| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/3250/и |
| Дугаар | 5260 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 5260
| 2016 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2016/05260 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид, Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: hhhhhhhhhhhh тоотод оршин суух, Т.Өгийн /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй,
Хохирол 503.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ө,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Шаравжамц, М.Дэлгэрнасан,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын төлөөлөгч, хяналтын прокурор Т.Уянга,
Иргэдийн төлөөлөгч М.Амараа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Ө миний бие Д.Н, Т.Б нартай хамтран “У” ХХК-ийг 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулан ОХУ-аас 1Г22125 үйлдвэрийн дугаартай зорчигч тээврийн АН-2 онгоцыг түрээслэн ажиллуулахаар ”В“ групп ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр онгоцыг Монгол улсын хилээр оруулж ирсэн.
Д.Н, Т.Б нар нь компанийн үйл ажиллагааны талаар үндэслэлгүй маргааныг цагдаагийн байгууллагад гарган 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн байгууллага намайг шалган улмаар “У” ХХК-ийг үүсгэн байгуулагч гэх Т.Ө нь компанидаа хөрөнгө оруулалт хийлгэх нэрийдлээр эдгээр хүмүүсийг залилсан гэж үзэж надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татан 173 хоног шалгасан.
2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.А нь эд зүйл хураан авах тэмдэглэл үйлдэн манай компанийн бүх баримт бичиг, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, гэрээ зэргийг хураан авсан ба Т.Ө намайг хилээр нэвтрэхийг хориглосон.
Ингэснээр манай “У” ХХК болон ”В“ групп ХХК-тай байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Багийн гишүүнгүй болон техникийн үйлчилгээгүйгээр агаарын АН-2 онгоцыг түрээслэх гэрээ“ биелэгдэх боломжгүй болсон.
Түүнчлэн мөрдөн байцаагч нь компанийн бичиг баримтыг хураасны зэрэгцээ АН-2 агаарын хөлөг онгоцыг хөдөлгөхгүй, хадгалж байхыг Буянт Ухаагийн гаалийн газарт даалгасан байсан.
Мөрдөн байцаагчын дээрхи үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд хэрэв уг агаарын хөлгийг зогсоох шаардлагатай бол прокурорын тогтоолоор битүүмжлэх болон бусад арга хэмжээг авах байсан.
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Ш.Цэнд-Аюуш нь аман шийдвэрээр бусдын өмч хөрөнгө болон компанийн үйл ажиллагаан бүдүүлгээр халдсан.
Т.Ө миний бие Д.Н, Т.Б нарын компани байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 90000000 төгрөгийг тэдэнд бэлнээр нь хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх мөрдөн байцаагчийн болон прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан үйл ажиллагаа нь хууль бус болох нь тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 293 дугаартай тогтоолоор Т.Ө надад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэгт шалгах ажиллагаа 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хураагдсан 5483697 регистрийн дугаартай “У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн тэмдэг, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ зэрэг компанийн бичиг баримтыг надад хүлээлгэн өгсөн.
Миний үүсгэн байгуулсан компани болон миний мэргэжлийнхээ дагуу ажиллахаар оруулж ирсэн АН-2 онгоцыг надаас бүр мөсөн булаан авах гэсэн санаагаар үндэслэлгүй гомдол гаргасан Д.Н, Т.Б нар “У” ХХК-д оруулсан мөнгөө надаас авч цаашид компанийн үйл ажиллагаанд оролцохгүй, компанийн гишүүнээс татгалзан гарч байгаагаа прокурорын газарт бичгээр илэрхийлсэн.
Ийнхүү эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосноос хойш хугацаанд Т.Ө миний бие “У” ХХК-ийг дангаараа эзэмшиж байгаа. Би агаарын хөлгийг оруулж ирсэн даруйдаа үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан байсан.
Агаараас зураг авах, нислэг хийх, агаараас ой модны хяналт, шавьж устгах ажилд явах боломж байсныг алдсан. Нийт 900 цагийн нислэг хийх байсан. 2014 оны 8 дугаар сард Хүннү Эйр ХХК 2, 3 цагийн нислэг хийе гээд түрээслэсэн.
Монгол Улсад 1 цагийн нислэг дунджаар 1500000-2000000 төгрөг байдаг бөгөөд нийт 1350000000 төгрөгийн ажил үйлчилгээ хийх боломж алдагдуулсан. Би дээрх хэмжээний өртөгтэй ажил гүйцэтгэн компани маань зардлаа нөхөж ашгаа тооцож улмаар ”В“ групп ХХК-тай байгуулсан гэрээний 2 дугаар хавсралтын дагуу 300 цагийн нислэгийн 1 цагт 360 ам доллар, нийт 108000000 ам долларын түрээс төлөх байсан юм.
Энэхүү гэрээг үндэслэн “У” ХХК-д учирсан хохирлыг нислэгийн үнэлгээ болох 1.500.000 төгрөгөөр тооцоход 450.000.000 төгрөгийн бодит хохирол компанид учраад байна.
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд миний бие гомдол гаргаагүй, одоо тогтоол хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахаар материалаа бүрдүүлээд явж байтал хэрэгт холбогдон ажил орлогогүй болж өрөнд орсон зэрэгт шаналснаас шалтгаалан хүнд өвчин тусч 2 жил бүтэн эмнэлэгээр явж эмчлүүлсэн. Эрүүгийн хэрэгт холбогдсоноос бие махбодь, сэтгэл санаа, нэр хүнд, ажил амьдрал маш их хохирч одоо ч хүнд байдалтай явна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгахаар заагаад энэхүү хохирлыг тус хуулийн 391.3-т мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай заасан бөгөөд үүнийг шүүхийн практикт хэрэглэж хэвшсэн байна.
Сэтгэл санааны буюу эдийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд зааснаар тодорхойлно гэж мөн хуулийн 390.1.2-т зааснаас гадна Улсын Дээд Шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолд хэргийн ангилал, хоригдсон хугацаа, сонсгосон ялын хэмжээ, ял эдэлж байхдаа олсон өвчин, гэмтэл, нэр хүнд унасан байдлыг харгалзан хохирлыг тооцохоор заасан.
Т.Ө миний хувьд үндэслэлгүйгээр бусдын гүтгэлэгээр хуулийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдан 173 хоног шалгагдсан нь миний нэр хүндийг найз нөхөд, ах дүү, үр хүүхэд, цаашлаад бизнесийн хамтрагч нар, нийгмийн дунд миний нэр хүндийг гутаан доромжилсон явдал болсон. Эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохироод явж байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлд заасны дагуу сэтгэл санааны хохирлыг 50000000 төгрөгт тооцон нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас элэгний өвчин даамжирч элэг солиулах шаардлагатай болсон бөгөөд дээрх 50.000.000 төгрөг нь Монголд элэг шилжүүлэн суулгах зардлын тал хувь бөгөөд сэтгэл санаагаар хохирсноос ийм байдалд хүрсэн тул энэ мөнгөөр дээрх хагалгааг хийлгэх юм.
Иргэний хуулийн 228.1, 229.1, 510.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон мөрдөн байцаагч хууль бусаар тогтоол, шийдвэргүйгээр аман шийдвэрээр онгоцны үйл ажиллагааг 173 хоног зогсоохдоо хамгийн багаар бодоход 300 цагийг 1500000 төгрөгт үржүүлэхэд тус “У” ХХК-ийг 450.000.000 төгрөгийн алдагдалд оруулсныг нэхэмжилж байна.
Миний бие эрүүгийн хэрэгт холбогдохоос өмнө ажил эрхэлж хүнээс дутуугүй амьдардаг байсан. Намайг шалгагдсанаас шалтгаалж ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй болсноос ар гэрийнхэн маань амьдрахад хүнд болж амьжиргааны доод түвшинд хүрч, миний бизнес зогссоноос шалтгаалж маш их мөнгөний алдагдалд орж өрөнд унасан.
Тэр үед хөдөлмөр эрхэлж олдог байсан орлогоор тооцвол энэ хугацаанд маш их төгрөгний алдагдал гарна. Үүнийг тооцохгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх боломж хаасан, 173 хоног хуулийн байгууллагын үүд сахиж суусан хугацааны төлбөрийг 3.000.000 төгрөг, нийт 503.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Өгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Д.Н, Т.Б нараас 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “У” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ө нь өөрийн компанидаа хөрөнгө оруулалт хийлгэж хамтран бизнес хийж ашиг олно гэж хуурч мэхлэн бидэнд 110000000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гомдлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хүлээн авч шалган хойшлуулшгүй ажиллагаа явуулж 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргажээ.
Дээрх гомдолд Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн 201301060825 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөн дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Хэрэг шалгагдах явцад Т.Ө нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Н, Т.Б нарт 90000000 төгрөгийг хүлээлгэн өгч мөн өдөр Нийслэлийн прокурорын газрын 293 дугаартай тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож Т.Өд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна.
Нэхэмжлэгч Т.Ө нэхэмжлэлийн шаардлагадаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлд заасны дагуу сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөгөөр тооцон нэхэмжилжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д “Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ сэргээлгэх эрхтэй“ гэж заажээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 45 дугаар “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай“ тогтоолын 2-т сэтгэл санааны үр дагаврыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн мөнгөн дүнг юунд үндэслэн тогтоосон нь тодорхойгүй байна.
Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй“, 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ“ гэж гэж заасан.
“У” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сард Монгол Улсад оруулж ирсэн АН-2 онгоцыг эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад цагдаа, прокурорын байгууллагаас хураан авч битүүмжлээгүй, нэхэмжлэгч Т.Ө нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт заасан хохирлыг арилгах нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.-д заажээ.
Т.Өгийн нэхэмжлэлтэй хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар прокурорыг оролцуулах хүсэлттэй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын төлөөлөгч, хяналтын прокурор Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Ө нь сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санаагаар хохирсон гэдгээ нотлох баримтаар бүрдүүлсэн зүйл хэрэгт алга байна. Сэтгэл судлаачид хандсан ч юмуу, сэтгэлзүйн зөвөлгөө авч эмчилгээ хийлгэсэн баримт алга. Үүнийг зөвшөөрөхгүй. Гэрээгээр хийгдэх ёстой байсан 300 цаг, 1 цагийн нислэг 1.500.000 төгрөгөөр тооцож 450.000.000 төгрөг нэхэмжилжээ. Хэрэгтэй танилцаж байхад хэдэн удаа нислэг хийж мөнгө авсан баримт байсан. Хэдэн төгрөг байсныг сайн санахгүй байна. Уг мөнгө нь 450.000.000 төгрөгөөс хасагдах байх гэж үзэж байна. Ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хааснаас үүссэн 3.000.000 төгрөг гэдгийг бол хүлээн зөвшөөрнө. Ер бол хэсэгчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой гэж үзэж байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө нь хохиролд 503.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
/эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсан сэтгэл санааны хохирол буюу эмчилгээний зардалд 50.000.000 төгрөг, эрүүгийн хэрэгт 173 хоног шалгагдан хөдөлмөр эрхлэх боломж хязгаарласан хугацааны төлбөр 3.000.000 төгрөг, “У” ХХК-ийн онгоцны үйл ажиллагааг хууль бусаар зогсоосон хугацааны компанид учирсан хохирол 450.000.000 төгрөг/
Иргэн Т.Б, Д.Н нараас 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн “У” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ө өөрийн компанидаа хөрөнгө оруулалт хийлгэж, хамтран бизнес хийж ашиг олно гэж хуурч мэхлэн 110.000.000 төгрөгийн хохирол учруулсан“ гэх гомдлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Б.А хүлээн авч шалгаад 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал гаргаж 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр прокурорт хүргүүлсэн байна.
Уг материалыг мөн дүүргийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Х хянаад 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 657 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
/ХХ-ийн 34, 57-58 дугаар тал/
Дээрх тогтоолд Т.Б, Д.Н нар гомдол гаргасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.У 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх“-ээр шийдвэрлэн Т.Өд холбогдуулан иргэн Т.Б, Д.Н нараас 110.000.000 төгрөг залилан авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
/ХХ-ийн 35-36, 59-60 дугаар тал/
Т.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр сэжигтэнээр тооцон, 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татан ял сонсгосон байна.
/ХХ-ийн 37, 73-75 дугаар тал/
2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Т.Өгээс “У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн компанийн 8260 дугаартай аж ахуйн нэгжийн тэмдэг, 2125/13 дугаартай агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ, 2125СА/13 дугаартай нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ ... зэргийг хураан авчээ.
/ХХ-ийн 45 дугаар тал/
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.А 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн сэжигтэн Т.Өд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
/ХХ-ийн 23 дугаар тал/
Эрүүгийн хэргийг шалгах явцад Т.Ө нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.Н, Т.Б нарт тэдний компанийг байгуулахад болон ОХУ-аас АН-2 агаарын хөлгийг оруулахад гаргасан зардалд 90.000.000 төгрөг хүлээлгэн өгчээ.
/ХХ-ийн 79-80 дугаар тал/
2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх Т.Ө, Д.Н, Т.Б нар нь хуралдан Д.Н, Т.Б нар компанийн гишүүнээс татгалзан гарсан, Т.Ө компанийн үйл ажиллагааг болон АН-2 агаарын хөлөгтэй холбоотой үйл ажиллагааг дангаар явуулахаар ...тус тус тохирсон гэжээ.
/ХХ-ийн 38-40 дүгээр тал/
Цагдаагийн байгууллага Т.Өд холбогдох эрүүгийн хэргийг шалгаад Т.Ө нь компанийг байгуулахад болон ОХУ-аас АН-2 агаарын хөлгийг оруулахад Д.Н, Т.Б нараас гаргасан зардал болох 90.000.000 төгрөгийг гомдол гаргагч нарт төлсөн тул Т.Өд холбогдох 201301060825 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлсэн ажээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б уг хэргийг хүлээн авч хянаад 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 293 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 41-42 дугаар тал/
2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т.Өд “У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн компанийн 8260 дугаартай аж ахуйн нэгжийн тэмдэг, 2125/13 дугаартай агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ, 2125СА/13 дугаартай нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгчээ.
/ХХ-ийн 44 дүгээр тал/
Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дээрх тогтоолд иргэн Д.Н гомдол гаргахад Улсын ерөнхий прокурорын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.С уг гомдлыг хянаад 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 293 тоот тогтоол үндэслэлтэй гэх хариуг өгчээ.
/ХХ-ийн 43 дугаар тал/
Т.Ө нь эрүүгийн хэрэг хууль бусаар шалгагдсаны улмаас сэтгэл санаагаар хохирон элэгний өвчин даамжирч элэг солиулах шаардлагатай болсон хэмээн тайлбарлаж сэтгэл санааны хохирол нэхэмжилж буй 50.000.000 төгрөгийг элэг солиулах хагалгаанд зарцуулна хэмээн тайлбарлаж байна.
/ХХ-ийн 32-33, 156-157 дугаар тал/
Хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний эмчлүүлэгчийн карт дахь эмчийн тэмдэглэгээнээс үзэхэд 2010 онд өвчин оношлогдсон гэх ба 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаатай ердийн нөхцлөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас түүний өвчин даамжирч үүнээс шалтгаалан элэг солиулах шаардлагатай болсон талаарх баримтаа ирүүлээгүйгээс гадна элэг солиулах шаардлагатай болсон нь эрүүгийн хэрэгт шалгагдсантай шууд харилцаа хамааралтай болох нь тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэгт шалгагдах явцад буюу 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд энэ өвчнийг оношлуулан, эмчлүүлж байсан эсэх талаарх баримтыг ирүүлээгүй байна. Иймд дээрх 50.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй болно.
Хан-Уул дүүргийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.У 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Т.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Т.Өд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Дээрхи таслан сэргийлэх арга хэмжээ авсныг түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна нислэгийн дүрмийн дагуу компани нислэгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн хэдий боловч цагдаагийн байгууллага “У” ХХК-ийн захиралд бус иргэн, уг компанийг үүсгэн байгуулагч гэх Т.Өд холбогдох гомдлыг хянан шалгасан байна.
Иймд хөдөлмөр эрхлэх боломж хаасан хугацааны төлбөрт 3.000.000 төгрөгийг гаргуулах боломжгүй.
Т.Ө нь “У” ХХК-ийг төлөөлөн компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхээ нотлоогүй ба Д.Н, Т.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн гэх “У” ХХК-ийг цаашид Т.Ө төлөөлнө гэх бичгийг үндэслэн Т.Өг компанийг төлөөлөн хохирол нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзэхгүй.
Дээрх бичгэн тохиролцоо гэх баримт нь нэр бүхий 3 иргэний хооронд үйлдсэн мөнгө хүлээн авсан эсэхтэй холбоотой бичиг ба зохих байгууллагаас ирүүлсэн буюу компанийг цаашид Т.Ө төлөөлөх эрх олгосон баримт биш болно.
Иймд Т.Өгийн сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломж хаасны улмаас учирсан хохирол 3.000.000 төгрөг, онгоцны үйл ажиллагаа зогсоосны улмаас компанид учирсан хохирол 450.000.000 төгрөг, нийт 503.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хуулийн этгээдэд учирсан хохирлыг эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй талаар шүүхэд мэдэгдсэн тул гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Т.Өгийн сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломж хаасны улмаас учирсан хохирол 3.000.000 төгрөг, онгоцны үйл ажиллагаа зогсоосны улмаас компанид учирсан хохирол 450.000.000 төгрөг, нийт 503.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР