Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 58

 

 

М.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар магадлалтай, 201404000297 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргалын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт М-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Д-ийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 /арван найм/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар М.Д-ээс талийгаачийн оршуулгын зардалд 4,666,800 /дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: М.Д- түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан, С.Нургайып нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.Д-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 318 /гурван зуун арван найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... анхан, давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасныг зөрчиж, насанд хүрээгүй гэрч Х.А-ын мэдүүлгийн эх сурвалжийг тогтоолгүйгээр буруу үнэлэлт хийсэн гэж үзэж байна.

Прокуророос сэжигтэн С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо яллагдагч М.Д-, түүний өмгөөлөгч нарт мэдэгдээгүйн улмаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-т заасан хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн.

Анхан шатны шүүх нэг удаагийн цохилтын улмаас хохирогч нас барсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх магадлалдаа "М.Д- нь Х.Х-ийг 2-оос дээш удаа цохисон болохыг тогтоосон" гэж харилцан эсрэг агуулгатай дүгнэлт хийжээ.

... амь хохирогч Х.Х-ийн биед хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бий болох гэмтлүүд үүссэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад үүнийг М.Д-ийн хохирогч Х.Х-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон гэх үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирогч Х.Х нь тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барсан тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд уг хавсарсан гэмтэл М.Д-ийн хохирогч Х.Х-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон гэх үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, М.Д-т холбогдох хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаана уу.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 319 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд нийцээгүй. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед өөр өөр газар 3-аас 4-н гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж хэргийг бодит байдалтай нийцээгүй хийсвэр дүгнэлт хийсэн. Насанд хүрээгүй гэрч А “шүүгдэгч аавыг нэг удаа цохих шиг болсон”, шүүгдэгч М.Д- “хохирогчийн нүдэн тус газар нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Тархины битүү хүнд гэмтэл нэг удаа цохиход учрах боломжгүй. Шүүх М.Д-ийг хохирогчийн нүдэн тус газар нэг удаа цохисон гэж дүгнэсэн атлаа бусад гэмтлийг хэрхэн үүссэн талаар үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн гэх бас нэг үндэслэл нь хэргийн газар 2 хүн байсан гэдэг. Гэрч Б нь тухайн үед хэргийн газар байсан. Гэтэл түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Б, Д- хоёр тухайн өдөр гаражид байсан гэдэг. 1 дүгээр хавтаст хэргийн 25, 27, 28 дугаар талд цогцост хийсэн үзлэгээр амь хохирогч 170 см өндөртэй, шүүгдэгч М.Д- 170 см өндөртэй, гэрч Б 175 см өндөртэй байсан. Насанд хүрээгүй гэрч ааваас өндөр хүн аавыг цохисон гэж мэдүүлсэн. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг харж байхад гэрч Б амь хохирогчийг цохисон байх магадлал өндөр байдаг. Шүүхэд гэрч Б-ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж авсан атлаа шүүх хуралдаанд оролцуулаагүй. 2 дугаар хавтаст хэргийг 426, 451 дүгээр талд шүүхийн он, сар, өдөр, дугаар адилхан 2 захирамж байдаг. Тухайн захирамж нь шүүгдэгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэх захирамж байсан. Шүүгдэгчийн хүсэлтийг хангасан агуулгатай захирамж гарсан атлаа нөгөө захирамжаар хүсэлтийг хангаагүй байдаг. Шүүгдэгчийн дээрх хүсэлтийг хангаагүй байж хэргийг шийдвэрлэсэн. Хууль бус хүлээн зөвшөөрөгдөөгүй бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, маргаан үүсгэж байгаа. Шүүх бүрэлдэхүүний хувьд маргах ёсгүй гэсэн хариулт ирүүлсэн нь процессын алдаа гаргасан гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан нотлох баримтаар хураагдсан тоосгон дээрх цуснаас шинжилгээ авахуулах, шалгуулах гэтэл тоосго алга болсон байдаг. Дээрх эд мөрийн баримт хаачсан нь ойлгомжгүй байна. Шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 209 дүгээр зүйлийн 209.5, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн. Мөрдөн байцаах шатанд хэргийн оролцогчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдсэн атлаа бусад оролцогч нарт танилцуулаагүй нь бусад хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Мөрдөн байцаалтын шатнаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Х.Зулхаш өмгөөлөгч хэрэг гарах өдөр амь хохирогч Х-тэй хамт гэрт нь хоносон Болор-Эрдэнээс тайлбар авах хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа Б-ээс тайлбар аваагүй байна. Б-ийг шалгаж, тодруулж, тайлбар аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн үндэслэл болж байна. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Болор-Эрдэнэ гэх хүнийг огт дурдаагүй нуусан байсныг Зулхаш өмгөөлөгчийн хүсэлтээр шалгаж тухайн өдөр Б хэргийн газар байсан гэдэг нь нотлогдож, тогтоогдсон. Иймд түүнээс тайлбар авч өгөх хүсэлт тавьсан байдаг. Шүүгдэгчийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж үзэж хэргийг зүйлчилсэн нь буруу. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Нохой зодлоо гэж хүнийг үл ялих зүйлээр шалтаг хийн зодсон гэх үйлдэл тогтоогдохгүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг танхайн сэдэлтээр үл ялих зүйлээр шалтаг хийн хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг яаж хэрэглэх талаар тодорхой дурдсан байдаг. Шүүгдэгч хэрэг гардаг өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гэтэл шүүх шүүгдэгчийг тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийсэнгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч М.Д-ийн оршин суудаг газар нутагт нэвтрэн нохой руу чулуу шидэж байхад нь нохойноос хамгаалан та гарна уу гэсэн шаардлага тавихад амь хохирогч М.Д-рүү дайрч, маргалдсан байдаг. Дээрх үйлдэл насанд хүрээгүй гэрч А-ын мэдүүлгээр нотлогдсон. Хэргийн нөхцөл байдалд шалтгаант холбоо байсан уу? гэдэг дээр эргэлзээ үүссэн. Хавтаст хэргийн 97 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт, болон шинжээч эмч мөрдөн байцаалт болон шүүхэд өгсөн мэдүүлэгт тухайн үед амь хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд гарах магадлал 50%-иас дээш байсан гэж мэдүүлсэн. Үйл баримтын хувьд шалтгаант холбоо тасарсан байж болзошгүйг шүүгч нар анхаараагүй. Шүүхийн шийтгэх тогтоолд шалтгаант холбоо байгаа, үргэлжилсэн тасраагүй гэдгийг тусгаагүй. Тухайн үед хохирогчид ямар гэмтэл учруулсан, хэрэг үйлдэх болсон шалтгаант холбооноос шалтгаалж хэргийг зүйлчлэх байсан. Хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломж байсан. Энхжаргал өмгөөлөгчийн гомдолд дурдсан саналыг дэмжиж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдээгүй, шалтгаант холбоо тасарсан” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Энэ хэрэг насанд хүрээгүй хүүхэд А-ын нүдэн дээр үйлдэгдсэн хэрэг. Талийгаач 23 цагийн үед архи авахаар хүүхдээ дагуулж гараад шүүгдэгч М.Д-т цохиулж тархиндаа битүү гэмтэл, суурь ясны хугарал зэрэг гэмтэл авч нас барсан. А Н-д Казак хүмүүс аавыг зодсон гэж хэлсэн. Талийгаачийг газар хэвтэж байхад нь Н очсон байдаг. Тухайн үед талийгаачийн хамраас цус гарсан, нүд нь хөхөрсөн байдалтай хэвтэж байсан гэдэг. Талийгаачийг тархиндаа битүү гэмтэл авсан гэж мэдээгүй. Талийгаач маргааш өглөө нь нас барсан байдаг. Өмгөөлөгч нарын хэлж байгаа шиг талийгаачид учирсан гэмтэл нь нэг удаагийн цохилтоор үүсэх гэмтэл биш боловч хүн цохилбор нь таарвал нэг няслахад үхэх боломжтой. М.Д- нь согтуу хүн нохой руу чулуу шидээд байхаар нь нэг цохиод явуулсан гэдгээ хамт автомашин засаж байсан Б-доо орж хэлсэн, мөн хүүхэд нь хараад зогсож байсан гэдгийг бас хэлсэн байдаг. Казак хүмүүс аавыг зодсон гэх мэдүүлгийг үндэслэн хамт байсан хүмүүсийг нь шалгаж, үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Урьд нь энэ хэрэг анхан шатны шүүхээр таслагдаад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байсан. Улсын яллагчийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон. М.Д- өөрөө цохисон гэдгээ хүлээсэн. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлогдож, тогтоогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

М.Д-т холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд М.Д- нь Х.Х-ийн толгой руу цохиж тархины битүү гэмтэл, хүнд зэргийн няцрал, хуйхан доор зулай баруун талд орчим цус хуралт, тархины хатуу хальсыг нээхэд цус хуралтын харалдаа цусан бүлэнтэй /байрлал тархины зүүн бөмбөлөгийн дунд хажуу талд байрласан/, энэ хэсэгт зулайн баруун талаас урагшаа доошоо чиглэсэн суурь яс хүртэлх үргэлжилсэн хугаралтай, гавал тархины зулай хэсэгт цус хуралт, ховилд болон хажуугийн ховдол цус хуралт, бага тархинд цус хуралттай /зүүн талд/, духны зүүн талд дугуй хэлбэрийн цус хуралттай, духны баруун талд мөн адил дугуй хэлбэрийн цус хуралттай, зүүн нүдний дээд зовхиндоо хөх ягаан туяатай цус хуралт бүхий тархины хүнд хавсарсан гэмтэл учруулан зодсоны улмаас хохирогч амь насаа алдсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Харин шүүх М.Д-ийн дээрх үйл баримтыг үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэж нотлох баримтуудыг дараалан дурдсанаас биш уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргалгүйгээр хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

 

М.Д- нь С.Б-той хамтран иргэн Табигатын хашаанд байрлах гаражид автомашин засварлах ажил хийж байх үед нь хохирогч Х.Х согтуу байдалтай уг айлын хашаанд зөвшөөрөлгүйгээр орж, уяатай байсан нохой руу нь чулуу шидэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсны дараа М.Д- гаражаас гарч Х.Х-ийн үйлдлийг таслан зогсоох үедээ зодож гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогч амь насаа алдсан байх бөгөөд М.Д-т нийгмийн хэв журмыг зөрчих зорилго байгаагүй, гэмт хэрэг гарсан шалтгааныг өөрөө зориуд үүсгээгүй, харин хохирогчийн бусдын орон байрны халдашгүй байдалд ямар нэг зөвшөөрөлгүйгээр нэвтэрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулснаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Иймд М.Д-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Цаашид Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож байвал зохино.

 

Мөрдөн байцаалтад болон шүүхэд хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, М.Д-т холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар магадлалын тогтоох хэсэгт “М.Д-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар М.Д-ийг 13 /арван гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын “... тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ