| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/03582/И |
| Дугаар | 210/МА2025/01102 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01102
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, олгоогүй цалингийн зөрүү 417,391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие тус байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* шүдний эмнэлгийн салбар 2-т ажлын зарын дагуу очиж уулзаад ажилд орохоор тохиролцож ажлын 5 хоног Даваа-Баасан гаригт өглөө 09:00 цагаас орой 19:00 цаг хүртэл өдөрт 9 цаг ажиллахаар тохиролцсон. Миний сарын үндсэн цалинг 1,200,000 төгрөг байхаар амаар тохиролцсон. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, бид аман хэлэлцэл хийсэн.
Уг компанийн захирал ******* надад ...дараа сараас үндсэн ажилтан болгож хоол унааны мөнгө нэмж өгнө, ер нь сард ажлын 21, 23 хоног таарсан ч 1,200,000 төгрөгийг хувааж цалинг тооцож олгоно, чамд энэ 5 сарыг дуустал дадлагын ажилтнаар ажилласан цалинг бодож олгоно... гэж хэлсэн.
...Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөө миний дансанд 184,615 төгрөг цалин хэмээн шилжүүлсэн байсан. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захирал ******* мессежээр ...оройн мэнд манайд өмнө нь ажиллаж байсан хүн маань маргаашаас ирье гэлээ. Богино хугацаанд ч хамтран ажилласанд баярлалаа... гэж мессеж илгээж мэдэгдсэн.
Иймд, шүүхэд дутуу бодсон цалингийн зөрүү болох 417,391 төгрөг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажлаас үндэслэлгүй халсан тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* манай байгууллагад нийт 8 хоног ажилласан. Дотоод журамд зааснаар Ресейпшний ажлын байрны тухайд 7-10 хоногийн дагалдах хугацаатай, тохиролцсон цалин хөлсний 50 хувиар цалинг бодож олгоно гэж заасан байгаа.
Тус хугацаанд *******г ажиллуулсан ба тэрээр ажиллаж байх хугацаанд өөрөө ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй гэдэг нь тодорхой хэмжээгээр үнэн, гэвч ажлын гүйцэтгэл нь нэлээн удаан байсан. Дээрээс нь түүнтэй цалин хөлсний асуудлыг ярилцахад тодорхой хэмжээнд эсэргүүцсэн зүйл гарч байсан учир ер нь цаашид эргээд компанийн үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй гэдэг болгоомжлол үүссэн. Өмнөх ажилтнаа ажилд авах болсон тул *******г үргэлжлүүлэн ажиллуулахгүй болсон юм.
Цалинг дутуу, буруу бодсон тохиолдол байгааг хүлээн зөвшөөрч байгаа учир зөрүү цалин болох 417,391 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, бид нар дөнгөж туршилтын хугацаагаар ажиллуулсан. Тухайн үед би өөрөө ар гэрийн шалтгааны улмаас тодорхой хэмжээгээр ажлаа гүйцэтгэж чадахгүй байсантай холбоотойгоор 6 сард хөдөлмөрийн харилцаа үүсгээд хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд, бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-аас 8 хоног ажилласны цалингийн зөрүү 417,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,172 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Мөн хариуцагч ажилд авсан болон халсан тушаал шийдвэр гаргаагүй мөртөө 8 хоног ажилласан гэдгээ шүүх дээр хүлээн зөвшөөрөн түүнд ногдох цалингийн зөрүүг өгий гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.2.3, 43.2.10-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй хариуцлагыг нэхэмжлэгч миний бие хүлээх ёсгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, олгоогүй цалингийн зөрүү 417,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч тал олгоогүй цалингийн зөрүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэргийн баримт болон зохигч нарын тайлбараар ******* нь ******* нэртэй эмнэлгийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд ******* нь тус эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтнаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туршилтын хугацаагаар нэг сарын цалин 1,200,000 төгрөгөөр ажилласан, /х.х-ийн 1-4, 54/
улмаар хариуцагч компани 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн ажилласан 8 өдрийн цалин олговорт 184,615 төгрөг олгож, хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, туршилтын хугацаагаар үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгожээ. /х.х-ийн 62, 91/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64 дүгээр зүйлийн 64.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж тус тус заасан.
Тодруулбал, ажил олгогч ажилтныг ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэхээр дагалдан ажиллуулах, аль эсхүл тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалган мэдэхээр туршилтын хугацаагаар тус тус ажиллуулахаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дагалдангаар бус, харин уг компанид ажиллах боломжтой эсэхийг турших туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж, мөн *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 55 дугаар зүйлийн 55.1-д Байгууллага нь дараах эрхийг эдэлнэ гээд 55.1.1-т Сул ажлын байр /албан тушаал/-нд сонгон шалгаруулалт зарлах, ажиллахыг хүссэн иргэний ажлын байрны шаардлага хангах байдлыг шалгаж, дүгнэх, ажилд томилох гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл туршилтаар ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журам нэгэн адил үйлчлэх ба хариуцагч компанийн дотоод журамд ажиллахыг хүссэн иргэний ажлын байрны шаардлага хангах байдлыг шалгаж, дүгнэн ажилд томилох эсэх нь байгууллагын эрхийн асуудалд хамаарна.
Үүнээс гадна тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 36 дугаар зүйлийн 36.3-т Ресепшн ...ажлын байран дээр дадлагажин ажиллах хугацаа 7-10 хоног... гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заасан.
Иймд, хариуцагч *******-ийн зүгээс нэхэмжлэгч *******г 8 хоног ажиллуулж, туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзсан нь дээрх хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх гэж, 43.2.3-т энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хувийг өгөөгүй, мөн түүнийг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлийн талаар тайлбарлаагүй нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй.
Учир нь, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж, 165 дугаар зүйлийн 165.1-д Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ нөхөн байгуулаагүй, ажилтанд ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, цалин хөлсийг хэрхэн бодох аргачлалыг танилцуулаагүй гэх зэрэг асуудал зохигч нарын маргааны зүйл биш тул шүүхээс энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны дутуу олгосон цалин 417,391 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхээс энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүйг дурдана.
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны талаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байхад тогтоох хэсэгт мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...158.2.2 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР