| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00074/Э |
| Дугаар | 00079 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00079
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.М-д холбогдох 1932000450075 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1997 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангайн № 98 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Шижирболдын М. /РД:*/
Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 57 тоот хашаанаас иргэн Н.Гбийн эзэмшлийн Хенсим маркийн мотоциклийг хулгайлан авч 500000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 22а тоот хашаанаас иргэн Н.Нзийн эзэмшлийн Хайрхан маркийн 22-89 СЭЗ улсын дугаартай мотоцмклийг хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Мын өгсөн ......... 2018 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Шарын голын гудамжинд байдаг айлаас Гбийн эзэмшлийн Хенсим маркийн мотоциклийг хулгайлж авсан нь үнэн. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Партизаны гудамжинд байдаг Нз гэдэг айлын хашаанаас Хайрхан маркийн мотоциклийг хулгайлж аваад Шарын гол сум руу унаж яваад мотоциклийг нь хүнтэй хониор сольсон. Хонио би 130000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг болон талуудын шинлжэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н.Гбийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Уг нь Бөхтөмөр бид хоёр дундаа унах гэж авсан юм. Анх Занданбат ахаас авахад мотор нь цохисон ажиллахгүй байсан. Тэгэхээр нь захын хажууд мотоцикль зардаг Нямушка ахаас 400000 төгрөгөөр мотоциклийн мотор худалдаж аваад сэлбээд янзалсан юм. Тэгээд унах гэсэн чинь Ш.М янданг нь авсан байсан болохоор дуу чанга унаж болохгүй байсан. Тэгэхээр нь би Бөхтөмөрийн хашаанд аваачаад тавьчихсан байсан юм. Занданбат ахаас 200000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Мөнгийг нь өгөөгүй боломжтой болохоороо өгөөрэй гэж байсан юм. Миний эзэмшлийнх гэж үзнэ. Мотор нь шинээрээ 450000 төгрөг гдэг, бусад эд ангийг нийлүүлээд 150000 төгрөгөөр тооцоход болно гэх мэдүүлэг /Хх-н 72-73 дугаар хуудас/
Хохирогч Н.Нзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би өчигдөр өглөө 06 цагийн орчим Бооёо, Шижирээ нарын хамт Цонхлонгийн давааны цаанаас Ожирын даваанаас Жаврай компанийнхаа модонд яваад өнөө өглөө 09 цагт гэртээ ирсэн чинь манай хашаанд байсан миний эзэмшлийн 22-89 СЭЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Хайрхан нэртэй мотоцикль байшингийн урд талаас алга болсон байсан. Тэгээд би энэ шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Би мотоциклио 700000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоцикль хэвийн ажиллагаатай байгаа..... Хайрхан маркийн 22-89 СЭЗ улсын дугаартай мотоциклио хүлээж авлаа баярлалаа. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 20-23 дугаар хуудас/
Гэрч Б.Пбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үүрээр 06 цагийн үед байхаа Ш.Мын аавыг модонд авч явахаар нэг хүн ирээд цуг аваад гарсан. Ш.Мыг уг нь унтаж амаръя гэсэн чинь аавыг модонд явахыг хүлээнэ гэж хэлсэн. Бид хоёр жоохон сууж байтал М хоёулаа манай зоогий ахын гэрт очоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр гэрээс нь гараад Партизаны гудамжинд тэр Зоогий ахынх нь гэрт очоод хашааных нь хаалгаар орсон. Тэгсэн намайг хаалгыг нь бариад байж бай гэж хэлснээ байшингийн урд талд байсан цэнхэр өнгөтэй мотоциклийг түрээд гараад ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Гэрч М.Мтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ 2019 оны 03 дугаар сарын эхээр байхаа хоног өдрийг нь сайн мэдэхгүй байна би гэртээ байж байтал манай гэрийн гадаа хөх өнгөтэй мотоциклтой залуу ирээд юм ярьж байгаад та энэ мотоциклийг худалдаж авах уу гэхээр нь би бэлэн мөнгө байхгүй хониор авбал авъя гэж хэлсэн чинь яваад өгсөн. Эргэж ирээд зарахаар болоод нэг эр хониор зарсан гэх мэдүүлэг /Хх-н 32-33 дугаар хуудас/
Гэрч М.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны намар М өглөө үүрээр банк, суудал яндан байхгүй нэг мотоцикль түрж манай хашаанд авчраад манай гражийн тэнд үлдээгээд явсан. Тэгээд өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклийг авчраад сэлбээд унасан. Тэгээд үлдсэн эд ангийг нь манай хашаанд байгаа гражид оруулж тавьсан. М надад Бөхөөгийн мотоциклийг авсан гэж хэлсэн. Надад хулгайн мотоцикль гэж хэлээгүй гэх мэдүүлэг /Хх-н 128 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 08-09 дүгээр хуудас/
Хайрхан загварын мотоциклийг 600000 төгрөгөөр, Хенсим загварын мотоциклийг 500000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 42, 94 дүгээр хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 55-59 дүгээ хуудас/
Ш.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 106 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 107 дугаар хуудас/
Ш.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 110 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын № 57 тоот хашаанаас иргэн Н.Гбийн эзэмшлийн Хенсим маркийн мотоциклийг хулгайлан авч 500000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 22а тоот хашаанаас иргэн Н.Нзийн эзэмшлийн Хайрхан маркийн 22-89 СЭЗ улсын дугаартай мотоцмклийг хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Мыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ш.М нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Мод ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт ..... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ... гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ш.Мод хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М нь 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг 06 сарын хугацаангаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэл тогтоолыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хохирогч Н.Нз нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ш.Моос 500000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гбт олгох үндэслэлтэй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Мын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангайн № 98 тоотод байрлах Г-1307000732 дугаартай 1761 метр квадрат орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Шижирболдын Мыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Мыг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Мод оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Мын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангайн № 98 тоотод байрлах Г-1307000732 дугаартай 1761 метр квадрат орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Мод оногдуулсан 06 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Мод 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Мод тогтоосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Моос 500000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Баян-Арцатын № 02 тоотод оршин суух, Боржигон овогт Нямжаргалын Гбт /РД:*/ олгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Мод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.