| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0705/Э |
| Дугаар | 694 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 694
2019 07 22 2019/ШЦТ/694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Хохирогч Т.Дөлгөөн,
Орчуулагч М.Батчулуун,
Шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Оюунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х.Л, А.Х.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хө Нан муж Сиа И хошуунд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй гэх, Монгол Улсад зочид буудал түрээслэж амьдардаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Ч.Х.Л
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ан Хуй муж Лин Чүн тосгонд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй гэх, Монгол Улсад зочид буудал түрээслэж амьдардаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, А.Х.Л,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч.Х.Л, А.Х.Л нар бүлэглэн бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус бүр 20 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк"-ны АТМ-аас 3.405.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Х.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 удаагийн үйлдлээр 3 сая гаруй төгрөг авсан гэдгийг би мэдэхгүй. Би 800.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр нийт 1.600.000 төгрөг авсныг мэдэж байгаа. Би бусад зүйлд оролцоогүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.Х.Лмалгай авна гэхэд нь хамт гараад 1.600.000 төгрөг авсан. Би энэ мөнгөнөөс аваагүй. Би хууль бусаар хүний картаар авсан гэдгийг мэдээгүй гэв.
Шүүгдэгч А.Х.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Банкны картын гүйлгээг зохицуулсан Олон улсын дүрэм байдаг. Уг дүрэмд “гадаадын иргэдийн банкны картыг өөр нэгэн улсад ашиглаад уг гүйлгээ зөвшөөрөлгүй гүйлгээ байсан тохиолдолд тухайн улсын банк хохирлыг төлж барагдуулж шийдвэрлэх зохицуулалттай байдаг. Энэ зохицуулалтын дагуу сэжигтэй гүйлгээнүүдийн жагсаалтыг гаргаад ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд шүүгдэгч нарын хийсэн гүйлгээ нь гадаад иргэдийн карт байсан. Монгол Улсын картын гүйлгээ байгаагүй. Чиптэй, соронзон туузтай олон улсын картыг ашиглахдаа заавал чипийг ашиглах дүрэмтэй байдаг. Чип эвдэрсэн тохиолдолд туузыг ашигласан бол ямар нэгэн тайлбар өгч ажилладаг. Эдгээр шүүгдэгч нар нийт 3.405.000 төгрөгийн хохирол учруулсан. Чарджбек /Chargback/ буюу гадаадын иргэдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн аваад 800.000 төгрөгийг шүүгдэгч нар төлж барагдуулсан. Үлдсэн мөнгийг сүүлд төлж барагдуулсан...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/,
“Голомт” банкийг төлөөлж хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Т.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...АТМ-аас бусдын карт ашиглан мөнгө авч, баригдан шалгагдаж байгаа 2 хүн нь “Голомт” банкны АТМ-аас нийт 3.405.000 төгрөг авсан байна. Гэхдээ энэ мөнгийг авсан данс нь “Голомт” банкны харилцагчдын данс биш, гадаадын банкны харилцагчдын данс буюу гадаадын иргэний данснаас “Голомт” банкны АТМ-ийг ашиглаж мөнгө хулгайлсан байсан. Одоогийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Австралийн Commonwealth банк, гадаадын иргэн Needham, Norma Bainca Maree-ний 5217295261513703 дугаарын картнаас 435.78 Австрали доллар /Монгол мөнгөөр 800.000 төгрөг/ авсан байна. Дээрх банкнаас “Голомт” банкинд нэхэмжлэл гаргаж “Голомт” банк төлбөрийг нь барагдуулснаараа “Голомт” банк 800.000 төгрөгөөр хохирсон. Бусад гүйлгээний нэхэмжлэл хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Банк хоорондын Олон улсын маргаантай гүйлгээний дагуу ямар нэгэн банкны харилцагчийн данснаас өөр банкны үйл ажиллагаагаар дамжиж харилцагчид хохирол учирсан бол мөнгө гүйлгээнд гаргасан банк хохирлыг барагдуулдаг. ...нэхэмжлэл ирээгүй байхад урьдчилан асууж тодруулах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-н 33-36, 154-155 дугаар хуудас/,
Хууль бус гүйлгээ хийж иргэдийн данснаас мөнгө авч бусдад 3.405.000 төгрөгний хохирол учруулсан тооцооны жагсаалт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч Д.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бусдын картын мэдээллийг яг яаж авсныг нь мэдэхгүй байна, бүгд гадаадын банкны картууд байгаа юм чинь гадаадад мэдээлэл нь алдагдаад, тухайн дугааруудыг нь ашиглан хуурамч карт үйлдвэрлэж байна гэсэн үг. Эдгээр хүмүүсийн ашигласан карт нь бүгд хуурамч карт байсан. Камерын бичлэгээс харахад чип байхгүй, зөвхөн соронзон туузтай картууд байсан. Банкнаас гарч байгаа ориг карт нь чиптэй, соронзон туузтай байдаг. ...картын дугаар нь харагдаж байна. Аль улсын хэн гэдэг иргэний карт болохыг манай банк болон Монгол банкнаас харах боломжгүй. Тухайн банкнаас энэ хүн хохирлоо гэсэн бичиг ирсэн үед мэдэж болно. Одоогийн байдлаар дээрх үйлдэлтэй холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 төгрөгөө алдсан талаарх мэдээлэл Австрали улсаас ирсэн байна...” гэх мэдүүлэг./хх-н 45 дугаар хуудас/,
Шинжээчийн “...“Голомт” банкны АТМ-ны дүрс бичлэгийн хяналтын төхөөрөмжид бичигдсэн гэх 1 гэж дугаарласан хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн БНХАУ-ын иргэн А.Х.Лгэх хүний гадна дүр, төрх, анатом элементийн ерөнхий шинж тэмдгээр, 2 гэж дугаарласан хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн БНХАУ-ын иргэн Ч.Х.Л гэх хүний гадна дүр, төрх, анатом элементийн ерөнхий шинж тэмдгээр тохирч байна..." гэх 564 дугаар дүгнэлт /хх-н 67 дугаар хуудас/,
Монгол Банкны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-84 дүгээр хуудас/,
Гэрч О.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Голомт банкны аюулгүй байдлын хэлтэст ажилладаг ба камерын хяналт дээр сууж нийт 100 гаруй камер хянаж ажилладаг. ...систем хяналтын ажилтан надтай утсаар ярихдаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их дэлгүүрийн урд байрладаг АТМ-ын камерын хяналтын бичлэгийг яаралтай явуулна уу, сэжигтэй гүйлгээ илрээд байна гэж хэлсэн. Камерын бичлэгийг үзэхэд 2 хүн нэг биш нилээд хэдэн картыг ээлжилж АТМ-д уншуулаад тэгж байгаад 2 удаагийн гүйлгээ гарч байгаа дүрс бичлэг байсан. Тэр 2 хүнийг харахад Хятад улсын иргэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-59 дүгээр хуудас/,
Гэрч Д.Цэрэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн банкны эзэмшигчдийн картын дугаар байгаа тохиолдолд карт эзэмшигчдийн мэдээллийг гаргаж өгч болно. Гадаадын банкны болон Их Британи Улсын Барклэйс банк /Barclays bank/, Амеркийн Нэгдсэн улсын /Trustone Financial Federal Credit /Трастоүн Финансил Федерал кредит/ банкны кредит карт, Австрали улсын Коммонвилт /Commonwealth Bank of Australia/ банкнуудад бүртгэлтэй картын дугаар бүхий карт эзэмшигчдийн гарган өгөх боломжгүй. Монгол банкнаас гадаадын банкны мэдээлэл рүү нэвтрэх эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,
Гэрч А.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....14 цагт 2 удаагийн гүйлгээ хийгээд эхнийх нь амжилтгүй болсон, дараагийн удаагийн оролдлогоор 2 удаа 800.000 төгрөг буюу 1.600.000 төгрөг гарсан байна. Яг ямар эзэмшлийн дансаар гарсныг одоо баримтаар авчирч өгнө гэх мэдүүлэг...” /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...14 цаг 20 минутын үед гүйлгээ хянадаг программ дээрх 3 ижил төрлийн карт орж ирээд алдаа заасан. Алдааг нь харахад үлдэгдэл хүрэхгүй байна гэхээр нь аюулгүй байдлын хэлтэс рүү мэдэгдээд АТМ-н хяналтын камерын бичлэгийг үзмээр байна, ямар хүн мөнгө авч байгааг хармаар байна гээд над руу зургийг нь явуулсан. Тэгээд харахад куртикныхаа малгайг өмссөн байсан нь сэжигтэй санагдаад бичлэгийг авья гэхэд өгөөгүй. ...манай харилцагчийн дуу хоолойны албанаас очиж бичлэгийг үзэхэд Улсын Их дэлгүүрийн урд талын салбарын ATM дээр зэрэгцээд 2 хүн карт гаргаж ирж уншуулсан. Алдаа заагаад нэлээд олон удаа уншуулсан. ...дэлгэцэн дээр алдаа заасан зургийг гар утсаараа аваад жоохон байж байгаад ахин картаа уншуулаад дарааллаад 800.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж мөнгө авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 53 дугаар хуудас/,
Яллагдагч А.Х.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид 2 тэнд очиж карт уншуулан мөнгө авсан. Нийт 1.600.000 төгрөг авсан. Тэр картыг надад нэг танихгүй хятад хүн өгсөн юм. ...би хүний карт учраас хаячихсан. Хаана хаясанаа мэдэхгүй байна. Гүйж явахдаа шидчихсэн. Буцаж хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 110 дугаар хуудас/,
“...Би өөрөө тухайн үед мөнгөгүй байсан, тэр хүн энэ картыг уншуулаад мөнгө авбал ав гэж хэлсэн учраас тэр картуудыг уншуулсан. Хэдэн карт хэдэн удаа яаж уншуулснаа үнэхээр мэдэхгүй байна. Тэгж байхдаа өөрийн танил Ч.Х.Л-тай хамт явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 170 дугаар хуудас/,
Яллагдагч Ч.Х.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Яг он cap өдрийг нь санахгүй байна. Нэг удаа бараг 06-ны өдөр байхаа А.Х.Л-тай хамт ATM рүү явсан. А.Х.Л 2,3 карт гаргаж ирээд л ээлжлэн хийгээд уншуулаад байсан. Тэгээд яг хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй 2 хэсэг мөнгийг 2 удаа уншуулж авсан. Мөнгөө аваад өөрөө кармандаа хийсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/,
"...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.Х.Л миний танил, “малгай авна” гэж ирээд түүний хамт буудлын ойролцоо банкны АТМ-с 1.600.000 төгрөг авсан. Яг АТМ-с мөнгийг А.Х.Лавсан би хажууд нь байсан, картаар яаж мөнгө авсныг мэдэхгүй байна. Тэр мөнгийг картны эзэнд хүргэж өгсөн. Би ингэж 2 удаагийн үйлдлээр мөнгө авахад нь хамт явж байсан. Өөр АТМ-с хэдэн удаа мөнгө авсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 165 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Х.Л, А.Х.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлахад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч.Х.Л, А.Х.Л нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус бүр 20 удаагийн үйлдлээр бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк"-ны АТМ-аас 3.405.000 төгрөгийг авч, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн байна гэж шүүх үзлээ.
Учир нь: Гэрч Д.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бусдын картын мэдээллийг яг яаж авсныг нь мэдэхгүй байна, бүгд гадаадын банкны картууд байгаа учраас гадаадад мэдээлэл нь алдагдаад, тухайн дугааруудыг нь ашиглан хуурамч карт үйлдвэрлэж байна гэсэн үг. Эдгээр хүмүүсийн ашигласан карт нь бүгд хуурамч карт байсан. Камерын бичлэгээс харахад чип байхгүй, зөвхөн соронзон туузтай картууд байсан. Банкнаас гарч байгаа ориг карт нь чиптэй, соронзон туузтай байдаг” гэх мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол банкны шинжээчийн дүгнэлтэд “...картын нүүрэн талд хэвлэгдсэн байгаа картын дугаар соронзон туузан дээр бичигдсэн картын дугаартай таарахгүй байна. ...карт чиптэй тул мэдээллийг харах боломжгүй байна... гэснээс үзэхэд мөн энэ хэрэгт хохирогчоор “Голомт” банк /төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Т.Дөлгөөн/ тогтоогдсон байх бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Банкны картын гүйлгээг зохицуулсан Олон улсын дүрэм байдаг. Уг дүрэмд “гадаадын иргэдийн банкны картыг өөр улсад ашиглаад уг гүйлгээ зөвшөөрөлгүй гүйлгээ байсан тохиолдолд тухайн улсын банк хохирлыг төлж барагдуулж шийдвэрлэх зохицуулалттай байдаг. “Голомт” банкны АТМ-ийг ашиглаж мөнгө авсан учраас дээрх банкнаас “Голомт” банкинд нэхэмжлэл гаргаж “Голомт” банк төлбөрийг нь барагдуулснаараа “Голомт” банк 800.000 төгрөгөөр хохирсон. Банк хоорондын Олон улсын маргаантай гүйлгээний дагуу ямар нэгэн банкны харилцагчийн данснаас өөр банкны үйл ажиллагаагаар дамжиж харилцагчид хохирол учирсан бол мөнгө гүйлгээнд гаргасан банк хохирлыг барагдуулдаг.” гэж мэдүүлж байх тул банкийг дээрх байдлаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан, хууль бусаар мөнгө авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүх үзэв.
Иймд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Х.Л, А.Х.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөн, шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Х.Л шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед “...Би 800.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр нийт 1.600.000 төгрөг авсныг мэднэ. Би бусад зүйлд оролцоогүй, хууль бусаар хүний картаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр болон шүүгдэгч Ч.Х.Л нь шүүдэгч А.Х.Л-тай хамтран олон удаагийн үйлдлээр карт ашиглан АТМ-ээс мөнгө авах үйлдэл хийж байсан нь бусдын картын мэдээллийг хууль бусаар ашигласныг мэдэхгүй байсан гэж үзэхээргүй байна.
Шүүгдэгч Ч.Х.Л гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус бүр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.
Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал 120000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулах, хохирогчид 800000 төгрөгийг төлсөн ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг дүрс бичлэг бүхий СД болон 4 ширхэг картыг тус хэрэгт хавсарган үлдээж, ОРРО, Vivo маркийн гар утсыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 800000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл, 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж, шинжээчид олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг дүрс бичлэг бүхий СД болон 4 ширхэг картыг тус хэрэгт хавсарган үлдээж, ОРРО, Vivo маркийн гар утсыг шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарт тус тус буцаан олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Х.Л, А.Х.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ