Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2025/00037

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  04 дүгээр сарын 01-ны өдрийн 307/ШШ2025/00480 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол эмчилгээний зардал 2,247,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг, нийт 10,820,400 төгрөг гаргуулах" тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туул илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******,  хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол эмчилгээний зардал 2,247,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг, нийт 10,820,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх ба хариуцагч нь тухайн зодоон болох эх үүсвэрийг ******* эхлүүлсэн тул хохирлын 30 хувийг хариуцах ёстой, үлдэх 70 хувийг зөвшөөрнө, шүдийг бүрэн эмчлүүлж дуусаагүй улмаар сэтгэцэд учирсан хохирлыг эмчилгээ дууссаны дараа нэхэмжлэх боломжтой үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс 5,505,000 төгрөг гаргуулж үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Шүүх хуралдааны явцад талууд “...нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч ******* бид харилцан тохиролцож анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 5,505,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж 4,505,000 төгрөгийг хариуцагчаас авахаар харилцан тохиролцсон” гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            5. Зохигчид өөрсдийн хүсэл, зоригоо  илэрхийлж, “эвлэрлийн гэрээ”-г  бичгээр  байгуулж тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

6. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн,  ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.

7. Түүнчлэн зохигчид эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг,  мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.

Хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 103,030 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг хуульд зааснаар буцаан олгохгүй тул Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  04 дүгээр сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/00480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож,  анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/00480 дугаартай шийдвэрээр тогтоосон 5,505,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,505,000 төгрөгийг хариуцагчаас авахаар эвлэрэн хэлэлцсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  103,030  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  4. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                           

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ                                  

                                                                                                         Я.ТУУЛ