд хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбатын гаргасан гомдолтой санал нэг байна. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Г гэгч нь А.А эхнэр Б.Б дансанд хийчихсэн. Гэтэл О.М дансанд хийгдсэн нэг л баримт байдаг. Тийм учраас үүнийг үндэслээд захиран зарцуулах баримт дутуу, тооцоо нийлээгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар  зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөхийн тулд зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэдэг байр суурьтай байна. Хэргийн материалыг сайн шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Дөрвөн ширхэг дансны хуулга байгаа. Түүний нэг нь л нэхэмжлэгч О.М дансанд орсон. Бусад нь А.А эхнэр Б.Б дансаар гарсан байгаа. Б.Б дансыг нарийн сайн шинжлэн судлаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

   6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуугийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ зээлээр олгосон түлшний мөнгө гэж шаардсан. Одоо давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг гомдол гаргасан байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь 1-рт: ойлгомжгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. Яг ямар үндэслэлээр энэ мөнгийг шаардаад байгаа гэдэг асуудал ойлгомжгүй байна. 2-рт: хэрвээ талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ байгуулагдсан гээд байгаа гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч ер нь нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдэг асуудал яригдана. А.А иргэн О.М шатахуун аваагүй, мөн иргэн О.М шатахууныг бусдад зуучилж борлуулж өгөөгүй. Өөрөөр хэлбэл “Г г гэдэг компанийн түлшийг бусдад зуучилж худалдан борлуулж өгсөн. Өөрөө ч гэсэн 3 тонн түлшийг авсан ийм зүйл байдаг. Тэгэхлээр О.М бол “Г г компанийг төлөөлж энэ нэхэмжлэлийг гаргаагүй. Энэ компаниас нэхэмжлэлийг гаргах эрхийг аваагүйгээр компаниас бусдад олгосон түлшний мөнгийг шаардах нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө шаардах эрхтэй эсэх асуудлыг үүсгэнэ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж бодож байна. Хэрвээ О.М өөрийгөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд, энэ түлшний мөнгийг шаардах эрхтэй этгээд гэж үзсэн тохиолдолд бид нар тооцоог нь гаргаж өгсөн. Энэ тооцооллоор түлшний мөнгө бүрэн төлөгдсөн байсан. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Хэрвээ О.М А.А нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн тохиолдолд дан ганц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл энд худалдах, худалдан авах харилцаанаас гадна зуучлалын харилцаа давхар байгаа. 15,4 тонн түлшний 3 тонныг нь А.А өөрөө худалдаж авсан, бусад түлшийг О.Н, Н.Г гэдэг этгээдүүдэд зуучилж холбож өгч, худалдан борлуулж өгсөн ийм үйл явдал болсон байдаг. Н.Г, О.Н нар нь шууд төлбөрөө “Г г компанийн дансанд шилжүүлсэн. Мөн О.М дансанд шилжүүлсэн баримтуудаас харахад дан ганц А.А энэ түлшийг өөртөө худалдан авсан юм байна гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Тэгэхээр талуудын хооронд хэрвээ иргэний эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний харилцаа зуучлалын гэрээний харилцаа холимог харилцаа үүссэн. Энэ харилцаанаас үүдэлтэй төлбөрүүд бүхэлдээ төлөгдөж дууссан. Энэ талаарх дансны хуулга холбогдох тооцооллыг нь бид нар анхан шатны шүүх дээр дэлгэрэнгүй гаргаж өгсөн. А.А хувьд 3 тонн түлшний мөнгөө хоёр хувааж төлсөн нь нотлогддог. Бусад 07 дугаар сарын 26, 27, 28-ны өдөр,  08 дугаар сарын 02, 03, 04-ний өдрийн түлшний мөнгөнүүдийг Н.Г, О.Н нар нь шууд шилжүүлсэн. Дээрээс нь “Г г компанийн дансанд шилжүүлсэн тооцоолол зөв байгаа. Тэгэхээр миний санал бол гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

           1. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч А.А холбогдуулан түлшний төлбөр 38,400,000 төгрөг, гар утасны төлбөр 900,000 төгрөг нийт 39,300,00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан ба хариуцагч нь “түлшний мөнгийг бүрэн төлсөн, гар утас зээлээр авахуулаагүй” гэсэн үндэслэлээр маргаж, хүлээн зөвшөөрөөгүй.

              2. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбат  эс зөвшөөрч “талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэсэн агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.  

          3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн дараах үйл баримтууд тогтоогдлоо.

           3.1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 306/ШЗ2025/00149 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 109-111/-аар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуугийн “эрүүгийн 2217001200054 дугаартай хэрэгтэй танилцаж, шаардлагатай баримтыг хуулбарлан авах” хүсэлт гаргасныг хангасан ба Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/147 дугаартай албан бичиг /хх-ийн 119/-ээр шүүгдэгч О.М холбогдох 2 хавтас эрүүгийн хэргийг ирүүлсэн байна.

        Шүүх хуралдааны явцад зохигч талуудын хүсэлтээр эрүүгийн хэргээс Б.Б дансны хуулга, А.А Хас банкны дансны хуулга, гэрч А.Э, Н.Г, Т.М нарын мэдүүлэг /хх-ийн 130/-ийг шинжлэн судалсан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа дээрх баримтуудыг үндэслэжээ.

            Давж заалдах шатны шүүхэд иргэний хэрэгтэй хамт 2 хавтас эрүүгийн хэргийг ирүүлсэн. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.”, 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэж тус тус заасан.

       Анхан шатны шүүх, эрүүгийн хэрэгт байгаа баримтыг хуульд заасан журмын дагуу иргэний хэрэгт хавсаргаж, бэхжүүлэхгүйгээр шууд шинжлэн судалж, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

          Тухайлбал, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэснээр прокурорын газрын архивт хадгалагдаж буй эрүүгийн хэргийн баримтыг иргэний шүүх хуулбарлах эрхгүй бөгөөд тухайн хэргийн баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж иргэний хэрэгт хийгээгүй тохиолдолд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт гэж үзэхгүй.

          3.2. Мөн  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбатын хүсэлтийг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШЗ2024/00996 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, О.М, А.А нарын фэйсбүүк чатанд үзлэг /хх-ийн 103-104/ хийх ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д зааснаар үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй нь  мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэсэнд хамаарахаар байна.

            Тодруулбал, үзлэгийн тэмдэглэлд “...чатанд дурдагдсан цаасан хэлбэртэй зураг, чатанд бичсэн өгүүлбэрүүд, гар утасны тооны машин дээр бодсон зурган тооцоолол...” гэх мэтээр тэмдэглэснээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдал үзлэгээр тогтоогдсон нь тодорхойгүй байна.

          Өөрөөр хэлбэл фэйсбүүкийн чат болох цахим харилцааг бичмэл хэлбэрт хуулбарласан баримт нь эх хувь буюу цахим баримттай тохирч байгаа эсэхийг шалгаж, шүүх үзлэг хийхдээ ямар цахим төхөөрөмжөөр нэвтэрч үзлэг хийсэн нь тодорхойгүй, ямар үг, үсэг, зураг зэргээрээ цахим баримттай тохирч байгааг тэмдэглээгүй, үзлэгийн үр дүнг гэрэл зураг, бусад хэлбэрээр бэхжүүлээгүй байх тул үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт гэж үзэх боломжгүй.  

        3.3. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Г нь нэхэмжлэгч О.М төрсөн эх байхад Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14/-д заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ... эрхтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.7-д заасан “Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэснийг зөрчиж шууд Эрүүгийн хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болжээ. 

            4. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            5. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлын үндэслэлийг дүгнэж шийдвэрийг хүчингүй болгоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

         6. Эрүүгийн хэргийг прокурорын архивт нэн даруй буцаан хүргүүлэхийг анханы шатны шүүхэд анхааруулж байна.  

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 306/ШШ2025/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.НАРАНЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                 А.САЙНТӨГС

            ШҮҮГЧ                                                 О.ОДНЯМАА