Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 168

 

С.Р-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00642/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Оюунцэцэг даргалж,  шүүгч С.Энхжаргал, шүүгч О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 889 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Балжин занги овогт С-ын Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******д холбогдох

          "Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн дарга Ж.*******гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Р-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

   Нэхэмжлэгч С.Р- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Миний бие 29 жил хүний их эмчээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 5 жил “*******” сувиллын эрхлэгчээр ажиллаж байсан. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн дарга Ж.******* нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлөх тушаал дээр 3 үндсэн шалтгаан зааж өгсөн байсан. Нэгдүгээрт “*******” сувилал нь тусгай зөвшөөрөлгүй байна, хоёрдугаарт магадлан итгэмжлэгдээгүй байна, гуравдугаарт удирдлага зохион байгуулалт хангалтгүй байсан, сүүлийн 3 сар ажилчдын цалин тавиагүй байгаа гэсэн үндэслэлүүдээр тушаал гаргасан байсан. Эдгээр шалтгаанууд нь надаас шууд хамааралгүй шалтгаан байсан. 2015 оны 10 дугаар сард “*******” сувиллын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Тусгай зөвшөөрөл олгох сунгах өргөдөл өгдөг учиртай. Тэр хугацаанд нь бичиг баримтыг бүрдүүлээд, зохих газарт нь өгсөн, тусгай зөвшөөрөл сунгах хурлаар орсон.

Эхний хурлаар эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулдаг тул Нэгдсэн эмнэлгийн Ж.******* даргатай байр хөлслөх гэрээ байгуулаад, эргэж тусгай зөвшөөрөл олгох хурлаар ороорой гэж хэлсэн. Аймгийн захиргааны ******* гэх хүн 12 дугаар сард намайг дуудаад тусгай зөвшөөрлийн хурлаар 2 дахь удаагаа ороход 3 жилийн хугацаагаар манай тусгай зөвшөөрлийг сунгасан. Тусгай зөвшөөрөл олгох хурлын тэмдэглэлийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт явуулсан боловч Аймгаас тусгай зөвшөөрлийг сунгаагүй. Энэ тусгай зөвшөөрлийг сунгах эрх бүхий байгууллага нь Эрүүл мэнд спортын яам юм байна, харъяа яамандаа ханд гэдэг албан бичиг өгсөн. Эрүүл мэнд спортын яаманд хандаад 1 дүгээр шатны хурлаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон байсан. Эрүүл мэнд спортын яамны тусгай зөвшөөрөл олгох хурлаар ороод тусгай зөвшөөрөл олгоно газар дээр нь очоод шийдвэрлэнэ гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд манай үйл ажиллагаатай танилцаад, хүний нөөц дутагдалтай байна, хүний их эмч байхгүй байна гээд тусгай зөвшөөрөл олгохгүй гэж хэлээд явсан гэсэн. Энэ асуудал нь надаас шалтгаалаагүй гэж үзэж байгаа. Магадлан итгэмжлэлд ороогүй гэдэг асуудал дээр 2004 онд манай сувилал байгуулагдахдаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдаагүй, Нийгмийн Халамжийн үндэсний хорооны тогтоолоор байгуулагдсан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ажилчдын цалинг өгөөгүй нь удирдлага арга зүйн алдаатай байдлаас болсон гэж үзэж байгаа. Сангийн яамнаас санхүүгийн эрх нээж өгөөгүй байсан тул цалин тавьж чадалгүй 3 сар болсон. Энэ хугацаанд би өөрөө ч цалин авч чадаагүй. Би энэ асуудлаар Сумын, Аймгийн төрийн санд хандсан, яаманд бас хандсан байгаа. Асуудал шийдэгдээгүй байтал 3 сар болсон. Би шат шатандаа албан бичиг өгсөн байсан тул Сангийн яамнаас нэмэлт сан нээгээд цалин тавьсан. Миний алдаатай үйл ажиллагаанаас болоод эдгээр асуудлууд гараагүй. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул “*******” сувиллын эрхлэгчийн ажилдаа эргээд ормоор байна, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн дарга Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтын дагуу ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, Мэргэжлээс шалтгаалах өвчний сувиллын тасагт 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлөө аваагүй ажиллаж ирсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасныг зөрчин ажилчдын цалин хөлсийг олгоогүй, цалин хөлс олгоогүй шалтгаанаа сангийн яамнаас данс хаасан гэх боловч албажуулсан баримт байхгүй байгаа нь удирдах ажилтны ажлын ур чадвар зохион байгуулалт хангалтгүй гэж үзсэн. 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар томилогдсон өдрөөс хойш ажил олгогчтой Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.3-т заалтын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж ирсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад ажилтанг ажлаас буруу халсан, өөр ажилд шилжүүлсэн шийдвэр гаргасан бол шийдвэрийг хүлээж авснаас хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна. 129.3-т заалтад хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтад хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх ямар нэгэн баримт байхгүй байна. *******ийн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар МШӨСувиллын тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөөд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалаар өрх халдвартын тасгийн эмчээр томилсон. Өөр ажилд томилоод байхад өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй нь байгууллагын дотоод журмын заалтуудыг зөрчсөн бөгөөд томилсон өдрөөс хойш буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд томилсон тушаал гаргасныг огт дурдаагүй байна. Тус эрүүл мэндийн төвийн орон тоо буурч, цалингийн төсөв хүрэлцэхгүй болж эхний 4 сарын байдлаар цалингаас суутгасан Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийлээд 34.000.000 төгрөг болоод байгаа тул тогтмол зардлаа хэмнэж, 56 орон тоогоор ажиллаж сумын эмнэлгийн анхан шатны үйлчилгээг нийт ард иргэдэд үзүүлэх шаардлагатай байна. Тасгийн эрхлэгчээр түр томилогдсон Ш.Юмдоо нь 2016 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн С.Р-д ажлаас гэнэт халагдсан гэж нэг сартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг 4 сарын цалин дээр бодож гаргасан нь хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа нь С.Р- удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангахгүй, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учир сувиллын эрхлэгчийн ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар маргаан гаргах хугацааг дурдсан байдаг. Ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 гэсэн тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан байдаг. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа авъя гэж Д.Аманбол дээр орж ирээд тушаалаа аваад гарсан байдаг. Амангүль дарга уруу утастсан боловч дарга нь Дархан сум явсан байсан тул утас нь холбогдоогүй учир тушаалыг нь өгөөд гаргасан. Иргэний хуулийн хугацаа тоолох журмаар 72-73 дугаар зүйлд дараа сарын мөн өдөр дуусна гэсэн байдаг. 30 хоног өнгөрсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 889 дугаар  шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Р-г Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн харьяа “*******” сувиллын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******өөс 2.568.164 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Р-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Р- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******өөс улсын тэмдэгтийн хураамжид нийт 126.241 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн дарга Ж.******* давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 889 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр авсан нь тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүйгээр дүгнэн хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Шүүх С.Р-г 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халагдсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр авсан гэдгийг үгүйсгэх баримт болж чадахгүйн зэрэгцээ гэрчийн мэдүүлэг шийдвэрийг хэрхэн авсныг тодорхойлж байгаагийн гадна нэхэмжлэгч энэ өдөр шийдвэрийг авснаа үгүйсгээгүй. Нэхэмжлэгч С.Р- нь цаашид энэ албыг гүйцэтгэх ёс зүйн болон удирдах арга барилын, үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвар дутагдалтай тул мэргэжлээс шалтгаалах өвчтөнүүдийн эрх ашгийг харгалзан ажилд нь эгүүлэн ажиллуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Р- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 889 дугаар  шийдвэр нь хуулийн дагуу үнэн зөв шийдвэр юм хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Ажил олгогч Дархан- Уул аймгийн Шарын гол сумын ******* нь  “*******” сувиллын эрхлэгч С.Р-г  2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь  чөлөөлснийг эс зөвшөөрч ажилтан С.Р- шүүхэд гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахдаа зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцаанд эрх зүйн дүгнэлт өгч Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ  ажилтан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байхад шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

            Ажил олгогч буюу ******* нь  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа өөрөөр хэлбэл ажилтныг үүрэгт ажлаас  нь чөлөөлөхдөө  зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлд нийцүүлэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны байж чадаагүй байна.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлагад нийцээгүй тушаал гаргасан тул ажилтныг ажлаас халах болсон үндэслэлийн талаар шүүх нотлох баримт үнэлж  дүгнэлт өгөх шаардлагагүй.

 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу    хөдөлмөрийн гэрээ цуцалсан  шийдвэрийг ажлаас халагдсан өдөр нь  гардуулан өгөх үүрэгтэй.

 Ажлаас халагдсан өдөр нь түүний ажлаа хүлээлгэж өгсөн сүүлчийн өдөр байхаар  хуулиар тодорхойлсон байх бөгөөд  хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан ажил олгогчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар С.Р-гийн ажлыг хүлээлцэх комисс томилсон байгааг үзэхэд 3 дугаар сарын 15-ны өдрийг түүний ажлаас халагдсан өдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Ажлаас халсан тушаалыг ажил олгогч  ажилтанд 3 дугаар сарын 11-ний өдөр  гардуулсан гэж маргаж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй, шүүхэд энэ байдлаа нотлохоор гэрч асуулгаж гэрч нь  мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж утасны ярианы жагсаалт зэргийг шүүхэд ирүүлсэн  боловч шүүх хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байгааг буруутгах боломжгүй.

Ажил олгогч хуулийн этгээд нь ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг ажилтанд өөрт нь гардуулан өгч энэ талаар зохих тэмдэглэгээ хийж, ирсэн явсан бичгийн бүртгэлд авч,  гарын үсэг зуруулж баталгаажуулсан тохиолдолд  шүүх  шийдвэрийг гардаж авсан гэж үзэн түүнээс хойш шүүхэд гомдол гаргах хугацааг тооцох боломжтой юм.

             Байгууллага зохих журмын дагуу шийдвэрээ гардуулж өгөөгүй байгаа байдлаа гэрчийн мэдүүлгээр нотлох гэж хүсэлт гаргасныг ч шүүх хүлээн авч хангах шаардлагагүй  учир нь хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх  нь тодорхой байдлаар бичгийн хэлбэрээр  хэлбэржсэн, баталгаажсан зохион байгуулалттай байх  шаардлагатай  бөгөөд энэ байдлаараа нотлох боломжтой байхад нотолгооны хязгаарлагдмал боломжтой  эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох  гэж байгаа мэт гэрч асууж үйл баримтыг тогтоох шаардлага байхгүй байжээ.

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна  гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 889 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ  

                           ШҮҮГЧИД                                                  С.ЭНХЖАРГАЛ  

                                                                                              О.НАРАНГЭРЭЛ