| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2024/0716/З |
| Дугаар | 001/ХТ2025/0048 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2025/0048
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур
амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0012 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0192 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“Г” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар “Г” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын .......... амны хязгаарлалтын бүсэд 20021 м.кв газрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгогдож, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2020/2... дугаартай гурвалсан гэрээг байгуулсан байна.
2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаалаар “Г” ХХК-д олгосон 2,0 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн X хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/629 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед газрын зориулалт бүхий “Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох” төслийн ажлууд зогсож, улмаар улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон нь дээрх үйл ажиллагаа түр хугацаанд хойшлоход нөлөөлж, газрыг ашиглах үйл явц удааширсан. 2022 оны 22/01 дүгээр албан бичгээр “орц, гарцын асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх” хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд илэрхийлж байсан, ... газар ашиглагч нартай харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа нь дан ганц биднээс хамаарахгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. ... Газар ашиглах эрхийг хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий акт гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Учир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж явуулсан. ... Иймд маргаан бүхий тушаал хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Тус компани газар ашиглах эрх авч гэрээ хийсэн хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай байсан хугацааг хасаад тоолоход ч хуулийн “2 болон түүнээс дээш жил ашиглаагүй” гэдэг нөхцөлийг хангаж байгаа. Орц, гарцын асуудлаар 2022 онд 1 удаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан, харин яаманд хандаагүй ... Иргэний журмаар орц, гарцаа нээлгэх талаар хөрш зэргэлдээ аж ахуйн нэгжүүдтэйгээ маргаан үүсгэх эрх нэхэмжлэгчид байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0012 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны агаар сансрын зураг, газрын байршлын зураг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1511 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллээр нэхэмжлэгчийн орц, гарцыг бүхэлд нь хааж бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон.
5.2.Нэхэмжлэгчид ... газар ашиглах эрх олгосон хэдий ч тухайн газартаа нэвтрэх боломжгүй болтол нь бусдад газар эзэмшүүлсэн, уг зөрчлийг арилгах талаар удаа дараа хүсэлт гаргахад шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т заасан “... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсан” гэдэгт хамааруулж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах боломжийг хариуцагчаас олгоогүй атлаа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0168 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:
6.1.“ ... Нэхэмжлэгчээс “Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон газрыг ашиглах үйл явц удааширсан, газраа ашиглахаар аялал жуулчлалын цогцолбор барих зураг төслийн ажлыг эхлүүлсэн бөгөөд хашаа, хайс барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажил гүйцэтгүүлэх хугацаагаа хүлээж байна” хэмээн тайлбарлан маргаж байх боловч, эдгээр үндэслэлүүд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахааргүй байна ...
6.2.Цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан боловч тухайн газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн орц, гарц илэрхий хаагдсан зүйл байхгүй буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй хүртэл хэмжээнд орц, гарц хаагдсан гэж үзэх нөхцөл байдал бодит байдал дээр үүссэн, уг шалтгаанаас болж газраа ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
6.3.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01/86 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн, тус компаниас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/01 дүгээр албан бичгээр хариуг хүргүүлсэн байх тул хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж буруутгах боломжгүй ...” гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг хэргийн дараах үйл баримтад тохируулан хэрэглэхдээ үйл баримт, тухайн хэм хэмжээ хэрэгжих нөхцөл байдлыг зөрүүтэй үнэлж, өөр өөр эрх зүйн үр дагавар үүсгэсэн. ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар албан бичгээр “... орц, гарцын асуудлыг газар ашиглагч нар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой” гэх хариуг өгснөөс хойш дахин хүсэлт гаргаагүй, 2 жил өнгөрсөн гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК нь эзэмшил газар руугаа машин механизмаар чөлөөтэй нэвтрэх боломжгүй байсан нь уг асуудлаар холбогдох байгууллага руу хандаж байснаар тогтоогддог.
7.2.Хэдийгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар албан бичгээр хариу өгсөн ч уг хариу нь нэхэмжлэгчийн газар руугаа машин механизмаар чөлөөтэй нэвтрэн орж, бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх боломжгүй байсан бодит асуудлыг шийдвэрлэсэн буюу арилгасан шийдвэр биш гэдгийг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн дүгнэлтээс үзэхэд хэргийн дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн атлаа уг нөхцөл байдал шийдвэрлэгдээгүй байхад дахин хүсэлт гаргаагүй 2 жил өнгөрсөн гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчээс удаа дараа яам болон хамгаалалтын захиргааны албан хаагчидтай биечлэн уулзаж санал хүсэлтээ тавьж байсан, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хандсан талаараа мэдүүлж, холбогдох баримтыг гаргаж өгсөн байхад эдгээрийг огт үнэлээгүй ...
7.3.Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар заасан буюу уг цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт гарсан сөрөг өөрчлөлтүүдийн үр дагавар хамгийн багадаа л гэхэд уг хугацааг хүртэл арилахгүй гэж хууль тогтоогч үзсэн нь үүгээр илэрхийлэгдэнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх “2022 оны 02 дугаар сараас 2 жилийг тооцсон ч ...” гэх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.
7.4.Түүнчлэн маргаан бүхий акт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн огноотой боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл, тус хамгаалалтын захиргааны газар ашиглах эрхийг цуцлах тухай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн саналыг шууд үндэслэл болгосон байдаг. Иймд дараалсан 2 жил гэх хугацааг маргаан бүхий акт гарсан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тоолж байгаа нь учир дутагдалтай.
7.5.Мөн магадлалын Хянавал хэсгийн 5.5-д “... эдгээр гэрээнүүд бодит байдал дээр хэрэгжээгүй, маргаан бүхий газар дээр ямар ч хашаа, барилга байгууламж, зам талбай бариагүй, зураг төсөл батлуулаагүй ... энэ тохиолдолд нэхэмжлэгчийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч компанийн бусад байгууллагуудтай байгуулсан гэрээ хэрэгжээгүй шалтгаан нь Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахал, орц, гарцгүйн улмаас газар руу машин механизм, хүнд оврын ачаа хэрэгсэл оруулах боломжгүй байсан зэрэг шалтгаан нөхцөл байсныг давж заалдах шатны шүүхээс зөв дүгнээгүй.
7.6.Маргаан бүхий актыг хариуцагч гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... дараалсан хоёр жил” гэдгийг хэзээнээс эхэлж тоолсон нь ойлгомжгүй. Дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас газраа ашиглах боломжгүй байсан бол хугацаа тасалдах эрх зүйн үр дагавар үүснэ. Гурвалсан гэрээний 3.5, 3.6-д “Дүүргийн Засаг дарга уг гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэх, газар эзэмших эрх цуцлах саналыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”, 4.6-д “Хамгаалалтын захиргаа нь дүүргийн Засаг даргатай хамтарч газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх”, 7.2-т “гэрээний биелэлтийг талууд дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор дүгнэх” тухай заалтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч байгууллагын газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх эрх, үүргээ биелүүлээгүй буюу 2021, 2022, 2023 оны хувьд гэрээ дүгнэх хугацааг хэтрүүлсэн байгаа нь газар ашиглагч “Г” ХХК газраа зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэдэг маргах эрхээ алдах эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүхэд үндэслэл гаргаж мэтгэлцсэн болно.
7.7.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн зорилго нь “газар ашиглах хэрэгцээ шаардлага бүхий дараагийн иргэн, хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлж, ашиглуулах боломжийг олгох” гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд газар дээрээ аялал жуулчлалын зориулалттай кемп барихаар бэлтгэл ажлуудаа хангаж ирсэн, газар дээрээ барилга байгууламж барихад дээр дурдсан саад бэрхшээл байсны улмаас ажил хэрэг саатсан, хугацаа хойшилсон зүйлс байгааг хяналтын шатны шүүхээс анхаарч гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
11.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
12.Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “орц, гарцгүйн улмаас, мөн Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаж чадаагүй” гэж тайлбарлах боловч уг хэргийн тухайд эдгээр үндэслэлүүд нь газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйд хүргэсэн “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарахгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
13.Учир нь, нэхэмжлэгч маргаан бүхий газрын ашиглах эрхийг анх авахдаа (2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр) Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандан “Манай компани ... 2 га газрыг ашиглах хүсэлтэй байгаа болно. Тус газарт үйл ажиллагаа явуулахад орц, гарцыг Монгол Улсын хуульд заасны дагуу зэргэлдээх газар ашиглаж буй компани болон хувь хүнтэй тохиролцон шийдвэрлэх болно. Мөн үерийн даланг мэргэжлийн инженерчлэлийн дагуу уулын төлөв байдлыг алдагдуулахгүйгээр, хөрсний гулсалт үүсэхгүйгээр өөрийн хөрөнгөөр батлагдсан зураг төсөл, аялал жуулчлалын баазыг үйлчилгээний байгууллагын норм, стандартын дагуу хийх болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн хүсэлтийг гаргаж байжээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Г” ХХК-ийг хүсэлт гаргах үед тухайн газрын эргэн тойронд нь бусдын эзэмшил хэдийнээ үүссэн байсан (2015 оноос), үүнийг тус компани мэдэж байсан тул орц, гарцын асуудлаа өөрөө шийдвэрлэх тухайгаа захиргааны байгууллагад илэрхийлж байжээ.
14.Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “... уг газартаа бид үйл ажиллагаа явуулахын тулд орц, гарцгүй байгаа тул орц, гарцыг гаргаж өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлт гаргасны хариуд холбогдох захиргааны байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар албан бичгээр “... Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу орц, гарцын асуудлыг газар ашиглагч нар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой” гэх хариуг хүргүүлсэн. Үүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс бусад газар ашиглагч нартайгаа орц, гарцын асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэх талаар өөр ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй байна.
15.Иймд орц, гарцын асуудалд захиргааг буруутгах үндэслэлгүйгээс гадна “үйл ажиллагаа явуулах боломжгүй болох хүртэл хэмжээнд орц, гарц хаагдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй” байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16.Гэтэл анхан шатны шүүх “... хариуцагчаас нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрыг ашиглах эрх олгосон ч тухайн газартаа нэвтрэх боломжгүй болтол нь бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн, уг зөрчлийг арилгах талаар удаа дараа хүсэлт гаргахад шийдвэрлээгүй байх тул Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т заасан “... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсан” гэдэгт хамааруулж ойлгохоор байна ...” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
17.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96, 2025 оны 19 дүгээр тогтоолуудаар “Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүх нийтийг хамарсан хөл хорио, өндөржүүлсэн байдал тогтоосны улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна” гэж тайлбарласан. Гэвч энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалснаас хойш маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаал гартал дараалан 2 жил өнгөрсөн байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахааргүй байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Ийнхүү уг хэргийн үйл баримт өөр байх тул ижил төстэй маргааныг шийдвэрлэсэн “Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан” гэж үзэхээргүй байна.
18.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч сонсох ажиллагаа явуулаагүй, харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн нь хуульд заасан журмыг зөрчсөн” гэж гомдол гаргадаг ч энэ нь тухайн актыг хууль бус гэж үзэх шийдвэр гаргах ажиллагааны алдаанд тооцогдохгүй.
19.Учир нь сонсох ажиллагааны гол зорилго нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, ингэснээр захиргаа үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгддэг. Энэ тохиолдолд уг ажиллагааг хариуцагч өөрөө хэрэгжүүлээгүй ч тухайн асуудлыг хариуцдаг санал гаргах эрх бүхий доод шатны захиргааны байгууллага явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий актын агуулга, үндэслэлийн талаар мэдсэн, түүнд холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргасан байх тул “сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
20.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “орц, гарцын асуудлаар захиргааны байгууллагад хандаж байсан, уг асуудал шийдэгдээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, цар тахлын үр дагавар арилаагүй байсан, дараалан 2 жилийг буруу тооцсон, хариуцагч сонсох ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 7-д) хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
21.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ