Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 204

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч С.Мөнхтулга,

    шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Далд боржигон овогт Т.С-д холбогдох 1808052691475 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн….. дугаар хороо, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....... овогт Т.С /РД:...................../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунбааш” дэлгүүрийн орчим иргэн Д.Л итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан” банкны виза картыг авч, тус дүүргийн Баянхошууны автобусны эцсийн “ЖМЖ” төвд байрлах “Худалдаа хөгжлийн банкны АТМ-д уншуулан 414.300 төгрөгийг хууль бусаар хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Т.Снь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунбааш” дэлгүүрийн орчим иргэн Д.Л итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан” банкны виза картыг авч, тус дүүргийн Баянхошууны автобусны эцсийн “ЖМЖ” төвд байрлах “Худалдаа хөгжлийн банкны АТМ-д уншуулан 414.300 төгрөгийг хууль бусаар хувьдаа завшсан болох нь:...

- хохирогч П.Л мөрдөн байцаалтад өгсөн:... Пүүсээ, Улаанаа бид гурав архи ууж дуусчихаад хуучин эцэс орж Тумбааш дэлгүүрээс 0.5 литрийн архи авсан. Архиа аваад гарах гэж байтал Улаанаа миний картыг аваад ундаа аваад ирье гэхээр нь картаа өгөөд явуулсан. Карт авч яваад буцаж ирээгүй. Тэгээд жоохон байж байтал эхлээд 100.000 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Гэсэн мэссэж ирсэн. Мөн дахиад 300.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессэж ирсэн. Удалгүй байж байтал 14 цаг 48 минутын үед миний утсанд Агуут мини маркетэд үйлчлүүлж 14.300 төгрөгний зарлага гарлаа гэсэн мессэж ирсэн. Улаанаад картнаас мөнгө авах зөвшөөрөл өгөөгүй. Миний картнаас нийт 414.300 төгрөг алдагдсан. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанаагаас бүх мөнгөө эргүүлж авсан... гэх мэдүүлэг /хх-5-6/

                  - гэрч И.П мөрдөн байцаалтад өгсөн:...С, Л бид гурав Тумбааш нэртэй дэлгүүр лүү ороод 1 шил архи аваад гарч явж байтал С,Л хаан банкны картыг нь аваад ундаа аваад ирье гээд явсан. Тэгээд Л бид хоёр С хүлээсэн. Ирэхгүй болохоор нь бид хоёр цагдаад хандсан. С ундаа авч ирнэ гээд картыг нь авч яваад авчирч өгөөгүй. Картнаас нь зөвшөөрөлгүй мөнгө авсан юм шиг байна лээ. Ямар ч байсан С картыг нь авч яваад 300.000 төгрөгөөр, 100.000 төгрөгөөр уншуулаад мөнгө авсан байсан. Би Лхасүрэнгийн гар утсан дээр байсан мэдээллийг нь харсан... гэх мэдүүлэг /хх-12-23/

                  - гэрч Б.Ч мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд найз С-тэй уулзсан. Тэр орой 16 цагийн орчим манай дэлгүүрт орж ирээд надад 270.000 төгрөг өгөөд энийг хадгалж бай, дүү нь маргааш ирээд аваад өгье гэсэн. Сандагчагнаа архи уучихсан, ганцаараа явж байсан... гэх мэдүүлэг /хх-16-17/

                  - хохирогч П.Л “Хаан банк”-ны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30/

                  - эд мөрийн баримтаар тооцох тогтоол, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-56-57/

- шүүгдэгч Т.С мөрдөн байцаалтад өгсөн: ... би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд найз П-тэй утсаар ярьж хаана байгааг асуухад Баянхошууны тойрог дээр Л-тэй хамт байна гэсэн. Тэгээд би тэр хоёр дээр явж очиход 0.5 литрийн архи ууж байсан. Тэгээд бид гурав тэр архийг ууж дуусгачихаад тойрог дээр байрлах хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн архи дахин авч уусан. Тэр архиа ууж дуусгачихаад бид гурав Баянхошууны эцэс орсон. Тэнд очоод П, Л бид гурав Тумбааш дэлгүүр лүү орж 0.5 литрийн архи Л картаа уншуулж авсан. Тэгээд Л намайг ундаа аваад ир гээд надад хаан банкны виза картаа пин кодтойгоо цуг хэлээд өгч явуулсан. Би картыг нь аваад шууд Баянхошууны эцэс дээр ирж картыг нь АТМ дээр уншуулж эхлээд 100.000 төгрөг авсан дахин картыг уншуулж 300.000 төгрөг авсан. Тухайн АТМ-ээс мөнгөө авчихаад Баянхошууны 9-р хороонд байрлах хүнсний дэлгүүрээс 14.300 төгрөгөөр 0.5 литрийн архи ундаа авч Уулын 4-р гудамжинд зүс танихгүй хоёр залуутай хувааж уусан...гэх мэдүүлэг /хх-27-28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.С-ийг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн /хх-59/ байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 Бусад асуудал

            Шүүгдэгч Т.С-ийн  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т.С-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР