Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 203/МА2025/00029

 

 С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00117 дугаартай шийдвэртэй,

С.*******ын нэхэмжлэлтэй

“*******” ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******ын нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл ба тайлбарын үндэслэл: С.******* би 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс “*******” ХК-д захиргааны үйлчилгээний жолоочоор томилогдон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Гэтэл компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс Б-114 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай захирлыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсний дараа “Чи захирлаа дагаад гарах ёстой, өргөдлөө өг” гэж удаа дараа шахсан, амьдарч байсан байрнаас гаргаж, албаны машин хурааж авсан, өглөө бүр засвар механикийн албанаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурдаг байсан боловч “танд наряд битгий өг гэж дээрээс хэлсэн” гээд зааварчилгаа өгөхөө больсон гэх мэтээр янз бүрийн шахалт үзүүлж, өргөдлөө өгчих, 1 сарын дараа буцааж авна гэж албаны дарга ******* хэлсэн, энэ мэтээр ажил хийхэд маш хэцүү байсан учраас аргагүйн эрхэнд өргөдлөө өгч ажлаас гарсан. Миний бие цаашид компанидаа тогтвор суурьшилтай ажиллах бодолтой байсан боловч удирдлагуудын дарамт шахалт үнэхээр хэцүү байсан нь өргөдөл бичиж ажлаас гарахад хүргэсэн, 1 сарын дараа эргэж дуудах байх гэж хүлээсэн боловч амласан ёсоороо дуудаагүй би өргөдөл дээрээ “удирдлагын гаргасан саналын дагуу” гэж бичсэн байгаа.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг “*******” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын цалин 2 235 188 төгрөг, 6 сараар тооцож үзэхэд нийт цалинд 25 642 635 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын үндэслэл: “*******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б-114 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар тус компанийн жолоочийн албан тушаалаас С.*******ыг түүний гаргасан хүсэлтээр чөлөөлж шийдвэрлэсэн. С.******* нь 2024 оны 3 дугаар сараас эхлэн ажилдаа ирэхээ больсон бөгөөд үүрэгт ажлаа хийх талаар түүний утсаа мэдэгдэх гэж удаа дараа залгасан боловч утсаа авдаггүй, хамт ажиллаж байгаа хүмүүсээр нь дуудуулдаг боловч ирж уулздаггүй байсан юм. Ийнхүү тэрээр өөрийн биеэр ирж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд манай компанийн зүгээс хуульд заасны дагуу ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн мөн сул зогсолтын хугацаа дуусч ажил эхлэх үеэр жолоочийн албан тушаалд эргэн орох боломжтой талаар санал гаргаж байсан боловч тэрээр ажлаас чөлөөлөгдөх тушаал гарснаас хойш эргэн ажилдаа орох хүсэлт гаргаагүй болно.

С.******* нь дээрх тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардан авсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг эс хүлээн зөвшөөрч Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх бөгөөд энэ талаар тус гурван талт хорооноос манай компанид 2024 оны 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн байдаг, Энэ хүртэлх цаг хугацаанд манай компанийн гаргасан дээрх тушаалтай холбогдуулан С.******* нь ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй хэмээн ойлгож байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд оролцсон. С.******* нь маргаан бүхий тушаалыг гардан авсан өдрөөс хойш Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах, энэхүү гомдлыг хүлээн авсан гурван талт хороо нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан байдаг.

Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажил олгогчийн шийдвэрийг С.******* нь хүлээн авсан атлаа холбогдох байгууллагад хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр маргааныг шийдвэрлэж байгаагаас харахад тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. С.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1- т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээлгэх асуудлаар хүсэлт гаргасан, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт байхгүйг дурдах нь зүйтэй болов уу.

Иймд С.*******ын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан, мөн тэрээр хуульд заасан хугацааг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул С.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан С.*******ын нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 286.170 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.*******т буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С.*******ын нарын давж заалдах гомдлын агуулга: Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг “*******” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 25 642 635 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж, намайг шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба 2024 оны 05 дугаар 16-ны өдөр аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, дээрх хороо нь бүрэлдэхүүн бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар миний асуудлыг шийдвэрлэхгүй 8 сарын хугацаа өнгөрсний дараа 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо хуралдаж, зохигч талууд эвлэрээгүй тул шүүхэд хандах эрх нээлттэй гэсэн хариуг хурлын тэмдэглэлээр өгснөөр би хуульд заасан хугацаанд Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энд би хуулийн хугацаа хэтрүүлсэн алдсан зүйл байхгүй, халагдсанаас хойш 24 хоногийн дараа аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах хороонд гомдол гаргасан, хэрвээ би хугацаа хэтрүүлж, гомдол гаргасан бол тус хороо миний гомдлыг хүлээж авахгүй байсан. Би Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны дугаар 144/ШШ2025/00117 шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээрт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 154.2, 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан С.*******ын нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч, Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг дахин анхаарч үзэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* миний бие 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Таван толгой” ХК-д захиргааны үйлчилгээний жолоочоор томилогдсон. Энэ хугацаанд буюу ажлаас халагдах хүртлээ ямар ч зөрчилгүй ажилласан. Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хугацаандаа гомдол гаргаагүй гэсэн байдаг. Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо хугацаандаа гаргасан. Тэгээд хуулийн дагуу гаргасан гомдлынхоо талаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос асуудаг байсан. Яагаад танайх хариу өгөхгүй байна гэхэд манай бүрэлдэхүүн бүрдээгүй байна гэж хэлдэг байсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж хариу өгсөн. Би Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг авч өгсөн байгаа. Тэгээд намайг ажлаас халагдсан, 03 дугаар сард дуудаад байсан гэдгийг хамт амьдарч байсан байрны хүмүүс нотолно. *******, түлшний нярав байсан ******* нар нотолж хэлнэ. Би ажлаасаа яваагүй. Ажлын байран дээрээ цагаа бүртгүүлээд байж байсан. Ажлаа хаяж явсан юм байхгүй. Утсаар дуудсан юм байхгүй. Над руу тэгж утсаар яриагүй. Яг л тэр ажлын байран дээрээ байсан учраас дуудах учир байхгүй. Засвар үйлчилгээний албаны тоо бүртгэгч ******* мэдэж байгаа. Намайг дуудаж би гэсэн портер унаж байхад засвар үйлчилгээний албаны дарга ******* дуудаж сарын дараа дуудна, ажлаа өг гээд шахсаны улмаас би итгээд ажлаа өгөөд явсан. Бусдаар ажил хаяж явсан юм надад байхгүй. Зохих хугацаанд нь ажлаа хийгээд л ажлын байран дээрээ байсан гэдгийг гэрчлэх хүмүүс байгаа гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.*******ын зүгээс нэгдүгээрт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө компанид гаргасан байдаг. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байдаг. Тэгээд энэ эрхийнхээ хүрээнд гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй. Тухайн цаг хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллага буюу гурван талт хороо байгуулагдаагүй байсан гэж яригддаг. Тэгээд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад хэзээ гомдол гаргаж байсан нь ч тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас шүүхэд Хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудлаар хандах, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг анхан шатны шүүх дээр гаргаж байсан. Мөн давж заалдах шатны шүүх дээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол дээр энэхүү тайлбараа хэлэх нь зүйтэй байх. Нэгдүгээрт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Хоёрдугаарт шүүх хэрвээ ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд хуульд заасан хугацааг хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүхээс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж миний хувьд үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

       1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.******* нь “*******” ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б-114 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал болон энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч, С.******* нь тус компанийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочийн ажлыг эрхэлдэг байсан талаар тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, энэ талаар зохигчид маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь нотлох баримт мөн болно.

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулна.

4.1. “*******” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б-114 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Дээрх тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журам болон хуулийн заалтаас үзэхэд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх агуулгатай байна.

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... Манай захирлыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсний дараа “Чи захирлаа дагаад гарах ёстой, өргөдлөө өг” гэж удаа дараа шахсан, амьдарч байсан байрнаас гаргаж, албаны машин хурааж авсан, өглөө бүр засвар механикийн албанаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурдаг байсан боловч “танд наряд битгий өг гэж дээрээс хэлсэн” гээд зааварчилгаа өгөхөө больсон гэх мэтээр янз бүрийн шахалт үзүүлж, өргөдлөө өгчих, 1 сарын дараа буцааж авна гэж албаны дарга ******* хэлсэн, энэ мэтээр ажил хийхэд маш хэцүү байсан учраас аргагүйн эрхэнд өргөдлөө өгч ажлаас гарсан” гэж,

4.3 Хариуцагч татгалзлалын үндэслэлээ “... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажил олгогчийн шийдвэрийг С.******* нь хүлээн авсан атлаа холбогдох байгууллагад хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр маргааныг шийдвэрлэж байгаагаас харахад тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж тус тус тайлбарладаг.

Зохигчдын маргааны зүйл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан санаачилсан эсэх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

5. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б-114 дугаар тушаалыг мөн өдөр гардан авч, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, тус хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсон. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “ Гомдол гаргагчаас гаргасан гомдол, түүний шаардлага хэсэгт: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж байна” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан байна.

Дээрх тэмдэглэлээс үзвэл ажилтан нь өөрийн санаачилгаар бус хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай тушаалыг эс зөвшөөрч, уг маргаанаа шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандаж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

6. Маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан санаачилсан эсэх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1 Нэхэмжлэгч нь ажил хийхэд маш хэцүү байсан учраас аргагүйн эрхэнд өргөдлөө өгч ажлаас гарсан талаар зохигчид маргаагүй боловч хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй тухайгаа тайлбарласан.

6.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй., 79.2.Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно., 79.3.Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж тус тус зохицуулсан.

6.3 Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “ Гомдол гаргагчаас гаргасан гомдол, түүний шаардлага хэсэгт: Өргөдлөө өгчих, 1 сарын дараа буцааж авна гэсэн гэсэн учир би өргөдлөө өгсөн” гэж тусгагджээ./хх-8/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл эрмэлзэл өргөдөл өгөх үед ч, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гарах үед ч байгаагүй нь тогтоогдож байна гэж үзэх нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. 41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зохицуулсантай нийцнэ гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн харилцааны нэг төрөл тул уг гэрээний талууд нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч өргөдөл гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүй, гагцхүү ажилтны өөрийнх нь сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой.

Иймд дээрх үйл баримтаар ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч С.*******ын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад шаардсан үнийн дүнгээс их дүн гарч байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 642 635 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна..

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн, энэ зөрчил арилаагүй байгаа, шүүхээр хамгаалуулах эрхээ өөрөө илэрхийлэх эрхтэй, энэ эрхийн дагуу гаргасан талуудын санаачилга буюу нэхэмжлэл, хүсэлтийн хүрээнд шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 66 дугаар зүйлд тухайлан зохицуулсан ба нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллээс өөр үндэслэлд дүгнэлт хийх нь диспозитив зарчим зөрчигдөх үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

8. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулж зөвтгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00117 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “С.*******ын нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “С.*******ыг урьд эрхэлж байсан “*******” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтсийн засвар үйлчилгээний албаны захиргаа, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 25,642,635 төгрөгийг “*******” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.” гэж,

2 дахь заалтад “хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамж  286,163 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,563 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Т.ДЭЛГЭРМАА

                                                                                      Л.УГТАХБАЯР