Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01060

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03361 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

3,544,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байсан ба ажилд орсон цагаас нь байгууллагын зүгээс хувь хүний хөгжилд анхаарч ирсэн бөгөөд тус ажилтанд ажил гүйцэтгэхэд нь дутагдаж байсан ур чадвар бүхий 3D мax программын сургалтад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамруулж 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллана гэж харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр компанийн зардлаар нийт 880,000 төгрөгөөр сургасан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *******тай харилцан тохиролцож 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана гэсэн гэрээг байгуулсны үндсэн дээр ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургах үүднээс технологи, үйлдвэрлэл, шинэ санаа судалж суралцуулах зорилгоор БНХАУ-ын Гуанжоу хотод 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан үзэсгэлэнд 8 хоног оролцуулахад 1,261.41 ам доллар бүхий зардлыг тус тус байгууллагаас гаргасан болно. Гэтэл ******* нь тус гэрээний нэмэлт өөрчлөлтийн 4 дэх заалтыг зөрчиж хугацаанаас өмнө ажлаас гарсан нь байгууллагаас түүнд оруулсан оюуны хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх боломжгүй болсон учир гэрээнд заасны дагуу байгууллагаас дээрх сургалтуудад гаргасан зардлыг холбогдох хугацаанд ногдуулан тооцож 3D мax программын сургалтын төлбөр 330,827.07 төгрөг, БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцоход гарсан зардал 3,213,412.54 төгрөг, нийт 3,544,239 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие тус компанид 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж дизайнерын ажлын байранд ажилд орсон ба гарах болсон шалтгаан нь цалингийн хүрэлцээ бага, удирдах менежер болон ахлах дизайнер нар байнга ажлын байрны дарамт үзүүлдэг байснаас шалтгаалан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Гэтэл хүний нөөцөөс тооцоо гэх хуудас гаргаж ирээд нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлүүлэх талаар бичиг бичээд уг бичиг дээрээ гарын үсэг зур гэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зураагүй.

3D мax программын хувьд ахлах дизайнертайгаа хамт онлайн хичээлд суусан нь үнэн боловч программ дээр бүтээл хийж байгууллагад хангалттай хэмжээний ажлын бүтээмж буюу загвар дизайнуудыг гаргаж өгсөн тул үр бүтээмж нь байгууллагад хангалттай үлдсэн.

Гуанжоу явсан зардлын мөнгө нь сургалтын мөнгө биш юм. Энэ байгууллагын үндсэн чиглэл нь гоёл, чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийдэг учир байгууллагын ажилчид болох мах дизайнер, маркетингийн менежер, бүтээлч захирал, гадаад харилцааны ажилтан зэрэг хүмүүсийг ажлын шаардлагаар томилолтоор явуулсан. Энэ ажлыг хийхдээ үзэсгэлэн болж байгаа газарт тус компанид хэрэгцээтэй үйлдвэрийг судлах, бүтээгдэхүүн судлах, шинэ санаа олох гэх зэрэг ажлаар байгууллага өөрийн ажлын хэрэгцээнд явуулсан. Дээрх хугацаанд явж ирээд тайлан өгсөн. Үүний үр дүнд өөрийн шинэ санаагаа хурал дээр танилцуулж тайлангаа өгч байсан. Гэтэл энэ мөнгийг байгууллагын сургалт байсан гэж худлаа ярьж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн судалсан бүтээл, шинэ санаа, технологийн ололт зэрэг шинэ зүйлүүдийг судалж, тайлан өгсөн ба гаргасан санаануудыг байгууллага ажил хэрэг болгосон. Би болон манай багийнхан хөлөө цэврүүттэл явж ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох 3,544,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 3D мax программын сургалтын төлбөр 330,827.07 төгрөг, БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцоход гарсан зардал 3,213,412.547 төгрөг, нийт 3,544,239 төгрөгийг гаргуулахаар гаргасан боловч шүүхээс шүүхийн шийдвэрийг үндэслэлийг тайлбарлахдаа уг хоёр зардлыг нэг байсан мэтээр тайлбарлаж БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан 3D мax программын үзэсгэлэн, сургалт гэж тайлбарласан нь шүүхээс хэргийн материал дахь баримттай дутуу танилцсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүй болох нь харагдаж байна.

2. Шүүхээс шүүхийн шийдвэрийг үндэслэлийг тайлбарлахдаа 3D мax программын сургалтын зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ огт тайлбарлаагүй буюу зөвхөн БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцоход гарсан зардалтай холбоотой баримтад дүгнэлт хийсэн нь шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна.

3. Шүүхээс БНХАУ-д болсон үзэсгэлэнд ******* ХХК-иас оролцсон 5 ажилтны онгоц галт тэрэг, зочид буудал хоолны зардлын баримт байна гэж дүгнэсэн боловч үүнээс *******д хамаарах зардал тодорхойгүй гэж дүгнэсэн. Гэтэл нислэгийн тийзний үнэ нь ******* ХХК-аас *******д ирүүлсэн нэхэмжлэл болон түүний дагуу төлбөрийг хийсэн ******* ХХК-ийн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байхад үүнийг Батзаяаг гадаадад суралцуулахад зарцуулсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан сургалтын гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 3,544,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг дизайнераар 3 сарын туршилтын хугацаатай томилон ажиллуулж байгаад 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/01-22-86 дугаар тушаалаар тухайн ажил, албан тушаалд жинхлэн томилж, улмаар түүний хүсэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/01-23-74 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 7-15/

 

Тодруулбал, зохигч нар тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажилтан *******г 3D мах программын сургалтад хамруулах, тийнхүү сургалтад хамрагдсанаас хойш тэрээр ажил олгогч ******* ХХК-д 1 жил тогтвор суурьшилтай ажиллах, /х.х-ийн 16/

 

түүнчлэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажил олгогчийн зардлаар ажилтан гадны улс орны үзэсгэлэн технологи, үйлдвэр, шинэ санаа судалж суралцахаар томилолтоор явах, сургаалтанд хамрагдсан цагаас хойш тус компанид мөн адил 1 жил тогтвор суурьшилтай ажиллахаар тус тус харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 17/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж, 73.3-т Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр сургалтад хамруулахад хөдөлмөрийн гэрээний талууд энэ талаар тухайлан гэрээ байгуулах ба гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, сургалтын дараа ажил олгогч байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар тохирно.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

6.1 Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* ХХК-тай сургалтын гэрээ байгуулж, ажилтан *******, *******, ******* нарыг 3D мах программ ашиглах, программ ашиглан зурах, модель босгох зэрэг сургалтад хамруулж, суралцагч тус бүрийн сургалтын төлбөрт 880,000 төгрөг, нийт 2,640,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаагаас гадна хариуцагч ******* нь уг сургалтад хамрагдсан талаар маргаагүй. /х.х-ийн 87-90/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан нь ажил олгогчтой тохиролцсон сургалтын гэрээнд заасан хугацаанд ажиллахгүйгээр өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн бол ажил олгогч түүний сургалтын төлбөрийг чөлөөлснөөс бусад тохиолдолд ажиллаагүй хугацаанд ногдох зардлыг хувь тэнцүүлэн шаардах эрхтэй.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 3-т Сургалтад хамрагдсанаас хойш 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллана гэж заасан бөгөөд хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан байх тул 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллах ёстой боловч ажиллаагүй 108 өдөрт ногдох 260,388 төгрөг /880,000 : 365=2,411 х 108/-ийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн хүрээнд өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрхтэй боловч энэ нь ажил олгогчтой тохиролцож авсан сургалтын зардлыг хувь тэнцүүлэн нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

6.2 Харин ажил олгогч ******* ХХК-ийн зүгээс ажилтан *******г 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд 8 хоног оролцуулсан нь сургалтын шинжгүй, бусад ажилтнуудын хамт томилолтоор ажилласан байх тул зардал гэх 3,213,412.54 төгрөгийг шаардах эрхгүй. /х.х-ийн 85-86, 103-205/

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч нь БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд 8 хоног явсан нь баримтаар тогтоогдсон боловч ажилтны мэдлэг, ур чадвар, туршлага зэргийг сайжруулахад чиглэсэн сургалтын хөтөлбөрийг агуулсан сургах - суралцах үйл ажиллагаа биш байх тул ажилтныг сургасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 260,388 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,283,851 төгрөгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Б.МАНДАЛБАЯР