Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 226/МА2025/00010

 

 

 2025          05           29                                           226/МА2025/00010

 

 

 

 

Х.С-ын нэхэмжлэлтэй, Д.М-т

 холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Ганчимэг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

 

Нэхэмжлэгч Х.С-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 321/ШШ2025/00069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  Х.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-т холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.С  нэхэмжлэл болон тайлбартаа: “...2023 оны 8 дугаар сарын 10-ны үеэр хариуцагч Д.М  миний тракторыг иж бүрнээр нь худалдан авъя гэхэд анх худалдан авсан Дүүрэнгээс тухайн үеийн ханшийг судлахад одоо 23,000,000 гаран төгрөгийн үнэтэй байгаа гэхээр нь 19,600,000 төгрөгөөр авсан тул 19,000,000 төгрөгөөр зарна гэхэд Д.М  гэх залуу би танд 2023 оны 10 дугаар сард 19,000,000 төгрөгийг өгье гээд авсан. ...Хэргийг шүүхэд хянагдаж байх үед 10,000,000 төгрөгийг хувааж шилжүүлсэн, одоо үлдэгдэл 9,000,000 төгрөгөө гаргуулна...” гэжээ.

 

Хариуцагч Д.М  хариу тайлбартаа: “...Трактор худалдан авсан нь үнэн. Анх 19,000,000 төгрөгөөр авч өгөлцөхөөр тохиролцсон. 19,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Бид анх тохиролцохдоо 9,000,000 төгрөгийг банз модоор төлж барагдуулъя гэж тохирсон, миний хувьд анх тохиролцсоныхоо дагуу л банз модоор төлөх боломжтой, хэрвээ үгүй гэвэл трактороо буцаагаад ав гэж хэлье...” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.М-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.М  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Би 2021 онд 19,000,000 төгрөгөөр Х.С-аар трактор, тоног төхөөрөмж авсан бөгөөд бэлнээр 10,000,000 төгрөг, үлдсэн 9,000,000 төгрөгийг банз, мод, палкаар бартерлан өгөхөөр болсон. Гэвч мод бэлтгэх хугацаа хавар, зунаас эхэлдэг. 9,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломж байхгүй эсвэл наймаагаа буцаая гэсэн чинь шүүхэд өгч бэлнээр гаргуулах шийдвэр гарчээ. Би мөнгийг бэлнээр өгөх боломжгүй, анх тохирсноороо банз, мод, палк өгч 9,000,000 төгрөгийг барагдуулах эсвэл 10,000,000 төгрөгөө авч тракторыг буцааж өгөх хүсэлтэй байгаа тул миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Х.С  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Д.М  өнөө өглөө миний данс руу 9,000,000 төгрөгөө хийсэн. Ирж очих зардал болон улсын тэмдэгтийн хураамж төлсний 309,000 төгрөгийг сүүлд өгнө гэж утсаар хэлж байсан юм. Одоо бараг өгөх байх...” гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч Х.С хариуцагч Д.М-т холбогдуулан “Худалдах, хдалдан авах гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Д.М  нь “...Би мөнгийг бэлнээр өгөх боломжгүй, анх тохирсноороо банз, мод, палк өгч 9,000,000 төгрөгийг барагдуулах эсвэл 10,000,000 төгрөгөө авч тракторыг буцааж өгөх хүсэлтэй байгаа...” гэж маргажээ.

 

          Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.М-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч Х.С , хариуцагч Д.М нар нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны үеэр трактор, тоног төхөөрөмжийг 19,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэгч Х.С-д 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь дансны хуулга, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Д.М  нь “...Би 9,000,000 төгрөгийг банз, мод, палкаар бартерлан өгөхөөр болсон. ...9,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломж байхгүй ...эсвэл 10,000,000 төгрөгөө авч тракторыг буцааж өгөх хүсэлтэй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч хариуцагч энэ талаараа баримтаар нотолж чадаагүй, худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Мөн нэхэмжлэгч Х.С  нь анхан шатны шүүхэд “...Д.М  ...хэргийг шүүхэд хянагдаж байх үед 10,000,000 төгрөгийг хувааж шилжүүлсэн...” гэж, давж заалдах шатны шүүхэд “...Хариуцагч Д.М өнөө өглөө миний данс руу 9,000,000 төгрөгөө хийсэн...” гэж тус тус мэдүүлсэн тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 321/ШШ2025/00069 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Д.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хариуцагч Д.М нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 10,000,000 төгрөгийг, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласуга