Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00098

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Э.Гантулга

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюун

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Дд холбогдох 1932000730102 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймаг Мөрөн суманд 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 14 нас 05 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, ихрийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Баянгол сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн 8а ангид суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Оюуны Д. /РД:*/

 

Өсвөр насны шүүгдэгч О.Д нь 14 насанд хүрээгүй О.Билгүүн, З.Иошуа, С.Сб нартай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын төвд байрлах хөдөө аж ахуйн худалдааны төвийн байранд нэвтрэн орж иргэн Б.Осгийн лангуунаас 327950 төгрөгийн эд зүйл, бэлэн 70000 төгрөгийг хулгайлж, нийт 397950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дий өгсөн ......... 2019 оны 03 дугаар сарын 29-ний орой  гэртээ байж байтал гаднаас О.Билгүүн, З.Иошуа, С.Сб гурав ирээд манай гэрт тоглосон. Тоглож байгаад манай гэрээс гарч цэргийн байрны хажууд архины шил хагалж тоглож байсан чинь Содоо худалдааны төвийн арын цонх онгорхой байх шиг байна гээд очоод цонхыг гараараа түлхэж онгойлгосон. Хамгийн түрүүнд Содоо, Иошуа, Билгүүнээ гурав орсон би дараа нь орсон. Тэгээд худалдааны төвөөс чихэр боов печень зэрэг зүйлүүдийг авч гараад манай гэрт ирээд идэж уусан. Тэгтэл Содоогийн ээж нь утасдаад Содоо гэр лүүгээ харьсан. Бид хэд манайд хоноод өглөө нь Иошуа харьлаа гээд явсан. Тэгээд байж байхад хаалга цохихоор нь онгойлгож өгөхөд цагдаа ах үүдэнд зогсож байсан. Тэгээд бид нарыг цагдаа дээр авчирсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Осгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Манай худалдааны төвийн арын вакум цонхоор хулгай орж миний лангуун дээр байсан хүнсний бараанаас бэлэн мөнгө 70000 төгрөг, 430950 төгрөгийн бараа алдсан юм. Би ажил дээрээ ирээд наймаагаа хийж байгаад хүний мөнгө хариулах гээд цүнхтэй мөнгөө аваад урьд өдөр хийсэн мөнгөө авах гэтэл мөнгө маань байгаагүй. Тэгээд лангуу руугаа хартал тэнд байсан бохь чихэр гээд байх ёстой зүйлийг бүгдийг нь хөдөлгөсөн байсан.... Хүүхдүүдийн ээж аав нь ирээд миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тийм болохоор нэхэмжлээд байх зүйл байхгүй ээ. Надад гомдол санал байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч С.Сбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 03 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна. Худалдааны төвийн арын цонх онгорхой байгаа юм шиг харагдсан. Тэгээд би тэр цонх руу түрүүлж очоод цонхыг нь хүчтэй түлхсэн чинь цонх нь онгойсон. Тэгээд дотогш оръё гээд бүгдээрээ ярилцаад хамгийн түрүүнд би орсон. Дараа нь Иошуа, Билгүүн, Д нар орсон. Худалдааны төв дотор ороод хүнсний лангуун дээрээс би хүнсний зүйл нэг ууттай том чихэр, жимс, сникерс, ундаа зэрэг зүйлсийг бид дөрөв аваад дэлгүүрээс буцаад цонхоор гараад явсан юм. Тэгээд дэлгүүрээс авсан зүйлсээ Дий гэрт аваачаад заримыг нь идсэн. Зарим зүйлээ Д гэртээ нуусан байх гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-12 дугаар хуудас/

Хулгайлсан эд зүйлийг 327950 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 33 дугаар хуудас/

О.Дий төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 69 дүгээр хуудас/

О.Дий суралцагчийн хувийн хэрэг /Хх-н 73-83 дугаар хуудас/

О.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 84 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Д нь 14 насанд хүрээгүй О.Билгүүн, З.Иошуа, С.Сб нартай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын төвд байрлах хөдөө аж ахуйн худалдааны төвийн байранд нэвтрэн орж иргэн Б.Осгийн лангуунаас 327950 төгрөгийн эд зүйл, бэлэн 70000 төгрөгийг хулгайлж, нийт 397950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Батмандахыг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.Д нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Дд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээний хорих ял болох 02 жилийн хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно  .... гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Дд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Д нь 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 06 сарын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ос нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Шарнууд овогт Оюуны Дийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Дийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Дд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Дд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Д нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.