Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00125

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Н.Улсболд

Хохирогч Б.Хн, иргэний нэхэмжлэгч Б.ЦА, тэдгээрийн өмгөөлөгч С.Батмөнх-Ои

Хохирогч Э.Гд

Иргэний нэхэмжлэгч Ц.Чз

Орчуулагч, хэлмэрч Б.Солонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ЖЖд /CH J/ холбогдох 1932000940125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, БНСУ-ын Пусан хотод  1979 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах* тоотод түр оршин сууж байгаа, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ САМ ЮҮК мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЖЖ /CH J/. РД:*

 

Шүүгдэгч ЖЖ /CH J/ нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 100 маркийн  15-14 УНД Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Хустайн даваа гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан 66-08 ОРО улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Хн, Ц.Ои, Э.Гд нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ЖЖ /CH J/ нь мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд маань үнэн зөв. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хнгийн өгсөн.......... 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор 66-08 ОРО Соната-7 маркийн машинтай явж байсан. Машиныг манай нөхөр Б.ЦА жолоодоод явж байсан. Тэгээд Баруунхараад ирээд хоолны газарт орж хоол идэж цай уучихаад цааш хөдлөөд явж байхад эсрэг урсгалд өөдөөс том оврын ачааны машин ирж байсан. Тэгтэл тэр машины араас нэг машин гарч ирээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байсан. Нэг мэдэхэд осолд орсон. Хүү Ц.Ои миний өвөр дээр дээш харсан амаа ангайсан байдалтай хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа хүү маань уйлахад ард сууж явсан Бг ах хүүг авч гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэний машин ирсэн. Тэгээд Дархан хотын эмнэлэг дээр анхны тусламж авсан. Миний биед ослын улмаас хүндэвтэр гэмтэл учирсан. Хүү Ц.Оиын баруун хөлний дунд чөмөг хугарч хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Хүү Ц.Ои бид хоёрын эмчилгээний зардалд мөрдөн байцаалтад 1909536 төгрөг, сая шүүх хуралд шинээр 168500 төгрөг нэхэмжилсэн баримт өгсөн. Нийт 2078036 төгрөг нэхэмжилж байна. Би хүү Ц.Оиынх хэдэн төгрөгийн эмчилгээний зардал, минийх хичнээн төгрөгийн эмчилгээний зөрдлын баримт байгааг ялгаж салгаж мэдэхгүй байна. Баримтуудаа бөөнд нь бүрдүүлээд өгсөн. Иймд нийлүүлээд л нэхэмжилнэ. ЖЖий өмгөөлөгч нь хүүдээ хэрэглэ гээд 500000 төгрөг өгсөн. Энэ мөнгөөр нь би энд нэхэмжилсэн баримтаас өөр зүйл авсан. Надад баримт нь байгаа. Иймд энэ өгсөн 500000 төгрөгийг хасч тооцохгүй. Гомдолтой байна гэх мэдүүлэг 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Гдгийн өгсөн ........ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор найз ЦАийн машинд сууж явсан юм. Баруунхараа гэдэг газар ирээд хоолны газарт орж хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд Хустайн давааны наад талд осолд орсон. Ослын улмаас миний 3 хавирга хугарсан. Надад хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан. Одоо би 2810000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин энэ дотор багтаж байгаа. Би яг салгаж мэдэхгүй байна. Ослын улмаас би мартамхай болсон. Толгой маш их өвдөж байна. Гомдолтой гэх мэдүүлэг

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.ЦАийн өгсөн ........ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор Хос капитал ХХК-ний нэр дээр байдаг Соната-7 маркийн 66-08 ОРО улсын дугаартай машиныг жолоодож явсан. Орой 21 цагийн үед Хустайн даваа өгсөж байхад өөдөөс нэг жийп машин гарч ирээд миний явж байсан урсгалд орж ирээд машиныг мөргөсөн. Ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Мөрдөн байцаалтад 3750000 төгрөгийн баримт өгсөн. Сая шүүх хуралдаанд 1501700 төгрөгийн хохирол нэхэмжилж баримт өгсөн. Нийт 5251700 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Чзийн өгсөн ....... 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.ЦА нь манай Хос капитал ХХК-иас 3600000 төгрөгийн зээлийг автомашин барьцаалж зээлсэн. Зээлийн барьцаанд Соната-7 маркийн 66-08 ОРО улсын дугаартай машин тавьсан. Уг машин нь манай Хос капитал ХХК-ний нэр дээр шилжсэн байсан. Б.ЦА нь уг машинаа унаж яваад зам тээврийн осолд орсон байна. Уг машин нь манай Хос капитал ХХК-ний өмчлөлд байгаа учраас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний дагуу тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 8133000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.ЦА нь өнөөдрийн байдлаар манай байгууллагад 3658000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. 8133000 төгргнөөс энэ мөнгөө хасч тооцуулаад үлдэгдэл мөнгөө машины хамт буцааж авна гэвэл манай байгууллага зөвшөөрнө гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч З.Бгий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би ослын улмаас эмчилгээ, шинжилгээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөрдөн байцаалтанд Орхон аймгаас хүрэлцэн ирэхэд автомашинд бензиний мөнгө зарцуулсан зэрэгт нийт 736000 төгрөгийн зардал гаргасан. Иймд уг мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа юм гэх мэдүүлэг /Хх-н 58 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би ослын улмаас эмчилгээнд 300000 төгрөгийн зардал гаргасан. Би Орхон аймагт хувиараа барилгын ажил эрхэлж мөнгө олж эхнэр хүүхдээ тэжээдэг. Энэ ослын улмаас ажил хийж орлого олж чадахгүй байгаа учраас олох байсан орлогоо нэхэмжилж байна.  Би барилгын арматур зангиддаг дээвэр хийдэг хүн. Энэ төрлийн ажлаараа нэг сард 1200000 төгрөгийн орлого олдог. Ер нь бол өдрийн 40000 төгрөгийн орлоготой байдаг гэх мэдүүлэг /Хх-н 86 дугаар хуудас/

Гэрч Н.Ааын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2019 оны 05 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу Солонгос хэлний багш ЖЖий жолоодож явсан Тоёота ланд круйзер маркийн 15-14 УНД улсын дугаартай машины арын суудалд JANG RUBIN -тэй хамт суугаад хөдөлсөн юм. Би замдаа утсаа оролдоод явж байхад зам дээр бидний урд том оврын ачааны машин явж байсан. Тэр үед манай машин тухай машиныг гүйцэж түрүүлэхээр хажуугаар нь гарахад нөгөө ачааны машин гүйцэгдэхгүй хурдаа нэмээд яг зэрэгцээд хэсэг яваад машин гүйцэж амжилгүй өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 137-138 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр № 6423 ...... Дүгнэлт

1.Б.Хнгийн биед зүүн атгаал ясны далд сэлтэрсэн хугарал, баруун доод араа шүдний эмтрэл, баруун шилбэ, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 36 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр № 6422 ...... Дүгнэлт

1.Ц.Оиын биед баруун дунд чөмөгт ясны хугарал, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 38 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр № 6436 ...... Дүгнэлт

1.Э.Гдгийн биед зүүн талын 2,3,5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, тархи доргилт, дух, зүүн хацар, баруун бугалганы зулгаралт, баруун нүдний дээд зовхи ба гадна булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх зүүн талын 2,3,5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 54 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр № 108 ...... Дүгнэлт

1.Ө.Зоригтбаатарын биед баруун гуя, өвдөгний үенд зулгаралт, зүүн хөлийн гуя, өвдөгний үе, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь дээрх хугацаанд болсон зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 94 дүгээр хуудас/

Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 830 ...... Дүгнэлт

1.Б.ЦАийн биед баруун талын түнхний үений урд хэсгийн булчингийн суналт, нуруу, бүсэлхий, баруун өгзөг, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 115 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр № 12........ Дүгнэлт:

1.Тоёота Ланд круйзер маркийн 15-14 УНД улсын дугаартай автомашины жолооч ЖЖ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.

2. Тоёота Ланд круйзер маркийн 15-14 УНД улсын дугаартай автомашины жолооч ЖЖ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 145 дугаар хуудас/

ЖЖий согтуурлыг шалгахад 0,00 байлаа гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 03 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл схем зураг /Хх-н 05-11 дүгээр хуудас/

Ц.Ои нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 20 дугаар хуудас/

Хохирогч Б.Хн, Ц.Ои нарын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 23-32 дугаар хуудас/

Хохирогч Э.Гдгийн хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 44-48 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч З.Бгий хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 60-63 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатарын хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 87 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.ЦАийн хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 100-102 дугаар хуудас/

66-08 ОРО улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 7298000 төгрөгөөр, шууд бус зардлыг 835000 төгрөгөөр, нийт 8133000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 124-126 дугаар хуудас/

ЖЖий яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /Хх-н 160-161 дүгээр хуудас/

ЖЖээс хохирогч нарыг толгойны зураг авахуулахад болон эмнэлэгт шинжилгээ өгөхөд төлсөн баримт /Хх-н 185-189 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанд хохирогч Б.Хнгаас шинээр нэмж 168500 төгрөгийн баримт, иргэний нэхэмжлэгч Б.ЦАаас 1501700 төгрөгийг нэхэмжилж гаргаж өгсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч ЖЖ /CH J/ нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 100 маркийн  15-14 УНД Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Хустайн даваа гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан 66-08 ОРО улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Хн, Ц.Ои, Э.Гд нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч ЖЖ /CH J/ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан 66-08 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.

Шүүгдэгч ЖЖ /CH J/-ний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж сард 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Хохирогч Б.Хн, бага насны хохирогч Ц.Ои нар нь мөрдөн шалгах ажиллагаанд 1909536 төгрөгийн, шүүх хуралдаанд нэмж 168500 төгрөгийн нийт 2078036 төгрөгийн хохирол, хохирогч Э.Гд нь мөрдөн шалгах ажиллагаанд 2810000 төгрөгийн хохирол,  иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюш нь мөрдөн шалгах ажиллагаанд 3750000 төгрөгийн, шүүх хуралдаанд нэмж 1501700 төгрөгийн, нийт 5251700 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч З.Бг нь мөрдөн шалгах ажиллагаанд 736000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд 212700 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК нь мөрдөн шалгах ажиллагаанд 8133000 төгрөгийн хохирол ус тус нэхэмжилснээс хохирогч Б.Хн, Ц.Ои нарын нийт нэхэмжилсэн 2078036 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч З.Бгий нэхэмжилсэн 736000 төгрөгийг, Ө.Зоригтбаатарын нэхэмжилсэн 212700 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК-ний нэхэмжилсэн 8133000 төгрөгийг бүрэн хэмжээгээр шүүгдэгч ЖЖ /CH J/-ээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Гд нь 2810000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан 8 ширхэг баримтаар 281000 төгрөгийн хохирол тогтоогдож байгааг шүүгдэгчээс гаргуулж олгох, харин ажилгүй байсан хугацааны цалинд 2529000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүйгээр орхих үндэслэлтэй байна. Учир нь хохирогч Э.Гд аль байгууллагад сард хичнээн төгрөгний цалинтай ажил эрхэлдэг талаар байгууллагын даргын тодорхойлолт байхгүй, сард хичнээн төгрөгний цалинтай ажил эрхэлдэг талаар санхүүгийн тодорхойлолт байхгүй, мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг шаардлагатай нотлох баримтууд байхгүй байх тул ажилгүй байсны хугацааны цалинд хичнээн төгрөг гаргуулах тооцоог хийх боломжгүй тул хэлэлцэхгүйгээр орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Б.ЦА нь мөрдөн шалгах ажиллагаанд 3750000 төгрөгийн, шүүх хуралдаанд нэмж 1501700 төгрөгийн, нийт 5251700 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэснээс хавтаст хэргийн 100-102 дугаар талд авагдсан 13 ширхэг баримтаар 1332400 төгрөгийн, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 1501700 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг бүгдийг  нэмж тооцож үзэхэд 1227900 төгрөг болж байх тул нотлох баримтаар тогтоогдсон нийт 2560300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Б.ЦА нь мөрдөн шалгах ажиллагаанд 3750000 төгрөг нэхэмжилсэн баримт өгсөн гэсэн нь хохирогч Б.Хн, Ц.Ои нарын нэхэмжлэлийн баримтыг оролцуулан тооцсон, мөн шүүх хуралдаанд 1501700 төгрөгийг нэхэмжилсэн боловч бүх баримтыг нь тооцож үзэхэд 1227900 төгрөг болж байгаа нь баримтуудынхаа үнийг нэмэхдээ тооцооллын алдаа гаргасан зэргийн зөрүү 2691400 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ЖЖ /CH J/-ээс хохирогч Б.Хн, бага насны хохирогч Ц.Ои нарт 2078036 төгрөг, хохирогч Э.Гдд 281000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюшд 2560300 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Бгд 736000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатард 212700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК-д 8133000 төгрөг, нийт 14001036 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч ЖЖ /CH J/ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт уг хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг 20 минутын хугацаагаар хойшлуулах завсарлага авч хохирогч Б.Хн, Ц.Ои нарт 2078036 төгрөгийг бэлнээр, хохирогч Э.Гдд 281000 төгрөгийг бэлнээр, иргэний нэхэмжлэгч Б.ЦАид 2560300 төгрөгийг бэлнээр, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чзт 8133000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, Иргэний нэхэмжлэгч З.Бгий 5094469396 дугаарын дансанд мобайл банкаар, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатарын эхнэр Шинэбаярын 5097045432 дугаарын дансанд 212700 төгрөгийг мобайл банкаар тус тус шилжүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Хн, Ц.Ои, Э.Гд нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах, мөн хохирогч Э.Гд, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатар нар нь ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир 15-14 УНД улсын дугаартай Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ЖЖ /CH J/-ийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хориглосон Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн № 52 дугаартай захирамжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дараа хүчингүй болгож, энэ тухай хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ЖЖ /CH J/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ланд круйзер 100 маркийн 15-14 УНД улсын угаартай тээврийн хэрэгслийн № 01929381 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, № 1220988 дугаартай ЖЖ /CH J/-ний В ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэг зэргийг буцаан олгож, хэргийн газрын бичлэг бүхий CD 1 ширхгийг хавтаст хэрэгт нь үлдээхийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч ЖЖ /CH J/-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ЖЖ /CH J/-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ЖЖ /CH J/ нь 600000 төгрөгийн торгох ялыг 02 сарын хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ЖЖ /CH J/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ЖЖ /CH J/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

             6. Хохирогч Б.Хн, бага насны хохирогч Ц.Ои нар нь 2078036 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан, хохирогч Э.Гд нь 2810000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 281000 төгрөгийн хохирол хангагдаж 2529000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүйгээр орхисон, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюш нь 5251700 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 2560300 төгрөгийн хохирол хангагдаж 2691400 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон, иргэний нэхэмжлэгч З.Бг нь 736000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатар нь 212700 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК нь 8133000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан болохыг тус тус дурьдсугай.

7. Хохирогч Б.Хн, Ц.Ои, Э.Гд нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах, мөн хохирогч Э.Гд, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатар нар нь ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ланд круйзер 100 маркийн 15-14 УНД улсын угаартай тээврийн хэрэгслийн № 01929381 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, № 1220988 дугаартай ЖЖ /CH J/-ний В ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэг зэргийг буцаан олгож, хэргийн газрын бичлэг бүхий CD 1 ширхгийг хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

9. Энэ хэргийн улмаас ЖЖ /CH J/-ний эзэмшлийн ланд круйзер 100 маркийн 15-14 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. ЖЖ /CH J/-ийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хориглосон Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн № 52 дугаартай захирамжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дараа хүчингүй болгож, энэ тухай хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ЖЖ /CH J/-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН