| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0671/Э |
| Дугаар | 693 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 693
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908026510886 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бадрах овогт Э.Э, Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Х” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл гурав, хамтран амьдрагч, найз нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин гудамжны нийтийн байранд тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчиний гудамжны нийтийн байранд “хувийн амьдралд оролцлоо” гэх шалтгаанаар Б.Нтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Бадрах овогт Э.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин гудамж дахь нийтийн байранд “хувийн амьдралд оролцлоо” гэсэн шалтгаанаар Б.Ныг зодож, түүний бие махбодод ” хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Эын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....миний төрсөн ахын охин Анхмаа сүүлийн нэг сарын хугацаанд хаана байгаа нь тодорхойгүй утас нь холбогдохгүй байхаар нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Анхмаатай Хархорин захын буудал дээр уулзаад байгаа газарт чинь очъё гэж хэлээд хамт явж байхад Э гэх залуу халамцуу архи үнэртүүлсэн ирээд гар бариад Анхмаатай хамт амьдарч байгаа амьдарч байгаа газар очъё гэсэн. Тэгээд тэр 2-ын байгаа гэх нийтийн байранд ороод би Эод хандаж чи эхнэр хүүхэдтэй хүн биз дээ, 3 жил үерхэж байгаа юм бол яагаад аав ээжтэй нь одоо хүртэл уулзахгүй байгаа юм гэхэд намайг гараад уулзъя гэсэн. Гараад чи яагаад манай дүүг дарамтлаад ар гэрийнхэнтэй нь холбоо бариулдаггүй юм гэхэд Э миний нүүр рүү нэг удаа мөргөөд гэр рүүгээ гүйгээд орсон. Араас нь орж ус авч гараад хамрын цусаа тогтоочхоод, нүүрээ угаачхаад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас);
3. Насанд хүрээгүй гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Анхмаатай уулзаж куртикээ аваад амьдарч байгаа газрыг нь очиж үзэхээр Н, эгч, эгчийн найз залуу гэх Э бид 4 хамт явсан. Тэнд очоод Н чи өмнө нь эхнэртэй байсан биз дээ, Анхмаагийн эцэг, эхтэй нь яагаад уулзахгүй байгаа юм гэхэд Э нь ахыг гарч уулзъя гэсэн. Тэгээд гарч яваад удалгүй Э хараал хэлсээр орж ирсэн, араас нь ах Нын хамраас цус гарсан байдалтай орж ирсэн. Би ус авч гараад, ах цусаа угаагаад, тэгээд бид шууд цагдаа руу явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас);
4. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хархорины буудал дээр Н, дүү М нартай орой 21 цагийн үед уулзаад зогсож байхад Э архи уусан согтуу ирсэн. Н ах танай гэрт чинь очъё гэж Э-д хэлээд бид нар хамтдаа явсан. Манай нийтийн байранд ирээд би араас нь алхаж байгаад ороход Н, Э 2 зөрөөд гарсан. Удаагүй Э ууртай орж ирсэн. Ах Н орж ирэхгүй болохоор нь гараад хартал шатан дээр дух нь хавдсан, хамраас нь цус гарсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5815 дугаартай “...Б.Нын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжилгээний дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38 дугаар хуудас);
7. Эмчилгээтэй холбоотой 120.000 төгрөгийн баримт 1 ширхэг, 30.000 төгрөгийн баримт 1 ширхэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас);
8.Яллагдагч Э.Эын “...би хохирогч Б.Нын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Э.Эын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь хохирлын 150,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдаж, харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ....шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох, хохирогч Б.Нын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч баримтаа гаргаад ирвэл цаашид гарах 1,200,000 төгрөгийн зардлыг төлнө...” гэв.
Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бадрах овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Эод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА