Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 43

 

                                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн “ Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдох

            Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож.Увс дулааны станц “ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад 1 м 3 –ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, Н.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Увс аймгийн “Увс дулааны станц”  ХХК нь анх 1986 онд байгуулагдсан цагаасаа хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангахад доголдолтой ажиллаж 2000-аад оны эхээр бүр хүндэрч улмаар төрөөс энэ үйлдвэрийн алдагдлыг дааж ажиллаж чадахгүй байдалд хүрч 2003 онд сонгон шалгаруулалтаар хувьчлагдсан. “Увс дулааны станц” ХХК-ийг хувьчлан авсан баг 2004, 2005, 2006, 2007 онуудад энэ компаний хуримтлагдсан өрийг дарж барагдуулан (татвар, НДШ, цахилгаан, тээврийн зардал, банкны зээл гэх мэт ) 2007, 2008, 2009 онуудад ашигтай ажиллаж эхэлсэн. Гэтэл Увс аймагт 2014 онд шинээр Дулааны станц байгуулагдаж манай хэрэглэгчийн 40 гаруй хувийг бидэнд мэдэдэхгүй төрөөс манай өмчлөлийн шугам сүлжээтэй нь булаан шинэ станцтай холбосон нь манай компаний өсөн дээшилж байсан санхүүгийн чадавхийг огцом унагаж, дөнгөж ашигтай ажиллаж улсын төсөвт 250 орчим сая төгрөгийн татвар төлж байсан үйлдвэр 2011 оноос хойш санхүүгийн үзүүлэлтээр жилд дундчаар 200 орчим сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн дагуу манай  “Увс дулааны станц” ХХК нь Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монополь үйл ажиллагаа явуулдаг компанийн жагсаалтанд байдаг бөгөөд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс үнэ тарифийг тогтоож бидний үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

Зах зээл дээр сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, нүүрс, цахилгаан, тээврийн зардал 40-өөс дээш хувиар нэмэгдсэн нь алдагдлыг улам ихэсгэж ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Өнөөдрийн байдлаар тус компани нь нүүрсний уурхай, тээвэр, эрчим хүч, тоног төхөөрөмж нийлүүлдэг хуулийн этгээд, нийгмийн даатгал, татварын байгууллага, хувь хүмүүст 2 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөр үүсгээд байна. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/11 тоот тогтоолоор аж ахуйн нэгжид 1м3ын үнийг  1300 төгрөгөөр. Айл өрхөд 1м2-ын үнийг 390 төгрөг байхаар тогтоож өгсөн бөгөөд манай хэрэглэгчдийн 40 гаруй хувийг өөр эх үүсвэрт холбож хэрэглэгчийг хязгаарласантай холбоотойгоор уг үнэ тарифаар ажиллах боломжгүй болсон.

Энэ талаар   “Увс дулааны станц”  ХХК-иас 2014 оноос хойш Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байна.

Иймд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний үнийг нэмэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Увс дулааны станц” ХХК-ийн дулааны үнийг алдагдал хүлээхээргүй түвшинд хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргахыг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгаж өгнө үү...” гэжээ.

 Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:” Увс дулааны станц ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Увс дулааны станц ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж, байгууллагад 1 метр3 –ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгуулах гэж өөрчлөн нэмэгдүүлж байна ” гэжээ.

 Хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс дулааны станц ХХК-тай зэрэгцээ ажиллаж байгаа “Увс аймгийн Дулааны 2-р станц ДШС” ОНӨААТҮГ-ын төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагуудад түгээх дулааны үнэ нь Увс дулааны станц ХХК-ийн хэрэглэгч нарт түгээх дулааны үнэтэй адил байна.Мөн зэргэлдээ Ховд аймгийн төвд дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг “Бадамлах дөл” ХХК нь дулааны үнийг 2011 оноос хойш төсөвт болон ААНБ-д 1 метр3-ыг нь 1350 төгрөгөөр түгээж байна.Жич: Нүүрсний тээврийн зай Ховд аймгаас “ Хар тарвагатай”-н нүүрсний уурхай хүртэл 240 км, Увс аймгаас “ Хар тарвагатай”-н нүүрсний уурхай хүртэл 90 км байна. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь “ Увс дулааны станц” ХХК-ийн ирүүлсэн тарифын саналыг хянаж үзээд хэрэглэгч нарт түгээх дулааны үнийг төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагад 1 метр 3-ыг 1350 төгрөг буюу 1 метр 3 –ын үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд “Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрлэж зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад 1 метр3 –ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Увс аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Увс дулааны станц ХХК” үйлдвэрлэж байгаа дулааны үнийг нэмэгдүүлэх нэхэмжлэлийг анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдлүүлэн “Увс дулааны станц” ХХК-ийн дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгжид 1м3 –ын үнийг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Увс дулааны станц” ХХК 2004-2006 онуудад байгууллагын хуримтлагдсан өрийн асуудлыг барагдуулж өгсөн байдаг бөгөөд мөн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн. 2011 оноос хойш санхүүгийн үзүүлэлтээр дунджаар 200 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж ажиллаж байна.

Хэрвээ төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн дулааныг 1м3-ыг нь 1600 төгрөг болгож нэмэгдүүлбэл жилд 60 сая төгрөгийн алдагдал хүлээхээр судалгаа дүгнэлт гарсан.

Өнөөдрийн байдлаар Увс дулааны станц ХХК-иас 331 айл өрх, 13 төсөвт байгууллага, 86 аж ахуй байгууллага дулаанаа татдаг бөгөөд 2015-2016 онд 296 сая төгрөг олох ёстой гэж үзвэл 60 саяын өрөнд орж байгаа. Мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр дулааны үнийг 1600 төгрөг байх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавхийг хэвийн байлгах хэмжээнд байх, тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7 дахь хэсэгт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, хангах түгээх техник технологийн найдвартай үйл ажиллагаанд нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчимыг мөрдөх гэсэн заалтыг Эрчим хүчний зохицуулах зөвлөл мөрдөх ёстой.

Хариуцагч ямар судалгаа, үндэслэлээр 1300 төгрөг гэсэн үнийн дүнг хатуу бариад байгаа нь тодорхойгүй байгаа. Эрчим хүчний зохицуулах зөвлөл “Увс дулааны станц” ХХК-ийн санхүүгийн чадавхийг алдагдуулахгүйгээр ажиллах нөхцлийг хангаж ажиллаагүй байгаа тул дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзэж мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү “гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сарнай нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс дулааны станцын ХХК-ийн зардлыг авч шалгахад элэгдлийн зардал 396 сая төгрөг гарсан байгаа. Энэ зардал нь тухайн байгууллагаас гарч байгаа зардал биш бөгөөд элэгдлийн зардал нь мөнгөөр гардаггүй.Энэ бол зохиомол зардал. 2015, 2016 онуудын санхүүгийн тайланг үзэхэд жил ирэх тусам нүүрсний хэрэглээ ихэсч, хэрэглэгчийн тоо нь 6%-иар өссөн байхад нүүрсний хэрэглээ нь 16%-иар өссөн байдаг. Дулаан илүү үйлдвэрлэхгүй байхад нүүрсний хэрэглээ өсөх шаардлагагүй. Ховд аймгийн дулааны станцтай харьцуулахад Ховд аймгийн дулааны станц нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж байгуулагад 1м 3 дулааны үнийг 1350 төгрөгөөр тогтоосон байдаг ба нүүрсээ 270 км хол байрлах уурхайгаас татдаг. Манай аймгийн дулааны станц 110 км зайд байрлах уурхайгаас нүүрсээ татдаг. Татварын хэлтсээс Хар тарвагтай компанийн нэмэгдсэн өртгийн татварын дэвтрийг гаргаж авсан шалтгаан нь тухайн байгууллагын нүүрсний хэрэглээг мэдэх зорилготой байсан. Алдагдлаа их гаргахын тулд зардлыг хуурамчаар гаргаж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Намайг ажилд орсноос хойш Увс дулааны станц ХХК-ийн үнэ тариф хянуулах, нэмэгдүүлэх хүсэлт ирүүлээгүй. Өмнөх ажилтан М.Гантулга хянаж үзээд үнийг нэмэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн байгаа болно...”гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэмж гаргах тайлбаргүй” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад 1 м3–ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхийг даалгуулах” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж “Увс аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад 1 метр3–ыг нь 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг даалгуулах” тухай гэж өөрчилсөн болно.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК нь “ Дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх талаар удаа дараа Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүсэлт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа,хэрэглэгчдийн 40 гаруй хувийг өөр эх үүсвэрт холбосон, 2011 онд тогтоож өгсөн тарифаар ажиллаж байгаа нь санхүүгийн алдагдлыг улам нэмэгдүүлж байгаа“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ Дулааны эрчим хүчний үнийг төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагад 1 метр 3 –ыг нь 1350 төгрөгөөр тогтоох буюу 1 метр 3 –ыг  50 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой”  гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Увс дулааны станц” ХХК нь Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний зохицуулалттай хангалтаар буюу Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнээр дулааны эрчим хүчийг хэрэглэгчид худалддаг байх бөгөөд энэ талаар маргаангүй болно.

            Увс аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс “Увс дулааны станц” ХХК-ийн дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            “Увс дулааны станц” ХХК нь Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зохицуулагчдын хурлын 2011 оны 07 сарын 10-ны өдрийн 01/11 дугаартай “Дулааны үнэ тариф” шинэчлэн тогтоох тухай тогтоолд заасны дагуу дулааны эрчим хүчийг төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагад 1 метр 3 ыг НӨАТ-гүйгээр 1300 төгрөг, орон сууцанд 1 метр 2 –ыг 390 төгрөгийн тарифаар борлуулдаг байна.

            “Увс дулааны станц” ХХК нь Дулааны үнийн өөрчлөлтийн талаар буюу дулааны тарифыг нэмэгдүүлж өгөх тухай  хүсэлтийг холбогдох баримтын хамт 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 1/82 дугаартай албан бичгээр Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлжээ.

            Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зүгээс хүсэлтийг хянаад 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр тарифын саналыг “Тарифын саналыг хянан шалгах журам”-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан, энэ талаар явуулсан бичгийн бүртгэлд нь бүртгэгдсэн байх боловч энэхүү албан ёсны хариуг “Увс дулааны станц” ХХК нь аваагүй талаар тайлбар гаргажээ.

            Хариуцагчаас дээрх хүсэлтийг буцаах тухай албан бичгийг  “Увс дулааны станц”  ХХК-д хэзээ, яаж хүргүүлсэн талаар нотлоогүйн дээр “Увс дулааны станц” ХХК-ийн 2015 оны ирсэн бичгийн бүртгэлд уг албан бичиг бүртгэгдээгүй байна.

            Түүнчлэн “Увс дулааны станц” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хаягласан  2016 оны 04 сарын 27-ны өдрийн “Дулааны эрчим хүчний үнэ нэмэгдлүүлж өгөхийг хүсэх тухай” 1/66 дугаартай албан бичиг авагдсан байх бөгөөд энэ талаар хариуцагчаас “ 1/66 тоот албан бичгийг Зохицуулах зөвлөлд “ Увс дулааны станц” ХХК-ийн хуулийн зөвлөх Алтанбадралт авч ирсэн бөгөөд он сарын зөрүү гарсан учир зохицуулах зөвлөл хүлээн аваагүй, он сараа дахин өөрчлөн ирүүлэхэд хүлээж авахад татгалзах зүйлгүй болно гэж хэлэхэд ширээн дээр орхиод явсан “ гэж тайлбарласан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эсэх талаар ямар нэг хариуг өгөөгүй байна.

            Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн 2005 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тарифын саналыг хянан шалгах журам” –ын 3.1-д                  “Тарифын санал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор ЭХЗГ-ын Үнэ тарифын алба ирүүлсэн баримт материалын бүрдэл нь зохих шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, дараах зүйлийг албан бичгээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ”, мөн журмын 3.1.В-д “ Хэрэв ЭХЗГ 15 хоногийн дотор санал, баримт материалыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдээгүй бол материалыг албан ёсоор хүлээн авсан гэж үзнэ “ гэж зохицуулжээ.

            Иймд Увс аймгийн Эрчим хүчний зөвлөл нь “Увс дулааны станц” ХХК-ийн Тарифыг нэмэгдүүлэх тухай удаа дараагийн хүсэлтийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг хүсэлтийг Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ аймаг нийслэлийн зохицуулах  зөвлөл нь хангагчаас үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл, үнийг жил бүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдол бүрт хянана” гэж, “ Тарифын саналыг хянан шалгах журам” –ын 9.1-д “ хяналт шалгалт, хэлэлцүүлэг, зөвшилцлийн хэлэлцээр, ажилтнууд болон бусад талуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг үндэслэн ЭХЗГ-ын зохицуулагчдын зөвлөл эцсийн шийдвэр гаргах болно” гэж заасан зохицуулалтуудын дагуу хянаж шийдвэр гаргах ёстой байжээ.

            Иймд Увс аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс “Увс дулааны станц” ХХК-ийн дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

             “Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад                  1метр3 -ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            “ Увс дулааны станц “ ХХК татварын хэлтэст 2011-2016 оны 3 дугаар улирал хүртэл байнга алдагдалтай тайлан гаргаж 10840117 төгрөгийн татварын өр төлбөртэй байгаа,Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийт 160567726 төгрөгийн, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлд 2016 оны 11 сарын 30-ны байдлаар 39817530.23 төгрөгийн өр төлбөртэй, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д мөн ихээхэн хэмжээний цахилгаан эрчим хүчний төлбөртэй талаар холбогдох байгууллагууд тодорхойлжээ.

            “Увс аймгийн дулааны 2-р станц ДШС “ ОНӨААТҮГ ашиглалтад ороход “Увс дулааны станц” ХХК –аас 2014 оны намар нийт 45207,8 м3  талбай бүхий төрийн байгууллага аж ахуйн нэгж, нийт 2405м 2  талбай бүхий хувийн сууц, орон сууцнууд шилжсэн талаар Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тодорхойлсон байна.

            Увс аймгийн инфляцийн жилийн түвшин, ерөнхий индексээр 2011 оныг 2010 онтой харьцуулахад 112.1, 2012 оныг 2011 онтой харьцуулахад 112.7, 2013 оныг 2012 онтой харьцуулахад 108.8, 2014 оныг 2013 онтой харьцуулахад 115.2, 2015 оныг 2014 онтой харьцуулахад 103.2, 2016 оныг 2015 онтой харьцуулахад 101.0 байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 65 дугаартай албан бичгээр тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2015, 2016 оны санхүүгийн байдлын талаарх холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх “Увс дулааны станц”ХХК –ийн 2015, 2016 оны санхүүгийн тайлан, холбогдох баримтуудад шинжээчийн дүгнэлт гаргуулсан болно.

            “Увс финанс-аудит” ХХК-ийн шинжээч Р.Ядамсүрэнгийн гаргасан 2017 оны 04 сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2016 онд 380 айл өрх 22222,1 м2, төсөвт байгууллага 89542,3 м3 ,142 аж ахуйн нэгж байгууллага 54377,59 м3 эзэлхүүн, талбайгаар гэрээгээр халаалт өгч байх бөгөөд дулааны эрчим хүчний үнийг 1м3-ыг төсөвт байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад 1600 төгрөгөөр тооцсон тохиолдолд тухайн байгууллагын алдагдлын хэмжээ өртөг зардлыг урьд оны хэмжээнд байгаа гэж тооцвол орлого 1842174592 төгрөг болж өмнөх оныхоос 249665274 төгрөгөөр нэмэгдэж алдагдал нь 233891,1 мянган төгрөгөөр буурах талаарх тооцооллыг гаргажээ.

            Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д тариф тогтооход баримтлах зарчмыг тодорхойлсон байх ба нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн санхүүгийн байдал,зарим хэрэглэгчидийг нь дулааны эрчим хүчний шинэ эх үүсвэрт холбосон, 2011 оноос хойш байнга алдагдалтай ажиллаж ирсэн зэрэг нөхцөл байдлууд нь тарифыг өөрчлөн нэмэгдүүлэн тогтоох шаардлагатайг нотолж байна.

            Хэдийгээр эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байх боловч Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-д аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь зохицуулах зөвлөлөөс баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах,нийтлэх эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан тул тариф, хэрэглэгчийн үнийг хэрхэн тогтоох нь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

            Харин нэгэнт тарифыг нэмэгдүүлэн шийдвэрлэх шаардлагатай талаар тогтоогдсон тул хариуцагчид “Увс дулааны станц” ХХК-ийн дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад нэмэгдүүлэн тогтоохыг даалгаж, дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад 1метр3-ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн шинжээчийн зардал 400000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваан хариуцуулах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс “Увс дулааны станц” ХХК-ийн дулааны эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Увс дулааны станц“ ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнэ, тарифыг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад нэмэгдүүлэн шийдвэрлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгасугай.

2. Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан түгээж байгаа дулааны эрчим хүчний үнийг төсөвт газрууд болон аж ахуйн нэгж байгууллагад 1метр3 -ыг 1600 төгрөгөөс доошгүй нэмэгдүүлэхийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч “ Увс дулааны станц” ХХК-иас 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 200000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус гаргуулан “Увс финанс-Аудит” ХХК-д олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ