Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 795

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,  

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0000 01149 дүгээр эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, аппаратчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 7 дугаар гудамж, 112 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б /РД:ЧС............./.

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч  Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Бондхой” ХХК-ийн “Онцгой” хамгаалалтын албаны өрөөнд хамгаалагч У.Т, О.Н нарыг бусдын гар утсыг хулгайлсан байж болзошгүй гэж шалгалаа гэх шалтгааны улмаас маргаж, тус өрөөнд байрлах хяналтын камерийн бичлэгийг хянах зориулалт бүхий хохирогч Т.Э өмчлөлийн 49 инчийн Монел загварын LCD загварын зурагтыг резинен бороохойгоор цохин дэлгэцийг нь хагалж, дахин ашиглагдахааргүй устгаж, Т.Э-д 378.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч  Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Бондхой” ХХК-ийн “Онцгой” хамгаалалтын албаны өрөөнд байрлах хяналтын камерийн бичлэгийг хянах зориулалт бүхий Т.Э-ийн  өмчлөлийн 49 инчийн Монел загварын LCD загварын зурагтыг резинен бороохойгоор цохин дэлгэцийг нь хагалж, дахин ашиглагдахааргүй устгаж, Т.Э-д  378.000 төгрөгний хохирол учруулсан болох нь :

- хохирогч Т.Э:...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө Т, Н нарын ээлжинд манай хамгаалалтын албаны өрөөнд байсан 49 инчийн монел маркийн камер хянадаг ЛСД зурагтыг үл таних эмэгтэй бороохойгоор цохиж хагалсан байсан...Хамгаалалтын албаны өрөөнд байсан уг 49 инчийн зурагт нь миний хувийн зурагт. Учир нь би саяхан Драгон төвтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа болохоор камерийн хянадаг дэлгэцийг хувийн зурагт гаргаад албан хэрэгцээндээ түр ашиглаж байсан...Зурагтныхаа хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

-“Дамно” ХХК-ийн 2018.10.05-ны өдрийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 378.000 төгрөг /гурван зуун далан найман мянган төгрөгөөр үнэлэгдэв /хх-34-35, 212-215/,

- гэрч У.Т: “...Тухайн өдөр би  ээлжинд Наранбаатартай цуг байхад Оюунаа гэх эмэгтэй орж ирээд “гар утсаа алдчихлаа, та хоёр тэр хүнийг шалгаад өгөөч” гээд зааланд явж байсан 50 орчим насны эмэгтэй дээр очоод “та бид хоёрыг дагаад явна уу, шалгах шаардлагатай байна” гэж хэлсэн чинь тэр эгч бөөн уур болоод “би яахаараа та хоёрыг дагаж явдаг юм” гээд уурлахаар нь арай гэж хамгаалалтын өрөөнд оруулж ирсэн...Цүнхийг нь үзээд хар өнгийн гар утас гаргаж ирснийг Оюунаа гэх эмэгтэйд үзүүлэхэд биш байна гэхээр нь нөгөө эгчийг “за та, яв ” гэхэд ширээн дээр байсан миний албаны хэрэгцээндээ ашигладаг резинэн бороохойгоор хяналтын камер хянадаг 49 инчийн Монел нэртэй зурагтын дэлгэцийг цохиод хагалчихсан... гэх мэдүүлэг /хх-22-23/,

            - гэрч О.Н: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө ажил дээр Т гэх залуутай ажлын өрөөндөө байхад 30 орчим насны эмэгтэй “гар утсаа алдчихлаа, камераа шүүгээд өгөөч, тэр эгчийг шалгуулмаар байна” гэхээр нь Түвддорж бид хоёр зааж өгсөн 50 орчим насны эмэгтэйг өрөөндөө оруулаад шалгах гэхэд уурлаад эсэргүүцээд гараад зугтаасан. Араас нь бид хоёр гараад тэр эгчийг дахиж оруулж ирээд цүнхээ шалгуулахад юундаа зугтаад байгаа юм гэхэд тэр эгч “та хоёр ингэж байгаа юм чинь би ч гэсэн ингэж чадна” гээд ширээн дээр байсан Т резинэн бороохойгоор камерын хяналтын дэлгэцийг цохиод хагалчихсан...гэх мэдүүлэг /хх-25/,

- гэрч Б.Ж:...Миний үзсэн зурагтны дэлгэцний гол нь тэр чигтээ хагарч бяцарсан ба засагдах ямарч боломжгүй. Дэлгэц нь хагарсан зурагтыг сэлбэгэнд авдаг, дэлгэцийг нь солилоо гэхэд шинэ зурагтны үнэтэй дүйцэхүйц хэмжээний болно” гэх мэдүүлэг /хх-34-35/,

- эвдэрч гэмтсэн гэх зурагтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /х-4-5/,

- шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт:...Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Р07.0 Бие хүний органик эмгэгтэй байсан байна. Б.Б-гийн  дээрхи эмгэгийн эдгэрэх эсэх нь эмчийн хяналт, эмийн эмчилгээг баримтлах эсэх /буюу эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу ууж хэрэглэх/ өөрийн бие болон сэтгэл санааны тогтвортой байдал зэргээс шалтгаална. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.../хх-204-205/,

- шүүгдэгчийн:...Тухайн үед тэр 2 залуу “та гар утсаа гаргаад ирээ, шалгамаар байна” гэхээр нь чадахгүй ээ, хүний гар утсыг аваагүй гэсэн чинь тэр 2 залуу сэжигтэй байна гээд намайг өрөөнөөс гаргахгүй, элдэв бусаар харьцахад нь уур хүрээд ширээн дээр байсан бороохойгоор хананд байсан зурагтыг нь цохиод хагалчихсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-27-44/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.  

 Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, үйлдэл, түүний  арга ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.  

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд буюу У.Түвддорж нарын зүгээс иргэний мэдээллийн дагуу “Б.Б-г шалгах”-даа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл, баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.      

Иймд шүүгдэгч Б.Б-г  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-д 378.000 төгрөгийн хохирол учирсан /хх-34-35/ байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар 

Шүүгдэгч нь ял шийтгүүлж байгаагүй, тус гэмт хэрэг шүүгдэгчийн хувьд төсөөлөх боломжгүй буюу гэнэтийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлий 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуйн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагдсан байх ба шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн тодорхой гэр орон, хөрөнгөгүй, тэтгэвэрт хэдий ч өөрийн амьжиргаанд зарцуулдаг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх боломжгүй гараагүй тул төлөөгүй байгаа тухайгаа мэдүүлсэн болно.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын саналын хүрээнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус ыдурдаж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс  378.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-д олгосугай.  

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР