Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 626

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, улсын яллагч Б.Энхбат,  шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаг морьт овогт Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908026850820 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг морьт овогт Ц.Т, Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизм ашиглалт засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, өвөө, эмээ, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 43 дугаар гудамжинд иргэн Д.Гийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, хамарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Алаг морьт овогт Ц.Т нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 43 дугаар гудамжинд иргэн Д.Гийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, хамарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Тийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би найзуудтайгаа хамт гудамжиндаа машинд сууж байсан. Тэгтэл нэг улаан машин ирээд нэг залуу нь манай найзыг дуудсан...Тэгээд удалгүй тэд хоорондоо муудалцсан. Би салгах гээд очсон. Тэгтэл Г намайг чихнээс татаад цохисон. Би тоохгүй байж байтал манай найз охиныг цохисон, тэгэхээр нь би Гийг цохисон...дараа нь Гийг дахиад нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 9-ний орой 23 цагийн үед ажлаа тараад гэрийнхээ автобусны буудал дээр автобуснаас буухад дүү С буудал дээр хүнтэй утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь хаашаа явах гэж байгааг асуухад би найз нартайгаа явж байна. Манай найз машинаар гэрт хүргээд өгөх байх хамт явъя гэхээр нь бид хоёр найзынх нь машинд суусан. Тэгээд хамт явж байсан нэг найз нь намайг эхлээд дөхүүлээд өгөөч гэхээр нь Толгойтын 43 дугаар мухар гудамжинд буулгачхаад буцаад явж байхад гудамжны үзүүрт дүү Сгийн танил залуу хэдэн хүмүүстэй сууж байсан. Тэгээд биднийг хажуугаар нь өнгөрөхөд нөгөө залуу машины урд талын суудал дээр сууж явсан Сг таниад босож ирээд машины цонхоор юм ярьж байснаа хоорондоо маргалдаад заамдалцаад авахад С машинаас буусан. С нөгөө залуутайгаа маргалдаж зууралдаж байхад цаанаас нэг залуу хүрч ирээд Сг заамдаад зууралдаад байхаар нь би машинаас бууж очоод тэр залууг нь чих толгойноос нь хүчтэй татаж салгахад эргэж хараад миний баруун нүд хэсэг рүү цохиход би газар унасан. Тэр үед миний нүдний доод зовхи хэсгээс цус гарч эхэлсэн...Т гэх залуу эхлээд миний нүд рүү гараараа нэг удаа цохиж, дараа нь машинд сууж байхад хоолой боож, гараараа нэг удаа гэдэс рүү цохисон, мөн хавирч унагаад алгадсан, хамгийн сүүлд машины хамар дээр тохойгоороо хоолой боож, эрүү хэсэг рүү тохойгоороо нударч цохисон....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

3. Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ирээд чи эмэгтэй хүн дээрэлхдэг хэн бэ гээд гараараа нэг удаа Гийг цохисон...Т нь Б бид хоёрыг өмөөрөөд Гийг цохих үед биед нь гэмтэл учирсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);

4. Гэрч Ү.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд намайг машиныхаа хажууд очоод зогсож байхад Г ирээд ах нь цохиулчихлаа, ахынхаа нүдийг хардаа гээд байсан... С гэх залуу намайг дуудаж Г-г чи зодсон гэж хүнд хэлсэн байна гэхээр нь тийм зүйл болоогүй болохоор би мэдэхгүй байна гэж хэлээд бид маргалдаж байхад Т ирж салгах гэхэд Г гэх залуу чихнээс нь хүчтэй татаж, тэд хоорондоо маргалдаж эхэлсэн. Миний мэдэхээр Т нүүр хэсэгт нь нэг удаа цохиж байсан. Өөр зодсон зүйл байхгүй...” (хх-ийн 41-42 дугаар хуудас);

5. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Стай уулзаад чи эндээс хурдан яв гэж хэлээд явуулчхаад эргээд харахад Г газар уначихсан Т зодож байсан. Тэгээд Тийг найзууд нь салгаад авахад Н Гийг босгож, миний унаж явсан машинд суулгасан. Тэгэхэд Т миний машинд суугаад Гтэй юм ярьж байгаад бууж ирсэн. Т машинаас бууж ирээд над руу зүглэн ирж та нар гудамжинд ирж томрох болоогүй шүү гээд заамдаж авахад нэг найз нь араас нь ирээд салгасан. Энэ үед Г машинаас буучихсан байсан бөгөөд намайг нэг найз нь ирээд машинаа аваад явж бай гэхээр би машинаа унаад явсан...Миний мэдэхээр Сг явуулчхаад эргэж харахад Г газар уначихсан Т нүүр хэсэгт нь нэг удаа цохиж байсан. Өөр зодсон хүн байхгүй....” (хх-ийн 45-46 дугаар хуудас);

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5792 дугаартай “...П.Гийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, хамарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Ц.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гараараа нэг удаа цохих үед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Хүзүү болон хамарт зулгаралт гэмтэл ноцолдох үед үүссэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Д.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Тийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч Д.Гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ц.Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ц.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн байх боловч хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан шүүхээс прокурорын санал болгосон торгох ялыг зохих хэмжээгээр бууруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Т болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Алаг морьт овогт Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Ц.Тт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА