| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0512/Э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 511
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ч-ийн Т-д холбогдох 18080540503025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, яс үндэс Дөрвөд, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Алтанбулаг суманд ногоо тариж борлуулдаг, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......дугаар хороо, Ногоон зоорийн .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч.Т /РД:ОЭ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Т нь “иргэн Б.О2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хороололд өөрийн лизингийн данс руу шилжүүлэг хийлгэхээр “Хаан банкны АТМ-ээс 560.000 төгрөгийг авч Ч.Тийн “Хас банк-ны дансаар дамжуулан уг шилжүүлгийг хийлгэсэн боловч төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаасБ.О560.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ч.Т нь “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хороололд “Хас банк”-ы эзэмшлийн данснаасаа иргэн Б.О-гаас “Хас банк”-ны зээлийн данс руу шилжүүлэг хийлгэхээр өгсөн 560.000 төгрөгийг шилжүүлэхэд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж тухайн 560.000 төгрөг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь :
- хохирогч Б.О:..2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хас банкны АТМ-ээр мөнгө шилжүүлэх гээд 560,000 төгрөгийг өөрийн лизингийн 5002484997 данс руу шилжүүлж өгөхийг үл таних эмэгтэйгээс гуйхад тухайн эмэгтэй шилжүүлсэн боловч одоог хүртэл тухайн мөнгө миний лизингийн данс руу шилжээгүй. Би мөнгөө Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын Сансар үйлчилгээний төвд байрлах Хаан банкны АТМ-ээс авсан...Миний мөнгийг авсан эмэгтэй 167 см өндөртэй цэнхэр цамцтай зузаан өмдтэй 40 орчим настай наймаа хийдэг бололтой хүн байсан.../х-22-23/...АТМ дээр гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн бичиг гарч ирсэн учраас би гүйлгээ хийгдсэн гэж ойлгоод тэр эмэгтэйгээс салж явсан. Хас банкнаас надад зээлийн таталт хийгдсэн тухай мессэж ирдэг боловч ирээгүй. Маргааш нь Хас банк руу асууж мэдсэн юм.../х-25/,
- Хаан банк дахь иргэнБ.Онэр дээр байдаг 5019160843 дугаарын данснаас 2018 оны 11 үгээр сарын 20-ны өдөр 560.500 төгрөгийн зарлага гарсан талаарх баримт /хх-7/,
- Хас банк дахь Ч.Тийн нэр дээр байдаг 5002421335 тоот дансы хуулга : 2018.11.20-ны өдөр 560.000 төгрөгийн орлого орсон /байршил Содон хороолол// х-50/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан 2019 оны 03 сарын 12-ны өдрийн тэмдэглэл :...Б.Онь 4 дугаартай зурагт байгаа хүн мөн байна. Би хараад шууд танилаа, зүс царайг нь сайн тогтоож авсан гэж 4 дугаартай байгаа Ч.Тийн зургийг заасан, гэрэл зургийг бэхжүүлж авав.../хх-9-12/
- компакт дискэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-17/,
- шүүгдэгч Ч.Т-ийн:..2018 оны 11 дүгээ сарын 20-ны өдөр би Содон хорооллын Хас банк руу өөрийн данс руу мөнгө хийхээр орсон. Тэнд нэг хүүхэд дагуулсан эмэгтэй, нэг залуу байсан. Залуу нь түрүүлээд гараад явсан. Тэр эмэгтэй тэр залууг гуйгаад АМТ рүү мөнгө хийлгэх гэтэл хийж өгөөгүй. Тэгээд намайг гуйсан. Тэгээд би тэр эмэгтэйд эгч нь АТМ-ны учрыг сайн мэдэхгүй байна хоёулаа хамт хийе гэж хэлээд эхэлж би өөрийнхөө мөнгийг данс руугаа хийсэн. Дараа нь тэр хүүхний 560.000 төгрөгийг Хас банкны 5002421335 дугаарын дансандаа хийсэн. Тэгээд тэр хүүхний хэлсэн данс руу шилжүүлэг хийсэн. Тэгээд бид хоёр хамт гарцгаасан. Тухайн үед шилжүүлэг хийгдээгүй байна гэж мэдээгүй. 10 орчим хоногийн дараа мэдсэн...Би хөдөө явах болоод мөнгөний хэрэг гарахаар нь тэр мөнгөөр нь машинд бензин хийчихсэн юм. Би 250.000 төгрөгөөр 2 удаа 5019160843 Отгонтуяагийн данс руу нь шилжүүлсэн. Тэр эмэгтэй 60.000 төгрөгөө авахгүй, гомдол саналгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай байна.
Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ “шүүгдэгч өөрийн дансанд хохирогчийн мөнгийг хийснийхээ дараа хохирогчоос өгсөн данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн үйлдэл хийсэн нь тодорхой бус буюу шилжүүлэх үйлдэл хийсэн бол техникийн ямар алдаа гарснаас гүйлгээ хийгдээгүй эсэх, дансны гүйлгээ амжилттай боллоо гэсэн бичиг гарсан гэвэл данс хооронд шилжүүлэг хийгдэхгүй техникийн саатал үүсдэг эсэх” зэрэг тусгай мэдлэгийн болон нотолбол зохих зарим байдлыг дутуу шалгаснаас Эрүүгийн хууль хэрэглээний эргэлзээ үүссэн байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Т-ийг алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар :
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мэдүүлсэн /хх-24-25/, бичгээр илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СD хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Т-ийг алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР