Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 179

 

Т.Даваасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 311 дүгээр магадлалтай, 201626010373 дугаар эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 24-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хоодой овогт Төмөрбаатарын Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Т.Даваасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 362 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийг оролцох боломжоор хангаагүй. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар хохирогчийг мэдээллээр хангаж, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй. Хохирогч Ө.Ариунболдын хүсэл зоригоос гадуур түүний эх С.Дүүриймаа, хэргийн холбогдогч Т.Даваасүрэн нарын үйлдлээр эвлэрэл гэгчийг хийсэн. Т.Даваасүрэнгийн үйлдэл танхайрах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Эвлэрлийн гэрээ гэгчийг байгуулсанаас хойш Т.Даваасүрэнгийн зүгээс хохирогч Ө.Ариунболдод дарамт үзүүлэх нь хэвээр байгаагаас одоо хүртэл ажилдаа ороогүй. Эдгээр байдлуудыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудтай холбон нягталж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хохирогч нь өмгөөлөгчгүй хуралдаанд оролцохыг зөвшөөрсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар танхайн гэмт хэрэг биш болох нь нотлогдсон. Эвлэрлийн гэрээн дээрх гарын үсэг нь хохирогч Ө.Ариунболдын өмнөх гарын үсгүүдтэй тохирч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Т.Даваасүрэн нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” зочид буудалд Ө.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Ариунболд /хх-20/, гэрч Д.Хишигжаргал /хх-25/, Х.Батбаатар /хх-27/, Р.Урандэлгэр, сэжигтнээр Т.Даваасүрэнгийн /хх-75/ мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1656 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хохирогч Ө.Ариунболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг танилцуулсны дараа хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох санал гаргасны дагуу түүнийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхгүй болно.

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...Хохирогч Ө.Ариунболдын хүсэл зоригоос гадуур, түүний эх С.Дүүриймаа хэргийн холбогдогч Т.Даваасүрэн нарын үйлдлээр эвлэрэл гэгчийг хийсэн” гэх гомдлын тухайд өмгөөлөгч Ж.Бадамхандыг байлцуулан хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, хохирлын мөнгө хүлээлцсэн баримтыг /хх-108/ хуурамчаар үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба шүүхээс Т.Даваасүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 311 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН