Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0143

 

2020 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 221/МА2020/0143                          Улаанбаатар хот

“Б...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Л.А, Х.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 924 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Б...” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 924 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 13 дугаар зүйлийн 13.9, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагчдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № 0300275 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 101,081,606.60 төгрөгийн төлбөрөөс 97,943,180.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Б...” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Тус компани нь анх 2000 онд барилга угсралт, засварын ажил эрхлэхээр үүсгэн байгуулагдаж, Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Богд-Ар хорооллын барилгуудыг барьж ашиглалтад оруулах үйл ажиллагаа эрхэлж байсан. Гэвч 2009 онд барилга угсралт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, 2012 оноос хойш тодорхой үйл ажиллагаа эрхлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасагдах хүсэлт гарган татварын хяналт шалгалтад хамрагдсан.

Гэтэл Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Ж.Я нар нь манай компанийн 2017, 2018 оны татварын тайлагнал, ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2019 оны 04 сарын 08-ны өдөр 0300275 тоот шийтгэлийн хуудас бичихдээ илтэд хууль зөрчсөн дараах уйл ажиллагаа явуулсныг анхан шатны шүүхээс анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “... Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд 2014 онд үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт шилжүүлэх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, харин 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг 2014 онд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөлд шилжинэ буюу өмчлөгч болно, өмчлөлд шилжсэнээр буюу өмчлөгч болсноор татвар ногдуулах харилцаа үүснэ, тус компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарын нэр дээр 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан тул 2017 онд өмчлөлд шилжсэнд тооцно” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хөрөнгө оруулагчийн биеийн байдал муудсаны улмаас Монгол Улсад ирж чадахгүй байсаар 2017 оны 09 сард ирэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэхээр нотариатад хандахад нотариат тухайн өдрөөр гэрээ баталж өгсөн. Үүнийг татварын улсын байцаагч нар 2017 онд үл хөдлөх хөрөнгө зарсан гэж үзсэн. Үл хөдлөх хөрөнгүүдийг 2014 онд зарж борлуулснаа журмын дагуу тайлагнасан байтал 2017 онд зөвхөн өмчлөл шилжүүлэх гэрээ хийсний төлөө борлуулалт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь байхгүй байхад хяналт шалгалтыг явуулсан байна. Өөрөөр хэлбэл байгууллагыг Компанийн тухай хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нь байхгүй байхад хэрхэн хяналт шалгалт явуулсан нь тодорхойгүй байна. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 49.3. “Татварын улсын байцаагч нь үзлэг, тооллого, хяналт шалгалт хийх тухай татварын албаны удирдамж болон томилолт татварын улсын байцаагчийн үнэмлэхээ татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид үзүүлсний үндсэн дээр байр агуулахад нэвтрэн орно” гэж заасан байтал татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч байхгүй байхад яаж дээрх хуулийн шаардлагыг хангасан болохыг анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулжээ. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж заасныг зөрчсөн байдаг.

Гомдол гаргагч 2014 онд татвар төлсөн ч 2017 онд дахин төлөх ёстой гэдэг бодит нөхцөл байдалтай холбоогүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан нь хуулийн болон бодит байдалд нийцэхгүй байна.

1. Тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Ч Ж нь Монгол Улсын хилээр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн байтал хяналт шалгалтын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн.

2. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирал Ч Ж-тэй ярилцлага хийхдээ хэлмэрч, орчуулагч томилохгүйгээр ярилцлага хийж тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан.

3. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд татвар төлөгчийн эрх-д “17.1.5 эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх өөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах” гэж заасны дагуу татварын хяналт шалгалтад оролцуулаагүй, тайлбар гаргаж өгөхийг зөвшөөрөөгүй.

4. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд татвар төлөгчийн эрхэд “17.1.6.татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” гэж заасны дагуу баримт бичигтэй танилцахыг хүсэхэд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 50 минутад холбогдогчид танилцуулсан гэж тэмдэглэл дээрээ бичсэн атлаа танилцуулаагүй.

5. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцахаар очиход 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хэлмэрч орчуулагч томилсон боловч хяналт шалгалтын үйл ажиллагаагаа бүрэн танилцуулаагүй. Шийтгэлийн хуудсыг шуудангаар илгээсэн нь манай компани дээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн.

Манай компани 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 0300275 тоот шийтгэлийн хуудсаар 101,081,606.60 төгрөгийн төлбөр оногдуулснаас 1,218,750.00 төгрөгийг үндэслэлгүй байна гэж үзэж Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталгаажуулж 99,862,856.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр болсон. Гэвч манай компани нь 99,862,856.60 төгрөгийн төлбөрөөс 96,724,431.80 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин тэмдэглэлийн 1, 5 ,6-д дурдсан зөрчилд оногдуулсан 3,138,424.80 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 96,724,431.80 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй гэж үзсэн учир нь:

  1. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 2-т “Компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт 2017 онд бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй 295,454,545.50 төгрөгийн зөрчилд 29,545,454.50 төгрөгийн нөхөн татвар, 8,863,636.40 төгрөгийн торгууль, 5,909,090.90 төгрөгийн алданги ногдуулах” (нийт 44,318,181.80 төгрөгийн төлбөр) гэсэн байна. Гэтэл манай компани нь эдгээр хөрөнгийг 2014 онд хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж энэ үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан. Гэвч манай компанийн 70 хувийн хөрөнгө оруулагч Ч Ж-а нь биеийн байдал муугаас болж Монгол Улсад ирж чадахгүй байсаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд ирэхэд нь гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. Энэ байдлыг татварын улсын байцаагч нар харгалзан үзэлгүй 2017 онд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Манай компанид тайлбар гаргах, 2014-2015 онуудын тайлангаа үзүүлэхийг зөвшөөрөөгүй. Мөн манай компанийн санхүүгийн тайланд ямар ч үл хөдлөх эд хөрөнгө байхгүйг харгалзан үзээгүй юм. Бид хөрөнгө оруулагч Ч Ж-а-г 2014 оноос хойш Монголд ирж чадахгүй байсан гэдгийг тайлбарласан боловч авч үзээгүй.
  2. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 3-т “Компанийн хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал нарт 2017 онд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг урамшуулал болгон олгосон 325,000,000.00 төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 32,500,000.00 төгрөгийн нөхөн татвар, 9,750,000.00 төгрөгийн торгууль, 6,500,000.00 төгрөгийн алданги ногдуулах” (нийт 48,750,000.00 төгрөгийн төлбөр) гэжээ. Гэтэл манай компани нь эдгээр хөрөнгийг 2014 онд хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж энэ үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайланд тайлагнасан. Энэ байдлыг татварын улсын байцаагч нар харгалзан үзэлгүй бидэнд тайлбар гаргах, 2014-2015 онуудын тайлангаа үзүүлэхийг зөвшөөрөөгүй. Мөн манай компанийн санхүүгийн тайланд ямар ч үл хөдлөх эд хөрөнгө байхгүйг харгалзан үзээгүй.

3. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 4-т “компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 325,000,000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөнд 2017 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 3,250,000.00 төгрөгийн нөхөн татвар, 975,000.00 төгрөгийн торгууль, 650,000.00 төгрөгийн алданги ногдуулах” гэсэн байна. Үүнээс ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 812,500.00 төгрөгийн нөхөн татвар, 243.750.0төгрөгийн торгууль, 162,500.00 төгрөгийн алданги, нийт 1,218,750.00 төгрөгийн төлбөр хасагдаж, нөхөн татварт 2,437,500.00 төгрөг, торгуульд 731.250.0 төгрөг, алдангид 487,500.00 төгрөг, нийт төлбөрт 3,656,250.00 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл эдгээр хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтэс нь хуучин бүртгэлтэй байсан үнээрээ тооцоолол хийж 1,737,477.00 төгрөгийн татварыг төлүүлсэн. Иймд энэ 3,656,250.00 төгрөгийг хасаж тооцох ёстой.

4. 2019 оны 04 сарын 08-ны өдөр гаргасан 0300275 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан татвар, торгууль, алданги нь 2014 онд тайлагнасан татварыг дахин давхардуулж оногдуулсан, 2014 оны жилийн эцсээр Эдийн засгийн ил тод байдлын хүрээнд бүх тайлангаа холбогдох хууль журмын дагуу гаргаж тухайн үед нь харьяалагдах санхүү, татварын алба нь хүлээн авсан тайлангуудыг үгүйсгэсэн тул бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Татварын

төрөл

Нөхөн татвар 10%

Торгууль 30%

Алданги 20%

Нийт төлбөр

НӨАТатвар

29,545,454.50

8,863,636.40

5,909,090.90

44,318,181.80

ХХОАТатвар

32,500,000.00

9,750,000.00

6,500,000.00

48,750,000.00

ҮХХАТатвар

2,437,500.00

731,250.00

487,500.00

3,656,250.00

Нийт

64,482,954.50

19,344,886.40

12,896,590.90

96,724,431.80

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл гэсний 1-д дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэснийг зөрчин тийнхүү бүртгүүлээгүй.

Тус зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсний 2.3-д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэснийг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон

Нөгөөтээгүүр тухайн асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл огт тогтоогдоогүй байсан.

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 6.6 дугаар зүйл.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэсний 1.Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:

1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэсний аль нэг үндэслэлд тухайн асуудал хамаарахгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0924 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0300275 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 101,081,606.80 төгрөгийн төлбөрөөс 97,943,180.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар “Б...” ХХК-аас маргажээ.

“Б...” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/17, 02/17 дугаар тогтоолуудаар тус компанийн өмчлөлийн 248,51 м.кв талбайтай 248,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирал Чен Жиэнминд, 77.35 м.кв талбайтай 77,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ерөнхий захирал Х.И-т тус тус “олон жил ажиллаж байгаа хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж” урамшуулал болгон олгохоор шийдвэрлэж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэн Ч Ж болон Х.И нарын нэр дээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр 4.1.1-д 4.1.1-д ““борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2-т ““бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг” ойлгохоор тус тус заасан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд албан татвар ногдуулахаар, 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” байхаар заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл “Б...” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан тус компанийн гүйцэтгэх захирал болон ерөнхий захирал нарт урамшуулал болгон олгосон уг үл хөдлөх эд хөрөнгүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлтэй.

Гэтэл “Б...” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн болон хувь хүний орлогын албан татвар төлөөгүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон байх бөгөөд гомдол гаргагчаас татвар төлөөгүй зөрчлөө “эдгээр хөрөнгийн 2014 онд хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж энэ үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан гэх баримтыг гомдол гаргагчаас гаргаагүй байна.

Энэ талаар гомдол гаргагчаас “эдгээр хөрөнгийг 2014 онд хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж ... тайлагнасан,  ... 2014-2015 онуудын тайлангаа үзүүлэхийг зөвшөөрөөгүй” гэж тайлбарлан маргасан байх боловч, хариуцагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ямар баримтыг, хэзээ, яагаад хүлээн аваагүй талаар үндэслэлтэй тайлбарлаагүй, мөн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтаа өгөх боломжтой байсан ч нотлох баримтаар гаргаж, мэтгэлцээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Б...” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 онд бусдад шилжүүлсэн нь нотлогдсон байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө” гэж заасны дагуу төлөхөөр байна. Анхан шатны шүүх тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2014 онд бус 2017 онд шилжүүлсэн талаар зөв дүгнэжээ.

2. Түүнчлэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна”, 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэж зааснаас үзвэл “Б...” ХХК-аас тус компанийн гүйцэтгэх болон ерөнхий захирал нарт урамшуулал болгон олгосон үл хөдлөх эд хөрөнгүүд нь албан татвар ногдох шууд бус орлогод хамаарч байна.

Иймд Хувь хүний орлогын албан татварын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д ““суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална” 26.1.1-д “энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан үүргээ гомдол гаргагч “Б...” ХХК-ийг биелүүлээгүй гэж үзэн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлтэй.

Гомдол гаргагчаас нэмэлтээр ирүүлсэн “бараа борлуулсан гэж үзэх үндэслэлгүй ... дотоод эргэлтэд шилжүүлж, компанийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн тогтоолуудаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх болон ерөнхий захирлаар ажиллаж байсан хувь хүмүүст тэдгээрийн ажлын үр дүнг харгалзан цалин хөлстэй тэнцэхүйц урамшуулал болгон хувьд нь шилжүүлсэн байна. Мөн гомдол гаргагч хуулийн этгээдийн өөрийнх нь 2014 онд эдгээр үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэх тайлбартай дээрх үндэслэл зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл, 2014 онд бусдад шилжүүлсэн байсан гэх тайлбар нь дотоод эргэлтэд шилжүүлж, компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан гэх тайлбарыг нь үгүйсгэж байна.

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлын тухайд:

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүдэн тухайн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хязгаарлагдсан тухай, энэ нь ямар учраас зөрчлийн актыг хүчингүй болгох үндэслэл болж буй нь тодорхойгүй байна.

Тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирснээр хуулийн этгээдийн өмнө нь гаргасан татварын тайланд үндэслэн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх талаар тус хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хийх “хяналт шалгалтыг эхэлнэ” гэж хуулийг тайлбарлаж, ойлгохооргүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах” гэж заасан эрхийг хяналт шалгалтын явцад зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Хариуцагчаас “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирал Ч Ж-тай ярилцлага хийхдээ тус компанийн хөрөнгө оруулагч Монгол Улсын иргэн Х овогтой И-г оролцуулан хэлмэрчлүүлсэн. Хяналт шалгалтын явцад тус компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулах талаар хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа татвар төлөгчид хуулиар олгогдсон дээрх эрхийг нь эдлүүлэхээс татгалзсан, хязгаарласан гэж үзэхээргүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ