Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ст овогт Ж-вийн А-д холбогдох эрүүгийн 19100 0853 0365 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Өлзий бадам” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21-769 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ст овогт Ж-вийн А- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.А нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өлдийбадам” үйлчилгээний төвд 2019 оны 3 сарын 31-ний өдөр Г.Ттэй “түлхүүрээ өгөхгүй” гэж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн байгаа. Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, хуулийн зүйл заалтын учир холбогдлыг ойлгож байгаа. Би гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна, прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байгаа.

Би хохирогч Г.Тд сорвины тос авч өгсөн, сэтгэл санааг нь дэмжиж дусал залгуулж, хоолонд оруулсан. Төмөрөө ах бид хоёр одоо эвлэрсэн байгаа. Төмөрөө ах одоо хохирол гомдолгүй гэж хэлсэн.Төмөрөө ах тус Өлзийбадам төвд харуулаар ажилладаг, би цайны газартаа угаагч, бэлтгэгч гээд бүх зүйлээ өөрөө хийдэг. Өглөө 6 цагт ажлаа эхэлж, орой цэвэрлэгээгээ хийгээд 00 цаг өнгөрөөгөөд тардаг юм. Тэгээд гадна хаалганы түлхүүр надад байдаг учир тухайн өдөр Төмөрөө ах надаас “гадна түлхүүрийг авах” гээд байсан.

Би өгөхгүй, эрт ирнэ гэж хэлээд, тэгээд намайг гаргахгүй гэснээс болж мараан үүссэн. Би Төмөрөө ахад “жил гарангийн хугацаанд надад гадна түлхүүр байсан, та  яагаад авах гээд байгаа юм бэ, таныг өглөө унтаж байхад би ирээд ажлаа эхэлдэг” гэж хэлсэн. Тухайн өдөр бүтэн сайн өдөр, маргааш нь нэгдэх өдөр ажил ихтэй байдаг тул “түлхүүр өгөхгүй” гээд бид хоёр маргасан. Миний хувьд тухайн хэрэг гардаг өдөр ажил тарах үеэр найз маань нэг шил архитай орж ирээд, ажил хаах гэж байсан болохоор түүнээс нь ганц нэг татсан байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу. Манай цайны газар шилэн ханатай юм. Г.Т ах шилэн хана руу дайраад байсан. Шилэн хана амархан цуурчихдаг болохоор гараараа зууралдаж байгаад Төмөрөө ахад гэмтэл учруулсан. Зууралдаж байхад хувцас нь урагдсан байх.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0853 0365 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Тгийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед ажил дээрээ байж байгаад ажил тарах цаг болохоор нь манай үйлчилгээний төвд цайны газар ажиллуулдаг эмэгтэйгээс “төв хаалганы түлхүүрийг надад өгөөрэй” гэхэд нөгөө эмэгтэй “би өглөө эрт ирэх учраас танд түлхүүр өгөхгүй” гэсэн. “Чи надад түлхүүрээ өгөх ёстой, чи түлхүүр авч явах ёсгүй, би чамайг хэдэн цагт ирсэн ч гэсэн хамаагүй алга онгойлгоод өгнө” гэхэд надад түлхүүр өгөхгүй байсан. Үүнээс болж бид хоёр маргалдахад над руу уурлаж, намайг барьж аваад газар унагаад, миний цээж рүү хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж, нүүр рүү 1 удаа гараараа цохиж зодсон.

Намайг газар унагааж хувцаснаас татаж чангаагаад миний өмсөж байсан фудболкыг сунгаж, ноосон хантааз, хар хүрмийг урсан. Тухайн үед миний цээж хөндүүрлээд зүүн талын нүд хөхөрсөн байсан. Би тухайн үед өмсөж явсан хүрмийг одоогоос 3 жилийн өмнө “Наран туул” захаас 10.000 төгрөгөөр, ноосон хантаазыг 40.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин фудболкыг манай охин надад авч өгсөн, хэдэн төгрөгөөр авсаныг мэдэхгүй байна.

Намайг тэр эмэгтэй цохиж зодож байхад дэлгүүрийн худалдагч Нандин, Баярхүү нар байсан. Мөн тэр эмэгтэй тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрэг болсон газарт хяналтын камер байхгүй.

...Ж.А надаас уучлалт гуйж миний эрүүл мэнд, урагдсан хувцас хунарт учирсан хохирлыг барагдуулж, надад 50.000 төгрөг өгсөн. Иймд надад ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгуй, учир нь удахгүй Эрдэнэт хот руу явах гэж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 12х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баярхүүгийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой гэртээ хичээлээ хийж байхад манай хашаанд байдаг “Өлзийбадам” үйлчилгээний төвийн дэлгүүрийн худалдагч эгч Нандинцэцэг гэрт орж ирээд “танай хамаатны ах Г.Тг цайны газрын тогооч эмэгтэй Ж.Ариунаа согтуу зодоод байна” гэхээр нь би яваад ороход Г.Т ахын хамраас нь цус гарчихсан, өмсөж байсан майк нь урагдчихсан, Ж.Ариунаад зодуулаад хэвтэж байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм.

Ж.Ариунаа нь Г.Т ахыг газар унасан байхад хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. Би тухайн үед “та яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэсэн юм. Тухайн үед Г.Т ахын хүзүү нь маажуулж хөхөрсөн, зүүн талын нүд нь хөхөрсөн байсан. Ж.Ариунаа нь “Өлзийбадам” үйлчилгээний төвд ажиллаад 1 cap болж байгаа ба миний анзаарсанаар ааш зан муутай, хүнтэй таарч тохирдоггүй, өмнө нь мөн нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байсан удаатай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй .” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Нандинцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед өөрийн түрээслэдэг “Өлзийбадам” хүнсний дэлгүүрт байж байхад манаач Э.Төмөрөө, тогооч Ж.А нар хоорондоо маргалдаад байхаар нь Төмөрөөгийн хамаатан Б.Баярхүүгийн гэрт нь орж “танай ах тогооч Ариунжаргалтай маргалдаад байна, чи очсон нь дээр байх” гэж хэлээд Б.Баярхүүгийн хамт цайны газар руу ороход Төмөрөө ахын нүүр, ам нь цус болж, хувцас нь урагдчихсан, газар хэвтсэн байдалтай, Ж.А Төмөрөө ахын цамцны захнаас нь зулгааж байснаа баруун талын хавирга руу нь баруун хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь би салгасан.

Би тэр хоёрыг маргалдаж эхлэх үед хажууд нь байгаагүй. Тэр хоёр манай Өлзийбадам төвийн цайны газрын өрөөнд маргалдаад байсан юм. Уг газарт хяналтын камер байхгүй. Г.Т, Ж.А нар нь хоёулаа хүнтэй харьцах харцаа, ааш зан сайтай санагдсан. Ж.А хааяа нэг баяр ёслолоор архи уудаг, тэрнээс өөр зүйл анзаарагдаагүй. Надад өөр нэмж ярих зүйл.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

 

4. ШШҮХ-ийн 2019 оны 4 сарын 03-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 4150 тоот актын:

1. Г.Тгийн биед баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамарт цус хуралт, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 28х/,

 

5. ШШҮХ-ийн Тусгай шинжилгэний газрын биологийн шинжээчийн 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 2466 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх пиджакан дээр цус илэрсэн. АВО системээр А/П/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32х/,

 

6. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгэний газрын Мөр судлалын шинжээчийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 2121 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмд гарсан 3 ширхэг, майканд 2 ширхэг, футболканд 4 ширхэг татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, урагдалт байна. Харин майканд дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан 1 ширхэг хуучин түлэгдэлт байна.

2. Шинээр гарсан урагдалт, ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан, ямар хугацаа өнгөрснийг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-36х/,

 

7. ШШҮХ-ийн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5827 тоот актын:

1. Г.Т нь А/2/ бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 43х/,

 

8. ШШҮХ-ийн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5829 тоот актын:

1. Ж.А нь В/3/ бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 44х/,

 

9. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-19-298 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 46.800 /дөчин зургаан мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.Тгийн өмсөж явсан хүрэм, хантааз, футболка зэргийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 48-49х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Аын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.

Би 2019 оны 03 дугаар сарын 31 ны орой ажил дээрээ байж байтал манаач ах Г.Т надаас гадна хаалганы түлхүүр нэхэхээр нь би “маргааш өглөө эрт ажил дээр ирэх учраас танд өгөхгүй, өөрт чинь илүү түлхүүр байгаа биз дээ” гэхэд надаас нэхээд уурлаж, орилж чарлаад надтай маргалдсан.

Би тухайн үед гал тогооны өрөөнөөс гарах гэхэд намайг гаргахгүй “чамаас түлхүүр авна” гээд түлхээд байхаар нь би урдаас нь адилхан түлхээд барьцалдаад авахад “гаргахгүй” гээд газар хэвтээд шилэн халга руу хөлөө жийгээд байхаар би урандаа шилэн хана руу жисэн хоёр хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Г.Т ах газар хэвтээд байхаар нь би цамцны захнаас нь хоёр гараараа заамдаж, нилээн удаан татаж чангаасан. Энэ үед ноосон цамцных нь энгэр нь урагдсан. Харин хар өнгийн хүрэм нь урагдсан эсэхийг би сайн санахгүй байна. Би одоо бодоод байхад Г.Т ахыг татаж чангаах үед урагдсан байж магадгүй байх. Би Г.Т ахаас уучлалт гуйж эвлэрсэн.

Ер нь бол Г.Т гэх хүн өмнө нь надаас ямар нэг байдлаар өө хайж хэрүүл өдөх шинжтэй юм ярьдаг байсан юм. Жишээ нь манай үйлчилгээний төвийн нийтийн бие засах газрын цоож эвдэрсэн байхад “чи авах ёстой” гэж хэлээд надаар авахуулж байсан. Мөн “танай хоолны поорц бага байна, чи нийтийн бие засах газрыг цэвэрлэ” гэх мэтээр хэрүүл өдөж байсан удаатай.

Би Төмөрөө ахтай маргалдаад барьцалдаж байхад бид хоёр л байсан, сүүлд нь Нандинцэцэг, Баярхүү нар орж ирсэн. Би тухайн үед маш их уурласан байсан болохоор яг хаана нь цохисоноо мэдэхгүй байна, ямар ч байсан миний санаж байгаагаар би цамцны захнаас нь зуураад зулгаасан. Төмөрөө ах хөлөөрөө шилэн хана руу жийгээд байхаар нь шилэн ханыг хагалчихаж магадгүй гэж бодоод би хөл рүү нь өшиглөж хөлөөрөө холдуулж байсан.

Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би орой 20 цаг 30 минутын үед ганцаараа 200 граммтай “Хараа” архи уусан. Би түлхсэнээс өөрөөр цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-60х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 63х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 64х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 65х/, шүүгдэгч Ж.Ааас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 149х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Г.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 80х/ 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, Ж.Ад холбогдох эрүүгийн 19100 0853 0365 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.А нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өлдийбадам” үйлчилгээний төвд 2019 оны 3 сарын 31-ний өдөр Г.Ттэй “гадна хаалганы түлхүүр авах гэлээ өгөхгүй” гэсэн шалтгаанаар маргалдан муудалцаж,  улмаар түлхэх, зууралдах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамарт цус хуралт, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Г.Тгийн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед ажил дээрээ байж байгаад ажил тарах цаг болохоор нь манай үйлчилгээний төвд цайны газар ажиллуулдаг эмэгтэйгээс “төв хаалганы түлхүүрийг надад өгөөрэй” гэхэд нөгөө эмэгтэй “би өглөө эрт ирэх учраас танд түлхүүр өгөхгүй” гэсэн. “Чи надад түлхүүрээ өгөх ёстой, чи түлхүүр авч явах ёсгүй, би чамайг хэдэн цагт ирсэн ч хамаагүй алга онгойлгоод өгнө” гэхэд надад “түлхүүр өгөхгүй” гээд байсан. Үүнээс болж бид хоёр маргалдахад над руу уурлаж, намайг барьж аваад газар унагаад, миний цээж рүү хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж, нүүр рүү 1 удаа гараараа цохиж зодсон.

Намайг газар унагааж хувцаснаас татаж чангаагаад миний өмсөж байсан футболкыг сунгаж, ноосон хантааз, хар хүрмийг урсан. Тухайн үед миний цээж хөндүүрлээд зүүн талын нүд хөхөрсөн байсан. Би өмсөж явсан хүрмийг одоогоос 3 жилийн өмнө “Наран туул” захаас 10.000 төгрөгөөр, ноосон хантаазыг 40.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин футболкыг манай охин надад авч өгсөн, хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй байна. Намайг тэр эмэгтэй цохиж зодож байхад дэлгүүрийн худалдагч Нандин, Баярхүү нар байсан. Мөн тэр эмэгтэй тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрэг болсон газарт хяналтын камер байхгүй.

...Ж.А нь надаас уучлалт гуйж миний эрүүл мэнд, урагдсан хувцас хунарт учирсан хохирлыг барагдуулж, надад 50.000 төгрөг өгсөн. Иймд надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгуй, учир нь удахгүй Эрдэнэт хот руу явах гэж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 12х/,

- гэрч Б.Баярхүүгийн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 31 ний орой гэртээ хичээлээ хийж байхад манай хашаанд байдаг “Өлзий бадам” үйлчилгээний төвийн дэлгүүрийн худалдагч эгч Нандинцэцэг гэрт орж ирээд “танай хамаатны ах Г.Тг цайны газрын тогооч эмэгтэй Ж.Ариунаа согтуу зодоод байна” гэхээр нь би яваад ороход Г.Т ахын хамраас нь цус гарчихсан, өмсөж байсан майк нь урагдчихсан Ариунаад зодуулаад хэвтэж байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Ж.Ариунаа нь Г.Т ахыг газар унасан байхад хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. Би тухайн үед “та яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэсэн юм. Тухайн үед Г.Т ахын хүзүүн нь маажуулж хөхөрсөн, зүүн талын нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

- гэрч Г.Нандинцэцэгийн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед өөрийн түрээслэдэг “Өлзийбадам” хүнсний дэлгүүрт байж байхад манаач Э.Төмөрөө, тогооч Ж.А нар хоорондоо маргалдаад байхаар нь Төмөрөөгийн хамаатан Б.Баярхүүгийн гэрт нь орж “танай ах тогооч Ариунжаргалтай маргалдаад байна, чи очсон нь дээр байх” гэж хэлээд Б.Баярхүүгийн хамт цайны газар руу ороход Төмөрөө ахын нүүр, ам нь цус болж, хувцас нь урагдчихсан, газар хэвтсэн байдалтай, Ж.А Төмөрөө ахын цамцны захнаас нь зулгааж байснаа баруун талын хавирга руу нь баруун хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь би салгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

- ШШҮХ-ийн 2019 оны 4 сарын 03-ны өдрийн шинжээчийн:

1. Г.Тгийн биед баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамарт цус хуралт, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 4150 тоот дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 28х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгэний газрын биологийн шинжээчийн 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 2466 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх пиджакан дээр цус илэрсэн. АВО системээр А/П/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгэний газрын Мөр судлалын шинжээчийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 2121 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмд гарсан 3 ширхэг, майканд 2 ширхэг, футболканд 4 ширхэг татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, урагдалт байна. Харин майканд дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан 1 ширхэг хуучин түлэгдэлт байна.

2. Шинээр гарсан урагдалт, ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан, ямар хугацаа өнгөрснийг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-36х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-19-298 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 46.800 /дөчин зургаан мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.Тгийн өмсөж явсан хүрэм, хантааз, фудболка зэргийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 48-49х/ болон шүүгдэгч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Г.Тгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамарт цус хуралт, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.А нь түүний нүүрэн тус газарт гараараа түлхэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо нотлогдон тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ж.Аын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч хохирогч Г.Тгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамарт цус хуралт, эрүүнд зулгаралт, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.     

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд нь гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж тодорхой зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Т нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учирсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон бусад зардалд 50.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.А нөхөн төлсөн, хохирогч нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, уучлалт гуйж эвлэрсэн” үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлсэн /хэргийн 12х, 76х/ баримттай байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Ааас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 65х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Г.Т нь “гомдол саналгүй” гэснийг болон прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүх харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ст овогт Ж-вийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ж.А цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Т нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД