Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 203/МА2025/00028

 

“******* ******* ******* Ди *******” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2025/00073 дугаар шийдвэртэй,

“******* ******* ******* Ди *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“******* жет” ХХК-д холбогдох

82,750,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Э.******* түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх /цахим/, хариуцагчийн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ачаа тээвэрлэх болон бөөний худалдаа хийх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймаг ******* сумын 3-р баг, *******-******* Нисэх буудал явах замын баруун талд хаягт өөрийн эзэмшлийн газарт 352,8 м.кв талбай бүхий ажилчдын байрны барилгын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “******* Жет” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн болно.

Тус гэрээний дагуу “******* Жет” ХХК /Захирал: Э.*******/ нь барилгын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэсэн бөгөөд 2 талын компанийн төлөөллүүд байлцуулж барилгын өрөө бүрээр явж хянаж үзэхэд дотор заслын ажлууд барилгын норм стандартын бус далий муруй, обойн арын ханын шавар эмульс арзайсан, бүх булан тохойнууд далий муруй, хаалганы налечникийн нийлж байгаа өнцгүүд далий, шалны шахалт овон товон үүссэн, таазны нийлсэн хэсгээр хагархай үүссэн, таазны суурилуулалт далий, цонхны амлагаа дутуу зай засвар гарсан байх, сангийн трубануудын гагнуур хийсэн хэсгээр ус гоожсон байдалтай байх, будахаасаа өмнө зүлгүүр хийлгүй шууд будсан зэрэг ажлын дараалал бүр дээр алдаа гаргаж барилгын стандарт нормын дагуу хийж гүйцэтгээгүй нь тогтоогдсон.

Асуудлын талаар тухай бүрд нь “******* Жет” ХХК-ийн захирал Э.*******ад амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан. Үүнээс хойш 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтаар талууд үүссэн асуудлыг арилгахын тулд тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан хэдий ч “******* Жет” ХХК нь нэг ч ажлыг алдаа дутагдлыг арилгаагүй юм.

Ингээд манай компанийн зүгээс “******* Жет” ХХК-тай гэрээгээ цуцлах тухай 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 02/07 албан тоотоор мэдэгдсэн болно. Энэ хугацаанаас хойш “******* Жет” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын дээвэр 2023 оны 05 дугаар сард салхинд хийсэж нурсан ба гадна фассадны будаг хууларч унасан.

Манай компани нь “******* Жет” ХХК /захирал: Э.*******/-д дээрх дурдсан шалтгаанаас үүссэн ажлуудыг барилгын норм стандартын дагуу гүйцэтгэхэд манай компаниас 82,750,275 төгрөгийн зардал гарсан тул “******* Жет” ХХК /Захирал: Э.*******/-аар бүрэн барагдуулуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Э.******* болон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн алдаа дутагдал байсан уу гэвэл байсан өөрөөр хэлбэл обой сөрдийх энд тэнд буланд ганц нэг дутуу юм байх паарны будгийг бүрэн гүйцэт хийгээгүй байх гэх мэтчилэн барилга болгон дээр л байдаг энийг мэдээж бүгдийг бүрэн дүүрэн болгож байж хүлээлгэж өгдөг, тэр үед цагаан сар таараад ажил түр зогссон.

Энэ хүрээ гарниз дээд доод хүрээ бүх хаалганууд суусан. Энэ барилга нэг өрөөнөөс бусад нь бүгд ингээд хүрээ баримал бүх юм нь хийгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “******* жет” ХХК-аас 22,727,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 60,023,275 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* жет” ХХК-аас 271,585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 144/Ш32024/00202 дугаартай шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нар давж заалдах гомдолдоо: ...Тухайн барилгын ажлыг хариуцагч тал бүрэн гүйцэтгээд дуусах шатанд нэхэмжлэгч талаас барилгын дээврийн хайрцгийг хийх материалаа ирүүлэхгүй удсан, зарим нэг дотор заслын ажлууд, обой хуйларсан, эмульс арзайсан, шалны шахалт овон товон, цонхны амлагаа дутуу зэрэг хийж болох, хүлцэх алдаанууд байсантай холбоотойгоор барилгын ажил түр саатсан байх ба үүнээс улбаалан талууд гэрээгээ цуцалсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээ цуцлагдсан нь захиалагч талын буруутай нь нотлогдоогүй, захиалагчийн буруутайг гүйцэтгэгч тал нотлох үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор захиалагч талд хохирол учирсан, тиймээс дахин засварлах материалын зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тухайн барилгыг засварлахад шаардагдах материалын зардал гэх хүснэгтийг үндэслэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн барилгад засвар хийх шаардлагатай эсэх, шаардлагатай бол аль хэсэг нь доголдолтой болоод ямар ямар засвар хийх, ямар ямар зардал шаардлагатай байгаа, ямар ямар засвар хийх, хэдэн төгрөгийн зардал гарах эсэхийг нотолсон баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, үүнийг өөр баримтаар нотлоогүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт байдаггүй, тухайн дээврийн ажлыг хэзээ, хэнээр, хэрхэн гүйцэтгүүлсэн, засварлахад мөн хэдэн төгрөгийн зардал гарсан зэргийг нэхэмжлэгч нотлоогүй. Анхан шатны шүүхээс ч тухайн барилгын аль хэсэг нь барилгын норм стандартыг зөрчсөн, ажлын үр дүнгийн доголдол байсан, аль хэсгийг дахин засварлах шаардлагатай талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дахин засварлах материалын зардал гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн тухайн барилгын дээвэр хэсэг бүрэн хийгдээгүй, дээврийн хайрцгийг хийгээгүй байхад гэрээг цуцалсан бөгөөд гэрээ цуцалснаас хойш хэдэн сарын дараа дээвэр нь байгалийн давагдашгүй хүчний шинжтэй хүчин зүйл болох шороон шуурганд зарим хэсэг нь нурсан байдаг ба уг дээврийг дахин засварлахад хэдэн төгрөгний зардал гарсан талаар мөн нотлох баримт байдаггүй.

Хариуцагч талаас тухайн барилгын ажлын хөлсөнд 30 сая төгрөг авах дутуу байгаа, үүнийгээ тухайн барилгыг засварлах зардалдаа суутгах талаар харилцан тохиролцсон, шүүх хуралдаан дээр ч нэхэмжлэгч талаас үлдэгдэл төлбөртөө тухайн барилгыг засварлуулах талаар санал гаргаж байсан. Гэтэл шүүхээс төлбөр бүрэн төлөгдсөн, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна, тиймээс хохирлыг хариуцагч бүрэн хариуцах, нэхэмжлэгч тал хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхээс ажлын хөлсийг бүрэн олгосон гэж буруу ойлгосны улмаас тухайн барилгыг засварлах, дутуу материалыг хариуцагч хариуцах ёстой гэж буруу шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч буюу захиалагч гэрээ дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй ч барилгын уг барилгыг бүрэн хийхэд шаардлагатай дутуу материалын зардлыг мөн, дутуу орхисон ажлын зарим хэсэг, өөрөөр хэлбэл дээврийн ажил бүрэн хийгдээгүйн улмаас салхинд нурж унасны хохирлыг хариуцах үүрэггүй юм.

*******ймээс шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ******* ******* Ди *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* жет” ХХК-д холбогдох  иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК нь хариуцагч “******* жет” ХХК-д холбогдуулан барилгын засварын зардалд 82,750,175 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “******* жет” ХХК-аас 22,727,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 60,023,275 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шүүхээс ажлын хөлсийг бүрэн олгосон гэж буруу ойлгосны улмаас тухайн барилгыг засварлах, дутуу материалыг хариуцагч хариуцах ёстой гэж буруу шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байгаа тул “шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* жет ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ норм стандартын бус барьсан зарим нэг булан тохой муруй, обой салсан, шалны шахалт овон товон үүссэн, таазны нийлсэн хэсгээр хагархай үүссэн гэх мэт жижиг алдаанууд байна гэж үзээд үүнийг дахиж хийсэн. *******йм учраас 82,750,275 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон байна. Энэхүү алдаануудаас болж нэхэмжлэгч талаас мэдэгдэл ирүүлсэн ба тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр тохироод гарын үсэг зурсан байна.

Тухайн мэдэгдэлд дээврийн талаар болон хохирол төлбөрийн талаар дурдсан зүйл байдаггүй. Хариуцагч тал ажлыг 95 хувьтай хийсэн бөгөөд үлдэгдэл 30 сая төгрөг авах ёстой байсан ба үүнийгээ нэхэмжлэгч талаас ирүүлсэн мэдэгдэлд дурдсан жижиг алдаануудыг засварлаад гарсан зардлыг санхүүжилтээсээ суутгах байдлаар харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон.” гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар маргаагүй байна.

 “******* жет” ХХК, “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 22/03 дугаартай Өмнөговь аймаг ******* суманд барилгын иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хөлсөөр гүйцэтгэх нийт үнэ 150,000,000 төгрөг гэж тодорхойлсон ба 120,000,000 төгрөгийн санхүүжилтийг авсан, 30,000,000 төгрөгийн ажлын хөлсийг өгөөгүй байгаа талаар талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч компани нь барилгын ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч компани доголдлыг арилгахад гарсан зардалд 82,750,275 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч компани нь барилгын засварын ажилд хэрэглэгдэх материалуудын жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч тухайн барилгын материалуудыг Өмнөговь аймгийн ******* суманд байрлах “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн ажилчдын сууцны барилгыг засварлахад ашигласан эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна талуудын байгуулсан гэрээний 11.2-т “Гүйцэтгэгч нь барилгын ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөл зөрчиж хийх, технологийн норм дүрэм зөрчих, өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа дутагдал гаргах зэргээс болж барилгын ажилд доголдол гаргавал ажлын хөлснөөс суутгуулах, эсхүл тухайн ажлыг өөрсдийн хөрөнгө, ажиллах хүчээр нөхөж хийх ба түүнээс үүдэн гарсан цаг хугацаа, эд материалын хохирлыг бүрэн төлнө.”, 11.5-т “Гэрээнд заасан, гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь барилгын стандартын шаардлага хангаагүйгээс алдаа гарч барилга байгууламжид нөлөөлөхүйц ноцтой цууралт үүсэх, нурах зэрэг эвдрэл, гэмтэл гарсан нь акт, баримтаар нотлогдсон тохиолдолд захиалагчдад учирсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцаж барагдуулна.” гэж зааснаар гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхдээ доголдол гаргавал ажлын хөлснөөс суутгуулах, эсхүл өөрсдийн хөрөнгө, ажиллах хүчээр нөхөн хийж, хохирол төлөх, мөн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой гэдгийг акт болон баримтаар нотлогдсон тохиолдолд захиалагчид учирсан хохирлыг гүйцэтгэгчээс шаардахаар тохиролцсон байна.

“******* жет” ХХК, “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн төлөөллүүдийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд “... дахин хийгдэж байгаа бүхий л ажилтай холбоотой материалын зардлыг “******* жет” ХХК нь 100 хувь бүрэн төлнө. Ингэхдээ гэрээний үлдэгдэл санхүүжилтээс хасч тооцуулахаа зөвшөөрөв.” /хавтас хэргийн 18 дугаар хуудас/, “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/10 дугаартай “******* жет” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд “...Тохирсон хугацаанд дээрх зөрчлийг бүрэн арилгаагүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилт олгохгүй бөгөөд гэрээний дагуу алданги тооцож, гэрээг цуцлах арга хэмжээ авна. Мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас дахин хийгдэж байгаа дээрх ажлуудтай холбоотой материал, ажлын хөлсний зардлыг танай санхүүжилтээс хасч тооцох болохыг үүгээр мэдэгдэж байна.” /хавтас хэргийн 19 дүгээр хуудас/ гэснээс дүгнэхэд талууд дахин хийгдэх ажлын хөлсийг үлдэгдэл санхүүжилтээс тооцохоор харилцан тохиролцсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн 82,750,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул гомдол гаргагч нарын шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны  шүүх “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571,701 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2025/00073 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “******* жет” ХХК-аас 22,727,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 60,023,275 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг тус тус баримтлан “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн 82,750,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* жет” ХХК-аас 271,585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-д олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* Ди *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571,701 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “******* Жет” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,586 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

                              ШҮҮГЧИД                                      Л.УГТАХБАЯР

                                                                          Х.ГЭРЭЛМАА