Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 680

 

 

   2019        07         17                                    2019/ШЦТ/680

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч Я.Мөнхзаяа,

          Хохирогч О.Нандин-Эрдэнэ,

          Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “Активбриж” ХХК-ийн маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  , Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 / гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаартай  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, П.Ц,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч П.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоотод хамтран амьдрагч О.Нандин-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

          Хохирогч О.Нандин-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...П.Ц нь эмчилгээний зардалд 4.200.000 төгрөг нөхөн төлсөн. Одоо баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй боловч цаашид хагалгаа хийлгэхэд гарах зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэв.

 

          Хохирогч О.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Миний бие 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа хамт байж байгаад 21 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр П.Ц нь ямар нэгэн үг хэлэлгүй нүүр лүү гараараа түлхэхэд шалан дээр унахдаа баруун гараа дарж унасан. ...Тэгээд намайг газар уначихсан байхад миний цүнхний гинжин оосроор гуя хэсэгт цохьсон ба 1-2 удаа хөл рүү өшиглөсөн. Мөн миний гар утас, түлхүүр, цүнх зэргийг авахад нь доошоо 7 давхарт байдаг дүү Чинзоригийнх руу ороод үеэл дүү Чинсанааг дуудаад түүнийг ирэхэд нь охин Гоодарийг аваад 10 дугаар хороололд байдаг ахынх руугаа явсан.  Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гар чинь хугарчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

          Хохирогч О.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Миний баруун гар чөмөг хэсгээрээ хугарсан, хамар хэсэг хавдаж хамрын зүүн талд шалбарсан, нүүрний зүүн хэсэг хөндүүртэй зовиуртай байна. ...П.Ц нь миний зүүн хацар хэсэг рүү баруун гараараа цохьсон ба газарт унахдаа баруун гараараа дарж унах үед чөмөг хэсгээрээ хугарсан. Мөн нүүрний зүүн хэсэгт цохиулахад хамар хэсэгт хавдсан. Газар унасан байх үед миний цүнхний гинжин оосроор зүүн өгзөг рүү нэг удаа ороолгосон тэр үед миний өгзөг хэсэг улайж, хөхөрч цус шүүрсэн. ...Би нийт 4.200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээний зардлыг П.Ц бүрэн барагдуулж эмчилгээ хийлгэж өгсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

           

          Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “...О.Нандин-Эрдэнийн биед баруун атгаалын далд хугарал, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх 4026 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

         

          Яллагдагч П.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би О.Нандин-Эрдэнийг согтуу ирэхээр нь түлхсэн чинь газар унаад гараа эвгүй болгочихсон. Тэгээд зүүн өгзөгний цус хуралт гэмтлийг цүнхнийх нь оосроор нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

         

          Хохирлын баримтууд /хх-ийн 88-91 дүгээр хуудас/,

 

          Шүүгдэгч П.Ц-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-45 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 62 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 54-66 дугаар хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн шүүхийн 88 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 67-74 дүгээр хуудас/, 2017 оны 07  дугаар сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “ялыг дүйцүүлэн хасах тухай” 332 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 75-77 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” 125 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

          Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоотод хамтран амьдрагч О.Нандин-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч П.Ц-ын гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Нандин-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 4.200.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч П.Ц нь хохирогчид нөхөн төлснийг дурдаж, хохирогч О.Нандин-Эрдэнэ шүүхийн шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ­

          Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч П.Ц Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаартай  шийтгэх тогтоолоор 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд буюу хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

          Иймд шүүх эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.00 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч П.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар  П.Ц-ыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 6.12 дугаар зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч П.Ц-т оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч П.Ц-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

5. Хохирогч О.Нандин-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Ц-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Нандин-Эрдэнэд 4.200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч П.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ