Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00093

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох 1932000830108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбын Д. /РД: */

 

           Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Довын довын № 14 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн А.Ббтай маргалдан түүний нүүрэн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн…. ... 2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөө унтаж байсан чинь Бб, Мөнхбаяр хоёр орж ирээд Мөнхбаяр нь архины мөнгө байна уу гэхээр нь би 15000 төгрөг өгч явуулсан. Тэр хоёр дэлгүүрээс 0.75 граммын архи авчрахаар нь хувааж уусан. Тэгээд би гал түлэх гээд мод зорж байсан чинь Ббтай маргалдаад айлгах санаатай заазуураар нүүр лүү нь далай сан чинь нүүр нь зүсэгдсэн байсан. Тэгээд алчуураар цусыг нь дарахад тогтохгүй байхаар нь ээжийн гэрт дагуулж ороод оёдол тавиулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч А.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....  Тэгээд Мөнхбаяр бид хоёр Дын гэрт орсон. Тэгсэн Д бид хоёрт нэг шил архины мөнгө өгсөн. Мөнхбаяр бид хоёр дэлгүүр орж 0.75 граммын Хараа архи аваад эргээд Дын гэрт очиж Д, Мөнхбаяр бид гурав нөгөө авсан архиа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад сууж байсан чинь Д гэртээ гал түлэх гээд заазуур бариад явж байсан. Тэгсэн бид хоёрын хооронд үл ойлголцол үүсээд нэг мэдсэн чинь миний нүүр лүү заазуураар цохиод авсан. Тэгсэн миний нүүр нил цус болоод би нүүрээ дараад Дын ээжийн гэр лүү явсан. Дын ээжийн гэрт очсон чинь ээж нь миний нүүрийг угааж байгаад дух хэсэгт 3 оёдол тавиад миний цусыг тогтоож өгсөн. Тэгээд би гэр лүүгээ харьсан. УБи Даас бэлнээр 200000 төгрөг авсан. Найз Бат-Эрдэнийн дансаар 1300000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 05-06 дугаар хуудас/

Гэрч Н.Бдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Довын дов хэсэгт амьдардаг юм. Тэгсэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Д болон Мөнхбаяр, Бб нар манай гэрт Ббын дух, хамар, эрүү хэсэгт зүсэгдсэн байдалтай цус гарчихсан ороод ирсэн. Тэгээд би Ббын нүүр гарыг угаасан чинь дух, хамар, эрүү хэсэгт өнгөцхөн зүсэгдсэн байдалтай цус гараад байхаар нь манай гэрт завод оёдол тавьдаг утас байхаар нь нийт 9 оёдол тавиад цусыг нь тогтоогоод өгсөн чинь Бб гэр лүүгээ харилаа гээд явсан гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн № 91 ...... Дүгнэлт:

1.А.Ббын биед духны зүүн хэсгээс зүүн хөмсөгний дотор хэсэг хүрсэн, хамрын зүүн нүхний дээд хэсэг, дээд уруулын зүүн хажуу хэсэг, доод уруулын зүүн талаас доош эрүү чиглэлтэй сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шархны сорви өөрийн ердийн явцаар арилахгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй  гэх /Хх-н 14 дүгээр хуудас/

Ногоон алаг иштэй заазуурыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 25-26 дугаар хуудас/

Б.Дын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 27 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Довын довын № 14 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн А.Ббтай маргалдан түүний нүүрэн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Дын хохирогч А.Ббын нүүрэн тус газарт заазуураар нэг удаа цохисон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.Бб нь 1500000 төгрөгийг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон алдаг өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Бямбын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон алаг өнгийн иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН