Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00511

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 08 өдөр                Дугаар184/ШШ2016/00511                     Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-гийн  нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох,

 

          “Үндсэн зээлийн үлдэгдэл 2,737,832 төгрөг, зээлийн хүү 3,166,759 төгрөг, алданги 368,916 төгрөг, нийт 6,273,508 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ц.Өлзийтогтохын хүсэлтээр түүнд 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээл олгож, зээлиийн гэрээ 150727 дугаар бүхий зээлийн гэрээ, SC150727 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус бүр бичгээр байгуулсан. Ингээд Ц.Өлзийтогтохын Хаан банкны 5720337213 тоот дансанд зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний 2.1.4-д заасан 40,000 төгрөгийн шимтгэлийг суутгаж 3,960,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлийн гэрээнд сарын 5 хувийн хүүтэй байна гэж заасан ба хугацаа хэтэрсэн тохиолдолд сард 15 хувийн хүүтэй байна гэж заасан. Ц.Өлзийтогтох нь зээлийн гэрээний 3.1.1-д заасан үүргээ 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу 211 хоног бүрэн гүйцэтгээгүй байгаа бөгөөд уг зээлийг авсанаас хойш 2015 оны 8 дугаар сарын 28-нд хүүний төлбөрт 206,667 төгрөг, үндсэн зээлийн дүнгээс 1,262,168 төгрөг, нийт 1,468,834 төгрөг төлсөн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд уг дүнг гэрээний 2.5-г баримтлан нийт тооцогдсон алдангийн дүнгээс хасч, үлдсэн хүү болон үндсэн зээл, алданги зэргийг алийг нь ч төлөлгүй өдийг хүрсэн.

Одоо Ц.Өлзийтогтохын үндсэн зээлийн үлдэгдэл 2,737,832 төгрөг, хүү 3,166,759 төгрөг, алданги 368,916 төгрөг, нийт 6,273,508 төгрөг байна.

Ц.Өлзийтогтохын зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан тул 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хүүг гэрээнд зааснаар 15 хувиар тооцож 2,888,413 төгрөг болсон. Энэ хүү дээр гэрээний үндсэн хугацааны төлөх 2015 оны 9 дүгээр сарын хүү 141,455 төгрөг, 2015 оны 10 дугаар сард төлөх хүү 136,892 төгрөгийг тус тус нэмж нийт төлөх хүү нь 3,166,759 төгрөг болсон. Алдангийг зээлийн үлдэгдэл төлбөр 2,737,832 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тооцож 1,368,916 төгрөг болсон бөгөөд уг алдангиас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, алданги нь 368,916 төгрөг байна.

Иймд хариуцагч Ц.Өлзийтогтохоос үндсэн зээлийн үлдэгдэл 2,737,832 төгрөг, хүү 3,166,759 төгрөг, алданги 368,916 төгрөг, нийт 6,273,508 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Өлзийтогтох шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Би 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б.Нямдаваагаас 4,000,000 төгрөгийг зээлж өнгөрсөн хугацаанд нийт 2,468,834 төгрөгийг Б.Нямдаваад төлсөн. Нэхэмжлэлийн 6,273,508 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээлийн дүн болох 2,737,832 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна”  гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь хариуцагч Ц.Өлзийтогтоход  холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,737,832 төгрөг, хүү 3,166,759 төгрөг, алданги 368,916 төгрөг, нийт 6,273,508 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Өлзийтогтох нь нэхэмжлэгч Б.Нямдаваагаас 4,000,000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд зээлийн гэрээнд Б.Нямдаваа нь 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр заасан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №ZG150727 дугаар “Зээл ба барьцааны гэрээ” болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу 4,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Өлзийтогтоход шилжүүлэхээс 3,960,000 төгрөгийг түүний Хаан банк дахь дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэх 40,000 төгрөгийг зээлийн материал судалсаны шимтгэл гэж суутгасан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгч Б.Нямдаваагийн шүүх хуралдаанд гаргасан “... зээлийн гэрээний 2.1.4-д зааснаар зээлийн материал судалсаны шимтгэлд 40,000 төгрөгийг суутгаж 3,960,000 төгрөгийг шилжүүлсэн ...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний 2.1.3-т “... гэрээний үндсэн хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 15 хувиар бодож зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл тооцож авна”, 5.2-т “... хугацаат төлбөрийн хуваарийг баримтлаагүй тохиолдолд уг хуваарьт төлбөрийн дүнг төлөх хүртэл хоног тутам 0,5 хувийн алданги тооцно” гэж заасан байна.

 

Хариуцагч Ц.Өлзийтогтох нь зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,468,834 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,468,835 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нямдаваад төлсөн бөгөөд зохигчид энэхүү төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу зээл, зээлийн хүү, алдангийн талаархи тооцооллыг “... 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хүүг гэрээнд зааснаар 15 хувиар тооцож 2,888,413 төгрөг болсон. Энэ хүү дээр гэрээний үндсэн хугацааны төлөх 2015 оны 9 дүгээр сарын хүү 141,455 төгрөг, 2015 оны 10 дугаар сард төлөх хүү 136,892 төгрөгийг тус тус нэмж нийт төлөх хүү нь 3,166,759 төгрөг болсон. Алдангийг зээлийн үлдэгдэл төлбөр 2,737,832 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тооцож 1,368,916 төгрөг болсон бөгөөд уг алдангиас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх алданги нь 368,916 төгрөг байна ...” гэж тайлбарлажээ.

 

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заасан бөгөөд хуульд зааснаар зээлдэгч Ц.Өлзийтогтох нь хүлээн авсан мөнгийг түүнд тохирох хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Б.Нямдаваа нь 40,000 мянган төгрөгийг зээлийн шимтгэл хэмээн суутган авсан нь үндэслэлгүй тул хариуцагч Ц.Өлзийтогтох нь өөрт шилжүүлэн авсан 3,960,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Ц.Өлзийтогтох нь зээлийн гэрээг гурван сарын хугацаагаар байгуулсан боловч зээл авсан өдрөөс хойш нэг сарын дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,468,834 төгрөг төлсөнийг нэхэмжлэгч Б.Нямдаваа нь 206,667 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцож, үлдэх 1,262,168 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон байна. Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь хүүгийн төлбөрийг тооцон авахдаа 4,000,000 төгрөгөөс тооцож 8,667 төгрөгийг илүү тооцсоныг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч Ц.Өлзийтогтох нь үндсэн зээл 3,960,000 төгрөгөөс 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,270,835 төгрөг төлсөн тул мөн өдрөөс хойш зээлийн гэрээ дуусах хүртэл 2 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл 2,689,165 төгрөгт хүү төлөх үүрэгтэй юм.

 

Дээрх хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч Ц.Өлзийтогтох нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,689,165 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 2 сарын хүү 268,916 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Харин зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул зээлийн гэрээний 2.1.3-т “... гэрээний үндсэн хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 15 хувиар бодож зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл тооцож авна” гэсэн заалт нь үндэслэлгүй гэж үзэж, энэхүү хувь хэмжээгээр тооцсон зээлийн хүүг хангах шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож, 1,368,916 төгрөгийн шаардсан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг болох 2,689,165 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 1,344,582 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ц.Өлзийтогтохын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг алдангиас хасаж тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх тул 344,582 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.Өлзийтогтохоос үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2,689,165 төгрөг, хүүгийн төлбөрт 268,916 төгрөг, алдангид 344,582 төгрөг, нийт  3,302,663 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нямдаваад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2,970,845 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямдаваа болон хариуцагч Ц.Өлзийтогтох нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-45 дугаар байрны зоорийн давхарт байрлах 115 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2201031130 дугаарт бүртгэлтэй 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг барьцаалсан бөгөөд энэхүү гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Баталгаат ипотекийн гэрээ” болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагч Ц.Өлзийтогтоход  2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ц.Өлзийтогтохоос үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2,689,165 төгрөг, хүүгийн төлбөрт 268,916 төгрөг, алдангид 344,582 төгрөг, нийт  3,302,663 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нямдаваад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2,970,845 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Өлзийтогтох нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-45 дугаар байрны зоорийн давхарт байрлах 115 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2201031130 дугаарт бүртгэлтэй 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоолын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Өлзийтогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 67,792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нямдаваад олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Б.ЦОЛМОНБААТАР