Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01063

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар

төмөр зам-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03205 дугаар шийдвэртэй,

 

*******-ын нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 217,050,740 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан өр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Талууд манай байгууллагын төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн талбайд 3 ширхэг чингэлэг бүхий ачааны хадгалалтын төлбөр, тээврийн зардал болон холбогдох бусад зардлыг төлөхөөр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 06-нд болон 24-ний өдөр орж ирсэн *******,*******,******* дугаартай 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардал, түүнтэй холбоотой бусад зардалд нийт 228,003,300 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба үүнээс 40,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 37,600,660 төгрөгийг төлсөн бол зуучлагч байгууллага болох -аас 5,721,400 төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч тал үлдэх 144,700,440 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3.1-т зааснаар хоног тутамд 0.5 хувийн алдангийг тооцоход 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 72,350,300 төгрөг болсон.

Бид хариуцагч *******-д төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байна. Иймд, хариуцагчаас гэрээний 4.1-т заасны дагуу төлөх ёстой төлбөр болох нийт 217,050,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******ын даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн Тарифын өөрчлөлтийн тухай А/815 дугаар тушаал, 2023 оны 03 сарын 07-ны өдрийн Ачилт буулгалтын ажлын хөлсийг шинэчлэх тухай А\230 дугаар тушаал, 2019 оны 12 сарын 31-ны өдрийн А/609 дугаар тушаалаар баталсан тарифын алиныг нь баримталсан нь тодорхойгүй, хариуцагчийн итгэлийг далимдуулан төөрөгдүүлсэн гэрээ байгуулж, төлбөрийн алдангийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн.

Манай компани давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй бөгөөд хуульд зааснаар аливаа хүү, алдангиас чөлөөлөгдөх ёстой. Бид нэхэмжлэгчид 143,598,000 төгрөгөөс төлсөн 82,000,000 төгрөгийг хасаад 62,277,000 төгрөгийг хувиар гаргаад төлье гэсэн хүсэлт тавьсан бөгөөд 146,300,000 төгрөг гэж тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь талууд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хадгалалтын тариф тогтоосон байдаг. Тогтоосон тарифаараа 8 дахь хоногоос эхлээд 10 дахин үржүүлнэ гэж заасан. Үүнийг Иргэний хуульд заасан торгууль гэж үзэж байна. Гэтэл өр барагдуулах гэрээ байгуулаад дахиад 0.5 хувийн алданги тооцож буй нь алдангиас алданги, торгуулиас алданги бодож байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Бид гантиг чулууны уурхай эрхэлдэг байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас уурхайн үйл ажиллагаа зогсож төлбөрийн чадваргүй болсон. Ийм учир гаргасан гантиган блокоо зүсэж өнгөлөх үйлдвэрийн тоног төхөөрөмж -аас импортоор оруулж ирсэн.

Гэвч манай төхөөрөмж цар тахлын улмаас ирэлгүй байсаар 2022 оны 09 болон 10 дугаар сард -д бууж хадгалуулсан 3 чингэлэг ачааг хугацаа хожимдож хүлээн авсан. Хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөлд байсан боловч бусдаас өндөр хүүтэй зээл авч хадгалалтын хөлснөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 37,600,660 төгрөг, 2023 оны 11 сард тээвэр зуучийн -аас 5,721,400 төгрөгийг тус тус төлж барагдуулж, одоо 144,681,240 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

дахь талбайн 2022 оны 10 дугаар сарын 28-ны төмөр замын даргын Тарифын өөрчлөлтийн тухай А/815 тоот тушаалыг (үндсэн тариф 10 дахин нэмэгдсэн) хүлээн зөвшөөрч төлбөрийн хуваарь баталсан бөгөөд уг байгууллагын албан шаардлагын дагуу талбайг хурдан шуурхай чөлөөлсөн.

Гэтэл нэхэмжлэгч нь хадгалалтын хөлсийг төлж барагдуулах гэрээ хийхдээ тухайн үед нь тохиролцоогүй алдангийг нөхөж, биднийг төөрөгдүүлсэн тул нэхэмжлэх үндэслэлгүй. Түүнчлэн талууд хадгалалтын гэрээ байгуулаагүй тул батлагдсан тарифын дагуу төлбөр авах ёстой. Маргаж буй төлбөр барагдуулах гэрээ нь нөхөж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хадгалалтын гэрээ хийгээгүй байж хадгалалтын төлбөрийг өндөр алдангитай авахаар хийсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хэлцлийн шинж чанарыг агуулж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д тус тус зааснаар хүчингүй.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэхээр байна. Учир нь, хадгалалтын гэрээний харилцаа дууссанаас хойш энэ хэлцэл хийгдсэн байх тул мөн хуулийн 58.3.2-т заасан хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, үндэслэлгүйгээр алданги нөхөж төлөхөөр төөрөгдсөн гэж үзэхээр байна.

Иймд, , *******-ний хооронд байгуулагдсан өр төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Иргэний хуульд хадгалалтын гэрээг заавал бичгээр хийх талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч нь хадгалалтын гэрээг өөрийн эзэмшлийн талбайд орж ирж байгаа аливаа ачаа чингэлгийг хадгалах тохиолдолд тухайн хуулийн этгээд, хувь хүнтэй хадгалалтын гэрээг бичгээр байгуулдаггүй.

Талууд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх гэрээг байгуулахад гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол 0.5 хувьтай тэнцэх алдангийг д төлнө гэж тохирсон. Иймд, хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 422 дугаар зүйлийн 422.1, 422.2 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас 144,681,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,369,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул өр төлбөр барагдуулах гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,204 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,297,967 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 881,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Манай компанийн үйл ажиллагаа Ковид-19 цар тахлын улмаас бүрэн зогсож төлбөрийн чадваргүй болсон учир төмөр замд ирсэн тоног төхөөрөмжөө ам хэлцлээр хадгалуулсан 3 чингэлэг ачааг хугацаа хожимдож хүлээн авсан. Бид хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөлд байсан боловч бусдаас өндөр хүүтэй зээл авч хадгалалтын хөлсний 146,300,000.00 төгрөгийн тодорхой хэсгийг буюу 83,322,060.00 төгрөгийг төлж 62,977,940.00 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

2. Тухайн үед манай тоног төхөөрөмж ирсний дараа төмөр зам тарифаа 10 дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ тарифаар нөхөж их хэмжээний хадгалалтын хөлс нэхэмжлэхийг мэдсэн бол бид тоног төхөөрөмжөө өөр илүү багаа тарифтай газарт хадгалуулах боломжтой байсан.

3. Гэтэл нь манай компанийн тоног төхөөрөмжийг олгохгүй байсан бөгөөд хэрэв өгөхөөр бол огт ашиггүй, илтэд хууль бус, ам гэрээгээр тохироогүй 76,000,000 төгрөгийн алдангийг нэмж оруулсан гэрээнд гарын үсэг зурахыг тулгасан. Энэ нь иргэний эрх зүйн харилцаанд өөртөө давуу байдлаа ашиглан илтэд хохиролтой гэрээ байгуулж тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

4. Бид компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд арга буюу хууль бус, хохиролтой гэрээнд гарын үсэг зурахаас өөр сонголт байгаагүй. Иймд, нэхэмжлэгч нь үндэслэлгүй алданги нэхэмжилж байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шударга шүүхэд хандаж өр төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нь манай компанитай хадгалалтын гэрээ хийгээгүй, тухайн үед батлагдсан тарифын дагуу төлбөрөө авах ёстой. Хадгалалтын ам хэлцлээр мөрдөж байсан тарифыг сүүлд өөрчилсөн өндөр тарифаар тооцож байгаа нь хууль бус юм. Хуулийг маргаж байгаа талд ашигтай бол буцаан хэрэглэдэг бөгөөд Төмөр замын тариф ч мөн адил зарчимд захирагдах ёстой.

Тиймээс маргаж буй төлбөр барагдуулах гэрээ нь нөхөж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарч өгнө үү.

6. Хадгалалтын гэрээ хийгээгүй байж хадгалалтын төлбөрийг өндөр алдангитай авахаар тохирсон нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хэлцлийн шинж чанарыг агуулж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус юм.

7. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, илтэд хохиролтой хэлцэл гэж үзэхээр байна. Учир нь, хадгалалтын гэрээний харилцаа дууссанаас хойш энэ хэлцэл хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 58.3.2 дахь хэсэгт хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, үндэслэлгүйгээр алданги нөхөж төлөхөөр оруулсан заалтыг дарамт шахалтад орсон тул өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалан арга буюу гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэхээр байна Иймд, дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

*******-аас төлбөрөө хуваарийн дагуу төлөх санал гаргасны дагуу өр төлбөр барагдуулах гэрээг гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр байгуулсан. Хариуцагч тал гэрээний нөхцөл болон үнийн дүнтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч компанийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ тодорхой хэсгийг биелүүлээгүй тул 144,680,240 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд төлбөр барагдуулах гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү

Хариуцагчийн 3 чингэлэг ачаа 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болон 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд орж ирсэн ба хариуцагчийн дурдсан 10 дахин нэмэгдүүлсэн ачаа хадгалалтын үнийн дүнг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох төлбөр барагдуулах гэрээнд заасан хадгалалтын тариф, алдангийн хэмжээг тогтоохоос 1 жилийн өмнө, ачаа бууснаас 1 сарын дараа мөрдөж эхэлсэн. Хариуцагч тал мөрдөгдөж буй ачаа хадгалалтын тарифаар төлбөр төлөх ёстойгоо мэдэж байсан. Улаанбаатар хотын хэмжээнд ын 10 гаруй гаалийн хяналтын талбай буюу ачаа хадгалалтын талбай байсан, хариуцагч нь эдгээр талбайн алинд нь ч ачаагаа буулгах боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 217,050,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БГ/23/049 дугаартай өр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар зохигч нар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч ******* нь гадаад улсаас 2022 оны 09 дүгээр сарын 06, 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус оруулж ирсэн *******,*******,******* дугаартай 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардал, түүнтэй холбоотой бусад зардал 188,003,300 төгрөг дээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон алданги 40,000,000 төгрөг тооцож, нийт 228,003,300 төгрөгийг *******-д төлөх үүрэг хүлээсэн байна. /х.х-ийн 9/

 

Хэдийгээр талуудын байгуулсан энэхүү өр төлбөр барагдуулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардал, түүнтэй холбоотой бусад зардлыг 188,003,300 төгрөг гэсэн байх боловч гэрээний хавсралтад үндсэн төлбөрийн хэмжээ 152,002,200 төгрөг, алданги 76,001,100 төгрөг, нийт 228,003,300 төгрөгийн өр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 10/

 

Иймд, хариуцагчийн алдангийн хэмжээ 40,000,000 төгрөг бус, харин 76,001,100 төгрөг гэсэн тайлбар үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/123 тоот албан бичгээр *******-д дээрх 3 чингэлэг ачааны гаалийн болон тээврийн зардалд 220,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл 6 хувааж төлөх санал гаргасныг зохигч нар зөвшилцөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 228,003,300 төгрөгийг 5 хувааж төлөхөөр тохирсон байна. /х.х-ийн 8/

 

Ингээд хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 37,600,660 төгрөг, мөн тээвэр зуучлагч Эй Си Даблью ХХК-аас 5,721,400 төгрөг, нийт 83,322,060 төгрөгийг төлсөн талаар зохигч нар маргаагүй боловч тус өр төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Хариуцагч нь талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргасан хэдий ч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-д ...хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ... гэж, ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж, ... өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино... гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь хуулийг хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, мөн анхнаасаа бусад этгээдэд гэрээ, хэлцэл байгуулсан мэт ойлголт төрүүлэхээр хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан гэж үзэх боломжгүй байна.

 

6. Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж, 58.2-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гээд 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж, 58.3-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно гээд 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж тус тус заасан.

 

Хариуцагч ******* нь эдгээр 3 чингэлгийн тээвэрлэлт, хадгалалтын төлбөрийг төлөөд нэхэмжлэгч *******-ын хадгалалтын талбайгаас чингэлгийг авахаар гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн талуудын байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээний хавсралт дахь нийт төлбөрийн задаргааг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахдаа дарамт шахалтад орж зурсан болон хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тус тус тогтоогдохгүй байна.

 

7. Харин Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.

 

Тодруулбал, талууд нэгэнт өнгөрсөн хугацаанд үүссэн байсан гэрээний харилцааг ийнхүү хожим хүлээн зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өр барагдуулах тухай гэрээ байгуулсан байх тул үүнийг тухайн хэлцлийн үр дагаврыг хүсэж, эрх, үүргийн хувьд харилцан холбогдохоор хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэнэ.

 

Анхан шатны шүүх зохигч нарын байгуулсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт тус тус заасан тээвэрлэлт болон хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

8. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ гэж, 422.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч буюу хадгалагч *******-ын зүгээс хадгалалтыг аж ахуй нэгжийн үйл ажиллагааны хүрээнд явуулж буй тул хариуцагч ******* нь өөрийн 3 чингэлгийг ачаа хадгалах талбайд хадгалуулснаар хадгалалтын хөлсийг тухайн байгууллагаас тогтоосон тарифын дагуу төлөх үүрэг хүлээнэ.

 

9. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 424 дүгээр зүйлийн 424.3-т Хадгалалтын болон эд хөрөнгийг хадгалуулахаар шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон бол буруутай тал нь гэрээнд заасан анзыг төлнө гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан *******-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар тушаалаар батлагдсан ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3.2.а-д аар үйлчлүүлэгч нь тээврийн тооцоог тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй тээврийн тооцооны /тээврийн хөлсний тарифт үнэлгээ ба бусад бүх нэмэлт хөлс, хураамж орно/ үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заажээ. /х.х-ийн 97/

 

Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 152,002,200 төгрөгөөс хариуцагчийн сүүлийн чингэлэг орж ирсэн өдрийн дараагийн өдөр болох 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 379 хоногт 76,001,100 төгрөг /152,002,200 х 0.5%=760,011 х 379х379=288,044,169/-ийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцсэн.

 

Тиймээс хариуцагчийн төлбөл зохих 228,003,300 төгрөгөөс түүний төлсөн 83,322,060 төгрөгийг хасаад хариуцагчаас 144,681,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй.

 

Зохигчид 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг 50 хувиар тооцож тохирсон учир нэхэмжлэгч нь үүнээс хойш дахин алданги тооцож 72,350,300 төгрөгийг шаардах эрхгүй ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг алдангиас алданги тооцохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,298,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР