Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 55

 

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

өмгөөлөгч Б.Жавхлан, Д.Өлзийхишиг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201523000232 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт А-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Болор-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, А.Б-ээс оршуулгын зардлын 4,896,150 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, үлдэх оршуулгын зардлын 11,923,850 төгрөг, оюутны сургалтын төлбөрийн 21 сая төгрөг, бага хүүхдийн суралцах хугацааны зардал, эмчилгээний зардлын 30 сая төгрөг, нийт 62,923,850 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, сэтгэл санааны хохирлын 30 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Жавхлан, Д.Өлзийхишиг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... А.Б- нь талийгаач А.О-ыг санаатай алах гэсэн санаа зорилго байгаагүй, санаатай алах гэж голын усанд дарж ойчоогүй.

Харин Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд бие биетэйгээ барилдаж, дарж тогловол аюултай гэдгийг мэдэх боломжтой байсан ч хэт хайхрамжгүй хандсанаас золгүй учрал болсон гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг харгалзан Б-ийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “... хэрэгт авагдсан баримтаас үзэхэд амь хохирогч нь А.Б-д мөнгөний өртэй байсан бөгөөд мөнгөө төлөөгүйд өширхөн, өс хонзонгийн сэдэлтээр амь насыг нь хохироосон нь нотлогдож байхад хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-т зааснаар зүйлчлэлийг зөвтгөн зүйлчилж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Тухайн үедээ А.Б- талийгаачийг дарж байгаад усанд живүүлсэн гэсэн мэдүүлгүүд тодорхой байдаг. А.Б- өөрөө “найзыгаа усанд дараад амь насыг нь хохироочихлоо” гэсэн агуулгатай мэдүүлэг өгч байсан. Энэхүү мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу авч, бэхжүүлсэн. Талийгаачийн өмсөж явсан подволк нь заасан хэмжээгээрээ ханзарч урагдсан, урагдалт нь шинэ үүссэн гэдэг нь тогтоогдсон. Талийгаачийн биед цээж, баруун зүүн өвдөг, нурууны зулгаралт үүссэн нь тухайн үед үүсгэгдсэн гэмтлүүд байсан. Хохирогчийн өмгөөлөгч “өс хонзонгийн сэдэлтээр санаатай алсан” гэж үзэж байна. Хэдийгээр 50,000 төгрөгийн асуудлаас болж маргаан үүссэн нь тогтоогдож байгаа боловч өс хонзон санаж, бусдыг алах санаа, сэдэлт тогтоогдоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх “А.Б- нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн голын гүүрний баруун талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.О-ыг Хэрлэн голын усанд дарж, санаатай алсан тухай үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б- нь хохирогчийг усанд дарсны улмаас хохирогч амьсгал бүтэлтэд орох аюултай байдлыг урьдчилан мэдэж байсан төдийгүй улмаар өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогчийг араас нь тэврэн, усанд дарж амь насыг нь хохироосон, үүний дараа голоос гарч хохирогчийн бие усанд харагдахгүй байсан учраас хувцсыг нь аваад явсан зэрэг нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан гэх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн аль нэг шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлангийн “зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишигийн “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-т зааснаар зүйлчлэлийг зөвтгөн зүйлчилж өгнө үү” гэх гомдлын тухайд, амь хохирогч А.О-ны хэлсэн үг, хийсэн үйлдэлд шүүгдэгч А.Б- нь дургүйцэн хариу авах, хорсол тайлах санаа зорилготой, үүнийгээ илэрхийлсэн эсхүл энэхүү байдал нь илт ойлгогдохоор байсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ