Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00124

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Дт холбогдох 1932001090133 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эргэтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвцогтын Д. /РД:*/

 

           Шүүгдэгч П.Д нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг Сайрын ам гэх газраас иргэн Ч.Ббын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны 8 настай сартай хул зүсмийн гүүг бусдад зарж борлуулан завшиж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Дын өгсөн…. ...  2019 оны 05 дугаар сарын дундуур Төв аймаг Батсүмбэр сумын иргэн Ч.Бб нь манай сартай хар зүсмийн азарганаас төл авъя гээд сартай хул зүсмийн гүү хураалгаж адуунд тавьсан юм. Уг гүүг би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Цб гэдэг хүнд 800000 төгрөгөөр худалдсан. Бекболоат хүрч ирээд миний танай адуунд тавьсан гүү алга болсон байна гэхээр нь тухайн үед би түүнд хүнд зарсан гэж хэлэлгүй тэр хавийн газруудаар хамт хайлцсан. Тэгээд гүүгээ олоогүй гээд Бб яваад өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа цагдаа нар манай гэрт ирээд намайг авч явахаар нь би үнэнээ хэлсэн. Би Ббад гүүнийх нь оронд унагатай гүү өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Ц.Цбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д миний 88206969 дугаарын утас руу холбогдоод ахаа хүүхдийн бие муу байна би Улаанбаатар хотод явж байна мөнгөний хэрэг болоод байна 1 тооны гүү худалдъя гэхээр нь би Хаан банкны данс руу нь 800000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр найз Анхбаяр, Нангил, Батсэлэнгэ, Нямаа нарын хамт Түнхэл тосгонд очиж Дтай уулзахад Сайрын ам гэх газар бэлчиж байсан адуугаа айлын адууны хашаанд хашиж байгаад сартай хул гүү барьж өгөөд уг гүүг нь тэнд нь нядалж бэлтгээд цэнхэр өнгийн портер маркийн 33-14 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Улаанбаатар хотын Хүчит шонхор махны захад очиж худалдан борлуулсан юм гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Эд зүйлд буюу 1 тооны адууг 800000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоох комиссын дүгнэлт /Хх-н 27 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 36 дугаар хуудас/

П.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 37 дугаар хуудас/

            П.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 39 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Ббын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хохирлоо бүрэн хэмжээнд төлүүлж авсан, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч П.Д нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг Сайрын ам гэх газраас иргэн Ч.Ббын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны 8 настай сартай хул зүсмийн гүүг бусдад зарж борлуулан завшиж 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хууль зөрчөөгүй, мөн эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч П.Д нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшсан болох нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

 

Шүүгдэгч П.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, мөн шүүгдэгч П.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвцогтын Дыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг усдад худалдаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Дт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН