Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2025/00038

 

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  04 дүгээр сарын 21-ний өдрийн 307/ШШ2025/00627 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 19,205,631.78 төгрөг гаргуулах" тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            Зээлдэгч ******* нь “*******” ХК-ийн Төв тооцооны төвтэй 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/201843909909 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201843909909 тоот Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843909909 тоот Зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ЗГ/201843909909-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан.

Зээлдэгч ******* нь ЗГ/201843909909 тоот Зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ/201843909909-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,750,217.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,631,004.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,047.82 төгрөг, нийт 10,387,269.41 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч *******гоос 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 ЗГ/201843909909 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ/201843909909-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт а/ үндсэн зээлийн үлдэгдэл 8,249,782.72 төгрөг, б/ зээлийн хүүгийн төлбөр 9,852,463.90 төгрөг, в/ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,103,385.16 төгрөг, нийт 19,205,631.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлдэгчийн хүсэлтийг харгалзаж үзээд зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгасан. Иймд энэ нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүүг багасгах боломжгүй гэжээ. / х.х 1-2 / 

2. Хариуцагч *******гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр *******наас 15,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд зээлээ хугацаандаа барагдуулж төлөөгүйд хүлцэл өчье. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний дагуу сар бүр төлөөд явж байх үед 2019 оны намраас Covid-19 цар тахал гарч, зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн юм. Миний бие нь цар тахлын үеэр амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэйгээр цахим хувьцаа, цахим мөрийтэй тоглоом тоглон донтож бусдын өгөөшинд орж, бусдад 20,000,000 гаруй төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулиар шийтгэгдэж Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаагаар цагдан хоригдох шийтгэлийг хүлээсэн. Энэ хохирлоос 12,000,000 төгрөгийг хариуцлагатайгаар төлөөд явж байна. Миний бие Хаан банкнаас авсан зээлийг шударга хөдөлмөрлөн заавал төлөх учир нийт хүүд ногдуулсан 10,900,000 төгрөгөөс тодорхой хэмжээгээр багасгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна  гэжээ. /  х.х-45 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 19,205,631.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Миний бие *******ны нэхэмжлэлтэй 19,205,631 төгрөг төлөх шүүх хуралдаанд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр орсон. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч хүүд ноогдуулсан төлбөр болох 9,852,463 төгрөгийн 30 хувь багасгаж өгөхийг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах шатны шүүхээр дахин хянуулах хүсэлтэй байна. Хаан банктай тохиролцооны журмаар эргэн төлөх боломжтой бол тохиролцох хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ. /х.х-67 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүхээс  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан 19,205,631.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгийн зарим хэсгийг багасгаж өгөхийг хүссэн тайлбар гаргажээ. /  х.х 1-2, 45/

Хэргээс үзвэл:

9. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХК-ны Төв тооцооны төвтэй 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/201843909909 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч, зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843909909 тоот Зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ЗГ/201843909909-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан, гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,750,217.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,631,004.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,047.82 төгрөг, нийт 10,387,269.41 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, 2018 оны 09 сарын 14-ний өдөр иргэн *******гийн “*******” ХК дахь 5163221597 тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь гүйлгээний баримтаар тус тус нотлогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. / х.х 1-2, 4, 13 /

11. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “*******” ХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан зээл төлөх мэдэгдлүүдээр нотлогдож байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний хугацаа дууссан, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,249,782.72 төгрөг, зээлийн хүү 9,852,463.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,103,385.16 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. / х.х-28-32/

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүчингүй болсон хуулийн холбогдох заалтыг үндэслэн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар дүгнэлт хийсэн ноцтой алдаа гаргасан байх бөгөөд цаашид ийм алдааг дахин гаргахгүй байвал зохино.

Учир нь 2021 оны 05 сарын 21-ний өдрийн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг (1995 оны) хүчингүй болгож, уг хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 2021 оны 05 сарын 21-ний өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсныг үндэслэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

13. Хариуцагч ******* нь “Covid-19 цар тахал гарч, зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн...” гэх тайлбар гаргаж, “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч хүүд ноогдуулсан төлбөр болох 9,852,463 төгрөгийн 30 хувь багасгаж өгөхийг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.” гэх гомдол гаргасан боловч хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843909909 тоот Зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ЗГ/201843909909-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж байсан байх тул түүний гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 307/ШШ2025/00627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                                       

                                                                                                            Я.ТУУЛ