Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах 

             Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

              Шүүгчдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

              Хохирогч                                             Т.Бж

                         Шүүгдэгч                                         Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эт холбогдох 1932000000074 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1976 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт * оршин суух, урьд өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэнийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18/А шийтгэх тогтоолоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Онход овогт Бат-Эрдэний Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гандангийн задгайд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Бжыг байнга буюу удаа дараа эрх чөлөөнд нь халдаж харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: ... Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бж мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орой Б.Э архи уучихаад намайг хэвтэж байсан чинь босож ирээд учир зүггүй нүүр лүү цохиж аваад, дээрээс гараараа бас хөлөөрөө өшиглөсөн. Чи яагаад цохиод байгаа юм бэ гэхээр дийлэхгүй байсан. Том хүүхдүүд байхгүй байсан юм. Архи уухаараа хаа хамаагүй хүн рүү давшина. Юм л бол гэрийн хаалга өшиглөөд, аяга таваг гээд шидэхгүй юм байхгүй. Намайг 6 сар шоронд явуулсан ална чамайг гээд заналхийлж байна. Хүүхдүүд гэрт оруулах гэхээр өөдөөс нь өшиглөөд үнэндээ дийлэхгүй байгаа юм чинь. Одоо 22 жил хамт амьдарч байна. Байнга зодуулна. Надад хүнд байна. Би эмчилгээ хийлгээд одоо биедээ хоёр хагалгаатай. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой л байна гэв.

Хохирогч Т.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед Б.Э приус мод бооно гэж хэлээд гарч яваад орой 20 цагийн үед согтуу орж ирэхэд нь би зурагт үзээд гэрийнхээ шалан дээр ороо засаад хэвтэж байсан. Би Эт аягатай хоол ширээн дээр байгаа хоол ид гэж хэлсэн. Э хоолоо идээгүй, юм ч хэлээгүй орон дээр гараад хэвтсэн, жоохон хэвтэж байснаа Э гэнэт босож ирээд намайг учир зүггүй цохиж зодоод байхаар нь би юу ч хэлээгүй гараад явсан. Би 4 бага хүүхдээ аваад өөрийн ээж Эчийн гэрт очсон. Ээж эмнэлэг, цагдаа хоёр дуудсан. … эхлээд миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь би боль гэж хэлэхэд Б.Э гараараа миний бөөрөн тус газар 2 удаа цохисон. Бас миний хөл рүү Э хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Урьд нь бас миний нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулж байсан. Сүүлд архи уучихаад чи намайг 6 сар шоронд явуулсан гэж хэлээд занаад би өөрөө үхчихье гэж хэлээд толгойгоороо юм мөргөдөг, тэгээд бид нар луу сэрээ, халбага, аяга шанага шиддэг, уурлахаараа гэрийн хаалгыг өшиглөөд гараад явдаг. 2019 оны цагаан сарын дараахан Б.Э бас согтуу орж ирээд намайг орон дээр гаргаад намайг өшиглөж, цохиод хоолой боогоод ална гэж хэлээд дайраад байсан. .. намайг зодсон нь 2 удаа болж байна. … энэ гэрийг чинь шатаана гэж сүрдүүлдэг гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/

Гэрч Р.Эч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … гэртээ байж байхад манай том охин Бж 4 бага хүүхдээ дагуулаад орилоод манай гэрт ороод ирсэн, би яасан бэ, юу болсон бэ гэж асуухад манай охин Т.Бж манай нөхөр Э миний нүүр лүү өшиглөсөн гэж хэлэхээр нь би нүүр лүү нь харахад аймар хавдчихсан байхаар нь чи түргэн дууд бас цагдаад дуудлага өг гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-р хуудас/

Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би уурлахаараа хамаг юм салгалаад байдаг. Би орон дээр хэвтэж байгаад эхнэр Бжын нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн, тэгсэн манай эхнэр Бж чи миний хацар луу өшиглөлөө гэж хэлэхэд нь гайгүй биз дээ гэж хэлэхэд Бжын жавжнаас нь цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудна гэж хэлэхэд гараад явсан. … Бжын нүүрэн тус газар нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би эхнэр Бжын эрх чөлөөнд халдаж байсан, нэг удаа шүүхээр 6 сарын баривчилгаанд явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №82 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 

1. Т.Бжын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар хэсэгт цус хуралт, хамарны баруун доод хэсэгт зулгаралт, баруун хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 21-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 7-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Эын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 30 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /38 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 41-48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гандангийн задгайд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Бжыг байнга буюу удаа дараа эрх чөлөөнд нь халдаж харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Т.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн “...Э гэнэт босож ирээд намайг учир зүггүй цохиж зодоод байхаар нь би юу ч хэлээгүй гараад явсан. Би 4 бага хүүхдээ аваад өөрийн ээж Эчийн гэрт очсон. Ээж эмнэлэг, цагдаа хоёр дуудсан. … эхлээд миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь би боль гэж хэлэхэд Б.Э гараараа миний бөөрөн тус газар 2 удаа цохисон. Бас миний хөл рүү Э хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Урьд нь бас миний нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулж байсан. Сүүлд архи уучихаад чи намайг 6 сар шоронд явуулсан гэж хэлээд занаад би өөрөө үхчихье гэж хэлээд толгойгоороо юм мөргөдөг, тэгээд бид нар луу сэрээ, халбага, аяга шанага шиддэг, уурлахаараа гэрийн хаалгыг өшиглөөд гараад явдаг. 2019 оны цагаан сарын дараахан Б.Э бас согтуу орж ирээд намайг орон дээр гаргаад намайг өшиглөж, цохиод хоолой боогоод ална гэж хэлээд дайраад байсан. .. намайг зодсон нь 2 удаа болж байна. … энэ гэрийг чинь шатаана гэж сүрдүүлдэг...”  гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/, Гэрч Р.Эчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...манай охин Т.Бж манай нөхөр Э миний нүүр лүү өшиглөсөн гэж хэлэхээр нь би нүүр лүү нь харахад аймар хавдчихсан байхаар нь чи түргэн дууд бас цагдаад дуудлага өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-р хуудас/, Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би уурлахаараа хамаг юм салгалаад байдаг. Би орон дээр хэвтэж байгаад эхнэр Бжын нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн, тэгсэн манай эхнэр Бж чи миний хацар луу өшиглөлөө гэж хэлэхэд нь гайгүй биз дээ гэж хэлэхэд Бжын жавжнаас нь цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудна гэж хэлэхэд гараад явсан. … Бжын нүүрэн тус газар нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би эхнэр Бжын эрх чөлөөнд халдаж байсан …” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №82 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 21-р хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 7-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Б.Эыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гандангийн задгайд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Бжыг байнга буюу удаа дараа эрх чөлөөнд нь халдаж харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хэр хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Эт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Онход овогт Бат-Эрдэний Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1, 1.2-д зааснаар Б.Эыг 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай. 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Эын эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.