| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00118/Э |
| Дугаар | 00123 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 00123
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Хохирогч Б.Бт
Шүүгдэгч Б.Рм нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдооос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рмд холбогдох 1932000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, 2018 онд Алдарт эхийн 2 дугаар зэргийн одонгоор шагнагдсан, 1 удаагийн шийтгэлтэй
-Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Бүжинлхамын Рм. /РД: */
Шүүгдэгч Б.Рм нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Намгийн № 02 тоотод байрлах иргэн Б.Бтгийн гэрт очин түүнийг нөхөртэйгээ хардасны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Рмгийн өгсөн…. ... Манай нөхөр Батзориг 2019 оны 01 дүгээр сараас эхлээд энэ Бттай холбогдож эхэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед нэгдсэн эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмч дээр дүүгээ үзүүлсэн. Гэтэл компьютер дээр Бтгийн зураг байхаар нь харсан чинь манай нөхрийн утасны дугаарыг бүртгүүлсэн байсан. Тэгээд би цочирдсон. Эмнэлгээс гарч ирээд Бт руу залгаж ярихад наадах чинь миний нөхрийн дугаар гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад нөхөртэйгээ хэрүүл хийсэн. Тэгтэл нөхөр маань гараад явчихсан. Тэгэхээр нь нөхрийгөө Бт дээр очсон байх гэж бодоод шөнийн 01 цагийн үед Бтгийн гэрт очсон. Тэгээд би Бттай барилцаж аваад зодолдсон. Тэгтэл эмээ, эгч хоёр нь орж ирсэн. Би тэр хоёрт нь дүү чинь ингээд байна гэж үнэнийг хэлсэн. Бт өмнө нь над руу утсаар яриад чи нөхрийнхөө хувцсыг өгөөд явуул чи бид хоёрын сэтгэлийг дийлэхгүй гэж хэлж байсан гэх мэдүүлэг
Хохирогч Б.Бтгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед над руу Рм утсаар ярьсан. Тэгээд утсаар намайг ална гэж заналхийлж доромжилсон. Тэгээд шөнө 01 цагийн үед хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд Рм байсан. Тэгээд тэр одоо чамайг алахаар орж ирлээ гээд ханцуйнаасаа хайч гаргаж ирээд үс хайчилж цохиж зодож эхэлсэн. Миний хувьд бол гомдолтой байна. Хүүхэд маань айгаад уйлахаар нь тэврээд байж байтал баруун тохойноос хазаад наад гөлгийг чинь алчихъя гээд хүүхэд зулгааж аваад байсан. Би тэгэхээр нь чи нөхрөө дагуулж ирэхгүй яасан юм бэ гурвуулаа байж байгаад уулзъя гэхээр ерөөсөө нөхрийгөө авчирдаггүй. Байнга намайг дарамталж байна. Өмнө нь гэрийн хаалга үүд эвдээд гэрийн цагаан бүрээс урж тасдаж байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Г.Ннгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би хэдний өдрийг нь санахгүй байна. 6 дугаар сарын 20-ны орчим гэртээ шөнө унтаж байсан чинь манай охин Эрдэнэчимэг гадаа согтуу хүн яваад байна гэж хэлээд гарсан. Би араас нь гараад охин Бтгийн гэрт орсон чинь нэг үл таних эмэгтэй ирчихсэн Бттай муудалцчихсан ноцолдсон бололтой Бтгийн хүзүүнээс цус гарсан, дух нь шалбарсан байдалтай байсан. Тэгээд би та нар чинь яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надтай олон юм ярилгүй гараад явчихсан гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 139 ...... Дүгнэлт:
1.Б.Бтгийн биед тархи доргилт, дух, хүзүү хэсэгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт, толгойн дагз, баруун хацар шанаа, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 14 дүгээр хуудас/
Б.Рмгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 22 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 22 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Рм нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Намгийн № 02 тоотод байрлах иргэн Б.Бтгийн гэрт очин түүнийг нөхөртэйгээ хардасны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Рмгийн хохирогч Б.Бтг цохиж зодсон үйлдэл нь эр, эмийн хардлага буюу нөхөртэйгээ хардсанаас үүдэлтэй ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Рмгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Бт нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Урианхай овогт Бүжинлхамын Рмг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Рмг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Рм нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Рм нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Рм нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Рмд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН