| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 147/2024/00188/И |
| Дугаар | 222/МА2025/00004 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 222/МА2025/00004
2025 05 16 222/МА2025/00004
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч *******,
хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нарыг оролцуулан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 90 дүгээр шийдвэртэй,
нэхэмжлэгч *******ийн “гэрээний үүрэгт 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр 350,000 төгрөг, нийт 20,340,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,
хариуцагч ******* холбогдох иргэний хэргийг түүний давж заалдах гомдлоор 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн агуулга:
1.а.Нэхэмжлэлийн шаардлага: “гэрээний үүрэгт 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр 350,000 төгрөг, нийт 20,340,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Би ******* харилцан тохиролцож, 300 бог малыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хоёр жилийн хугацаатай маллуулж, хөлсөнд нь хээлтэгч малын төлийг тавь, тавин хувиар хувааж авахаар тохиролцож, мал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 130 үржлийн эм хонь, 70 үржлийн эм ямаа, дагалдах 24 шүдлэн ямаа, 50 хурга, 26 ишиг нийт 300 толгой бог малыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Жил бүр түрээсэлсэн эм хониноос 65 хурга, эм ямаанаас 35 ишгийг шүдлэн төлөг болгож, дараа хавар нь гар тэмдэглэгээ хийж, намар 11 дүгээр сард бүрэн авахаар тохиролцсон. Би ямаа тус бүрээс 350 грамм ноолуур авах, түрээсээр өгсөн малыг жил бүр ын нэр дээр тоолуулж, мал аж ахуйн татварыг төлөх үүргийг хүлээхээр, хүлээн авсан малын арчилгаа, маллагаа, бүрэн бүтэн байдал, тэжээл, 300 мал эмнэлгийн бүх арга хэмжээний зардлыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон. Би 2023 оны хавар 4 дүгээр сарын сүүлээр ******* ноолуураа очиж авсан. Тэгтэл нь 2023 оны 6 дугаар сарын эхээр над руу утсаар яриад 20 гаруй төлөг үхсэн гэж хэлэхээр нь би үхсэн төлөгнийхөө зургийг явуулчих гэтэл тухайн үед нь зураг явуулаагүй. Сүүлд нь хогийн цэгээс устгалд орсон юм уу, юу нь ч мэдэгдэхгүй зураг явуулсан. Үнэхээр миний 20 гаруй төлөг үхсэн бол им тамгатай зургийг надад явуулах боломжтой байсан. Би ******* 2023 оны 6 дугаар сараас хойш холбоо бариагүй байж байтал манай эгч 2023 оны 10 дугаар сарын эхээр надтай холбогдож, ******* байгаа чиний мал дуусаж байгаа юм биш үү гэсэн. Намайг Уулбаян сум руу очиход 100 толгой мал өгсөн. ******* үлдэгдэл 250 толгой малаа яаж цайруулах юм бэ гэхэд надад өгөх мал байхгүй гэж хэлсэн. Би ******* авах ёстой малынхаа 50 хувь хүрэхгүй малыг гаргуулах хүсэлтэй байна. Би аймгийн үнэлгээний компаниар ******* авах мал болон ноолуурыг зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд нийт 19,990,000 төгрөг болсон. Үнэлгээ хийлгэх зардалд төлсөн 350,000 төгрөгийг нэмж тооцоход, нийт 20,340,000 төгрөг нэхэмжилсэн гэв.
2. Хариуцагч ******* татгалзал, тайлбарын агуулга:
2.а.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.б.Би ******* очиж уулзаж, малыг нь авахаар тохиролцож, тоолж хүлээж авсан. Анх түрээсээр 130 эм хонь, 70 эм ямаа нийт 200 толгой мал өгөхөөр тохиролцсон боловч хүлээлгэж өгөхдөө 24 охин ишиг, 26 эм шүдлэн ямаа, 50 охин төлөг нэмж, нийт 300 толгой мал өгсөн. Ах нь 100 мал дагуулж өгье. Сардаа 20л бензин өгье, өвс тэжээл өгч байя гэж хэлээд гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Өвөл 2022 оны 11 сард Баяндэлгэр суманд цас их орж, хүйтэрч мал хорогдож, хээл хаяж эхэлсэн учраас хэлсэн. Муудсан 28 охин төлөг 22 охин ишгийг нь ачиж, аваачиж өгсөн. Алтанхуяг малдаа ганц шуудай тэжээл өгсөн. Өөр ямар ч өвс тэжээл, хашаа хороо бэлдээгүй, малчиндаа унааны морь ч өгөөгүй, бензин шатахуун огт өгөөгүй, ямар ч сэтгэл гаргаагүй тэр чигээр нь орхисон. Тэр өвөл Баяндэлгэр суманд цас ихтэй, улс орон даяар түлш ховор хүнд өвөл байсан. 2023 оны 2 сарын сүүл хүртэл Баяндэлгэртээ байж байгаад Уулбаян сум pyу нүүсэн. Нүүхээс өмнө малыг чинь буцааж өгье, би нутаг буцлаа гэсэн чинь ах нь хотод эмчилгээтэй явж байна, одоо малаа авах боломжгүй, аваад нүүчих, бензин тос нэмэрлэнэ гэж ярьсан. Ядарч дор орсон малаа машинаар ачиж тээвэрлэсэн. Арай чадалтайг нь 130-аад км газраар хөөж, 10 хоног явж нутагтаа ирсэн. Өвлийн хар цасанд хол газар хөөсөн учраас мал ядарсан, хээл хаясан, ирээд үхэж эхэлсэн. Нүүж ирээд аавын өвс тэжээлээр малаа тэжээж, хар цайгаар угжиж, нэмнэж өргөж арчилж эхэлсэн боловч ямар ч нэмэр болоогүй үхээд л байсан. Бид нар малаа гэртээ хүртэл оруулж арчилж тордоод нэмэр болоогүй. З сарын сүүлээр Алтанхуяг 2-3 хүнтэй ирж ямаагаа самнасан. Энэ үед хонь, ямаа нь бүр дор орчихсон ядарсан байсныг өөрөө харсан. Ядарсан ямааг самнаж болохгүй, самчид нь биеийг нь урснаас болж шархалж, шархны халуунаасаа болж 10-аад ямаа үхсэн. Эм хонь, эм ямаа нь хээлээ хаях юм уу төллөж чадахгүй ирсэн хүмүүс нь ч мэднэ. Тэр хавар хүний, өөрийнгүй төл авч чадаагүй, хамаг мал үхэж хорогдсон. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, шөнө хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болсон. Манай аавын болон миний данстай мал бүгд хотондоо дарагдсан. мал ч дарагдсан. шуурганы дараа малаа ирж үз гэсэн ирээгүй. Тэр дарагдсан малаас малыг ялгаж, зургаар баталгаажуулах ямар ч боломжгүй. Зуны улирал учраас халуунд маш амархан хөөж, муудаж, өмхийрч хүн ойртохын аргагүй болсон. Үхсэн малыг нэгдсэн журмаар устгалд оруулсан. Уурхайн ковш, хово машин ирж ачилт, устгал хийсэн. Манай хотноос 900 толгой мал хорогдож, 2 хово машин сэг зэм устгасан. Зураг тодорхойлолт нь байгаа. 2023 оны 10 сард малаа авна гэж ирсэн. Өөрийнх нь зүсний 50 толгой мал байсныг нь хүлээлгэж өгсөн. Мөн би аав, ах дүү нараасаа цуглааж 50 толгой мал өгсөн. Энэ нь 65 хонь, 35 ямаа болсон. Энэ vед би ч өөрөө малгүй болсон. 2022 оны жилийн эцсээр 250 толгой бог мал тоолуулж байсан бол үхэж үрэгдээд 2023 оны жилийн эцсээр аавынхаасаа 10 толгой бог мал өөр дээрээ тоолуулсан. Миний хувьд малаас нэг ч мал өөртөө ашиглаж завшаагүй байгалийн гамшиг, цас зудад нэрвэгдэж үхэж хорогдсон. Хүний эд хөрөнгийг авчихсан учраас өөрийн чадлаар, аав ээжтэйгээ хамт арчилж малласан боловч яаж ч чадаагүй. Өвс тэжээл, бензин шатахуун, хашаа хороо, унаа уналга гээд бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Төл ч авч чадаагүй учраас үндсэндээ ямар ч цалин хөлсгүй, өөрийн зардлаар малыг малласан. Алтанхуяг тэр жилийн цаг агаарын нөхцөл, цас зуд байгалийн гамшиг болсныг мэдсээр байж үхсэн малаа төлүүлнэ гэж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******* 16,021,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4,319,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,021,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 239,055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Талууд гэрээ байгуулсан, мал хүлээлцсэн үйл баримтад маргадаггүй боловч гэрээний биелэлтийн явцад нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс маргаан үүссэн. 2022-2023 оны өвөл өвөлжилт хүндэрч, Баяндэлгэр, Уулбаян сумдад 11 сараас цагаан зудын нөхцөл үүсэж, зам харгуй боогдож, өвс тэжээлээр гачигдаж, мал олноор хорогдож эхэлсэн учраас малаа буцааж авч, гэрээг цуцлах талаар хэлсэн боловч малаа аваагүй. 2022 оны 12 сард 50 толгой малыг өөрийн зардлаар хүргэж өгсөн. Мал хээл хаяж эхэлсэн, нөхцөл байдал улам хүндэрсэн ч 2022 оны 10 сараас 2023 оны 2 сарыг дуустал өөрийн хүчээр малаа маллаж, өөрийн зардлаар өвс тэжээлээр хангасан. Улмаар Уулбаян сум руу малаа аваад нүүж, аавынхаа хотонд очсон. Мал нүүдлийн замд болон очоод ч үхсэн. Энэ талаар мэдэгдэж байсан боловч ирээгүй, арга хэмжээ авахгүй байсаар 3 сард ямаагаа самнахаар ирэхдээ үхсэн, ядарсан малаа ч харсан. Тэр хавар хаа сайгүй төл мал авч чадаагүй. 2023 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд нойтон цас, цасан шуурганы аюултай үзэгдэл, хүчтэй салхи, шороон шуурга шуурч 2 өдөр үргэлжилсэн гамшигт үзэгдэл болж, Баяндэлгэр, Уулбаян сумдыг ч хамарсан. Хүний амь нас эрсдэж, олон айлын мал хотондоо дарагдаж үхсэн. Уулбаян суманд 15311 толгой бог мал хорогдсон гэсэн мэдээ гарсан. Зөвхөн Баяжихын хотонд 900 толгой бог мал хорогдсон талаар багийн Засаг дарга тодорхойлсон.Тухайн үеийн мэдээлэл, фото зургууд хэрэгт хавсаргагдсан. Харин 6 сард малаа авахаар очиход мал нь үхэж хорогдсон талаар хэлсэн. Тухайн үед малаа аваагүй. 10 сард 100 толгой малыг ах, дүү, ааваасаа эвлүүлж, хүлээлгэж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч үгүйсгэж маргадаггүй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж, 150 толгой малын үнэ, 12 кг ноолуурын үнэ 19,990,000 төгрөг, үнэлгээний хөлс 350,000 төгрөг, нийт 20,340,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2022 оны 11 сараас эхлэн цас ихээр орж, цаг агаарын болон өвөлжилтийн байдал хүндэрсний улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар нь удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар гэрээг цаг агаарын өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулан малын тоог цөөрүүлэх, өвс тэжээлээр хангах, нүүдэлд туслах зэрэг арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүргээ огт хэрэгжүүлээгүй. Энэхүү гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болсноос малаа буцааж ав гэж мэдэгдэж байсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах нөхцөлд хамаарах боловч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нүүх, малыг өвс тэжээлээр хангах, арчлан хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэвч байгалийн гамшгийн улмаас мал олноор үхэж хорогдсоныг өөрт нь үзүүлж мэдэгдсэн бөгөөд 100 толгой малыг буцааж өгсөн ба гэрээний явцад ын буруутай үйлдлээс хохирол учраагүй тул хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Гэвч шүүх гэрээний үүргийн биелэлт хангагдах боломжгүйд хүрсэн нотлох баримтаар тогтоогдсон цаг үеийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийлгүй түрээсийн гэрээ байгуулсан л бол хохирлыг барагдуулах үүрэгтэй гэсэн байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.
5.Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч ******* 2022 оны 10 сард 300 бог мал өгсөн. Гэрээ хийхдээ төл малыг 50, 50 хувиар хувааж авна гэж тохирсон. Миний малыг аваад жил ч болоогүй. Би 10 сард өөрийн малаа будсан. Будаг, малын им, эвэр дээрх тамгаар нь манай малыг ялгаж таних боломжтой. Хариуцагч Б. нь мал үнэхээр үхсэн юм бол үхсэн малын чихийг нь огтлоод авах боломжтой байсан. Тамга нь мэдэгдэхгүй байдаг юмаа гэхэд им нь мэдэгдэх ёстой. Үхсэн малын чихийг нь огтлоод надад үзэж харуулсан бол би өнөөдөр ийм зүйл ярихгүй байсан. Би гэрээгээр 325 мал авах ёстой бөгөөд 2 жилийн ноолуураа нэмж бодох юм бол 40,000,000 гаран төгрөг болно. Би нааштай хандаж, 100 толгой малаа нэхэмжилсэн гэв.
ХЯНАВАЛ:
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хангаж, мэтгэлцүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
8.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “Би ******* гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 300 бог мал хүлээлгэн өгснөөс 150-ыг нь буцааж авсан. Үлдэх 150 толгой малыг өгөхгүй байх тул малын үнэ 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр 350,000 төгрөг, нийт 20,340,000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.
9.Хариуцагч Б.: “Би анх 300 толгой мал хүлээн авсан. Тухайн үед Баяндэлгэр сумын баруун хэсэг зудтай байсан. Малын тарга хүч барагдсаныг Алтанхуяг өөрөө харсан. Зуднаар би өөрөө ч малгүй болсон. Ах дүү нараасаа цуглуулж, 150 толгой малыг нь буцааж өгсөн. Байгалийн гамшиг, цас зудад нэрвэгдэж, үхэж хорогдсон малыг төлөх боломжгүй. Цаг агаарын нөхцөл, цас зуд, байгалийн гамшиг болсныг мэдсээр байж үхсэн малаа төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргасан. (Хэргийн 27-29 дүгээр хуудас)
10.Өөрөөр хэлбэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 300 тооны бог мал маллуулахаар хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 150 бог малыг нэхэмжлэгчид буцааж өгсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй болно. Харин үлдэх 150 бог малыг хариуцагч нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй буюу цас, зудад үхэж хорогдсон, нэхэмжлэгч “зудад үхсэн бол им, тамгаар нь баримтжуулж, зургийг нь авч үзүүлэх боломжтой байтал баримт гаргаагүй” гэж маргасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр гэрээний зүйл үрэгдэж үгүй болсон гэсэн агуулгаар тус тус тодорхойлжээ.
11.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч *******, хариуцагч Б. нар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн 130 эм хонь, 70 эм ямаа, дагалдах 24 шүдлэн ямаа, 50 хурга, 26 ишиг, нийт 300 толгой богийг 2 жилийн хугацаатай маллуулж, хөлсөнд нь шинэ гарсан төлийн тавин хувийг авахаар, ямаа тус бүрээс 350 грамм ноолуур нэхэмжлэгчид өгөхөөр, мөн гэрээний хугацаа дуусахад 300 толгой малыг түрээслүүлэгч *******т хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байна. (Хэргийн 6-7 дугаар хуудас)
12. Мөн нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сард гэрээнд заасан 130 эм хонь, 70 эм ямаа, 24 охин ишиг, 26 эр шүдлэн ямаа, 50 охин төлөг, нийт 300 бог малаа хариуцагч ******* хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч эдгээр малыг маллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр муудсан гэх 28 охин төлөг, 22 охин ишгийг нь нэхэмжлэгч *******т буцааж өгсөн. Мөн 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгч малаа авна гээд ирэхэд нь 65 хонь, 35 ямаа буцааж өгсөн үйл баримт тогтоогдож байна.
13. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй гэх үндэслэлээр 150 толгой малын үнэ 16,021,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг иргэний хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
14.Хариуцагч нь нэхэмжлэгчийн 300 бог малыг маллах, нэхэмжлэгч нь шинэ төрсөн төлийн тавин хувийг маллагааны хөлсөнд авахаар харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үйлчилгээ үзүүлэх харилцаа буюу ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байна. Энэ гэрээнд зуд болсон тохиолдолд хэрхэх, өвс тэжээл, шатахуун түлшээр хангах талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь ямар үүрэг хүлээх талаар тусгаагүй байна. Хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл баримтаас дүгнэлт хийхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй тул зохигчийн хэн алинд нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх шаардлага үүснэ.
15. Ийм учраас зохигчийн хооронд гэрээний харилцаанаас маргаан үүссэн, нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтад үндэслэгдсэн гэж үзнэ. Хариуцагч гэрээний дагуу үүрэг хүлээж, 300 тооны бог малыг хүлээж аваад өөрсдийн мал маллах туршлагад тулгуурлан малыг маллаж, тарга тэвээрэг авхуулах, тоо толгойг бүрэн бүтэн байлгах өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй.
16.Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн хууль бус санаатай эсхүл болгоомжгүй гэм буруутай үйлдлээс гэрээний зүйл устаж, байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй. Харин хариуцагчийн малаа маллан амьдарч байсан Уулбаян, Баяндэлгэр сумдад 2022 оны өвөл цас их орж, зуд болсон, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэнэт хүчтэй цасан шуурга шуурснаас мал маш ихээр дарагдаж үхсэн буюу байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэрээний зүйл устаж, байхгүй болсон гэх хариуцагчийн тайлбар нь Уулбаян сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, фото зургууд, Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн даргын албан бичиг, мэдээлэл, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан бичиг, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, иргэн Б.Хатансайханы тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. (Хэргийн 35-40, 65-68, 82-85 дугаар хуудас) Эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.
17.Хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээний онцлогоос шалтгаалж тухайн ажил үйлчилгээ явуулахтай холбоотой эд хөрөнгө, түүний бүрэн бүтэн байдлыг ажиллагч хангаж, улмаар ажиллуулагчид буцаан өгөх нэмэлт үүрэг буюу хадгалалтын үүрэг үүсч болдог. Зохигчийн хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээг энэ төрлийн шинжийг агуулсан гэж үзэх ба гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээний зүйлийг буцаан өгөх тухайн эд хөрөнгө ажиллагчийн буруугаас үрэгдэж үгүй болсон бол нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Нөгөө талаар, мал маллуулах, хөлс төлөх энэхүү гэрээний онцлогоос шалтгаалж, мал маллахад малчны тодорхой хөдөлмөр, мал маллах арга ухаан, ажиллагаанаас гадна тэр тусмаа өвөл цас ихтэй нөхцөлд зайлшгүй нэмэлт зардал, өвс тэжээл шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай зүйлээр буюу өвс тэжээлээр тусалсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
18.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл гэж үзэн хариуцлагаас чөлөөлөх ерөнхий зарчим байдаг. Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь хүний хүсэл зоригоос гадуурх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой ган, зуд, үер, гал түймэр, газар хөдлөлт зэрэг болон нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал буюу халдварт өвчин, дайны ажиллагаа зэргийг ойлгоно.
19.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцахаар байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээгээр эрсдэлийг хуваарилаагүй ба зуд нь давагдашгүй хүчин зүйл байж болох ч сэргийлэх боломжтой. Иймд дан ганц өмчлөгчид бүрэн хариуцлага ногдуулахгүй. Энэ хэргийн хувьд зуд болох магадлалтай байсныг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь мэдэх боломжтой, үүнээс зохих хэмжээгээр урьдчилан сэргийлэх буюу малаа өвс тэжээлээр бүрэн хангах, онд мэнд оруулах бүхий л талын арга хэмжээ авах үүргийг гэрээний талууд аль аль нь хүлээхээр байна. Иймээс зуд болсны улмаас олон тооны мал үрэгдэж, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсанд давагдашгүй хүчний зэрэгцээ гэрээний талуудын хэн алины илтэд хайнга хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчаас хохирлын зарим хэсгийг гаргуулах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа малыг үнэлсэн үнэлгээний тайланг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсныг хариуцагч эсэргүүцэж өөр баримт гаргаагүй байна.
20.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2402234 дугаартай үнэлгээний тайланг үндэслэж, 16,021,000 төгрөгийн 60 хувиар хохирлыг тооцож, нийт 9,612,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 10.727.400 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаартай шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:
1.1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас 9.612.600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 10.727.400 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.
1.2.Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9.612.600 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 168,752 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж өөрчилсүгэй.
1.3.Шийдвэрийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 168,752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх 70,303 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ