Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0146

 

 

2020 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 221/МА2019/0146                          Улаанбаатар хот

“Д...” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ч.Б, гуравдагч этгээд “К...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээд “О...” ХХК-ийн төлөөлөгч Ө.Оюунцэцэг нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Д...” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “Д...” ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдэрийн үндэслэх нь хэсэгт:

1. Хэрэгт цугларсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээс үзэхэд нотариатаар гэрчлүүлээгүй буюу батлуулаагүй гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасныг зөрчсөн байна. /Хх-ийн 10-р нүүрэнд/

1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалт, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 50 дугаар тогтоолын 8 дахь заалт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцсөн эсэхийг шалгалгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. /Хх-ийн 11-р нүүрэнд/

1.2. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд газрын эзэмшлийг шилжүүлэх эрх гүйцэтгэх захиралд компанийн дүрмээр болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон байсныг нотлох баримт байхгүй байна. Үүнээс үзэхэд харуицагч нь “Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал газар эзэмших эрх шилжүүлэх эрхтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна. /Хх-ийн 11-р нүүрэнд/

1.3. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, “Д...” ТӨХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэсэн, мөн нэхэмжлэлд заасан захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй байна ... гэх зэргээр дүгнэж, шүүгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө энэхүү дүгнэлтийнхээ эсрэг тогтоож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

2. Шүүх маргаан бүхий актын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг үндэслэн шийдвэрлэх боломжтой байсан.

3. Нэхэмжлэлдээ тодруулан бичсэнчлэн Газрын тухай хуулийн 38.2.1, Нотариатын тухай хуулийн 46.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5.2, 16.1.2, 16.2, 29.1, Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын 2008 оны 50 дугаар тогтоолын 8 дахь заалтуудыг тус тус зөрчиж “Д...” ТӨХК-ийн эзэмшлийн газраас 4591 м.кв газрыг шилжүүлэн “К...” ХХК-д олгосон хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоон нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д...” ХК-ийн эзэмшлийн газраас 4591 м.кв газрыг гуравдагч этгээд “К...” ХХК-д 5 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан байна.

2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Д...” ТӨХК-аас ““К...” ХХК-д манай эзэмшлийн ашиглалтгүй байгаа газраас 8900 ам дөрвөлжин метр газрыг “М...” ХХК-ийн эзэмшил газрын хажууд хуулийн дагуу олгохыг зөвшөөрч байгааг уламжлая” гэх 1/863 дугаар бүхий албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Мөн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц болон “К...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас гуравдагч этгээдэд шилжүүлэн эзэмшүүлсэн гэж хариуцагчаас тайлбарлан маргажээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” нь газар эзэмшигчийн эрх байхаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусад шилжүүлж болохоор тус тус зохицуулсан боловч уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж зааснаас үзвэл газар эзэмшиж, ашиглаж буй төрийн байгууллага тухайн газраа бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамж нь “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” гэж гарсан байх боловч тус захирамжийн хавсралтад зааснаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 4591 м.кв газрыг гуравдагч этгээд “К...” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор зохицуулсныг үндэслэн маргажээ.

Гэтэл маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь төрийн өмчит хувьцаат компани буюу төрийн нийтлэг үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага байх бөгөөд Газрын тухай хуулиар газар эзэмшигчид олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь төрийн байгууллагад хамаарахгүй байхаар зохицуулсан тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газраас гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ... илт хууль бус болохыг ... тогтоох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул уг нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах үндэслэлгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр “О...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нь энэхүү маргаанаас тусдаа буюу маргаан бүхий акт илт хууль бус эсэх энэхүү маргааны үйл баримтыг шийдвэрлээгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээд “К...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “нотариатчаар гэрчлүүлээгүй гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн, ... гүйцэтгэх захиралд эрх хэмжээ олгогдсон  эсэхийг шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй” талаар зөв дүгнэсэн байх боловч энэ нь “... захиргааны актыг хүчингүй болгох үндэлсэлийг хангаж байх боловч захиргааны актыг илт, илэрхий хууль бус болохыг тогтоох үндэслэлд” хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д...” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ