| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/00151/И |
| Дугаар | 210/МА2025/01028 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01028
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******гийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай *******,*******,*******, ХД-** дугаар байр,******* хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах үндсэн, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, нөхөр ийн хамт 2004-2010 онд Солонгос улсад, хараар ажиллаж, орон гэртэй болохын тулд үр хүүхдээсээ хол олон жил тэвчиж, хичээж ажилласны хүчинд 2010 онд **-р байр,******* орон сууцыг худалдан авсан. Тухайн үед Монгол улсад байгаагүй учир аав ийн нэр дээр орон сууцыг худалдан аваад 2010 онд Монгол Улсад ирснээс хойш өнөөдрийг хүртэл энэ орон сууцандаа амьдарч байна.
Энэ байрыг худалдан авснаас хойш миний төрсөн дүү хувиараа бизнес хийж байхдаа миний байрыг барьцаалж надаар зээл авхуулдаг, эсвэл миний байрыг хүний нэр дээр шилжүүлж, барьцаанд тавьж, бизнестээ хэрэглэж нэлээн сайн орлого, ашигтай ажиллаж байсан. Дүү нь 2010 оноос *******тай хамт амьдарч эхэлсэн, ...дүү маань 2023 оны 6 сард гэнэтийн ослоор нас барсан.
******* дүүгийн маань өмнөх амьдралын 2 хүүхдийг хамт өсгөлцөж, хамтран амьдарсан учраас тухайн үед аавыг өндөр настай байсан тул зээл гарах боломжгүй гэсэн учраас түүний банканд таньдаг эдийн засагч байгаа гэхэд нь аавын нэр дээр байсан миний байрыг түүний нэр дээр шилжүүлж 30,000,000 төгрөгийн зээл авсан.
2013 онд банкны зээлийн эдийн засагчтай яриад танай байрыг ипотекийн 8 хувийн зээлд оруулах боломжтой, дахиад 20,000,000 төгрөг нэмж гарах боломжтой гэж байна гэхээр нь ийм их өрийг дарж чадах юм уу гэхэд утсаа тасалсан. Дараа нь дүү ийм бага хүүтэй зээл дахиж олдохгүй дахиад нэг туслаач гэхээр нь *******ын нэр дээр байсан миний байрыг надад зарж байгаа мэт дүр үзүүлэн бүх бичиг баримтыг бүрдүүлж, банкнаас ипотекийн 8 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийн зээлийг миний нэр дээр гаргуулсан. Үүнээс харахад би өөрийн байрыг өмнө нь худалдаж авсан байж дахиад өөрийнхөө байрыг ипотекийн зээлээр худалдаж авах уу, энэ бол дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь тогтоогдоно.
Миний нэр дээрх 60,000,000 төгрөгөөс дүү нь 54,000,000 төгрөгийг төлж, адуу авахын тулд зээлээ хааж, банканд өртэй мэт бичиг бичүүлээд, надаас худалдан авсан мэт дүр үзүүлж, орон сууцны гэрчилгээг гаргуулсан. Энэ бүх хугацаанд нөхөр бид хоёр цалингийн зээлээ төлж явсан байсан.
Энэ орон сууц *******ынх байх боломжгүй, түүнтэй манай дүү суухаас өмнө бид энэ байрыг Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө авсан байсан болох нь өмчлөх эрхийн бүртгэлээр тогтоогдоно.
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай байрыг 105 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрөө 25 сая төгрөгөөр худалдан авах гэрээ, маргааш нь орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр *******д өгч байгаа гэсэн нь дүр үзүүлэн хийсэн гэрээ юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид харилцан тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Тэгвэл би орон сууцаа дүү болон ******* нарт өгөөгүй. 2010 оноос хойш нөхөр болон үр хүүхдүүдийнхээ хамт ашиглан амьдарч байгаа, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээгээ тэд нарт ашиглуулж байгаа учир уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар уг орон сууц нь нөхөр бид хоёрын дундын өмч, уг орон сууцыг авах гэж нөхөр минь 2003.12.19-2011.04.27-ны өдөр хүртэл 8 жил гаруй хугацаанд БНСУ-д хөдөлмөрлөж байгаад ирсэн, энэ байрыг худалдан авах мөнгөний ихэнх хувийг төлсөн.
Мөн хуулийн 128 зүйлийн 128.1, 128.2-т гэж зааснаар нөхрөөсөө зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд энэ орон сууцыг худалдах, бэлэглэх гэрээнүүдэд миний нөхөр нь огт оролцоогүй, түүний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.
Би өөрийн өмчлөлийн орон сууцаа *******д бэлэглэх хүсэл зориг огт байгаагүй, түүнтэй ийм тохиролцоо хийгээгүй, дүү ын хүсэлт болох зээл авахад барьцаалж өгөөч гэсэн гуйлтаар дүр үзүүлж, хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлсэн.
Иймд талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн хуулийн 56.5-т зааснаар *******,*******,*******, *****************,******* орон сууцны өмчлөх эрхийг *******д буцаан шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2011 оны 05 сарын 27-ны өдөр анх тухайн маргаан бүхий орон сууцыг *******тай худалдах худалдан авах гэрээ хийж ******* миний нэр дээр шилжүүлэн авч нөхөр бид 2 банканд барьцаанд тавьж 40,000,000 төгрөгийн зээл авч тухайн зээлээс Бурмаа нь Toyoto Premio маркийн маркийн машиныг 10 гаруй сая төгрөгөөр авсан ба тухайн машины мөнгөтэй хамт 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр миний бие тухайн зээлийг хаасан. Улмаар 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний бие нь *******д тухайн байрыг бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлэн өгч ******* нь өрөнд орсон учир банкнаас байраа барьцаалж 70,000,000 төгрөгийн зээл авсан. Улмаар ******* нь сүлжээний бизнес эрхэлж өрөнд орж банк болон хувь хүмүүст өндөр хүүтэй өрөнд орж банкны зээлээ ч төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байраа банканд алдах эрсдэлтэй болсон тул хадам ээж гуйсны улмаас уг байраа барьцаалсан зээл болон хувь хүмүүст төлөх хүүтэй мөнгөнүүдийг төлж оронд нь байрыг нь авахаар тохиролцсон.
Ингээд банканд зээлийн үлдэгдэл 55,000,000 төгрөг, 4-10 хувийн хүүтэй хувь хүнээс авсан Эркад 10 хувийн хүүтэй авсан 4,300,000 төгрөг, 6 хувийн хүүтэй авсан 7,000,000 төгрөг, 4 хувийн хүүтэй авсан 2,800,000 төгрөг, Начин заан ломбард 5 хувийн хүүтэй 3,066,0000 төгрөг, Ломбард /найз/ 400,000 төгрөг, 800,000 төгрөг, 600,000 төгрөг, ах 4 хувийн хүүтэй 600,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,400,000 төгрөг, зах 1,000,000 төгрөг, барс зах 2,000,000 төгрөг, жижиг өр 1,200,000 төгрөг гэх мэтчилэн зээлсэн мөнгийг хүүгийн хамт төлж бүх өрийг дарж дуусгаад 2018.06.20-ны өдөр *******тай бэлэглэлийн гэрээ бус худалдах худалдан авах гэрээ байгуулж 105,000,000 төгрөгөөр **************,******* ** дугаар байр,******* орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ...*******тай худалдах худалдан авах гэрээ хийж тухайн байрны өмчлөгч болсон. Түүнээс биш түүнтэй дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээ хийгээгүй болно.
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 105,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг гэж байгуулсан 2 гэрээ байдаг. Гэвч 105,000,000 төгрөгийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгөөгүй шалтгаан нь татвар төлөхтэй холбоотой 25,000,000 төгрөгийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Маргаж байгаа байрыг зээлийн барьцаанд тавьж байсан нь үнэн, үүнтэй маргахгүй. Анх аав ийн нэр дээр аваад, 2011 онд *******ын нэр дээр, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр буцаагаад *******гийн нэр дээр шилжүүлсний дараа зээл авсан байдаг. Тэгээд зээлээ төлж чадахгүй болоод ирэнгүүт 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 105,000,000 төгрөгөөр *******д худалдсан. Үүгээр бусдад төлөх *******гийн өрийг төлөөд, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байрны үлдэгдэл 11,568,000 төгрөг шилжүүлж төлсөн байдаг.
Хэрэгт *******гийн бусдад төлөх өр төлбөрийн хэмжээний талаар талийгаач өөрийнхөө гараар бичсэн баримтыг өгсөн, мөн банкны дансны хуулганаас харагдана. Ийм учраас энэ худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлийн ******* дугаартай *******,*******,*******, ХД ** дугаар байр*******од орших 67.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно.
Дээрх орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******гаас 105,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг бэлнээр болон дансаар төлж Орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Гэтэл миний өмчлөлийн орон сууцанд иргэн ******* нь хууль бусаар амьдран суллаж өгөхгүй, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна.
Иймд ******* миний өмчлөлийн дээрх орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Иргэн ******* би нөхөр ийн хамт 2004-2010 онд Солонгос улсад хараар ажиллаж орон гэртэй болохын тулд үр хүүхдээсээ хол олон жил тэвчиж хичээж ажилласны хүчинд 2007 онд ,, ХД ** байр******* орон сууцыг худалдан авсан билээ.
Миний бие дүү ын бизнесийг дэмжиж байраа барьцаанд тавьж амьдралд нь тусалж байснаас биш байраа зарах, бэлэглэх сонирхол, зорилго огт байгаагүй, байрны мөнгө гэж *******аас нэг ч төгрөгийг дансаар болон бэлнээр авч байгаагүй, түүний энэ луйврын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй.
*******ын байрны үлдэгдэл гэж шилжүүлсэн 11,600,000 төгрөг нь надад өгч байгаа мөнгө биш, учир өөрийнхөө өрийг төлөхөд мөнгө дутаад гээд таны дансанд хийгээд гаргачихъя гэсэн тул миний дүүдээ өгсөн мөнгө юм. Энэ мөнгөний зарцуулалт нь ны дансны хуулгад байгаа бөгөөд энэ 2 миний нэрээр зээл авч өөрсдөө хэрэглэсэн мөртөө миний зээл гээд яриад байгааг ойлгохгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ын орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5-т заасныг тус тус баримтлан, хариуцагч *******д холбогдох, талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******,*******,******* /13373/, ХД-** дугаар байр,******* хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан *******ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******,*******,******* /13373/, ХД-** дугаар байр,******* хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,350 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
... 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасан:
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримт байхад шүүх өмгөөлөгчийн болон миний андуурч бэлэглэлийн гэрээ гэж хэлснийг өлгөн авч утгагүй дүгнэлт хийсэн. Угаасаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгаа, энэ баримт нь хэрэгт байгаа бөгөөд үүний зэрэгцээ бэлэглэлийн гэрээ байх боломжгүй байхад шүүгч үүнийг сануулж хэлээд худалдах худалдан авах гэрээ байна шүү дээ гээд хэлэхэд л буруу ярьж байгаагаа ойлгож, тодорхой болгох л байсан. Би хариуцагчид байраа зарж хэзээ ч мөнгө аваагүй, тийм үйл явдал болоогүй учир бэлэглэлийн гэрээ гэж л бодсон байх. Учир нь өмнө нь 2013 онд хариуцагчтай бэлэглэлийн гэрээ байгуулж байсан, түүнтэй адил гэж санагдаж. Би байраа зарж худалдаагүй, хэнээс ч мөнгө аваагүй учир гэрээний нэрийг анзаараагүй, миний хувьд он cap өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр л чухал байсан. Угаасаа 2 гэрээ нэгэн зэрэг байх ч боломжгүй, улсын бүртгэлд худалдах, худалдан авах гэрээ гэж байхад шүүгч энэ өдөр 2 гэрээ байгуулсан юм уу, улсын бүртгэлд ийм гэрээ байна. Дахиад өөр бэлэглэлийн гэрээ байгуулсан юм уу гээд ойлгомжтой асуугаад тодруулсан бол тэр дор нь учрыг нь олох л байсан. Би шүүхэд гаргасан олон удаагийн тайлбартаа байраа хариуцагчид бэлэглээгүй, худалдаагүй гэдгийг хэлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжтой байсан. Олон жилийн өмнөх зүйлийг хүн мартаж санаж болно шүү дээ. Мөн энэ хэрэг 1 жил шүүх дээр байж удсан.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Үүнд:
1. Анх орон сууцыг нөхөр бид хоёр Солонгос улсад үр хүүхдээсээ хол, олон жил тэвчин, ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд худалдаж авсан, тухайн үед Монголд очих боломжгүй байсан тул аав Чүлтэмээр худалдах худалдан авах гэрээ хийлгэн аавын нэр дээр орон сууцыг авсан, үүнээс хойш орон сууцаа эзэмшиж байгаа баримт хэрэгт хангалттай байхад шүүгч огт үнэлээгүй.
2. Миний төрсөн дүү орон сууцыг барьцаанд тавьж бизнестээ хэрэглэхээр орон сууцыг ааваас эхнэр *******ын нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд ******* нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээний дагуу ******* миний өмчлөлд шилжүүлсэн баримт байхад мөн огт үнэлээгүй.
3. Шүүх гэрч , , нарын мэдүүлгийг мөн огт үнэлээгүй.
4. Миний орон сууцыг надаас хойш ******* болон нар гэрээ байгуулж хоёр биедээ шилжүүлсэн 4 удаагийн бэлэглэлийн гэрээнүүд байгаа бөгөөд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө орон сууцыг миний өмчлөлийн зүйл болохыг, миний дүү гэрээ бэлдээд гарын үсэг зуруулж байсан тухай мэдүүлсэн тул ******* болон нарын хооронд байгуулсан гэрээ дүр үзүүлсэн гэдэг нь тодорхой байсан тул би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох зорилготой байсан.
5. Шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхдээ 25 сая төгрөгөөр худалдан авсан гэж дүгнэсэн. Гэтэл би анх орон сууцыг 2010 онд 55 сая төгрөгөөр худалдан авсан, одоо зах зээлийн ханш 230 сая төгрөг байхад 25 сая төгрөгөөр худалдах ч боломжгүй юм. Хариуцагч нь 105 сая төгрөгөөр худалдан авсан гэж хуурамч баримт шүүхэд гаргаж өгсөн байсан. Тэр ч байтугай намайг өртэй болгож, өрөндөө байраа өгсөн гэж зохиосонд нь бид гэр бүлээрээ цочирдож, аргаа бараад өөрсдөө орлого олдог, жижиг хэмжээний зээл байсан ч төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгсөн байхад эдгээр баримтыг огт үнэлээгүй. ******* нь маш сэргэлэн, үл хөдлөх, банкны хүмүүстэй харьцаж зээл олдог, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тай 2 удаа Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ байгуулж тэр өдөртөө 2 удаа өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан.
6. Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлохдоо үүний цаана дүү той байраа барьцаанд тавихыг зөвшөөрч, бизнест нь тус дэм болоод эргүүлж авахаар тохирсноо шүүхэд мэдүүлсэн байхад шүүх энэ бодит тохиролцоог огт үнэлээгүй. Би үүнийг нотлохын тулд хариуцагч нь нөхрийн хамт зээл авч байсан, буцаан төлж байсан баримтууд, энэ байрыг байнга өөр хүний нэр дээр шилжүүлж зээл авч байсан дансны хуулганууд, бүх баримтыг шүүхэд өгсөн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй.
7. Шүүх маргааны үйл баримтыг тогтоож чадаагүй учраас хэрэглэх ёстой хуулийг ч хэрэглэж чадаагүй.
Дээрх үйл баримтыг нотолсон баримтууд хэрэгт байхад шүүх үнэлэхгүй, маргааны бодит байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргаж.сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үнэхээр шударга бус болсон. Шүүх учир шалтгааныг олж, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй, хуульд хэрэгт цугларсан баримтын үндсэн дээр шийдвэр гаргана гэж тодорхой заасан байхад хагас дутуу үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж чадаагүй, маргааны үйл баримтыг тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Бизнес хийдэг дүүгийнхээ орон сууцанд эгч нь амьдарч байгаад дүүгээ нас барсны дараа дүүгийнхээ байрыг авах гэсэн тул уг маргаан үүссэн. ******* нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй. Огт байгуулагдаагүй гэрээг 2, 3 үндэслэлээр хүчингүй болгуулах гэж нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Байхгүй гэрээг хүчингүй болгоно гэж байхгүй тул анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байдаг. Анхан шатны шүүх хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт авалгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй гэж нэхэмжлэгч тал гомдолдоо дурдсан. Байгуулагдаагүй гэрээг нотлох гэж дүгнэлт хийх ёсгүй тул гэрчийн мэдүүлэгт шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нөхөр гэрчийн мэдүүлэгтээ дундын эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр захиран зарцуулсан тухай дурдсан байдаг. Хэрэв эхнэр нь дундын эд хөрөнгөө дур мэдэн захиран зарцуулсан бол эхнэрээсээ шаардах эрхтэй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай *******,*******,*******, ХД-** дугаар байр,******* хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан учир хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. -аас маргааны зүйл болох *******,*******,*******, ХД-** дугаар байр,******* хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2007 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн, /1.х.х-ийн 81-88/
3.2. 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ын -аас худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 55,200,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан, /1.х.х-ийн 89-97/
3.3. Үүний дараа 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тус орон сууцны өмчлөх эрх ээс *******д шилжсэн, /1.х.х-ийн8-100/
3.4. *******аас 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцны өмчлөх эрх *******д шилжиж, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр банк ХХК-аас авсан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн, /1.х.х-ийн 101-117, 145-146/
3.5. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх *******гаас *******д шилжсэн /1.х.х-ийн 153-155/
3.6. ******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр тус орон сууцны өмчлөх эрхийн 50 хувийг д шилжүүлсэн, /1.х.х-ийн 160-161/
3.7. Үүний дараа ******* нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр энэхүү орон сууцны өмчлөх эрхийг д шилжүүлсэн, /1.х.х-ийн 165-167/
3.8. нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг *******д буцаан шилжүүлж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ХХК-аас авсан 200,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулжээ. /1.х.х-ийн 101-117, 145-146, 188-195/
Зохигч нар шүүхэд гаргасан тайлбартаа энэхүү орон сууцыг нэхэмжлэгч ******* нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан, тэрээр ийнхүү худалдан авахдаа гадаад улсад амьдарч байсан учир төрсөн аав ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан, 2011 оны 05 дугаар сарын 27-ны *******д шилжүүлсэн үйлдлийг түүний нөхөр ын бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилготой байсан, хожим *******аас *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчийн эзэнд нь буцааж өгсөн гэсэн.
4. Нэхэмжлэгч ******* нь , ******* нар ипотекийн 8 хувийн зээлийг ашиглах хэрэгтэй байна гэхэд нь миний бие 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр банк ХХК-аас 60,000,000 төгрөгийн зээл авч тэдгээрт өгсөн, эдгээр хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрсдийн авсан зээлийг буцааж төлсөн, мөн тэр хоёр цаашид өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглахаар уг орон сууцыг дүр үзүүлж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан гэсэн бол, хариуцагч *******ын зүгээс зохигч нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний төлбөрийг *******гийн банкнаас авсан болон бусад иргэн, хуулийн этгээдэд төлөх зээлийг хариуцан төлөх байдлаар барагдуулсан гэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Тодруулбал, талууд зөвхөн тухайн гэрээ, хэлцлийг байгуулсан талаарх гадаад илэрхийллийг бусдад бий болгох зорилгоор хэлцлийн үр дагаврыг үүсгэх, хариуцах буюу эрх, үүргийн хувьд харилцан холбогдох хүсэл зориггүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд үүнийг дүр үзүүлсэн хэлцэлд хамааруулна.
4.1. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, нийт 60,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлэхээр тохирч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий орон сууцыг барьцаалуулжээ.
Гэвч нэхэмжлэгч нь үүнээс өмнө 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчаас тухайн орон сууцыг бэлэглэлийн гэрээ /банк бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээтэй адил санхүүжүүлэхгүй/-ний дагуу шилжүүлж авсан байх тул дээрх орон сууцыг худалдан авах зорилгоор тийнхүү 60,000,000 төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ нь үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан хөрөнгө болсон бөгөөд харин чухам ямар орон сууц худалдан авахаар тэрхүү зээлийг авсан нь тогтоогдоогүй.
4.2. Мөн банк ХХК-аас *******гийн нэр дээр тоот зээлийн данс нээж, зээлийн гэрээний зүйл болох 60,000,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн, нэхэмжлэгч нь өөрийн тоот харилцах данснаас уг мөнгийг мөн өдөр бэлнээр хүлээн авсан бөгөөд харин зээлийг , ******* нарт өгсөн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна. /3.х.х-ийн 70/
4.3. Хэрэгт авагдсан баримтаар оос 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******гийн дансанд 54,000,000 /**,800,000+1,200,000/ төгрөгийг байрны мөнгө гэсэн утгаар шилжүүлснийг тэрээр бэлнээр авч, улмаар банк ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авсан 60,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 53,935,769.81 төгрөгийг төлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлсэн. /2.х.х-ийн 20, 3.х.х-ийн 79/
Үүний дараа ******* нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *******тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, маргааны бүхий орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн ба зохигч нар гэрээний үнийг 105,000,000 төгрөгөөр тохирсон, мөн оос 2018 оны 06 дугаар 24-ний өдөр 11,568,000 төгрөгийг байр өр үлдэгдэл гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлснийг тэрээр өөрийн бусдаас авсан 2,500,000 төгрөгийн зээлийг төлснөөс гадна хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. /2.х.х-ийн 20-21/
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь банк ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авсан 60,000,000 төгрөгийн зээлийг , ******* нарт өгсөн гэсэн тайлбараа нотлоогүй учир үүнтэй холбоотойгоор эдгээр хүмүүс өөрсдийн авч ашигласан зээлийг төлөх зорилгоор нэхэмжлэгчид 65,568,000 төгрөг өгсөн гэсэн тайлбар няцаагдаж байхын сацуу өнгөрсөн хугацаанд уг зээлийг тус этгээдүүд банканд төлж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй.
Үүнийг тодруулан хэлбэл, хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******гийн зээлийн данс болон харилцах дансны хуулгаас тэрээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг өөрөө төлж байсан байна.
4.4. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид тухайн орон сууцыг зээлийн барьцаанд тавиулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр дүр үзүүлж шилжүүлсэн гэдэг.
Гэвч хариуцагч ******* нь тус орон сууцыг энэ өдрөөс хойш хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон бусад байдлаар ашиглаж байгаагүй, харин 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ХХК-аас авсан 200,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан, мөн өдөр хүртэлх хугацаанд бусдын өмчлөлд шилжүүлж, буцаан өөрийн өмчлөлд авч байсан үйл баримт тогтоогдсон ба үүнд нэхэмжлэгч *******гийн зүгээс зөвшөөрөх, татгалзах гэх зэргээр өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдоогүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж зааснаар орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор бусдад барьцаалуулахад заавал *******гаас *******ын нэр дээр шилжүүлсэн байхыг шаардахгүй.
5. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж, 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, гэр бүл болсон цагаас хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийг мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар тэдгээрийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцдог.
Гэвч зохигч нарыг худалдах, худалдан авах гэрээ, хэлэлцээр байгуулж байх цаг хугацаанд тухайн орон сууцны өмчлөгчөөр гагцхүү ******* бүртгэгдсэн байсан учир *******ын зүгээс түүнийг дээр дурдсан хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар *******г тус орон сууцны өмчлөгч нь гэж итгэх эрхтэй.
Үүнээс гадна нэхэмжлэгч ******* болон нар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хугацаанд зөвшөөрөлгүй гэрээ, хэлэлцэл байгуулсан гэсэн үндэслэлээр маргаж байгаагүй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн болон зөвшөөрлөөр хийх хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авахгүй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Хэрэгт 25,000,000 төгрөг, 105,000,000 төгрөг гэх 2 өөр үнийн дүнтэй гэрээ авагдсан бөгөөд талуудын татвар төлөхтэй холбоотой 25,000,000 төгрөгийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн тайлбараас үзвэл гэрээний үнийн дүн 105,000,000 төгрөг байна /1.х.х-ийн 45, 153/
Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн бусдад төлөх ёстой байсан өр төлбөрт нийт 105,000,000 төгрөгийг төлсөн гэсэн боловч үүнээс 2018 оны 06 дугаар 19-ний өдөр 54,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 11,568,000 төгрөг, нийт 55,568,000 төгрөгийг төлж, үлдэх 49,432,000 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн банкны зээлийг төлснөөс гадна түүний хувь хүн болон ломбардад төлөх ёстой байсан өрийг төлсөн талаарх хариуцагч *******ын нөхөр ын бичиж байсан гэх гар бичвэр бүхий 1 хуудас баримт нь нэг талын баримт бөгөөд *******д худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлснийг нотлохгүй.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар ******* нь тухайн орон сууцны өмчлөгч болохын хувьд *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Гэвч дээр дурдсанаар хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй.
Анхан шатны шүүх зохигч нарын хооронд бэлэглэлийн гэрээ бус худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэхүү гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хариуцагч нь бүрэн биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нь түүнийг төлбөр төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй болохыг анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. , Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай *******,*******,*******, ХД-** дугаар байр,******* хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай *******,*******,*******, ХД-** дугаар байр,******* хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гаас төлсөн 573,350 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР