Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01090

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02916 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 57,541,654 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь зээлдэгч *******, ******* нартай 2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 2.3 хувийн, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийг 31 сарын хугацаатайгаар 2019 оны 11 дүгээр сарын 07-нд төлж дуусгахаар тохиролцсон.

Банк нь зээлдэгчийн ******* дахь ******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч *******, ******* нар нь ******* дугаартай зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сар хүртэл төлөлтийг хийсэн ч 2018 оны 2 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн график зөрчиж эхэлсэн. Банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг шат дараатайгаар өгч үүргээ биелүүлэхийг шаардсан.

2019 оны 01 дүгээр сард *******ны тусгай активын албанд зээлийг шилжүүлж зээлдэгч нартай уулзаж тайлбар авсан, уг тайлбарт ...3 сарын хугацаа олгож өгнө үү зээлийг бүрэн хаана... гэсэн тайлбар, 2020 оны 02 дугаар сард ...1 сарын хугацаа олгож өгнө үү, зээлийг бүрэн барагдуулна, шүүхэд хандахгүйгээр хүлээж өгнө үү... гэх тайлбар, 2020 оны 04 дүгээр сард гаргасан хүсэлтдээ ...ковид-19 гарсантай холбогдуулан 05 дугаар сарын 31 хүртэл хугацаа олгож өгнө үү... гэх хүсэлтүүдийг гаргасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд, зээлдэгч нараас үндсэн зээл 18,412,459,37 төгрөг, хүү 31,329,043,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,976,596,90 төгрөг, нийт 54,718,100 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. ...нэхэмжлэлийн шаардлагаа 2,823,554 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Банкны ирүүлсэн тооцоолол алдаатай байна гэж үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнг шүүх багасгаж шийдэх боломжтой байна гэж харж байна.

1. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,289,058 /нотлох баримт нь банкнаас ирүүлсэн, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл/ төгрөг болсон байсан тул энэ хэмжээнд ноогдох хүүг хариуцан төлөх үндэстэй. Гэрээнд заасан хүү 2.3 хувь тул сард 236,648 төгрөгийн хүү төлбөл зохих тул 2018 оноос 2024 он хүртэл 84 сарын хүү 19,878,460 төгрөг болж байна. Учир нь банк тодорхойлохдоо 2018 оны 2 сар хүртэл зээл, хүү төлөгдөж байсан гэсэн хэдий ч бид 2018 оныг бүхлээр нь хүү төлөгдөөгүй гэж тоймлож авлаа. 10,289,058 + 19,878,460 = 30,167,518 болж байна. Нэмэгдүүлсэн хүү тооцлоо гэхэд 35 саяас хэтрэхгүй атал яагаад 54,718,100 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ.

2. Хариуцагч нар 2020 оны хавраас хойш бичгээр гэрээг сунгаагүй байна. Мөн хариуцагч нарыг эрэн сурвалжилсан хэдий ч хаягийг 2024 оны 03 дугаар сарын 29-нд цагдаа олж тогтоосноос хойш 2024 оны 10 дугаар сарын 09-нд нэхэмжлэл гаргатлаа банк өөрөө 6 сар хугацаа алдсан байна. Тиймээс энэ хугацааны хүүг төлөхөөс чөлөөлүүлж хасуулах хүсэлтэй байна. Энэ нь 236,648 х 6=1,419,890 төгрөг байна.

3. Итгэмжлэл олгож барьцаа хөрөнгөө хэрэглүүлсэн гурав дахь хариуцагч *******гийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******т олгосон итгэмжлэлийн хугацаа болох 3 жил нь 2020 онд дууссан байна. Бусад хариуцагчийг эрэн сурвалжлуулсан болохоос биш барьцаа хөрөнгө дээрээ амьдарч байгаа эрэн сурвалжлах шаардлагагүй энэ хариуцагчтай банк гэрээг дүгнэх боломжит хугацаа 3 жилээр хязгаарлагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд албадан халдах боломжит хугацаа өнгөрсөн байна гэж харж байна. Тодруулж хэлбэл, *******гийн өөрийн хөрөнгөө *******т итгэмжлэлээр хэрэглүүлсэн хугацаа 3 жил юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 35,071,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,, 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ,,, 91 м.кв, эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, , 700 м.кв талбайтай, гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 543.906 төгрөг, улсын төсвийн данснаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олго ж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байхад шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнэсэн.

Мөн талуудын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний 2.2.4-т гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байхад шүүхээс гэрээнээс татгалзах эрх зүйн зохицуулалтыг гэрээг цуцалсан мэтээр тайлбарлаж хэрэглэсэн байгаа нь үндэслэлгүй болжээ.

Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах ойлголтуудыг нэг зүйл мэтээр шүүхийн шийдвэрт
хольж хэрэглэсэн нь уг шийдвэр өөрөө үндэслэлгүй болохыг илтгэнэ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь
төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан. Гэтэл гэрээ цуцлагдахыг бичгийн хэлбэрээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна гэж үзээд *******наас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/01 мэдэгдлээр тооцооллыг хийсэн гэж үзсэн.

Гэтэл уг мэдэгдэлд байгаа дүн шүүхийн шийдвэрт тодорхойлсон үнийн дүнтэй таардаггүй. Хэрхэн яаж тооцоолоод үндсэн зээлээс 8,123,401 төгрөг, үндсэн хүүнээс 10,585.181 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 827,825 төгрөг, нийт 19,646,845 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Дээрх тооцооллыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн тооцоолох боломжгүй бөгөөд банкнаас барьцаа хөрөнгийн өмчлөгч ыг хариуцагчаар тодорхойлж, итгэмжлэл авч энэ хэрэг маргааныг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж
өгөхийг хүсье гэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүхээс хийсэн тооцоолол зөв гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 57,541,654 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 28,747,628 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 28,794,026 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувь, сарын 2.3 хувийн хүүтэй нийт 31 сарын хугацаатай зээлдүүлж, /х.х-ийн 10-12/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар:

А/ *******гийн өмчлөлийн ,,, хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******, нарын өмчлөлийн дээрх хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 335 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын өмчлөх эрхтэй газар,

Б/ *******ийн өмчлөлийн ,,ын 1 дүгээр гудамжны хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /х.х-ийн 11-19/

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж тус тус заасан.

 

Тодруулбал, дээрх хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, тийнхүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

6. Зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлдэгч *******, ******* нар зээлийн гэрээний зүйл болох 30,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд эхний 3 сарын хугацаанд 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 680,547.95 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 703,232.88 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 680,547.95 төгрөгийг тус тус төлж, үлдэх 28 сарын хугацаанд сар бүрийн 07-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт тогтмол 1,465,885.87 төгрөгийг төлсөөр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт 43,109,133.08 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 12/.

 

Гэвч хариуцагч нар энэхүү хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл өгч байсан, хариуцагч нар зээлийг төлөхийг зөвшөөрч байснаас гадна хугацаа олгох хүсэлт гаргаж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс тэдгээрт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. /х.х-ийн 20-23, 52/

 

Хариуцагч нар зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүгээс 9,583,521.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,872.23 төгрөг, үндсэн зээлээс 11,587,540.63 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба мөн өдрийн байдлаар төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 18,412,459.37 төгрөг, зээлийн хүү 3,831,423.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,508.11 төгрөг байжээ. /х.х-ийн 24/

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан.

 

Тиймээс хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд бодогдсон төлөөгүй зээлийн хүү 3,831,423.51 төгрөг, зээлийг хуваарийн дагуу төлөөгүйгээс бодогдсон нэмэгдүүлсэн хүү 179,508.11 төгрөг болон үндсэн зээлийн үлдэгдэл 18,412,459.37 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээнэ.

 

7. Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Мөн зохигч нарын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5-д гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байна.

 

Тодруулбал, дээр дурдсан хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэгт зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан болон гэрээгээр тохирсон зээлийг эргүүлэн төлөх хуваарьт хугацааг зөрчсөн тохиолдолд тус тус зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг ойлгоно.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд дурдсан 10,289,058 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй зөрчилтэй төлбөр байхад үүнийг зээлийн үлдэгдэл гэж дүгнэсэн нь буруу бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн тодорхойлсон 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,412,459 төгрөг бөгөөд зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлөөгүй зээлийн хүү 3,831,423.51 төгрөг дээр энэ өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 1,950 өдрийн зээлийн хүү 27,149,850 төгрөг /18,412,459.37 x 2.3%=423,487 /1 сар/х12=5,081,844 /1 жил/:365=13,923 х 1,950/-ийг нэмэхэд нийт зээлийн хүү 30,981,273 төгрөг болно.

 

Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцоход 6,196,254.6 төгрөг /30,981,273 х 20%/ болсон хэдий ч нэхэмжлэгч нь 4,979,597 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд бодсон зээлийн хүү 2,352,960.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,592 төгрөг, нийт 2,823,553 төгрөгөөр ихэсгэсэн нь хуульд нийцсэн. /х.х-ийн 50-51/

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ зөвхөн зээлийн хүүг нэхэмжилсэн гэсэн тул ихэсгэсэн шаардлагын хэмжээг 2,352,960 төгрөг гэж үзэж хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 18,412,459 төгрөг, зээлийн хүү 33,334,233 /30,981,273 + 2,352,960/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,979,597 төгрөг, нийт 56,726,289 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-аас зээлдэгч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг, барьцааны шаардлагыг *******, ******* нарт холбогдуулан гаргасан байхад барьцааны зүйлийн хамтран өмчлөгч ыг хариуцагчаар оролцуулаагүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь,

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрд хариуцуулахаар тухайлан тохиролцоогүй /барьцааны зүйлийн үл хуваагдах онцлог/ тул хамтран үүрэг гүйцэтгэгч , ******* нарын өмчлөлийн ,,, хаягт эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 335 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг *******д холбогдуулан гаргах эрхтэй.

 

Иймд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй гэх үндэслэлээр дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

11. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,891 төгрөг /431,541 + 70,200 + 60,150/-ийг 632,091 төгрөг гэж алдаатай бичсэнийг зөвтгөнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02916 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч , ******* нараас 56,726,289 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 815,365 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ,,, хаягт эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 335 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын өмчлөх эрхтэй газар гэж нэмж,

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 511,781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,184 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР